Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 3696 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3696 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1028 нь Улаанбаатарт,
  • 2668 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас барлаа. Нийт нас баралт 957 боллоо.

Сүүлийн цагт 2644 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 17010 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 11026
  • хүндэвтэр: 4430
  • хүнд:1332
  • нэн хүнд: 222 хүн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн нийт хүн амын 69.7 хувь нь II тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 396, II тунд 1057, нэмэлт сэргээх тунд 8938, нийт 10.391 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу

  • 2761 (23.2 хувь) жирэмсэн эх,
  • 12-15 насны 61.321 (69.0 хувь),
  • 16-17 насны 24.680 (72.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Живхээстэйн хүн чулуу

Эртний Түрэгийн үед холбогдох дөрвөн хүн чулуун хөшөө.

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс 8 км зайд байх Живхээстэйн амны эхэнд хоёр хиргисүүр, эртний Түрэгийн тахилгын онгон бүхий тус дурсгалт газар бий. Энд урдаас хойш чигтэй 6 ширхэг эртний Түрэгийн үеийн тахилгын онгон байх бөгөөд эдгээрийн тав нь зүүн талдаа, зүүн тийш харуулан зоосон хөшөө чулуутайгийн дөрөв нь хүн чулуун хөшөө юм.
Хүн чулуудыг бараан өнгийн хүрмэн чулуугаар зөвхөн хүний нүүрийн дүрс сийлж хийсэн бөгөөд болхи хийцтэй, ямарваа эд хэрэглэл, хувцас өмсгөл байхгүй учир он цагийг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй. Гагцхүү эдгээрийн хамт байгаа чулуун хавтант хашлага, зүүн талдаа хүн чулуу байрласан зэргээс үндэслэн тухайн дурсгалыг Түрэгийн үед холбогдуулж, энэ нь Монгол улсын нутагт буй Түрэгийн дурсгалын хамгийн зүүн хойд хязгаар гэж үзсэн зүйл бий. Эдгээр тахилгын хашлага болон хүн чулуудыг урдаас хойш дугаарлав.

цэцэг, байгаль, зүлэг болон мод гэх мэтийн зураг байж болно

№1. Хүн чулуу: 41×37×19 см. Хашлага: баруунаас зүүн тийш 246 см, урдаас хойш 269 см. 1-р хүн чулуу 2-р хүн чулууны хооронд 224 см зайтай.
№2. Хүн чулуу: 43×32×20 см. Хашлага: баруунаас зүүн тийш 308 см, урдаас хойш 213 см. 2-р хүн чулуунаас 3-р хүн чулууны хооронд 168 см зайтай юм.
№3. Хүн чулуу: 30×20×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 190 см, урдаас хойш 185 см.
№4. Хүн чулуу: 30×20×16 см. Хашлага: баруунаас зүүн тийш 180 см, урдаас хойш 160 см.
№5. Хөшөө чулуу: 44×34×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 222 см, урдаас хойш 178 см.
№6. Хашлагын хэмжээ: баруунаас зүүн тийш 185 см, урдаас хойш 155 см.
Эртний Түрэгийн буюу НТ-ын VI-VIII зууны үед хамарна

байгаль болон зүлэг гэх мэтийн зураг байж болно

байгаль гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 7414 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод явуулын 4, суурин 57 цэгт 76 багийн 398 эмч, ажилтан ажиллаж, 7414 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Ү.Амарбат: Ипотекийн зээлтэй байр худалдаж авсан иргэд байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх эрсдэл их байна

Хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Сүүлийн үед иргэд ипотекийн зээлтэй байрыг өмчлөгчтэй нь тохиролцож худалдаж авахдаа гэрээгээ сайн хийгээгүйгээс хохирох тохиолдол нэлээд гарч байна. Яг ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Иргэдэд орон сууцтай болох хэрэгцээ шаардлага их байна. Тэр дундаа санхүүгийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа ипотекийн зээлийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, урьдчилгаа хөрөнгөө бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа иргэд өөр арга хэлбэрээр орон сууцтай болохыг эрмэлзэж байна. Тиймээс хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хууль эрх зүйн орчны хувьд эрсдэлтэй хэлбэрээр гэрээ хэлэлцээр хийх хандлага их байна. Үүний нэг хэлбэр нь банкнаас ипотекийн зээлээр авсан бусдын байрыг ипотекийн зээлийг нь үргэлжлүүлэн төлөх замаар өөртөө авах гэрээ хийж орон сууц авах арга юм.Яг ийм хэлбэрийн гэрээ их хийгдэж байгаа. Үүнээс тодорхой хэсэг нь хэлсэн тохирсондоо хүрээд хэн хэн нь ямар нэгэн хохиролгүй амжилттайгаар гэрээгээ дуусгавар болгож байгаа тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, зээлтэй байраа бусдад худалдаад, тухайн байрны зээлд өмнө нь төлчихсөн мөнгөө худалдан авч байгаа талаас аваад үлдэгдэл мөнгийг нь худалдан авч байгаа иргэд банкинд төлнө гэсэн үг л дээ. Гэтэл энэ явцдаа талуудын аль нэг нь анх байгуулсан гэрээнээсээ буцах, нэгнийгээ хохироох явдал гарч байна.

-Ипотекийн зээлээр байр авсан иргэд байраа хэн нэгэнд дамжуулан худалдах боломжтой юу. Энэхүү хэргийн хохирогч болсон иргэд ихэвчлэн юун дээр алдаад байна вэ?

Ипотекийн зээлээр авсан байраа худалдаж байгаа иргэн тухайн зээлээ төлж барагдуулахаас өмнө байраа хэн нэгэнд худалдах ямар ч боломжгүй нөхцөлд байдаг.

Учир нь хуулийн хүрээнд бусдад шилжүүлж байгаа хөрөнгө нь, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө нь, тухайн худалдан авч байгаа иргэнийг байрандаа оруулж суулгаснаар хөрөнгийн өмчлөх эрхүүсэхгүй. Харин Улсын бүртгэл дээр гэрчилгээ шилжсэний дараа сая тухайн байрны үндсэн эзэн болдог. Тиймээс иргэдийн гаргадаг хамгийн эхний алдаа юу байдаг вэ гэхээр тухайн байранд ороод суучихаараа “Энэ байр минийх болчихлоо” гэж боддог. Хоёрдугаарт, тухайн байр нэгэнт бусдад шилжүүлэх боломжгүй буюу банкны барьцаанд байгаа учраас банк барьцааныхаа зээлийг төлж дуустал өөр хүнд шилжүүлэх асуудлыг улсын бүртгэл дээр зогсоочихсон байдаг. Нэгэнт өмчлөх эрхийг нь шилжүүлэх боломжгүй тул эзэмших эрх л үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд эзэмших эрхийг шилжүүлэхээс өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэдэг энэ нөхцөл байдлыг иргэд ерөөсөө хайхардаггүй. Гуравдугаарт, нэгэнт худалдан борлуулж байгаа иргэний нэр дээр тухайн байр байгаа, гэтэл түүний өмнөөс худалдаж авч байгаа иргэн байрных нь зээлийг төлж явсаар зээл төлөгдөөд сулрахын өмнөхөн очингуутаа худалдан борлуулсан тал санаагаа хувиргаж эхэлдэг. “Би байраа зарахаа болилоо. Чи надад анх таван сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг чинь би буцаагаад өгчихье. Чиний сар бүр төлж байсан 500 мянган төгрөгийг түрээс гэж тооцъё. Миний өмнөөс 10 жил төлсөн 60 сая төгрөг чинь түрээсийн мөнгө. Одоо миний байрнаас гар. Би байраа авна” гэдэг асуудал үүсдэг. Энэ дунд өдий олон жил байр худалдаж авч байна гэж төлбөр төлж байсан иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх эрсдэл үүсдэг. Дөрөвдүгээрт, Байр худалдаж авсан иргэдийн хувьд гэрээгээ үргэлжлүүлээд явж байх хугацаандаа дунд нь санхүүгийн асуудалд орж тухайн байрны мөнгийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болчихдог. Ингээд худалдсан болон худалдаж авсан тал хоёулаа хохирч банкинд байраа хураалгахаас өөр аргагүй байдалд ордог эрсдэл бий. Дээр дурдсан асуудлуудтай холбоотой маргаанууд шүүхээр шийдэгдэж байна. Зарим нь хүнийг залилан мэхлэхтэй холбоотой асуудалд орж цагдаагийн байгууллагаар шалгуулах тохиолдлууд ч байна.

