Categories
мэдээ нийгэм

13-17 насны хөвгүүдийн илүүдэл жин жил ирэх тусам нэмэгдэж байна

Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн биеийн жин жил бүр 1.7-5 килограммаар нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Ялангуяа өсвөр нас буюу 13-17 насны хөвгүүд илүү ихээр жин нэмж байна.

Энэ нь буруу хооллолт, хорт зуршил, дэлгэцийн хамаарал, хөдөлгөөний дутагдлаас үүдсэн гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлнэ

Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлнэ. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 60-70 МВТ-аар нэмэгддэг. Энэ хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын засвар, арчлалтын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Categories
гадаад мэдээ

“Фэйсбүүк” компани Африк гаралтай хүнийг “мич” ангилалд оруулсныхаа төлөө уучлалт гуйжээ

Саяхан “Фэйсбүүк” компанийн хиймэл оюун ухааны систем видео бичлэгт дүрслэгдсэн Африк гаралтай эрэгтэйг “мич” ангилалд оруулж, алдаа гаргажээ.

Тодруулбал Британийн “Daily Mail” сонины нийтэлсэн видео бичлэгийг үзэж дууссаны дараа Фэйсбүүкийн систем “Мичний тухай бусад бичлэгүүдийг үзмээр байна уу” хэмээн хэрэглэгчдээс асуусан байна

“Энэ бол байж боломгүй алдаа. Бид болсон явдлын талаар гомдол хүлээж авсныхаа дараа уг системийг зогсоож, дахин ийм алдаа гаргахгүйн тулд шалгаж эхлээд байна” гэж “Фэйсбүүк” компанийн хэвлэлийн төлөөлөгч Дэни Лэвер өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Хэдийгээр манай хиймэл оюуны систем тасралтгүй сайжирч байгаа ч төгс болж чадаагүй байгаа. Ийм бүдүүлэг агуулгатай мэдэгдлийг уншсан бүх хүмүүсээс бид уучлалт гуйж байна” гэсэн байна.

Ер нь хиймэл оюуны технологид суурилсан автомат системүүд хүмүүсийн арьс өнгөний асуудал дээр алдаа гаргах явдал тасрахгүй байгаа. Саяхан “Твиттер” компанийн зурагнаас дүрс таних систем цагаан арьст хүмүүст илүү давуу тал үүсгэдгийг судалж тогтоосон юм.

2015 онд “Google” компанийн Photo аппликэйшн Африк гаралтай хүмүүсийн гэрэл зургийг “горилла” ангилалд багтаасан алдаа гарч байжээ.

Тухайн онд “Майкрософт” компанийн хиймэл оюунт Tay чатбот хүмүүсийг арьс өнгөөр ялгаварласан бүдүүлэг үг хэллэг ашиглаж эхэлсэн тул ажиллагааг нь зогсоож байв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны дурсгалд зориулан Дархан-Уул аймагт номын мухлаг нээжээ. Р.Чойном Орос, Казак, Монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, Казак, Монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг байсан. Мөн зураг зурж, баримал сийлбэр бүтээж, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.

Түүний бүтээлийг гаргахаас татгалзаж, уран бүтээлийнх нь төлөө шоронд хорьж байса ч “Гал морин цаг”, “Залуу нас”, “Сүмтэй бударын чулуу”, “Тал”, “Улаан дэвтэр”, “Хүн” зэрэг бүтээлээ туурвиж байсан юм. 1990 онд Монгол Улсын төрийн шагнал цолыг түүнд нэхэн олгосон юм.

“Оюунлаг Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ТВ-9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олны санаачлагаар Баасан гаригт /2021.09.03/ “Р.Чойномын номын мухлаг”-ийг нээсэн байна.

Чойном агсны охин Мөнхтэмүүлэнгийн хүсэлтээр энэхүү номыг мухлаг Дарханы “Буян зах”-ын хажууд нээгджээ. Тус ажлыг гүйцэтгэхэд аймгийн Захирагчийн ажлын алба, “ДСЦТС” ХК-ийн хамт олон тусламж үзүүлсэнд талархаж буйгаа цахим хуудсаараа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 3628 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3628 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 897 нь Улаанбаатарт,
  • 2729 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр таван хүн нас барлаа. Нийт нас баралт 962 боллоо.

