Categories
гадаад мэдээ

БНХАУ-д “Дельта” вирусийн тархалт эрчимжиж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт буурчээ

2020 онд БНХАУ COVID-ийн халдварыг хяналтад авснаар тансаг зэрэглэлийн зах зээл нь сэргээд байсан юм. Харин сүүлийн сард коронавирусийн “Дельта” хувилбарын тархалт эрчимжсэн, мөн тус улсын Ерөнхийлөгч Ши Жинпинь баялгийн тэгш хуваарилалтыг сурталчлах болсон нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад сөргөөр нөлөөлж эхлээд байна.

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-д худалдан авалт буурснаар сүүлийн долоо хоногт “Kering”, “Burberry”, “LVMH”, “Prada” зэрэг компанийн хувьцааны ханш 10-15 хувиар унажээ.

“Jefferies” компанийн тооцоолсноор энэ оны эцсээр тансаг зэрэглэлийн зах зээлийн 50 гаруй хувийг БНХАУ бүрдүүлэхээр байна. БНХАУ-ын чинээлэг худалдан авагчид жилд ойролцоогоор 116 мянган ам.долларыг энэхүү зах зээлд зарцуулдаг байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ спорт

МҮОХ: Италийн ҮОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзав

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Италийн ҮОХ-ны ерөнхийлөгч Жиованни Малаготай Ром хотноо уулзлаа. Италийн ҮОХ-ны байранд болсон уг уулзалтын үеэр 2026 онд Милан болон Кортина-д’Ампеццо хотод болох өвлийн олимпын талаар ярилцав. Мөн тус олимпоос өмнө Монголын өвлийн спортын төрлүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцов.

Жиованни Малаго нь Италийн нэртэй бизнесмэн, спортын зүтгэлтэн бөгөөд 2013 онд улсынхаа ҮОХ-ны ерөнхийлөгч, 2019 онд ОУОХ-ны гишүүн болсон юм.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Их Британид зул сарын баярын уур амьсгалыг энэ сараас эхлүүлнэ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улс энэ есдүгээр сарын 23-наас /2021.09.23/ христийн мэндэлсний баяр буюу зул сарын баярын уур амьсгалын оруулах зорилготой албан ёсоор кино суваг нээжээ.

Ингэснээр тус улсын иргэд зул сарын холбогдолтой хүссэн киногоо үзэж, уур амьсгалдаа бэлдэх боломжтой гэсэн байна. Харин өөр нэг талаас зул сарыг үнэ цэнэтэй байлгахын тулд 11 сарын сүүл хүртэл иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, няцааж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Patek Philippe” компани “Sky Moon Tourbillon” загвараа танилцуулав

Наймдугаар сард тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгчид хэд хэдэн шинэ загвараа худалдаанд гаргаад байна.

Тухайлбал, Швейцарын “Patek Philippe” компани нарийн функцтэй тансаг зэрэглэлийн “Sky Moon Tourbillon” загвараа танилцууллаа. Энэхүү бугуйн цагийг гар аргаар урласан бөгөөд зөвхөн нэг цагийг бүтээхэд 100 гаруй цаг зарцуулжээ.

No description available.

Харин “Chanel” брэнд спорт хэв маягийг “Monsieur”-ийн тансаг хэв маягтай нэгтгэн эрчүүдэд зориулсан “J12 Superleggara” загвараа худалдаанд гаргасан байна. Энэхүү цагийг керамик, ган материалаар хийсэн бөгөөд 39 мянга орчим ам.доллароор худалдаалж байгаа аж. “J12 Superleggara” цагны анхны хувилбарыг анх 2005 онд танилцуулж байжээ.

Швейцарын бугуйн цагны экспорт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 37.2 хувиар өссөн байна. Цар тахал дэгдсэн 2020 онтой харьцуулахад тансаг зэрэглэлийн бугуйн цагны зах зээл эргэн сэргэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөө шөнө Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэм давж, цочир хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэм давж, цочир хүйтэрнэ.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 09 сарын 04-ний 20 цагаас 09 сарын 05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нуурууудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 6-11 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, хүйтэн хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Резидент эмч нарыг шагнажээ

2020 оны гуравдугаар сард коронавируст халдвар /Ковид-19/ анх гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа цар тахлын эсрэг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байгаа билээ.

Жишээлбэл, 2021 оны эхний долоон сарын байдлаар 5,521 резидент эмч дайчлагдсан байна.