-Тэгвэл иргэд хохирогч болохгүйн тулд юуг анхаарах, ямар асуудлыг анхнаасаа гэрээндээ тусгаж өгөх ёстой вэ?

-Нэгдүгээрт, аль болох эрсдэл бүхий гэрээ хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ипотекийн зээлтэй, бусдын нэр дээр байгаа, цаашид өөрөө хохирч үлдэх, сөрөг үр дагавар гарах магадлал өндөр учраас аль болох лизингээр авсан бусдын байрыг худалдаж авахгүй байх нь зүйтэй. Үнэхээр худалдаж авахаас өөр аргагүй гэж үзэж байгаа тохиолдолд тухайн байрны зээлийг гаргасан банкинд зайлшгүй мэдэгдэх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн орон сууцыг барьцаалчихсан байгаа хуулийн этгээд нь банк шүү дээ. Ихэвчлэн ипотекийн зээлтэй байраа зарах шийдвэр гаргасан иргэдийн хувьд, байрныхаа зээлийг төлж чадахааргүй нөхцөл байдалд орсон байдаг. Ийм тохиолдолд банкнаас худалдан авагч нь өөрчлөгдөх тодорхой кейсүүдэд зөвшөөрөл олгох хандлага сүүлийн үед бий болсон. Учир нь тухайн зээлийг хэн нэгэн төлөхгүй л бол тэр муу зээл болно. Тиймээс банкиндаа мэдэгдэхийг зөвлөж байна. Дараагийн ээлжинд өөрийгөө эрсдэлээс хамгаалах баталгаануудаа гаргуулж авах хэрэгтэй. Ямар баталгаа байх вэ гэхээр “Хэрвээ энэ байрны зээлийг үндсэн зээлдэгчийн өмнөөс төлж байтал, ямар нэгэн байдлаар худалдан борлуулж байгаа тал гэрээний нөхцлөөс дундаас нь буцах юм бол, тухайн зээлийг төлсөн хугацаандаа ямар ч түрээсийн төлбөр тооцуулахгүй, төлсөн үнийн дүнгээ эргүүлэн авна” гэдгээ нотариатаар баталгаажуулж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулж байгаа тал гэрээгээ цуцлах тохиолдолд түрээсийн төлбөр ямар нэгэн байдлаар төлөхгүй гэдэг нөхцөлөө зөвшөөрүүлэх хэрэгтэй. Энэ нь шүүх дээр танд чухал баримт болно. Мөн тухайн иргэн байраа худалдан борлуулахаас татгалзсан тохиолдолд таны төлсөн хугацааны төлбөр дээр тодорхой хэмжээний хүү, торгууль, алданги тооцож олгох зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэж гэмээнэ байртаа болж чадаагүй юм аа гэхэд тухайн хугацаанд төлсөн мөнгөө хүүтэй нь эргүүлж авна. Ингэж байж анх тохиролцсон тохиролцооноосоо худалдан борлуулсан тал буцахгүй байх магадлал нэмэгдэнэ. Мөн хоорондоо өгөлцөж авалцсан мөнгөн дүнгээ өөр өөрсдийн данснаас гүйлгээний утгыг нь тодорхой бичиж шилжүүлэх. Хэрэв бэлнээр өгсөн тохиолдолд ийм хэмжээний мөнгийг тийм овог нэр, регистрийн дугаартай иргэнд шилжүүллээ гэдгээ нотариатаар баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь дараа нь чухал баримт болно. Иргэд ядахдаа дээр дурдсан дөрвөн асуудалд анхаарч байж өөрийгөө эрсдэлээс хамгаална.

-Тэгвэл байраа худалдан борлуулж байгаа тал биш, худалдан авч байгаа тал дундаас нь гэрээгээ цуцлах бол үүсэх эрсдэл бий юү?