Сүүлийн цагт 3300 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 19589 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 11026
  • хүндэвтэр: 4430
  • хүнд: 1332
  • нэн хүнд: 222 хүн байна.
Categories
гадаад мэдээ

Афганистан дахь Уйгуруудын байдал хэцүү байна

Афганистан дахь Уйгуруудын байдал хэцүү байна. Тэднийг БНХАУ руу албадан буцаах, үндэсний цөөнх болж дарлагдах хоёрын аль нэг нь тосож байна.

АНУ цэргээ Афганистанаас гаргасан явдал БНХАУ-аас тус улс руу дүрвэж гарсан Уйгуруудын нөхцөл байдалд хамгийн хүндээр тусжээ. Тодруулбал, тэд БНХАУ руу албадан буцаах, эсвэл үндэсний цөөнх гэж үзэн дарлах хоёрын нэг болох вий хэмээн санаа зовж байна. Талибын дайчид одоо засаг заахиргаанаасаа гадна ар гэрээ төвхнүүлж байгаа бөгөөд охид бүсгүйчүүдийг хулгайлан хүчээр гэрлүүлж байгаа аж. Нэг л өдөр Талибууд орж ирээд, охидыг минь аваад явчих вий гэж санаа зовж байна гэж нэгэн Уйгур эр Эрх чөлөөт Ази радио станцад ярьжээ. Афганистанд 2000 гаруй Уйгур амьдардаг юм байна. Тэдгээр хүмүүсийн паспортын хугацаа аль хэдийнэ дууссан ч орон нутгийнхан “БНХАУ-ын иргэн” гэж үзсээр байгаа нь Уйгурчуудын айдсыг хүргэж байгаа аж. Кабулд нөхөртэйгөө 10 жил амьдарсан Уйгур эмэгтэй “БНХАУ биднийг хэзээ нэгэн цагт хайж ирэх вий гэж айж байна” хэмээн ярьжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол БНХАУ өнөө биш гэхэд маргааш Афганистан дахь Уйгур иргэдээ эргүүлж авах асуудлыг хөндөх бололтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 4894 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 28 цэгт 50 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 4894 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

No photo description available.

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people and text

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people and text



Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр төв болон зүүн аймгуудаар бороо орж уулархаг нутгаар нойтон цас орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

2021 оны 09 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Энхтуяа: Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Д.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр мөн “Шимасэки” трейнинг төвийн захирлаар ажилладаг. “Монгол ноолуур” номын зохиогч юм.


-Германчуудтай хамтраад монгол ноолуурыг дэлхийн түвшинд гаргахад бусдаас ямар ялгаатай байгаа талаар судалсан гэсэн. Монгол ноолуур юугаараа онцлогтой вэ?

-Германчуудтай 2000 оноос хойш хийсэн судалгаагаар монгол ямааны ноолуур Азийн сонгодог ямааны ноолуур мөн гэдгийг бид баталсан. Азийн сонгодог ямааны ноолуур гэдэгт Монгол, Хятад хоёр л орж байгаа юм.

Гистологи бүтэц гэдэг үзүүлэлтээр нь ингэж тодорхойлсон.

Ямааны ноолуур гадна талдаа хайрсан давхаргатай. Хайрсны өндрөөс шалтгаалж байгаа юм. Ямааны ноолуур гялалзсан өнгөтэй байдаг шүү дээ. Хайрс нь өндөр бол нарны гэрэл ойж, гялалзсан өнгөтэй болдог. Зөөлөн байна гэдэг нь хайрс нь нимгэн гэсэн үг. Манай ямааны ноолуур 16 микрон гэж байхад Австрали 14 микронтой хонины ноос гаргачихаад байгаа юм. Бүр нарийхан болчихоод байна. Тэгсэн ч ширүүн байдаг. Тэр нь хайрсны бүтцээс шалтгаалж байгаа юм. Монгол ямааны ноолуур бусад ноолуураас юугаараа онцлог гэхээр мэдээж голч нь 16 микрон байдаг. Хятад ноолуураас манайх урт байдаг. Хятад ноолуур 26-32 мм гээд стандарт байдаг. Гэтэл манай ноолуурын стандарт 38 мм-ээс дээш гэж заадаг. Энэ хамгийн давуу тал. Урт учраас нарийн ээрмэл хийх боломжтой. Дээр дурдсан хайрсны бүтцээс шалтгаалаад, ээрэх явцад уян чанар нь өөр байдаг.

