Categories
мэдээ нийгэм

Жилд дунджаар 700 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа. Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга, Шинэ Өндөрхаан хороолол, ТОСК-ын 60 айлын барилгын төлөвлөлт, “Тэмүүжин” хаус хорооллын дэд бүтэц, “Хэнтий орон сууц”-ын барилга, энэ жил ашиглалтад орсон, хоногт 3000м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдтэй танилцжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: “Салбарын хэмжээнд хийж буй 9,3 тэрбум төгрөгийн багцын ажил, Чингис хотод барих орон сууц, хаус хороолол, гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтүүдтэй бид газар дээр нь танилцлаа. Чингис хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цаашдаа хөгжих, олон арван барилга байгууламж барих, гэр хорооллыг инженерийн шугамд холбох таатай нөхцөл бүрдэж байна.

Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөл хийжээ. Үүний дагуу улсын төсөвт тусгуулах саналыг тавилаа. Ингэснээр өрхүүд 0.7 га газартаа цэвэр, бохир, дулаанд холбогдох боломж бүрдэнэ” гэв.

Жилд дунджаар 700 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна

Мөн тэрээр Хэрлэн нэгдүгээр сургуулийн зураг төслийн магадлалыг энэ сарын 15-ны дотор хийх, барилгын материалын үйлдвэрийг урт хугацаандаа шийдвэрлэх чиглэл өглөө. Энэ сургуулийн барилга шүүхийн маргаанаас болж нэг жил өнжжээ.

“Ковид-19”, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, барилгын зураг төсөв магадлал хийх шаардлага үүссэн байна. Үүнийг аймгийн Засаг дарга уламжилснаар магадлал хийх, улмаар зөрүү төсвийн зардлыг улсын төсөвт суулгаж, 2022 оны наймдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахад салбарын сайд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Уулзалтын үеэр ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг гурав дахин нэмсэн талаар дурдлаа. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувь байх үетэй харьцуулахад сарын эргэн төлөлт, орлогын доод хэмжээ тус тус 18.3 хувиар буурч, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн өрийн дарамт багассан. Цаашид жилд дунджаар 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд шийдвэрлэж, барилгын компаниудын борлуулалтыг дэмжинэ гэв.

Мөн Хэнтий аймгийн засаг дарга болон харьяа газруудын ажилтнуудтай уулзаж, энэ оны төсвийн хөрөнгө оруулалт, зураг төслийн бодлого, барилгын салбар дахь хүний нөөцийн тогтвортой бодлого хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн барилгын салбарын хүний нөөцийн бодлого, чанарын стандартын нэвтрүүлэлт, цахим шилжилт, журам, норм дүрмийн шинэчлэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээ, хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгчээ.

Ташрамд дурдахад Хэнтий аймагт БХБ-ын сайдын багцаас энэ онд нийт 44,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлууд хийж байна. Эдгээр ажил аймгийн хөгжилд нэн шаардлагатай, өндөр үр өгөөж өгөх төслүүд тул талархалтай байгаагаа тус аймгийн засаг дарга Ц.Идэрбат илэрхийллээ. Түүнчлэн БХБ-ын үе үеийн сайдаас анх удаа Хэнтий аймагт ажиллаж байгааг орон нутгийн удирдлагууд онцлов.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон аймгийн холбогдох албаныхан багтлаа гэж БХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ.

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өчигдөр албан ёсоор эхлүүллээ.

Алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд тал тал тийш хуваарилагдан цэцэрлэгт хамрагддаг байсан бол өдгөө тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж. Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 оны үед баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлага байгааг тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

БНСУ-д захиралдаа хүчирхийлүүлсэн Монгол эмэгтэйд хэрэг үүсгэсэн учир шүүх хурал болно