Тэгвэл дайчлагдан ажилласан, ковидын халдвар авсан, улаан бүсэд ажилласан резидент эмч нарт Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 550 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Мөн хоолны мөнгөнд 298 сая төгрөг олгон, дайчилгааны хугацаанд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, улсын төсвийн санхүүжилтээр суралцаж буй орон нутгийн резидент эмч нарыг дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх зэрэг зохицуулалтыг бодлогын түвшинд хэрэгжүүлсэн аж.

Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг зохион байгуулсан тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажилласан 60 резидент эмчийг Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаснаас төлөөлөл болгон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 12 резидент эмчид өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд нар оролцож, резидент эмч нарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллахыг хүссэн байна.

Мөн дайчлагдан ажилласан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтын багц цаг биелүүлсэн эхний ээлжийн 92 резидент эмчид Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/489 дүгээр тушаалаар эмчлэх эрхийн зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгон, гардуулжээ.

Цаашид дайчлагдан ажилласан резидент эмч нарт мөн олгохоор төлөвлөж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын хүчин чадлыг өргөтгөлөө

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд өргөтгөл, шинэчлэлийн томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсын Засгийн газраас олгосон 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү өргөтгөл шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

No description available.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломж бүрдэж буйгаараа онцгой ач холбогдолтой гэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээл дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүрчээ

“Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.0 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг Соёлын яаман дээр гардуулан өглөө” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Замын-Үүд боомтоор өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч байна

Замын-Үүдийн авто тээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ.

Тус боомтоор өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч байна. Үүнээс 45-аас 50 автомашин нь бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татах байдлаар зохион байгуулалт хийжээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй машин, тоног төхөөрөмжийг яаралтай татаж авах шаардлага үүссэн тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татахаар болжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэлтгүй авто зам, газрын тосны үйлдвэр, Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор өмнөд хилээс тоног төхөөрөмж яаралтай татан авах ажил хийгдэж буй.

Categories
гадаад мэдээ

Шинэ Зеландын Окленд хотод болсон халдлагын улмаас долоон хүн шархаджээ

Шинэ Зеландын Окленд хотод болсон террорист халдлагын улмаас долоон хүн шархадсан бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байна гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдээлжээ.

Баасан гарагт нэгэн эрэгтэй хотын супермаркетын үйлчлүүлэгчид рүү хутгатай дайрсан бөгөөд цагдаа нар халдагчийг буудаж амжжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд энэхүү халдлагыг террорист халдлага гэж тодорхойлоод зургаан хүн шархадсан гэж мэдээлж байв.

“Өчигдөр долоон хүн шархадсан. Тэдний тав нь эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байна” гэж Ардерн цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр мөн уг этгээд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу зэвсэгтэй халдахыг завдсан хэргээр гурван жилийн ял эдэлж байгаад энэ оны долдугаар сард шоронгоос суллагдсан байсныг мэдээлсэн байна. Уг этгээдийг сулласны дараа 24 цагийн турш ажиглаж байжээ.

Шинэ Зеландын эрх баригчдын мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд 22 настай байсан бөгөөд 2011 онд Шри-Ланка улсаас Шинэ Зеландад иржээ. Ирснээсээ хойш таван жилийн дараа фэйсбүүкт хэт давруу үзэлтнүүдийн мэдэгдлийг нийтэлж, Шинэ Зеландын цагдаа нарын хараанд орсон байна.

2018 онд Оклендын олон улсын нисэх онгоцны буудлаас Сири улс руу нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байжээ. Дараа нь хутга худалдан авч, засварын ажилтнууд руу дайрч, барьцаагаар суллагдах нөхцөлийг зөрчиж байсан байна.

Шинэ Зеландын цагдаа нар есдүгээр сарын 3 -ны баасан гарагт орон нутгийн цагаар 15:20 цагийн орчимд Оклендын баруун өмнөд хэсэгт байрлах супермаркетад зэвсэгт халдлага болсон тухай мэдээлжээ. Хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид халдагч руу гал нээжээ. Уг эрэгтэй газар дээрээ нас барж, зургаан хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Халдлага гарсан “Countdown” сүлжээ их дэлгүүрийн захиргаанаас “дэлгүүрийн лангуун дээрээс бүх хутга, хайчыг түр зуур хурааж, үргэлжлүүлэн худалдах эсэхээ хэлэлцэхээр” шийджээ.