Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа, сав баглаа боодол хил нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, 8.5 дахь заалтуудыг тус тус зөрчин гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа, сав баглаа боодол болон хүүхдийн тоглоомыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилээгүй, нуун дарагдуулж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.

Тухайлбал,
  • 4 хайрцаг үсний маск,
  • 2 хайрцаг үсний ангижруулагч
  • 110 хайрцаг ариун цэврийн цаас
  • үсний ангижруулагтай шампунь болон тэжээлийн тос 40 хайрцаг
  • Хүүхдийн тоглоом 1.2 тн
  • Сав баглаа боодол 0.1 тн
  • Сүүний хайрцаг 100000 ширхэг, бөглөө 200000 ширхэг бүтээгдэхүүнийг илрүүлэн “Зөрчлийн тухай” хуулийн дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулж ажилласан байна.

Түүнчлэн, Монгол Улын Засгийн газрын нэг удаагийн хальсан уутыг хориглох тухай 189 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг зөрчсөн, лабораторийн шинжилгээгээр 0,035 мм-ээс нимгэн дүнтэй гарсан 13 шуудай нийлэг хальсан уутыг “Барааг хураах устгах” тухай актаар хураан авч Засаг даргын даргэдэх Захиргааны зөвлөлд шийдэрлүүлэхээр шилжүүлж ажилласан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цэцээ гүн рүү авирсан долоон хүний нэг нь сураггүй болжээ

Долоон иргэн өчигдөр өдрийн 12:30 цагийн орчим Цэцээ гүний чиглэлд ууланд авираад буцаж буух үед 19:00 цагийн орчим 33 настай эрэгтэй төөрчээ. Түүнийг төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн 23:00 цагт нийслэлийн онцгой байдлын албанд өгсөн байна.

Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт өнгөрсөн шөнийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д үр хөндөлтийн хуулийг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ

АНУ-ын Техас муж улсад өнгөрсөн сараас хүчин төгөлдөр болсон үр хөндөлтийн эсрэг “хамгийн хатуу” хуулийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал бямба гаригт орон даяар өрнөжээ.

Тодруулбал, үр хөндүүлэх эрхийг хамгаалагч идэвхтнүүд “Үр хөндөлтийг хууль ёсны байлга”, “Миний бие, миний сонголт” гэх мэт бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна.

Техаст ургийн зүрх цохилж эхлэх үеэс буюу жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндүүлэхийг хориглоод буй юм. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ-ын бүх 50 муж улсын 650 орчим хотод жагсаал болжээ.

Дээд шүүх Техасын хуулийг хүчингүй болгох хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор бусад муж улсад мөн ижил хууль хэрэгжиж болзошгүйд идэвхтнүүд санаа зовниж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг эхлүүллээ

Хуримтлалын өдрийг угтаж Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуун мод хотод эхлүүллээ. Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна.

Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбэрг, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Уг аян нь аравдугаар сарын турш үргэлжилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” нэгдсэн арга хэмжээг энэ жил аравдугаар сарын 12-нд Мандалговь хотод, аравдугаар сарын 19-нд Дархан хотод, аравдугаар сарын 21-нд Эрдэнэт хотод, аравдугаар сарын 26-нд Баруун-Урт хотод, аравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулах юм гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

О.Тулга ДАШТ-д оролцох эрхээ албан ёсоор авлаа

Өнөөдөр 13.00 цагаас Эрдэнэт хотод сорил тэмцээн болж, Э.Цэндбаатар болон О.Тулгын хэн ялсан нь ДАШТ-д оролцох эрхээ авахаар байсан. Гэвч Э.Цэндбаатар тодорхойгүй шалтгаанаар сорилд оролцоогүй тул тэмцээнийг цуцалсан.

Ингээд О.Тулга ДАШТ-ний эрх авах нөхцөл үүсээд байв. Тэгвэл Эрдэнэт хотод ДАШТ-ний эрх авсан тамирчдад амжилт хүсэх ёслолын арга хэмжээ болж, О.Тулга эрхээ албан ёсоор авлаа. Тэр өмнө нь сорил тэмцээнд ялалт байгуулж, энэ эрхийн эзэн болоод байсан ч Э.Цэндбаатартай тулалдуулахаар болсон юм.

О.Тулга ард түмнийхээ итгэлийг алдалгүй дэлхийн дэвжээнд тулалдаад ирнэ гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цусаа бэлэглэх арга хэмжээ болно

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг.

Тэгвэл энэ жил 79 дэх удаагийн арга хэмжээ маргааш буюу аравдугаар сарын 4-ний даваа гаригийн 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулна. Цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Автомашиныг нь самраар дүүргэдэг хэрэмтэй найман жил тэмцэж байна

АНУ-ын Умард Дакота мужийн Фарго хотын оршин суугч Билл Фишер найман жилийн турш нэгэн хэрэмтэй “цусгүй тулаан” өрнүүлж байгаа тухай “The Washington Post” хэвлэл бичжээ.

Найман жилийн турш бяцхан хэрэм өвлийн идшээ бэлтгэхдээ түүний пикап машиныг хушгаар дүүргэдэг байна.

“2013 оноос хойш би нэгэн шаргал хэрэмтэй “учраа олох” гэж хичээж байна. Тэр миний машиныг самраар дүүргэж, би тэрийг нь цэвэрлэдэг нэг хэлбэрийн зан үйл болоод байна” гэж Фишер ярьжээ. Түүний хэлснээр, даатгалын ажилтан хүртэл түүнд тусалж чадахгүй байгаа гэнэ. Фишер автомашинаа нуух, чинжүүтэй уусмал цацах зэрэг бүх аргаа хэрэглээд тусыг эс олжээ.

Энэ намар Фишер дөрвөн хоног томилолтоор явж, эргэн ирэхэд нь хэрэм хөршийнх нь хушганы модноос ургацаа хурааж, найдвартай газар болох Фишерийн “Chevrolet Avalanche” пикап машинд хадгалаад амжсан байжээ. Энэ хачирхалтай үзэгдэл хоёр жилд нэг удаа тохиодог гэнэ. Яг энэ хугацаанд хөршийнх нь хушганы мод үрээ өгдөг.

“Тэр модны дэргэд янз бүрийн автомашин зогсож л байдаг. Гэвч хэрэм миний пикапыг л сонгодог” гэж 56 настай Фишер өгүүлжээ. Энэ жил “хэргийн эзэн” дээд амжилт тогтоогоод байна. Тэр долоон хувин самар хураан авчээ. Өмнөх жилүүдэд хэрэм 4-6 хувин самар нөөцөлдөг байсан гэнэ. Фишерийг автомашинаа цэвэрлэх үед хэрэм түүнийг модон дээрээс ажиглаж байдаг бөгөөд ажлаа дуусгах үед яваад өгдөг гэнэ.


Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгт хэвтэх шаардлагатай 189 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэв

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж, өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол гарч байна.

Тиймээс өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилж, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрэмбэлэн ангилалтыг хяналттай болгож, мэдээллийг цахимжуулах, коронавируст халдвартай өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар “КОВИД-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын хэсгийг байгуулан УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллуулж байна.

Тус ажлын хэсэгт өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 324 иргэн хэвтэх хүсэлт гаргасан байна. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хэсгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ахлан ажиллаж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Автомашинтай жолоочийг ажилд урьж байна

Коронавируст халдвар “Ковид-19”-ын тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн автомашинтай жолоочийг ажилд урьж байна.
Ажилтны хариуцах ажил, үүрэг:
Коронавируст халдвар “Ковид-19”-ын тандалт, хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана. Ажлын хүрээнд гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ.
Ерөнхий нөхцөл:
• Коронавируст халдвар “Ковид-19”-ын тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос 7 хоног бүр хийнэ.
• Долоо хоногт 6 өдөр ажиллана, ажлын цаг 09:00 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана.
• Урамшууллыг 1 өдрийн 50000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/.
• Шатахууны зардалд 1 өдрийн 20000 төгрөг олгоно.
• Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцна.
Дээрх нөхцөлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болно.
https://forms.gle/4rqrmh4dWKDuuv7G8

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Ковид-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаатай холбогдуулан сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлийг үзэх боломжтой билээ. Хичээлүүд Мобиком корпорацийн VOO аппликейшн-д давхар байрших болно.