Өнгөрөгч сарын буюу наймдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаран буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй Солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр түүнд цаг гаруй зодуулсан байна . Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр цагдаа дуудаж өгсөн байдаг. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн мөн түүнийг зодсон захирал нь цагдаа нарт “энэ монгол эмэгтэй согтуугаар надруу дайрч намайг зодсон” гэх мэдүүлэг өгчээ. Ингэснээр хохирогч эмэгтэйд “гэмт хэрэгтэн” гэх хэрэг үүсгэн шалгаж хэрэг буруу бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарах үед хохирогч эмэгтэй Солонгос хэл сайн мэдэхгүйн улмаас цагдаа нарт өөрийгөө хохирсон гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгч чадаагүйн улмаас ийм байдалд хүрээд байгааг хэлж байсан юм. Мөн хохирогч эмэгтэйн хавирганы 3 яс хугарч биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа юм.

Дашрамд дурдахад хохирогч эмэгтэйд тус улсад оршин суудаг н.Аззаяа гэх эмэгтэй болон "Zolboo TV" хамтран хэргийг үнэнээр шийдүүлэхээр туслалцаа үзүүлж байгаа юм.

Уг хэрэг дээр өмгөөлөгч авсан бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 6-наас эхлэн хэрэгтэй ажиллаж эхэлсэн байна. Ингээд хохирогч эмэгтэй маань гэм буруугүй гэдгээ тогтоолгохоор шүүх хурлаар орох юм байна.

Нэмэлт мэдээлэл: БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт байрлах уг буудалд өмнө ажиллаж байсан Монгол эмэгтэй тухайн захиралд зодуулдаг байсан энэ бол давтан хэрэг гэх мэдээллийг мөн өгөөд байгаа юм.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

​Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэхийг даалгажээ


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгчээ.

  1. Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулахад анхаарах,
  2. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,
  3. Засгийн газрын 2021 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,
  4. Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг Ковид-19 вакцины гурав дахь тунд эхний ээлжид хамруулах, тэдгээрт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  5. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах,
  6. Үргэлжилсэн бороо орж үер ус ихтэй байгаа энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, авто болон төмөр замын ургац тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
  7. Буудай хадгалах агуулах, элеваторуудын хатаалгын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  8. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусган ургац хүлээн авахад бэлэн болгох,
  9. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, мэдээллийг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
  10. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах,
  11. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, иргэдийг чанар сайтай шинэ ургацын ногоогоор хангах зорилгоор нийслэл хот, төв суурин газруудад ажиллаж буй борлуулалтын цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулан ажиллах,
  12. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах,
  13. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах,
  14. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хураалтын ажил 9 дүгээр сарын 15 хүрч жигдрэхээр байгаа тул ургацыг мал амьтнаас хамгаалах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах,
  15. Ургацын комиссын гишүүд нь өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг улсын ургацын төв штабтай байнгын холбоотой ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцох, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах нөхцөлийг бүрдүүлэх,
  16. Ургацын комиссын гишүүд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тариаланчид, олон нийтэд тогтмол хүргэх, энэхүү албан даалгаварын биелэлтийг арваннэгдүгээр сарын 25-ны дотор Улсын ургацын комисст ирүүлэхийг даалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

“Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ сарын 11, 12-нд болно

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ.

Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна.

Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, шуудайг нь 1,875 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Судалгаагаар айл өрхүүд долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11,250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлан гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл /2019-2020 оны галлагааны улиралд/ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил /2020-2021 оны галлагааны улиралд/ 708 мянган тонн болж нэмэгджээ.

Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгосон. Есдүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 29,180 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Нөөцийн хэмжээг есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4,500 ажилтан ажилладаг. Тэдгээр ажилтнууд есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын талаар мэдээлэх үүрэгтэй ажиллаж буй юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Одоогийн байдлаар өдөрлөгт оролцох хүсэлтийг 20 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд шинэ техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесээ танилцуулах юм. Түүнчлэн Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн талаарх танилцуулга, гэр дулаалах технологийг олон нийтэд сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин Майкл Кей Уильяамс нас барсан байдалтай олджээ

HBO телевизийн “The Wire” цувралд бүтээсэн дүрээрээ олон нийтэд танигдсан АНУ-ын жүжигчин Майкл К.Уильяамс Нью-Йорк дахь гэртээ нас барсан байдалтай олджээ. Энэ талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тэрээр 54 настай байсан юм.

