Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тонноор буурсан үзүүлэлт юм.

2021 оны наймдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны наймдугаар сард 163.323.50 төгрөг байв.

2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Categories
мэдээ нийгэм

Үндэсний хэмжээний хоёр дахь том Цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт байгуулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Баянзүрх дүүрэгт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг танилцууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон Баянзүрх дүүргийн иргэдийн 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж, санал хүсэлтээ ирүүлсэн байна. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна.

Харин Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнг 300 га талбайд төлөвлөх ба 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилдаа оржээ.

Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм.

Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар алслагдмал хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэрэмжлүүлэг: Онон гол, Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Баруунтуруун, Тэс, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см давсан ба Халх, Сэлэнгэ мөрөн /Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар/ Орхон голын эх болон адгаар үерийн аюултай түвшинг 5-65 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 07-нд Туул гол Алтанбулаг сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж, зугаалж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа

Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг ашиглалтад оров. Тодруулбал, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг солилоо. Мөн тус хэсэгт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь шийдэн тохижуулав.

Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад орсноор иргэдийн амрах, зугаалах орчин нөхцөл сайжирч буй юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 574 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэж шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 538 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг хязгаарлажээ

Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Түүнчлэн Ковид19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тиймээс энэ оны 9,10 дугаар саруудад гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол болохгүй.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 108 мянган тонн нүүрс экспортолжээ

хх

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар /2021.08.31-09.04/ Гашуунсухайт боомтоор 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108 мянган тонн нүүрс гаргалаа гэж УУХҮЯ-наас мэдээлэв.

Манай улс энэ онд 28 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөг эхний найман сарын үзүүлэлтээс харахад 40 орчим хувьтай гарсан ч, 472 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь 55 хувийн хувийн биелэлттэй байна.

Экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөв. Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан нь цар тахлын нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас хилийн боомтуудад хязгаарлалт тавьсантай холбоотой. Наймдугаар сарын сүүлээр манай улсын хилийн бүсэд халдвар илэрсэн тул Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал тавьж, нүүрсний экспорт тасалдсан юм.

Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

“Carajas” төмрийн хүдрийн уурхайд автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглаж эхэлжээ

Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Vale” компани Бразил дахь “Carajas” төмрийн хүдрийн уурхайд автомат жолоодлоготой ачааны автомашинууд ашиглаж эхэлсэн байна.

Ингэснээр бүтээмж болон аюулгүй байдлыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Энэхүү автомат жолоодлоготой автомашинууд нь энгийн ачааны автомашинаас гурав дахин өргөн, 320 тонн төмрийн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай ажээ. Түүнчлэн түлшний хэрэглээг таван хувиар бууруулна гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан.

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзсан. Асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явц гацаанд ороод байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргалаа.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлэхгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд тусгагдсан хэмээн үзжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзлаа. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч бус, Ерөнхий сайд санал болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

“Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг, хараат бус байх тогтолцоог бий болгохыг зорьж байна. Төрийн тэргүүний хувьд задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” гэж хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ А.БЯМБАЖАРГАЛ:

“Хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал хүсэлтээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс сүүлийн 30 жилд анх удаа татгалзаж манлайлал үзүүллээ. Энэ нь Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд саад болж байсан гацаа арилахад чухал нөлөө үзүүлнэ. Хүн засагладаг бус хууль засагладаг төртэй байна гэдгээ тангараг өргөхдөө хэлсэн нь бодит ажил болж байна” гэж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахаар 22.556 багшийг сургалтад хамруулжээ

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав.

Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид 5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв.

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д нь танхимаар, 2/3-д нь зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулашгүй гэдгийг Ж.Гантулга онцлоод, энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотгон өгүүлсэн юм.

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22.556 багшийг сургалт хамруулсан байна. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм.

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна.

Нийслэлд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга гэхчлэн нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Энэ хичээлийн жилд 20 сургууль, цэцэрлэгт засвар хийсэн нь 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас засварын тендерт компаниуд оролцохгүй байгаагийн дээр барилгын материалын татан авалт удаашралтай, үнэ ханш гэнэт өссөн зэрэг хүндрэл байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тодотгосон.

Төслөөр 712 айлын ногоон орон сууц барина

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын дөрвөн га газарт хэрэгжүүлэх бөгөөд тус газарт 712 айлын орон сууц барина. Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан 300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих юм. Эдгээр барилга, байгууламжууд нь төвлөрсөн хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байна. Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.

Нийслэлийн авто замын шинэчлэлтийн төслийг дэмжлээ

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авсан. Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна.

Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна. Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй Энхтайваны өргөн чөлөөний замын даац л гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ. Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож, босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжлээ. Уг асуудлыг ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгав.