Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчид коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарийг Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын дарга баталсан. Үүний дагуу өнөөдрөөс төрийн албан хаагчид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэллээ. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тухайлбал, НЗДТГ-ын 10 албан хаагч НОК-т, Нийслэлийн Архивын газрын 19, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 12, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 35 албан хаагч Баянгол дүүрэгт, дүүргийн дуудлага мэдээллийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн түр бүлэг, эмийн багц савлах зэрэг ажил хийж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ажилтан Г.Энхжаргал “Баянгол дүүргийн дуудлага мэдээллийн төвд ирж байгаа дуудлагын дийлэнх нь иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа болон шинж тэмдэг илэрч байгаа талаар, мөн өрхийн эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг өгч байна” гэлээ.

НОК-оос гэрийн хяналт ажиглалтыг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулж байна. ӨЭМТ-үүд үндсэн үйл ажиллагаа болон ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

НОК ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна. Нэг хороонд коронавирусийн 300 хүртэлх тохиолдол бүртгэгдвэл тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч, ажилчид хариуцан ажиллана. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт багийг ажиллуулж байна гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 900-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн нэг хороо, 300-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн дөрвөн хороо байна. Дүүрэг бүрийн ачаалал долоо хоногоор өөрчлөгддөг. Өмнөх долоо хоногт Баянзүрх дүүрэг анхаарал татаж байсан бол энэ долоо хоногт Баянгол дүүрэг анхаарал татаж байна. Тиймээс НОК-оос нэмэлт багийг тухайн үед нь менежмент хийн ажиллуулна” гэсэн юм.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

128 бөх зодоглосон хандивын барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан Улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн их шөвөгт Улсын харцага Д. Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн харцага Ц.Бямба-Отгон нар үлдэв.

May be an image of 4 people, people sitting, people standing, indoor and text

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулсан агаад дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө. Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, МУАБ Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, харцагадаа сэтгэлийн хандиваа өргөцгөөв. Улсын гарьд Д. Рагчаа, улсын начин Б.Одхүү нар мөн хандивт нэгдэж байгаагаа барилдааны үеэр уламжилсан юм.

May be an image of 2 people and people standing

May be an image of one or more people, people sitting and people standing

Categories
мэдээ нийгэм

“Дельта” хувилбар агаар дуслын замаар түргэн тархдаг

Коронавирусийн шинэ мутаци нь анхны омогтой харьцуулахад агаар дуслын замаар амархан дамждаг болохыг АНУ -ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа нотолжээ. “The New York Times” сонинд бичсэнээр тус хүрээлэнгийн судлаачид шишүүхэйг туршилтад ашиглаж, SARS-CoV-2 вирусийн эхэн үеийн “альфа” хувилбар болон “дельта” омгоор халдварлуулж үзэхэд вирус нь агаар, дуслын замаар илүү хурдан халдварлаж байгааг тогтоожээ. Ингэхдээ маш түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож буйг тул амны хаалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна.

Анх Энэтхэг улсад илэрсэн “дельта” хувилбар одоо дэлхий дахинд давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе маш богино хугацаанд үргэлжилдэг гэдгээрээ бусад хувилбараас ялгаатай. Үүнээс гадна “дельта” хувилбараар халдварласан өвчтөнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэмтэх шинж тэмдэг илэрдэг ажээ.

Categories
гадаад мэдээ

Франц улс байгалийн хий, цахилгааны үнийг 4 дүгээр сар хүртэл тэглэнэ

Франц улс дэлхий даяар эрчим хүчний үнийн өсөлтөөс болгоомжилж байгаатай холбогдуулан хэрэглээний байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнийг ойрын хэдэн сард тэглэхээр болсныг ерөнхий сайд нь мэдэгджээ.

Францын засгийн газар Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үнэ буурах хүртэл үнийг чөлөөлөх юм байна. Тус улс ирэх 2022 оны дөрөвдүгээр сард эрчим хүчний үнэ зах зээл дээр буурна гэж тооцож байгаа юм байна. Гэхдээ Францын засгийн газрын энэ шийдвэр ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа юм.

Өнгөрсөн сард Францын засгийн газар дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас эрчим хүчний хөнгөлөлт эдлэх эрх авсан олон сая айл өрхөд арванхоёрдугаар сараас эхлэн 100 евро өгөхөөр амласан. Байгалийн хий сүүлийн жилүүдэд ер бусын хямд үнэтэй байсан ч Америкт байгалийн хийн үнэ өнгөрсөн оноос хойш хоёр дахин нэмэгджээ.

Мөн Европ Азид байгалийн хийн бөөний үнэ өмнөх оныхоос 5 дахин нэмэгджээ. Байгалийн хийн энэ үнийн өсөлт цар тахлын дараах сэргэлт, илүү олон айл өрх, бизнесийнхэн бүх төрлийн түлш шатахуун хэрэглэх нь нэмэгдсэнтэй холбоотой гэж эдийн засагчид таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад илүү их хүчин чармайлт хэрэгтэй

Дэлхийн улс орнуудын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаад санал нэгджээ.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд /COP26/ бэлтгэх ажлын хүрээнд Италийн Милан хотноо бямба гарагт зохион байгуулсан уулзалтын үеэр талууд ийнхүү тохиролцсон байна.

2015 онд байгуулсан Парисын уур амьсгалын хэлэлцээрээр дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилт дэвшүүлсэн юм.

Миланд болсон уулзалтын дараа “COP26” бага хурлыг даргалах Алок Шарма, “Улс орнууд Парисын хэлэлцээрээр дэвшүүлсэн зорилтод хүрэхэд илүү их хүчин чармайлт хэрэгтэй байгаад санал нэгдлээ” хэмээн мэдэгдэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үйлсийг жилд 100 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхэнд уриалжээ.

Дэлхийн улс орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар санал зөрөлдсөн хэвээр байгаа юм.

Тийнхүү Их Британид аравдугаар сарын 31-нээс эхлэх “COP26” хурлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой шийдэлд хүрэх эсэх нь олны анхаарлын төвд байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Европ, Японы сансрын хөлөг анх удаа Буд гаригийн гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ

Европ, Японы мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн сансрын хөлөг наранд хамгийн ойрхон оршдог Буд гаригийн гэрэл зургийг анх удаа дэлхийд ирүүлсэн тухай Европын Сансрын Агентлаг өчигдөр мэдээлжээ.

Зургийг ирүүлсэн BepiColombo хөлгийг гурван жилийн өмнө Ariane 5 пуужингаар сансарт хөөргөж байв.

BepiColombo хөлөг анх удаа Буд гарагийн сүүдэртэй талд ойртохдоо гадна байрлуулсан энгийн камераар хар цагаан зургийг буулгаж чаджээ. Энэ удаа Будын гадаргууд 200 км зайд ойртож чадсан ч ийм зайнаас зураг буулгахад тохиромжгүй байсан тул 1,000 км холдсоныхоо дараа буулгасан гэнэ.

Гэрэл зурагт Буд гарагийн умард туйл орчмын тогоонууд, эрт цагт урсаж байсан лаавын ул мөрнүүдийг тод харуулжээ. BeliColombo хөлөг одоо Буд гарагийн тойрог замд орохын тулд Сугар, Дэлхий гарагуудын тойрог замыг дайрсан маш урт замаар 2025 он хүртэл аялах ёстой.

Энэ хугацаанд дахин таван удаа Буд гарагийн гадаргууд ойрхон нисэж өнгөрөх юм. Учир нь тус гараг наранд ойрхон, нарны татах хүчний хүчтэй нөлөөнд оршдог тул сансрын хөлөг хурдаа сааруулж, тойрог замд нь ороход маш хэцүү байдаг.

BeliColombo хөлөг 2025 оны сүүлээр хурдаа хангалттай сааруулж, Будын тойрог замд тогтвортой байрлах боломжтой болох юм. Ингэснээр судалгааны ажлууд нь 2026 оноос эхэлнэ.

Энэ үед хөлгийн дотор байрлах өндөр нягтралтай камернууд болон бусад судалгааны багаж хэрэгслүүд ажиллаж эхлэх юм.