-Та бас ноолуурын өнгөний талаар ярьсан байдаг. Монгол ноос, ноолуур бол байгалиасаа таван өнгөтэй байдаг гэсэн шүү дээ. Тийм учраас будах шаардлагагүй байгалийн брэнд бүтээгдэхүүн болдог гэдэг?

– Хятадын ноолуур бараг 99 хувь нь цагаан байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг цагаан ноолуур маш үнэлэгдсэн. Янз янзын өнгөөр будаж болно гэж үздэг байсан. Монгол ноолуур байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнд будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдгээрээ маш давуу тал болж байна. Говь, Ээрмэл, Кашмер холдинг гээд үйлдвэрүүд органик гэж ярьдаг будаг оруулаагүй, өөрийнх нь өнгөөр хийсэн бүтээгдэхүүн гаргадгаараа давуу талтай. Зөвхөн ноолуур ч бус хонины ноос ч гэсэн өнгөнийн хувьд давуу талтай. Эрдэнэт хивс Австралиас хонины ноос аваад хивс хийж л дээ. Тэр нь дандаа цагаан өнгө байхад манайх хар, саарал, улаан буурал гэх мэтээр натурал өнгөтэй, будаггүй хивс гаргаад, тэр нь бас дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байсан. Тэмээний ноос байна. Сарлагийн хөөвөр бүр гурван өнгөтэй. Хөвөн цагаан өнгөтэй гэж ойлгодог байсан бол одоо өнгө өнгийн хөвөн хүртэл тарьж байна шүү дээ. Ноолуурын үйлдвэрлэлд хамгийн чухал болж байгаа зүйл нь тогтвортой байдал. Дэлхий нийтээр нэхмэлийн үйлдвэрлэлд маш их ус зарцуулдаг. Түүн дээр будаг орж ирнэ. Ус хэмнэх, химийн бодис бага зарцуулах асуудал яригдахаар натурал өнгө чухал болоод байгаа юм.

Дэлхий нийтээр эрүүл хэрэглээг чухалчлах болсон. Эрүүл хүнснээс гадна эрүүл хувцас бүтээгдэхүүн хэрэглэх гэж хичээдэг. Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна. Европт хүний хуучин хувцсыг хаана хаях вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Химийн будагтай хувцас хаяхад хөрс бохирдуулна гэж үзэх болсон. Натурал ноос ноолууран хувцас бол хөрсөндөө шингэнэ. Комиссын хувцас гээд оруулж ирээд байдаг. Хаях газаргүй болсон юм л үнэндээ авчраад байгаа шүү дээ.

-Байгалийн өнгө чухал, монгол ноолуур таван өнгөтэй гэж байгаа ч сүүлийн үед хар ямаа зонхилох болсон юм биш үү. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Монгол малын зүс олон янз шүү дээ. Цагаан ямааг бодвол хар ямаанаас гарах ноолуурын хэмжээ их байдаг. Өвлийг өнтэй давахад бараан зүсмийн мал илүү байдаг. Цагаан ямаа цөөрч байгаа. Ноолуур багатай, үс нь тачирхан, зуд турхан болоход тэсвэр багатай.

