Categories
мэдээ нийгэм

БНСУ-д захирлынхаа гарт хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэйд шаардлагатай тусламж үзүүлж байгаа гэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан билээ. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан байна.

Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлж, хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай нэгэн эмэгтэй цахим хуудастаа бичжээ. Уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас “БНСУ-д хүчирхийлэлд өртсөн иргэн Н-д Гадаад харилцааны яам болон Сөүл дэх Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа. Тухай иргэний хүсэлтийн дагуу түүний талаар болон хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдэгдлийг цахим хуудсаараа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 09 сарын 05-ны 20 цагаас 09 сарын 06-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ -ын нутаг дэвсгэрт 205 мянга гаруй га ой шатаж байна

Ням гаригийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 205 382 га талбайг хамарсан 121 ойн ойн түймэр асаж байна гэж ойн санг агаараас хамгаалах алба буюу “Авиалесоохрана”-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн хоногт 3662 га талбайд гарсан 66 ойн түймрийг унтраасан байна.

Хамгийн их талбай хамарсан түймэр Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ бүртгэгджээ. Тус бүс нутагт одоо 143 мянга гаруй га ой шатаж байгаа бол Эрхүү мужид 27 мянга орчим га, Свердловск мужид 8000 орчим га, Марий Элд 4500 гаруй га, Башкирт 2500 орчим га, Магадан мужид 2000 орчим гаг хамарсан ой шатаж байгаа аж. Өөр 14 бүс нутагт гарсан ойн түймэр тус бүр 1000 гаруй талбайг хамарчээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцинд 360 мянган иргэнийг хамруулна

Дулааны улирал дуусч, ханиад томуугийн улирал эхэлж буй энэ үед дархлаажуулалтын аяныг улс даяар өрнүүлдэг. Энэ жил улирлын томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Цар тахлын халдварын тархалт өндөр байгаатай зэрэгцээд хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвчлөх хүмүүс ихэсдэг. Ес, арваннэгдүгээр сард хүүхдүүд томуугаар өвчлөх нь элбэг учир нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж есдүгээр сарын 25-нд томуугийн эсрэг вакцин оруулж ирэх талаар ярьж, Засгийн газарт энэ хугацааг аль болох сунгаж, яаралтай оруулж ирэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй болохыг мэдээлсэн. Тэрбээр, Covid-19-ийн онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өнгөрсөн жил бага байсан. Гэхдээ бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байсныг эмч нар онцолж байгаа гэсэн юм.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас энэ талаар тодруулахад “Вакцины татан авалт болон хийж эхлэх төлөвлөгөөт хугацааны хувьд Эрүүл мэндийн яамнаас зохицуулалтыг хийж ажиллана. Ирэх сард вакцины татан авалт хийгдсэнээр үнэ ханшийн мэдээлэл гарах байх. Ямартай ч Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 10 байршилд услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

Энэхүү төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбай 7.7 мянган га-аар нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн чуулганы товыг шинээр тогтоов

Хоёр жил тутам зохион байгуулдаг нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлолоо. Уг чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох юм.

Нийт шүүгчийн чуулганы товыг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлж хүсэлт ирүүлсэн шүүгчдийн хүсэлт болон баримт бичгийг шинэчлэх, мөн хуульд заасан шаардлага хангасан шүүгчдээс нэр дэвших тухай хүсэлт шинээр хүлээн авах ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-нд эхэлнэ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам оролцохоор СЕХ-нд бүртгүүлж, батламжаа аваад байгаа юм. Намууд нэр дэвшигчдийнхээ материалыг есдүгээр сарын 6-нд СЕХ-нд хүргүүлэх ёстой бөгөөд СЕХ материалыг хянаад ажлын тав хоногт багтаан бүртгэсэн эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай юм.

Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд эрх баригч МАН-аас Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэрийг дэвшүүлээд байгаа бол АН-аас Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн байгаа билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ намар тренч цувнууд эргэн моданд орлоо

1980-аад онд ид эрчээ авч байсан сатин, винил, лаакан савхин материалтай тренч цувнууд эргэн моданд орлоо. Ихэвчлэн тод эсвэл саармаг өнгөөр урласан энэхүү цувны материал нь салхи нэвтрүүлэхгүй тул сэрүүн цаг агаарт тохиромжтой.


Шагай хүрсэн урт загвар

Зөвхөн тренч гэлтгүй шагай хүрсэн урт пальто, юбка, даашинзууд олон брэндийн шинэ цуглуулгад багтжээ. Энэхүү цувыг бүх төрлийн хувцастай зохицуулж болохоос гадна хормойн доогуураа цухуйна гэж санаа зоволтгүйгээр макси юбкатай хослуулах боломжтой.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 3)

Харилцан адилгүй залгаас, өнгө, хээнүүд орсон загвар

Харилцан адилгүй өнгө, хээ, бүтэцтэй материалуудыг хооронд нь залгах нь намрын гол трендүүдийн нэгээр тодроод байна. Тухайлбал, Burberry загварын ордон жийнсэн оруулгатай тренчийг урлаж өөрсдийн логотой, сонгодог загвараасаа завсарлага авсан бол Paco Rabbane брэнд сул эсгүүртэй, зузаан цувандаа PVC деталиудыг оруулжээ.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 5)

Өнгөлөг

Зугаатай зуны өдрүүд дуусаж албан ёсоор намар ирсэн хэдий ч энэ нь тод, өнгөлөг хувцаслахаа болих шалтгаан биш юм. Тиймдээ ч Fendi, Valentino, Dries Van Noten брэндүүд тренч цуваа урлахдаа шар, улаан өнгийг сонгожээ. Харин Виктория Бекхэм, Мария Грация Кьюри бүтээлч захирлууд намар-өвөл 2021 цуглуулгадаа цэцгэн хээг оруулсан байна.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 7)

Классик загвар

Та өдөр тутамд, ажилдаа болон бусад үед тохиромжтой энгийн атлаа загварлаг төрхийг бүрдүүлэхийг хүсэж байгаа бол классик тренчээ өмсөхөд л хангалттай. Beige өнгийн миди тренч цув хэзээ ч моданаас гарахгүй тул энэхүү загварыг хүн бүр хувцасны шүүгээнийхээ нэг хэсэг болгоорой.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 9)

Шоотой загвар

Шоо бол 2021 оны намар-өвлийн чиг хандлагын гол хээнүүдийн нэг юм. Givenchy брэндийн цуглуулгад өндөр захтай windowpane хээтэй тренч багтсан бол Rag & Bone загварын ордон сул эсгүүр бүхий Prince Wales хээтэй цувыг урласан харагдлаа.

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ? (фото 12)

Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлагийн аялан тоглолт амжилттай үргэлжилж байна

Хүннү рок урсгалын төлөөлөл “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо энэ сард албан ёсоор эхлүүлсэн. Тэд энэ удаагийн “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөсөн байна. Хамтлагийн залуус есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөжээ.

Тэдний хувьд 2019, 2020 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан юм. Энэ хугацаанд тэд уйгагүй хөдөлмөрлөсөн бөгөөд дэлхийд нэрд гарч, Европыг байлдан дагуулсан.

Тус хамтлаг одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.

“The Hu” хамтлагийн гаргасан шинэ дуунуудыг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад орсон амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргасан. Та бүхэнд тус хамтлагийн ирэх сарыг дуустал үргэлжлэх аялан тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

​Төв Америкийн орнуудын иргэдээс бүрдсэн 300 орчим цагаач АНУ-ыг чиглэн хөдөлжээ

Төв Америкийн орнуудын иргэдээс бүрдсэн 300 орчим хууль бус цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутагт орших Чьяпас мужийн Тапачула хотоос бямба гаригт АНУ-ын хилийг чиглэн хөдөллөө гэж “Milenio” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, замд гарахын өмнө цагаачид Мексикийн эрх баригчдыг тус улсад хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж буруутгажээ. Мягмар гаригт цагаачлалын албаныхан болон Үндэсний гвардын дайчид 500 орчим цагаачдаас бүрдсэн өөр нэг цувааг Чиапас мужийн Мапастепек хотын захиргаанд тараасан байна.

Шаардлагатай бичиг баримтгүй олон зуун мянган гадаадын иргэд жил бүр Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Гуравдугаар сард Мексикийн Засгийн газар аюулгүй байдлын арга хэмжээг дээшлүүлэхийн тулд олон тооны цэрэг, Үндэсний гвардийн дайчдыг өмнөд хил рүүгээ илгээжээ.

Мексикийн эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарласаар байгааг тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор наймдугаар сарын 29-нд мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр эх орноосоо дүрвэн гарахаас аргагүйд хүрсэн хүмүүсийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатайг онцлон тэмдэглээд АНУ Төв Америкийн орнуудын иргэдэд тэтгэлэг олгож, түр ажлын виз олгох ёстой гэж мэдэгдсэн байна.