Categories
мэдээ нийгэм

Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад эрдэмтэн судлаачидтай хамтарна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийн асуудлаар ШУА-ийн харьяа, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауленбек нартай уулзлаа.

Уулзалтаар Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, зураглал, хамгааллын шинэ технологи турших, нутагшуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Цөлжилт бүхий зарим аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Цөлжилтийн хээрийн судалгааны төвтэй танилцсаныг Н.Уртнасан сайд тодотгоод, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Салбарын сайд цөлжилтийн асуудлыг зөв талаас нь харж, газар дээр нь ажиллаж, эрдэмтэн судлаачидтай зөвшилцөн, ул суурьтай хандаж, олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин, нөхөн сэргээлт, туршилт судалгааг салбарын харьяалал хамааралгүй дэмжин анхаарал хандуулж байгаад эрдэмтэд ихээхэн талархаж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

Газрын доройтолд нэн хүчтэй өртсөн аймгуудад ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай санал солилцон, цөлжилтийн төсвийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг судалгаагаар тогтоосон. Одоо зарцуулж байгаа төсөв, цөлжилттэй тэмцэх шаардлагатай ажлын нийт зардлын 5 хувьд ч хүрэхгүй байгааг Н.Уртнасан сайд онцлоод, ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгахаар боловсруулж байгаа тул эрдэмтэн, судлаачид саналаа боловсруулан өгөхийг хүссэн юм.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сум, Дархан-Уул аймгийн Орхон, Төв аймгийн Лүн суманд байгуулсан цөлжилтийн хээрийн судалгааны төвийн ажлын явц, үр дүнгийн талаар доктор Д.Баттогтох танилцуулаад, БНХАУ-тай цөлжилтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлсэн. Туршилт судалгааг жижиг талбайд нэлээн хийсэн нь амжилттай болсон. Гэвч шинжлэх ухаан, судалгаанд хангалттай төсөв олгодоггүй. Жилийн 20 сая төгрөгийн төсөв нь хүрэлцдэггүй гэдгийг учирлаад, хамтран ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дээрх хээрийн судалгааны төвд ирж үйл ажиллагаатай биечлэн танилцахыг хүслээ.

Ингээд цаашид хамтран ажиллах, 2022 оны төсвийн төсөлд санал өгөхөөр болов.

No description available.
Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын 18-нд эхэлнэ

Нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж дууслаа. Ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан.

Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх Даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.

СЕХ материалыг хянаж үзээд, ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж дууссан.

Тухайлбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, МАН-аас Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 17.010 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 42.509 хүн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 17.010 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 25,499 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүл байгаа иргэдийн

  • 11.026 нь хөнгөн
  • 4.430 нь хүндэвтэр
  • 1.332 нь хүнд
  • 222 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35 хувь нь биеийн байдал нь хүнд байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 43.611 хүүхэд, 3197 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилжээ. Үүнээс 2561 хүүхэд, 560 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

May be an image of text

Categories
гадаад мэдээ

Европын холбоо “WhatsApp”-д 266 сая ам.долларын торгууль ногдуулахаар болжээ

“Facebook” компанийн “WhatsApp” Европын Холбоонд 225 сая еврогийн торгууль төлөхөөр боллоо. Европын Холбооны мэдээлэл хамгаалах хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр “WhatsApp” анх удаа торгуулж байна.

Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангаж буй нь ил тод байх шаардлагыг хангаагүй учраас тус компанид энэ торгуулийг ногдуулжээ.

Үүнээс өмнө “Amazon” компанид ижил шалтгааны дагуу 746 сая еврогийн торгууль ногдуулаад байгаа юм. “WhatsApp” компанийн хувьд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа илэрхийлээд байна.

Эх сурвалж: BloombergTV

С.Өнөрсайхан

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ойрын хоногуудад төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Нийт шүүгчийн чуулганы товыг шинээр тогтоов

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, 20.9-д “Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно…” гэж тус тус заасан.

Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаас тус чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод товлон хуралдуулахаар тогтоов.
Нийт шүүгчийн чуулганы товыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн шүүгчдийн хүсэлт болон баримт бичгийг шинэчлэх, мөн хуульд заасан шаардлага хангасан шүүгчдээс нэр дэвших тухай хүсэлт шинээр хүлээн авах ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн шүүгчдийн хувьд дээр дурдсан хугацааны дотор нэр дэвших тухай хүсэлтээ баталгаажуулж дахин ирүүлнэ үү. (Нэр дэвших тухай хүсэлтэд хавсаргасан баримт бичигт өөрчлөлт оруулах бол хавсаргах.)
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.3, 95 дугаар зүйлийн 95.3-т заасан шаардлагыг хангасан шүүгчдээс дараах баримт, албан бичиг дээрх хугацааны дотор ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word формат/ хүлээн авна:
1. Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2. Шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласныг нотолсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт /Эх хувиар/;
3. Сахилгын шийтгэлгүйг нотолсон Шүүхийн ёс зүйн хорооны тодорхойлолт /Эх хувиар/;
4. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар /А4 хэмжээтэй цаасны 3-аас илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;
5. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга /А4 хэмжээтэй цаасны 2-оос илүүгүй хуудаст багтаан Arial форматын 12 хэмжээгээр бичиж гарын үсэг зурсан байх/;
6. Боловсролын зэргийн дипломын хуулбар;
7. Цээж зураг /Сүүлийн 6 сарын дотор авсан, 3х4 хэмжээтэй байх, файлаар явуулах зургийн хувьд JPEG, PNG зэрэг өргөтгөлтэй байх./

“Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар ЭНД дарж татан авна уу. (Хүсэлтийг илгээхээсээ өмнө холбогдох заавартай сайтар танилцана уу.)

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Санзайн зуслангийн замд засвар хийж, авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.

2021 оны есдүгээр сарын 06-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 289 хувьцаа эзэмшигч 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн салбар уналттай байсан бол 2020 онд өмнөх онтой харьцуулахад 0.2 пунктийн өсөлттэй байна.

Монголбанк 2020 оны аравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар орон сууцны эрэлтийг дэмжсэн чухал бодлогын шийдвэр болов. Нөгөө талаас орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдсэн нь нийлүүлэлтийг дэмжлээ. Үүний үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад байршлаас хамааран дунджаар 8.3 хувиар өссөн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшнээс шууд хамааралтай салбаруудын нэг, тус зах зээл манай орны ДНБ-ийн 6 орчим хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллах боловсон хүчний тоо жилээс жилд нэмэгдэв.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 289 хувьцаа эзэмшигч 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

Цаашид хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ хөгжих хандлагатай байна. 2021 оны эхний хагас жилд 54 хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт ирүүлснээс Санхүүгийн зохицуулах хороо 38 хуулийн этгээдэд дээрх төрлийн тусгай зөвшөөрөл олгосон. Нийт 205 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 4-нд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орчны халдваргүйтгэл ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж буй.

Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн юм. Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш 36 томоохон зах, худалдааны төв, 32 эмнэлэг, 178 цэцэрлэгт, 48 ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулийг хамруулан ариутгажээ.

Нийслэлийн Хот тохижилтын газрын харьяанд мананцар үүсгэгч, найман тоннын багтаамжтай таван машин байдаг. Энэ удаагийн халдваргүйтгэлийн ажилд дөрвөн машин ашиглаж, хувийн хэвшлийн байгууллагаас дөрвөн тоннын багтаамжтай хоёр машин нэмэлтээр ажиллуулж байгаа юм.

Манай улсад клорсепт 17, жавельон, гипохлорит кальци болон просон гэх бодисуудыг халдваргүйтгэлд хэрэглэдэг. Энэ удаагийн халдваргүйтгэлд Англи Улсад үйлдвэрлэсэн просон хэмээх бодисыг хэрэглэж байгаа бөгөөд найман тонн усанд зургаан сав бодис хийн найруулдаг аж.

Эдгээр ариутгалын бодис нь хүрээлэн буй орчин болоод хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ариутгалын ажлыг хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн биологич Ү.Алтаншагай онцолж байв.

Түүнчлэн “Сар гаруйн хугацаанд дахин дахин хийх тус халдваргүйтгэлд 2,800 орчим сав халдваргүйтгэлийн бодис хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн хэмжээнд бодисын нөөц хангалттай байгаа” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж хэлж байлаа.

Халдваргүйтгэлийн ажилтай зэрэгцэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын цэвэрлэгээ, угаалга, ариутгалын ажлыг хийж эхэлсэн. Хуваарийн дагуу хариуцсан ариутгалын компаниуд цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.