Цөм сүрэг гэж ярьдаг. Эрчмийн хар ямаа байна. Хөвсгөлийн Эрмийн нурууны орчмоор нутагладаг иргэд өсгөн үржүүлдэг энэ ямаа ноолуурын чанараараа гайхагддаг. Ноолуур нь нарийн, урт байдаг давуу талтай. Хүмүүс ямааныхаа үүлдэр омгийг сайжруулах гээд тэндээс ухна авах жишээтэй. Дөрвөлжингийн халтар гээд ямаа байна. Завханы Дөрвөлжингийнх. Сайн гэгддэг үүлдэр омгийн ухна авч тавьж байна. Эдгээр нь ямааны зүс хар бараан болоход нөлөөлж байна. Говь гурван сайхан, Донын хар ямаа гэхэд л бас ноолуур ихтэй. Манайд ноолуур бэлтгэлийн систем байхгүй болсон. Нарийныг нь өндөр үнээр авна, бүдүүнийг нь хямд үнээр авна гэхгүй болохоор их ноолуур өгдөг үүлдрийг илүүд үзэх болжээ. Улаан хүрэн зүсмийн ямаа бас байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямаа бас алдартай. Тэндээс ухна тавьсан газар бас улаан ямаатай байна. Үржил селекцийн ажил малчдын зоргоор явагдаж байгаа. Яг үнэндээ Баяндэлгэрийн улаан ямаа Сүхбаатартаа л сайн өсөхөөс биш өөр газар очоод үр шимээ сайн өгөхгүй л байгаа. Залаа жинстийн цагаан ямаа гэхэд л Баянхонгортоо, дулаан газартаа л ашиг шимээ өгөхөөс бус Хөвсгөлд амьдрах чадвар муутай. Угаасаа Монголд бараан ноолуур их байдаг. Гэхдээ дэлхийн зах зээл дээр цагаан ноолуур үнэтэй байдаг.

Гэхдээ манайхан хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор бараан зүсмийн ямааг илүүд үзэх болсон. Бараан зүсмийн ямааны ноолуурын гарц нь өндөр байдаг л даа.

-Та сая төрөлх нутаг усандаа зохицсон байдаг гэж хэллээ шүү дээ. Англи, Италид монгол хонь, ямааг өсгөж үржүүлэх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэсэн. Хоёр дахь жилээсээ үс нь ургахаа байдаг гэв үү?

-Яагаад Монгол, Өмнөд Монголд ноолуур байгаа гэхээр уур амьсгалтай холбоотой. Арваннэгдүгээр сард хүйтэн сэрүүн ороход арьсан доторх ноолуурын булчирхай ажиллаж, ноолуур ургаж эхэлдэг юм.

Анх ноолуур тансаг сайхан эд гэдгийг Европт мэдүүлсэн хүн Наполеоны гэргий Жозефина гэдэг. Тэр ноолууран хувцас эдэлж хэрэглэдэг байжээ. Энэтхэгийн Кашмир нь Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байдаг уулархаг бүс нутгийн нэр. Энд 12-14 насны охидоор утас хийлгэж, даавуу нэхүүлдэг байсан гэдэг. Мань мэтийн баригар гар ноолуур нэхэж чадахгүй нь байна шүү дээ. Ноолуур гэж ийм тансаг сайхан эд байдаг гээд Европт түгээд ирэхэд нь Европт ямаа өсгөж үржүүлэхээр нэг, хоёроор нь, сүргээр нь авч яваад өсгөж үржүүлэх гэж оролдож байжээ. Гэтэл дулаан газарт ноолуур нь ургахгүй, бүр гахай нүцгэн болсон гэдэг.

Тэр ч бүү хэл Дэлхийн банкны тайланд ийм дүгнэлт байна гэж манай нэг багш хэлсэн. Зах зээлд шилжих үед Монгол Улс гайгүйхэн шиг гараад явахад малчдын хувьд ноолуур их үүрэг гүйцэтгэсэн байна гэж судалж дүгнэсэн юм билээ. Тэгээд киргиз хүмүүсийн амьдралыг сайжруулахаар Монголоос баахан ухна, ямаа авч явсан. Бид бас судалгаанд нь оролцож байсан. Манай багш сүүлд судалгааны дүгнэлтийг уншихад Монголд байгаа шиг сайн ноолуур гаргаж чадаагүй юм билээ. Энэ бол цаг агаар, уул ус ургамал бүх юмтай холбоотой юм байна гэж бичжээ.