-Байгаа. Худалдан авагч тал байранд нь амьдраад зээлээ төлж байгаад гэрээгээ цуцлах санал тавьсан тохиолдолд худалдагч тал худалдан авагчаас тухайн хугацаанд түрээсийн төлбөр нэхэмжлэх боломжтойгоор гэрээгээ хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээгээ анх байгуулахдаа хэн түрүүлж гэрээгээ цуцлах санал гаргасан нь нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх байдлаар тохиролцох нь зүйтэй. Байраа худалдан борлуулж байгаа талд өөр нэг их эрсдэл байхгүй. Учир нь тухайн байр өөрийнх нь нэр дээр байгаа. Зээлийг өмнөөс нь төлж байгаа тохиолдолд худалдан борлуулсан тал хохирсон тохиолдол бага. Үүний нэг баталгаа нь шүүх дээр гарч байгаа хэргийн дийлэнх нь худалдан авагч тал хохирсноос харагдаж байна.

-Ипотекийн зээлтэй байр худалдаж авч байгаа иргэд ихэвчлэн таньдаг, мэддэг, ойр дотныхоо хүнээс авах шийдвэр гаргадаг шүү дээ. Тиймээс дараа учрах эрсдэлээ бодитоор тооцдоггүй, ямар нэг асуудал үүсэхэд өөрсдийгөө хамгаалах баримт төдийлөн үйлддэггүй нь анзаарагддаг л даа?

-Таны хэлж байгаа яг зөв. Иргэд огт танихгүй хүнээс байр авдаггүй. Ямар нэгэн байдлаар таньдаг мэддэг найз нөхөд, хамаатан саднаасаа авсан байдаг. Энэ харилцаа ихэвчлэн итгэлцэл дээр тулгуурладаг учраас мөнгө төгрөгөө өгч, авахдаа баримт үйлдэхгүй, баталгаа гаргуулахгүй, гэрээ хийхгүй байх тохиолдол олон. Гэтэл хэлсэн тохирсноосоо буцаж шүүх дээр маргаан үүсэхэд “Бид таван жилийн өмнө ингэж тохирсон. Гэхдээ үүнийг батлах юу ч байхгүй” гэдэг ч юм уу, хоосон тайлбараар хохирогчид өөрийгөө шүүх дээр хамгаалах ямар ч боломжгүй. Шүүх ч ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байгаа яриаг үнэлэх нь зарчмын хувьд төвөгтэй учраас таньдаг мэддэг ах дүү, аав ээжээсээ авсан ч холбогдох эрх зүйн баримтаа сайн үйлдэж, гэрээ байгуулж, төлбөр тооцоондоо нягт хандаж, хариуцлагатай байснаар иргэд өөрсдийгөө хохирохоос сэргийлэх чухал алхам болдог. Баримтаа сайн бүрдүүлээгүй иргэдийг харж байхад, худалдан борлуулж байгаа талаасаа санаа зовдог. Ингээд хэлчихвэл гомдчих байх, эсвэл надад итгэхгүй байх гэх мэт дэмий бодлууд өөрийгөө эрсдэлд оруулдаг.

-Нэгэнт асуудал үүсч, хохирох эрсдэлд орсон иргэд хаана хандах вэ?

-Нэгэнт ийм байдал үүссэн бол эхлээд нөгөө талаасаа өөрийгөө хохиролгүй болгож өгөхийг шаардана. Шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүснэ. Тухайн нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэл төлсөн мөнгөн дүнг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа дүүргийн шүүхэд хандаж маргаанаа шийдүүлэх эрх зүйн орчин бий. Шүүхэд хандахад өөрийн тань мэдлэг мэдээлэл дутуу гэж үзвэл хуульчийн мэргэжлийн үйлчилгээ авч болно. Мөн ийм асуудал тулгарсан асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг “Иргэдэд туслах төв” пэйж хуудсанд хандах боломжтой.

-Ийм төрлийн маргаан шүүхээр шийдэгдэхэд хэр хугацаа шаарддаг бол?

-Шүүхийн хугацаа харилцан адилгүй л дээ. Гэхдээ хамгийн багадаа 3-4 сар болдог. Дунд нь маргаан удааширвал үүнээс ч урт хугацаагаар үргэлжлэх нөхцөл байдал үүснэ.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гэгээн өглөө сайн байна уу” буюу Жамбалын Шараа

“Намайг дуудаж сэрээсэн

Гэгээн өглөө сайн байна уу

Нарны гэрэлд гялалзсан

Гэгээвч цонхнууд сайн байна уу

Энхрий хайраар ивээсэн

Ээжээ аав сайн байна уу…” гэж эхэлдэг энэ дуу Монголын мянга мянган үрсийг дуудаж сэрээсээр 56 дахь жилийнхээ намартай золгож байна. Үг аялгуу бүрээс нь гэрэл гэгээ асгарч, нарны алтарсан туяанд сүлэгдсэн хүүхдийн тунгалаг сэтгэл ариун хайраар бялхан цээж рүү урссан уг дууг сонсох бүрийд сэтгэл цэлмэдэг юм.

Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд удаагүй байсан хөгжмийн зохиолч Жамбалын Шараад шавь нартайгаа бужигнаж байх цаг дор зүрх баясгасан нэгэн аялгуу орж ирсэн гэдэг. Хөгжим бүжгийн сургуулийн залуухан багш тэр даруй хүүхдийн эгшиг дуу цангинасан инээд, хүсэл мөрөөдлийн гэгээн дуртгалтай цуг нотлоод авчээ. Чухам хэнд сонсгож дууны шүлэгтэй болдог билээ гэж бодон Монголын радиог зорьсон байна. Радио, телевиз бол эртнээс уран бүтээлчдийн хөл хөсөөн болсон газар. Ийн хүрч очоод хөгжмийн редактор Батсүрэнд аялгуугаа сонсгон, иймэрхүү үг байвал болох юм гэх санаагаа хэлжээ. Тэгтэл ердөө маргааш өглөө нь Батсүрэн утасдаад “Дууны шүлэг бэлэн болсон, ирж авна уу” гэхэд нь, ийм хурдан биччихэж байгаа юм байх даа хэмээн эргэлзэн очихуйд ёстой нэг хүсч явсан шүлгийн мөрүүд инээд цалгиулан угтах нь тэр ээ. Сургуулийнхаа найрал дууны ангийн Наранцэцэгээр дуулуулан радиогийн Алтан фондод анх бичүүлжээ. Ингэж л өглөөний ургах нарнаар биднийг сэрээсэн “Гэгээн өглөө сайн байна уу” дуу төрсөн түүхтэй. Дарамын Батсүрэн, Шараа хоёр “Гэгээн өглөө”-гийнхөө дараа Адараагийн дуулдаг “Амар түвшин” дуу бүтээснийг бид мэднэ.

“Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж

Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг

Алтанхан нарныхаа амин туяан дор

Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны дор мөнгөн шүүдэр бууж

Аршаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг

Аршаанхан дусалд чинь чамайг харж баясаад

Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө

Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг

Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн

Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж

Аяланхан хангинанхан хариу дуурсаж байг

Азтайхан жаргалаа хуурдан дуулцгаасаар

Алжаалгүй тэгш амар түвшин сууя” хэмээн ёстой л алиманхан сарны мөнгөн шүүдэр гэрэлтсэн дуу. Сүүлд ардын дууч Бурмаа, Мөнхбат, Банзрагч гурав сайхан дуулсан байна лээ.


“Монголын хөгжмийн мэргэжлийн дэг сургууль бүрэлдэн буй болох түүхэн үйл явцыг өөрийн хөгжмийн бичлэгээр туулан, их аваргуудын хамт “Шараа”-гийн гэсэн ая эгшгийн хувилбарыг бүтээж, Монголын нийтийн шинэ уянгын дууны нэрт мастер болсон” гэж доктор Б.Батжаргал, төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нар бичсэн байдаг. Хорин хэдтэй залуу, чухамхүү өөрийнх нь хэлснээр хийж бүтээхийн хорхой гозгонож, онгод цалгисан үедээ “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” хэмээх дуу хийж нэг сургуулийн багш, дотны найз Зангадаараа дуулуулжээ. Хаянхярваагийн шүлэг, Шараагийн хөгжим “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуу эдүгээгийн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадын нэрийн хуудас бүтээлийнх нь нэг болж, ямар сайндаа “Зангад ирлээ шүү, хүүхнүүд ээ” гэсэн шог яриа хүртэл гарахав. Шараа, Зангад хоёрын уран бүтээлийн ундарга эндээс эхэлж, удаа ч үгүй их Нацагдоржийнхоо “Монголын үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ижий” хэмээх шүлгэнд аялгуу бүтээсэн түүх бичигддэг.

“Дууны хөгжим бичээд, дуунууд маань хүмүүст хүрээд, олны талархал хүлээж байсан тэр цагт ээждээ зориулж ганц сайхан дуу хийх юмсан гэх бодол үргэлжид төрдөг байлаа. Нэг өдөр Зангад маань “Чи энэ үгээр дуу хийгээдэх, би дуулъя” гэдэг юм. Хартал, Нацагдоржийн эхийн тухай шүлэг байна. Энэ шүлгэнд чинь Лувсаншарав багш, Солийн Цоодол багш хоёр аялгуу хийчихсэн. Багш нарынхаа дуунд дахин аялгуу хийх нь надад ахадна гэтэл, нэг шүлгэнд хэдэн ч ая хийсэн болно шүү дээ гэсэн хариу хэлдэг юм. Тэр даруйд муу ээж минь бодогдлоо. Жаалхан би хонины захад суугаад ээжийг эмчлүүлэхээр ахын авч явсан замыг нулимс дүүрэн харуулдаж сууснаа саналаа. Тэр уудам тал, алсын алсад одсон уртын урт зам. Нутгаасаа цовоо цолгиун гарсан тэмээний унжиж хоцорсон хоёр бөх, яс арьс болтлоо турсан хээр морь, итгэл өвөрлөж явсан ахын минь урвагар баргар царай энэ бүхэн үүрд ээжгүй болжээ гэсэн өнчин зүрхний мэдрэмж тухайн агшинд дахин зурагдаж Нацагдоржийнхоо “Миний ээж” шүлгэнд би уйлж байгаад аялгуу хийсэн. Зангад маань сэтгэл зүрхээ оргилуулан байж дуулсан. Гончигсумлаа багш дууг минь сонсчихоод “Радиогийн фондод шууд бичүүл. Ийм дуу бичүүлэхгүй, өөр ямар дуу бичүүлэхэв” гэж өндөр үнэлдэг юм байна. Лувсаншарав багш “Пушкиний шүлгэнд олон хөгжмийн зохиолч ая хийсэн юм шүү” гэж хүлээн зөвшөөрсөн. “Алтан дэлхийд нар ганц, амьд явахад эх ганц” гэсэн шад мөрийг дууныхаа өмнө бичээд, мянган сайхан үг байсан ч дахиж би ээжийн тухай дуу хийхгүй гэдгээ тангарагласан. Энэ бол ижийдээ босгосон миний мөнхийн суварга” хэмээн хөгжмийн зохиолч маань нулимстай өгүүлдэг.

“Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө

Нүдэнд торох бараагүй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ…” гэж их Явуугийн сонгодог шүлгэнд аялгуу хийсэн нь Жамбалын Шарааг мэргэжлийн хувьд улам өндөрт өргөсөн. Олны дунд Ооба гэж алдаршсан яруу найрагч Намжимын Очирбат “Явуугийн энэ шүлгэнд чи аялгуу хийгээч, сайхан дуу болно доо” гэж гар бичмэлийг нь авчирч өгчээ. “Ая биччихээд Явуухулан гуай руу утасдаж сонсохыг хүслээ. Том зүрхтэй ч байж дээ. Харин тэр мундаг хүн өөрөө хүрээд ирсэн. Хуучны аваргууд чинь яасан даруухан улс байсан юм бэ. Төгөлдөр хуур дээрээ тоглож өөрөө дуулж үзүүллээ. Сайхан дуу болжээ гэж байна. Тэгэхээр нь зориг ороод “Та намайг уучлаарай, шагшуурга гэдэг чинь угтаа юу гэсэн үг вэ” гэсэн Явуухулан гуай инээгээд “Чи баруун аймгийн хүн биш учраас мэдэхгүй байж мэднэ. Чамд яавал амархан ойлгуулах вэ” гэж хэсэг бодсоноо, “Шараа чи Туулын шугуйд очиж үзсэн үү” гэв. “Үзсэн үзсэн” гэсэнд, за тэгвэл Туулын бургас шуугихыг хэлж байгаа юм, Хар ус нуурын зэгс намартаа салхины аясаар шуугихыг шагшуурга гэж байгаа юм хэмээн ойртуулан хэлж өглөө. Би салхины аясаар ганхах бургасны ширхэгийг бодоод дууны нэг хэмт загварыг эвдсэнээрээ нэгэн ёсны нээлт хийсэн юм” гэж өчив. Энэхүү нээлт гэдэг нь үнэн юм. Учир нь “Хар ус нуурын шагшуурга” дуу гарсан даруйдаа Монголын залуучууд оюутны 2 дугаар их наадмын тэргүүн шагнал хүртсэн.

Энэ тухай төрийн шагналт, ардын жүжигчин Сэмбийн Гончигсумлаа гуай “Жаран нэгэн онд Монголын залуучууд оюутны II их наадамд зориулсан уран бүтээлийн уралдааныг дүгнэж байсан цаг. Залуу хөгжмийн зохиолч Шараагийн “Хар ус нуурын шагшуурга”-ыг Зангад дуулаад орхисон чинь хэмжээ хэмнэл нь солигдоод нэг л сонин болоод явчихлаа. Зохиогч нь тэгж бичив үү, дуучин нь тэгээд дуулчихав уу гэдгийг мэдэхийн тулд нотыг нь бичүүлж шалгалаа. Тийм ээ, хэмнэл солигдсон боловч үгийн утгыг яв цав илэрхийлээд зогсоогүй, манайд тогтсон нэг хэмт загварыг эвдэж шинэчлэл хийсэн байв. Энэ нь уул бүтээл их наадмын уралдаанд түрүүлэх гол үзүүлэлт болсон” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг. “Хар ус нуурын шагшуурга” Монголын уянгын дууны нэг хэмт загварыг эвдсэн гэдэг нь ийм учиртай. Агуу их Гончигсумлаа тэргүүт аваргуудын шүүн тунгаасан үзүүлэлт тухайн үедээ шуугиан болж байсан нь илэрхий. Ийнхүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Жамбалын Шараа хорин хэдхэн насандаа Монголын дууны урлагт шинэчлэл хийж гавьяа байгуулжээ.

Тэрээр Их Нацагдорж, Явуухулан нарын тансаг уянгыг хөгжимд анх нэвтрүүлснээрээ ямархан зиндааны уран бүтээлч гэдгээ бататгадаг. Жаран дөрвөн онд болсон Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын хүлээн авалтын үеэр Явуу хундагатай архи барьчихсан үүд хавиар зогсож буй Зангад, Шараа хоёрыг чиглэн ирээд “Хар ус нуурын шагшуурга не повторимое приозведение. Спасибо вам больше. За это выпим” гэж хэлжээ. Их Явуугийн оросоор сэтгэл догдлон “Энэ бол хэзээ ч давтагдахгүй бүтээл” гэсэн нь нэгийг өгүүлнэм буюу. Явуухулан гуайн тэр том үнэлгээнд урамшсаных биз “Сартай шөнийн дуу”, Агийн цэнхэр утаа шиг гэдэг “Эх орны тухай дуу”-нд нь аялгуу хийсэн. Мөн миний өсч төрсөн нутаг Ганга нуурын тухай тэр сайхан шүлгэнд аялгуу хийж билээ. Урам хайрлахад бүтээл аяндаа ундардаг юм шүү гэж эдүгээ 83 насны сүүдэр зэрэгцэж яваа буурал хөгжмийн зохиолч сэтгэл догдлон хэлж байна.