Буд нь нарны аймгийн чулуулаг бүтэцтэй гарагууд дотроос дэлхийтэй ижил түвшний соронзон орон бүхий цорын ганц гараг. Соронзон орон шингэн цөмтэй гарагуудад л байдаг. Гэтэл нарны аймгийн хамгийн жижиг гараг Будын цөм шингэн байх боломжгүй гэж эрдэмтэд үздэг байна.

BeliColombo хөлөг энэ мэт Буд гарагийн нууцуудыг тайлах зорилготой юм. Хөлгийн Европын хэсэг нь Будын гадаргуу, дотоод бүтэц зэргийг судлах бол Японы тал соронзон орныг нь судлах ажээ.

Буд гарагийн гадаргуу нь бас маш их эрс тэс уур амьсгалтай. Гадаргуугийн температур хамгийн дулаан өдөртөө Цельсийн 430 хэм хүртэл халдаг бол хамгийн хүйтэн шөнө Цельсийн -180 хэм хүрдэг байна.

Гарагийн диаметр 4,880 км. Тэнхлэгээрээ нэг бүтэн эргэх хугацаа буюу нэг өдөр нь дэлхийн 58 өдөртэй тэнцдэг. Харин нарыг нэг бүтэн тойрох хугацаа буюу жил нь дэлхийн 88 өдөртэй тэнцдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн


2021 оны 10 сарын 03-ны 20 цагаас 10 сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж, голын хөндийгөөр 8-13 хэм, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, ө­дөртөө 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо, Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээ хойшиллоо

Австрали Францтай байгуулсан цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээгээ цуцалснаас үүдэлтэй маргааны улмаас Европын холбоо Австралийн хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах 12 дахь удаагийн яриа хэлэлцээ хойшиллоо. Хэлэлцээг аравдугаар сарын 12-ноос арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд хийхээр хойшлуулсан гэж Австралийн худалдааны сайд мэдэгджээ.

Гэхдээ ямар шалтгааны улмаас хэлэлцээг хойшлуулсан талаар Австралийн тал тайлбар өгөхөөс татгалзжээ. Австрали нь өнгөрсөн сард цөмийн шумбагч онгоц Франц улсаас худалдан авах 40 тэрбум америк долларын гэрээнээс гарч, Францын оронд АНУ-аас авахаар болсон нь Франц болоод Европын холбооны дургүйцлийг төрүүлсэн юм.

Канберрагийн энэ гэнэтийн алхмаас болж Франц улс Австрали, Америкаас элчин сайдаа эгүүлэн татаад байна. АНУ-ын ерөнхийлөгч Байден Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярьж Паристай харилцах харилцаандаа сэв суулгах сонирхолгүй байгаагаа илэрхийлсний дараа Америк Францын хооронд үүссэн хурцадмал байдал намжих төлөвтэй байгаа.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америк Францын харилцааг өргөжүүлэхээр ирэх 7 хоногт Парист айлчлахаар төлөвлөж байна. Франц Вашингтонд суугаа элчин сайдаа буцаасан, харин Австралид үүнтэй ижил алхам хийгээгүй байна.

Парис Австрали улсад дахиж итгэхгүй, гэрээний талаар албан тушаалтнууд нь худал ярьсан гэж ил тод мэдэгдсэн. Австралийн тал Францын байр байдлыг ойлгож байна. Гэхдээ аливаа улс үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс шийдвэр гаргах ёстой байдаг гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Лхагвагэрэл, Т.Түвшинтулга нар хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болов.

61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагахад энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Эмрах Орманоглутай барилдах ёстой байсан ч түүний өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй. Ингэснээр манай бөх шөнийн 00:00 минутад энэ жилийн Бүх Японы аварга Тошихиро Хасегаватай ДАШТ-ий хос медальтан болох үгүйгээ шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагынхан мод тарих хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн” гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс 1 тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын бие бүрэлдэхүүн энэхүү мод тарих хөдөлгөөнд нэгдэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2500 гаруй мод суулгах бэлтгэл ажлыг хангаж, мод тарих ажлыг эхлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.