Малын эмч нарын зөвлөгөөн дээр бас ийм яриа болж байсан юм. Хүмүүс Баяндэлгэрийн улаан, Эрчмийн харыг энд тэндгүй авчраад байдаг. Яг тухайн нутаг усандаа л зохицдог болохоос биш өөр нутагт болдоггүй юм байна гэж байсан.

-Та гэр ахуйн ноолууран эдлэл гээд шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болж байгаа талаар бас ярьж байсан. Ноолууран хөнжил, бүтээлэг хортой хий туяаг шингээдэг гэж үздэг гэсэн үү?

-Хоол хүнс, хувцас хунараас гадна гэр орон маань эрүүл тааламжтай байх ёстой гэж үздэг болсон. Одоо хүмүүс гэрээсээ их ажиллах болсон. Ийм нөхцөлд ноолууран цамц өмсөхөөс илүү буйдангийн бүтээлэг нь ноолууран байх хэрэгтэй болж байна. Хүнд дулаан мэдрэмж өгдөг зүйлс хэрэгцээтэй болж байгаа юм билээ. Бүр аяганы сэнжин дээр нь хүртэл ноолууран бүрээс хийж байна. Гэрийн халаат ч ноолуур болж байна. Хөвөн чийгийг татдаг учраас хөгшин настай хүмүүсийн арьс хуурайшдаг гэнэ. Гэтэл ноос ноолууран хувцас чийг өгдөг байна. Гэр ахуйн ноолууран сүлжмэл эдлэл бий болсон. Дэр бол маш хэрэгцээтэй. Насжилт нэмэгдэж байгаа. Настай хүний биед халуун, хүйтэн жин тавихад ноолууран бүрээстэй бол тааламжтай. Одоогоос таван жилийн өмнө бид төсөл хэрэгжүүлж байхад маш их борлогдсон зүйл нь ноолуураар бүрсэн хүн шиг том грилк. Европт ганцаараа амьдардаг настай хүмүүс олон. Ганцаараа хүн дулаан юм налж, тэвэрч суух хэрэгцээ байдаг юм билээ. Манайхан Германы оюутнуудтай хамтарсан эсгийний сургалт хийсэн юм. Монголчууд эсгийгээр гутал, тавчик хийнэ шүү дээ. Нөгөөдүүл болохоор налж суухад тухтай гээд тэмээний бөх шиг том том юм хийж тавьсан. Орчноосоо тусгаарлагдаж, юм сэтгэн бодоход тухтай гээд сандал дээр суугаад, толгойдоо чийдэнгийн бүрхүүл шиг юм углаад сууж байх юм байна. Ноолууран бол бүүр сайхан дулаахан мэдрэмж төрүүлнэ гэнэ. Европ хүний сэтгэлгээ өөр юм билээ. Хачин санагдаж байсан ч Европт очиход үнэхээр тийм зүйлс хэрэгцээтэй юм билээ. Нидерландтай хамтарсан гэр ахуйн ноолууран эдлэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Парисын том дэлгүүрээр орж үзэхэд манай энд байгаа ноолууран орны бүтээлэг, гэрийн халаат энэ тэр манайд зарагддагаас таваас зургаа дахин үнэтэй байсан. Манайхаас 250 еврогоор орны бүтээлэг хийлгээд аваад явдаг байхад тэнд 1200 орчим байх жишээтэй. Эсгий таавчиг Европт хэрэгцээтэй эд. Манай хүүхдүүд Европт очихдоо хүмүүст бэлэглэсэн чинь одоо эсгий таавчиг л захиастай. Айлуудын шал нь модон биш, чулуун байдаг юм байна. Жаахан жаахан дэвсгэр дэвсчихдэг. Эсгий таавчиг бол зун ч өвөл ч өмсдөг. Одоо бол ноолууран өмд хамгийн тансаг бэлэг гэсэн. Ноолуур гэдэг юмыг тэгж л үнэ цэнийг нь мэдэрч байна даа.

Дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нимгэн хувцас сонирхох болсон. Ноос ноолууран эдлэл чийг шингээж аваад, дулаан ялгаруулдаг учраас австралиуд шууд бие дээрээ өмсдөг хувцас хонины ноос, ноолуураар хийгээд байна л даа. Хонины ноос ширүүн талдаа болохоор ямааны ноолуураар хийх болсон. Ноолууран хувцасны тааламжтай байдал, тав тух, эрүүл ахуйн судалгаа хийж байгаа. Өвлийн хүйтэнд синтетик материалтай хувцас өмссөн үед нуруунаас хайрдаг шүү дээ. Ноосон хувцас тэгж хайрахгүй. Сурагчийн дүрэмт хувцсанд 40 хувийн ноос орсон шүү дээ. Манай нэг багшийн хэлсэн үг фэйсбүүкээр явж байна лээ. “Гадаад формын хувцас гялгар ууттай л адил” гэж. Зөндөө юм болж байж л дүрэмт хувцсанд ноос оруулсан шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Бидний хувьд энэ бол сонгууль биш, дарга ангийн эсрэг тэмцэл

Нөхөн сонгуулийн нэр дэвшилттэй холбоотойгоор АНын дарга М.Тулгатаас тодрууллаа.


-Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг ямар шалгуураар тодруулсан бэ?

-Бид энэ удаагийн сонгуулийг УИХ-д хоёр хүн нэмж суулгахын төлөөх сонгууль гэж харахгүй байна. Өнөөдөр Монголын нийгэмд дарга анги утгаараа бий болчихлоо. “Давхар стандарт” буюу жирийн иргэдэд харуулдаг төмөр нүүр, дарга нарт үйлчилдэг тусгай хангамж гэдэг юм хэвийн үзэгдэл болж байна. УИХ болон орон нутгийн бүх түвшинд МАН ноёрхлоо тогтоож, хариуцлага болон хяналт гэж юм байхгүй боллоо. Нийгэмд дүлий дүмбэ байдал газар авч байна. Мэдээж сөрөг хүчний хувьд ид дуугарч, тэмцэж байх ёстой манай нам өөрийн дотоод асуудлаас болоод энэ үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь бидний буруу. Гэхдээ одоо хангалттай. Цаашид манай намын тамга тэмдгийн асуудал түүгээрээ явдаг л юм байгаа биз, бид үнэт зүйлээ тойрон нэгдэж, данхгар төрөөр далайлгасан дарга ангийн ноёрхлын эсрэг цугтаа тэмцэх цаг болсон. Сонгууль биш, тэмцэл эхэлж байна. Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, дэмжигчдийнхээ эгнээг тэлэх, идэвхжих, улмаар дарга нарын дарангуйллыг сөрж зогсоох боломж, түүний төлөөх үйл явц гэж хүлээж авч байгаа юм.

Бусдын хөдөлмөр, хөлс хүчийг сорж байдаг, төсвийн мөнгөөр туйлж байдаг, 200 жижиг дунд бизнес эрхлэгчийн аж ахуйгаа хангалттай босгоод авах мөнгөөр буюу хоёр тэрбум төгрөгөөр “Андлалын хөшөө” гэгчийг бариад буцаагаад нураачихдаг хэсэг бүлэг хүмүүсийг дарга анги гэж нэрлээд байгаа юм. Тэд нар Ковидын ид хүнд хэцүү үед, бүх төрлийн үйл ажиллагаа зогсож, хүмүүс өр зээлэндээ баригдаж, үстэй толгойгоо зулгааж байхад зуны гуравхан сар хагас дутуу ажилладаг усан оргилуурыг дөрөв орчим тэрбум төгрөгөөр барихаас ичихгүй. Бизнес эрхлэгчдийн “чөмгөө дундартал зүтгэж” олсон хэдэн төгрөгийг элдэв хориг, хязгаарлалт, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналтын шалгалт, гаалийн байцаагчийн дарамтаар далайлгаж хувалз шиг шимэхээсээ буцахгүй. Энэ байдал сүүлдээ газар аваад ижил дасал болчихлоо. Ардчилсан нам л үүнтэй тэмцэж чадна.