Шараа гуай цаг ямагт гэгээн зөөлнөөр инээмсэглэж явдаг, бусдыг хүндэтгэхийн өндөр соёлыг хадгалсан нэгэн. “Эмээлтэй морины эзэн” Лу.Цэнд-Очир эрхэм уран зохиолчоор хөтлүүлэн урлагийн замд хөл тавьж, төрийн шагналт ардын жүжигчин нэрт морин хуурч Гомбодоржийн Жамъян, гавьяат жүжигчин алдарт хийлч Цэрэндолгор, нэрт удирдаач төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун нараар шалгуулан одоогоос бараг 70 жилийн өмнө буюу 1952 онд хөгжмийн сургуулийн босго алхсан эл эрхэм “Миний эх орон” дуу бүтээж, түүнийгээ “алдан гургалдай” Аюушийн Загдсүрэнгээр дуулуулж явсан гээд бахдам сайхан хувь заяаны эзэн. Их урлагийн алтан үеийнхний хормой дээр гишгэн нэрээ цуурайтуулсан ч угийн даруу төлөв зан чанараа сахиж чимээгүйхэн амьдарч ирсэн. Түүний “Эх орны уянга” дан хөгжмийн бүтээл нь ардын хувьсгалын 50 жил(1971)-ийн уран бүтээлийн уралдаанд тэргүүлж “Шараа дан чавхдаст найрал хөгжмийн зохиолоороо манайд үгүй байсан шинэ төрөл буй болгон уянгалаг аясаар хүний сэтгэлийн ертөнц, эх орны зургийг туурвилаа. Тэрээр хоолойн зүйн ухаанд зохиолоо тулгуурласан нь амжилт олжээ” гэж судлаачид бичиж байв. Уянгын дуунуудаас гадна “Гэгэлгэн аяз”, “Шанзанд зориулсан 12 дасгал”, симфони чуулбар, хийлийн концерт тэргүүт 60 гаруй хөгжмийн бүтээл, мөн гавьяат И.Нямгаваагийн “Бардам туулай” жүжиг болон бүжгийн арваад хөгжим бичиж их урлагийн урын санг баяжуулжээ. Том хүү Одонтөр нь идэр залуудаа Вергилийн алдарт “Энейн дуулал”-ыг орчуулж шуугиан тарьсан бол бага хүү Баттөр нь 23-хан настайдаа орчин үеийн утга зохиолоор докторын зэрэг хамгаалж биднийг түүчээлж явааг шигтгээ болгоё.

Шараа гуайтай алтан үеийн бурхдын тухай хуучилж суух шиг сайхан юм үгүй. Нүд нь гялалзаж ирээд инээд цалгиан ярина. “Намайг хойно сурч байхад дуучдаас Пүрэвдорж, Дариймаа, Лувсандамдин гуай, Цэвэлсүрэн, Нямсүрэн энэ хэд сурч байлаа” гэх юм уу, эс бөгөөс одоогийн дуурийн театрын дэргэд ардын жүжигчин Гонгорын Хайдавын байгуулсан сургуульд багшилж зууны манлай Уртнасан тэргүүт одуудад хичээл зааж явлаа гэх нь тун бахтай сонсогддог. Хөгжмийн ангид хамт суралцсан Бэгзийгээ насан туршдаа бодож, авьяас билэгт найзынх нь амьдрал гунигтай төгссөнд сэтгэл шархирч, хийлээрээ хөгжимдөн “Маамуу нааш ир”-ийг бичүүлснийг нь радиогоор сонсон уйлж тайтгардгийг мэдэх юм. Андын журмыг тэгж насан туршид барьж явна гэдэг хэцүү. Жамбалын Шараа ийм л ховор, гэгээн сайхан хүмүүн билээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 06:14 цагт мандан, 19:28 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 5-7 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө сэрүүсэж 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө сэрүүсэж 7-9 градус дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дөрвөн жилийн дунджаас унаад байсан алтны ханш өсчээ

АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2023 он гэхэд бодлогын хүүг хоёр удаа нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн. Үүнээс хойш алтны үнэ огцом буурсан юм. Харин түүнээс хойш буцаад өссөн ч энэ сараас эхлэн буурах хандлагатай байгааг доорх график харуулж байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тоймлосон дүнгээр өнгөрсөн сард хамгийн их хэмжээгээр ханш буурсан. Гэлээ ч маш богино хугацаанд өмнөх дүндээ хүрч өссөн аж.

Тухайн үед алтны спот үнэ 1800 ам.доллароос доош унаж буураад унц нь 1763.9 ам.доллар болсон юм. Харин өнөөдрийн байдлаар 1814.72 болж өсжээ. Өнгөрсөн хоёр өдөр унаад байсан алтны ханш өнөөдрөөс сэргэх төлөвтэй ажиглагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниудыг нэгтгэн корпораци болгох санал гаргажээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар Ерөнхий сайдад өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөгч Ерөнхий сайдад танилцуулсан.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хороо юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бэлтгэснээ Ерөнхий сайдад ийн танилцууллаа.

Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпораци болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ.


2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаны төлөөлөл танилцуулгадаа дурьдаж байв. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг.

Танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс газрыг корпораци болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гээд орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловруулж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө. Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судлаж, танилцуулахыг даалгасан юм.