Тэгэхээр гол тавьсан шалгуур бол Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зогсож чадах, мөн парламентын туршлагатай, тэмцэгч шинж чанартай ийм хүмүүсээ нэр дэвшүүлэнгээ, бид багаараа тэмцлийн талбарт хамтдаа гарч зогсъё гэдэгт санал нэгдсэн. Хоёрхон хүний асуудал, сонгуулийн кампанит ажил биш гэсэн үг. Сонгууль бол ердөө нэг хэсэг нь. Тиймээс ч сонгуулийн дараа буюу аравдугаар сарын 20-ны өдөр бид бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ өнөөдөр зарласан.

-Шинэ залуу улстөрч дэвших болов уу гэсэн хүлээлт нийгэмд тодорхой хэмжээгээр байсан болов уу, жишээ нь та ч юмуу, ЕНБД Ч.Өнөрбаяр гэх мэт хувилбар байгаагүй юу?

-Нэгдүгээрт, улс төрд биологийн нас гэж байдаггүй. Эрдэм мэдлэгт ч мөн адил. Манай Өнөрөө дарга өнөөдрийн хэвлэлийн хурлаар “АН-ын 60-тай улстөрчдөөс МАН-ын цүнх баригч 30-тай улстөрчид үнэндээ сэтгэлгээний хувьд хөгшин” гэж онож хэлсэн. Хоёрдугаарт, манай намын нөхцөл байдал ямар байна. Жишээ нь, би дэвшлээ гэхэд Цогтгэрэлийн гэгддэг нөгөө талын зүгээс таатай хүлээж авахгүй. Дотоод асуудал маань энэ тохиолдолд гадаад өрсөлдөөнтэй холилдоод утгаа алдана. Жишээ нь, Э.Бат-Үүл гуайн хувьд Монголын Ардчилсан намын анхны дарга хүн. Хоёр талд хуваагдсан байгаа залуучууд энэ хүнийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Манай намын эвлэрэл, ойлголцлын туг нь байж чадна гэж үзсэн. Б.Гарамгайбаатар дарга бол аливаа юманд маш нухацтай ханддаг, УИХ дахь бүлгийн даргын туршлагатай, бидэнд их түшигтэй парламентач хүн. Гуравдугаарт, би түрүүн хэлсэн, бид сонгууль руу биш, тэмцэл рүү орж байна гэж. Залуучууд маань энэ тэмцэлд бөөндөө орно. Үүнд харин туршлагатай парламентчдаа ашиглана. Залгамж чанараа хадгалж, бүх үеийн төлөөлөл, бүх нөөцөө дайчилна. Ардчилсан хувьсгал 1990 онд мөн л дарга ямбатнуудын эсрэг тэмцлээр эхэлсэн. Одоо хоёрдугаар хувьсгал эхлэх цаг нь болсон. Энэ үүрэг хариуцлага бидэнд ирж байна. Залуус бид ардчиллын төлөө цохилох зүрхтэй бүх хүмүүсийн хамт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт, бизнес эрхлэгчидтэйгээ хамт тэмцье гэж байгаа юм. Үүнийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар зарласан.

-Хэнтий аймаг ч тэр Сонгинохайрхан дүүрэг ч тэр эрх баригч МАН-ын суурь сайтай нутаг. Нэр дэвшихээр илгээж байгаа хүмүүст тухайн тойрогт давуу тал болох зүйл юу байна?

-Хэнтий аймгийн тухайд угтаа бол ардчиллын суурь дэмжлэг сайтай аймаг. 1930-аад онд коммунистуудын хэлмэгдүүлэлт, тамлалыг мах цусаараа үзсэн хүмүүсийн үр сад олонтой. Тэд 1990 оны ардчиллыг хамгийн түрүүнд талархан хүлээж авсан. Түүнээс гадна 1990 оны ардчилал бол монгол түүхээрээ бахархах, эзэн Чингис хаанаараа бахархах, дээл хувцас, бичиг соёлоороо бахархах үндэсний үзлийн сэргэн мандлыг авчирсан. Тиймээс ч эзэн Чингис хааны унасан газар болсон энэ нутаг ардчиллыг хамгийн түрүүнд мэдрэг хүлээн авч дэмжсэн. Магадгүй Ардчилсан нам зарим цаг үед итгэлийг нь алдсан байж болно. Тиймээс ч сүүлийн жилүүдэд МАН-ын нэр дэвшигчид тасралтгүй яллаа. Гэвч одоо хангалттай гэж нутгийн иргэд ойлгож байгаа байлгүй дээ. Энэ аймгаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гарчихлаа. 4-5 аймгийн төсвөөс ч давах төсөв ганц энэ аймаг руу цутгаж байна. Одоо нэг монгол хүний зөн билгээр цөлх ухаан гаргаж нэг ч гэсэн сөрөг хүчний дуу хоолой, хяналтын дуу хоолойг гаргаж ардчиллаа хамгаалахад Хэнтийчүүд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн тухайд дундаж орлогоороо Нийслэл хотод сүүл мушгиж байгаа. Сүүлийн хэдэн сонгуулиар МАН бүх түвшинд 100 хувь ялсан, гэтэл амьжиргаа хүнд. Төсөв мөнгө, орлогын өсөлт иргэдэд биш, дарга нарт нь илүү наалдлаа.

Харин Э.Бат-Үүл баатар хотын дарга байхдаа Нийслэлийн захиргааг Сонгинохайрхан руу нүүлгэх санаачилгыг гаргаж, бэлтгэл ажлыг нь эхлүүлээд байсан. Энэ нь зөвхөн хотын төвийн түгжрэлийг бууруулах биш, зах хязгаар дүүргийнхээ газрын үнийг өсгөх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар иргэдийнх нь амьдрал ахуйд том өөрчлөлт авчрах бодлого байсан. Гэтэл харамсалтай нь 2016 онд МАН хотод ялангуутаа энэ шийдвэрийг өөрчилж, Яармаг руу буюу Хан-Уул дүүрэг рүү нүүлгэхээр 97 тэрбум төгрөгөөр шинэ хотын захиргааг барьсан. Тэнд кв.метр нь 6000 долларын үнэтэй байрууд ч гараад ирлээ. Гэтэл Сонгинохайрханд ямар билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллын иргэдийн амьжиргааг сайжруулах санаачилгыг нь мөн л 2016 оны сонгуулиар ялангуутаа МАН таслан зогсоосон. Улстөржилтийн улмаас олон зуун иргэд хохирсон. Хотын дарга байхдаа олон зоримог өөрчлөлтийг хийсэн дээ, нэг үе “Улаанбаатар хот нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө” гэж хүртэл яригдаж байлаа шүү дээ. Тэгж зорьж, зүтгэж явсан хүний хор шар байдаг л байх.

-УИХ-д АН-аас одоо 11 гишүүн байгаа. Тэднийг сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Нөхөн сонгуулиар нэг хоёрхон гишүүн нэмлээ гэхэд байдал өөрчлөгдөнө гэж үү?

-Нөхөн сонгуулийн хоёр тойрогт илгээсэн нэр дэвшигчид маань бүлэгт өнгө нэмж чадах улстөрчид гэж хэлмээр байна. Ялангуяа Бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын үзэл санаа, үндсэн жанжин шугам дээр зогсдог цөөн гишүүддээ маш их түшиг тулгуур болно гэж бодож байна. Бас гуйвж дайваад учраа олохгүй байгаа бас нэг хэсэг гишүүдэд сайн ташуур болно. Би өөрөө 2016-2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Э.Бат-Үүл баатартай хамт байсан болохоор чуулганы танхим доторх түүний дуу хоолой, түшиг тулгуур болж, асуудалд хандах байдал ямар вэ гэдгийг сайн мэднэ. Парламентад цөөхүүлээ ч гэсэн, эрх мэдэл байхгүй ч гэсэн эрх баригчдын чихийг улайлгаад, ичээгээд, жирийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болон тэмцэж чадна гэж үзэж намын нөхөд нь илгээсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