Орон нутгийн хэвлэлд жүжигчнийг “Мансууруулах бодисын тун хэтрүүлж амиа алдсан” гэсэн мэдээллийг “Хуулийн байгууллагын эх сурвалжаас авсан” гэсэн тайлбартайгаар цацаж байгаа ч албан ёсны дүгнэлт гараагүй байна.

“Эмми” шагналд гурван удаа нэр дэвшиж байсан авьяаслаг жүжигчин тэрээр өмнө нь хар тамхины хамаарлаас гарахын тулд олон жил тэмцэж байгаагаа ил тод ярьдаг байсан гэнэ.

“The Wire” цувралд тэрээр хар тамхины мафийн гишүүн, ижил хүйстэн, гудамжны дээрэмчин үл бүтэх эрийн дүргийг чадварлаг бүтээж байсан юм. Мөн “Хуурай хууль”-ийн үеийг харуулсан “Газар доорх хаант улс” кинонд домогт гангсер Альберт Уайтын дүрд тоглож байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Модны 2”-ын замыг маргаашнаас эхлэн 10-ныг хүртэл хаана


Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгад шалгалт хийж 4533 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын байгууллагаас их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1016 их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг хамруулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 4533 зөрчил илрүүлж, 1009 зөрчлийг арилгуулжээ.

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй
  • төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй
  • барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн систем төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж

  • ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй
  • цахилгааны монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангаагүй
  • барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Categories
мэдээ улс-төр

С.Наранцогт: Хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яамыг гүтгэсэн

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон тус яамныхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.09.07/ мэдээлэл хийлээ.

Сангийн яамны ТНБД С.Наранцогт хэлэхдээ: Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 6-нд мэдээлэхдээ 30 автобусны тендер зарласан. Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруулахгүй байна. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө. Сүүлийн 30 жил Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй байж ирсэн мэтээр илтэд Сангийн яамыг гүтгэсэн мэдээлэл хийсэн учраас үнэн бодит хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна. Ямар нэгэн баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл рүү явуулсан албан бичгийг танилцуулъя.

Уг албан бичигт Сангийн яам ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй. Энэ албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасан зүйлийн дагуу тендерт оролцогч компаниуд Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаж, өөрийнхөө дүгнэлтийг гаргаж, холбогдох дарга нараар хянуулж, Төрийн нарийн бичгийн дарга албажуулдаг.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт “Сүлдэрхан мениралс” компани шалгарсан. Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаж үзэхэд зургаан шаардлага хангаагүй байсан гэж улсын байцаагч дүгнэсэн. Тухайлбал тус компани нь автобус нийлүүлж байсан туршлагагүй. Өөрийн эзэмшлийн засварын төвгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй. Нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэдэг туршлага бичсэн байсан. Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа газарт нууцаар хэдхэн хүн нийлээд гэрээ байгуулж болохгүй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“MERCEDES-BENZ” “EQE” буюу бүрэн цахилгаан загвараа танилцууллаа

Шинэхэн цахилгаан автомашинаа худалдаанд гаргаад буй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани дараагийн бүрэн цахилгаан загвараа танилцууллаа.

Седан ангиллын “EQE” загвар нь илүү том салонтой, нэг цэнэглэлтээр 660 км зам туулах боломжтой аж. Мөн тус компанийн анхны бүрэн цахилгаан загвар болох “EQS”-ээс үнийн хувьд хямд байх юм байна. Шинэ загвараа энэ долоо хоногт Германы Мюнхен хотноо болох авто шоунд танилцуулах товтой байгаа юм. “EQE” загвар “Mercedes-Benz” компанийн борлуулалтыг дэмжинэ гэж “Metzler Bank”-ийн шинжээч үзэж байна.

Mercedes teases the EQE, presentation at the start of the school year - Byri

Үүнээс гадна “Mercedes-Benz”-ийн толгой “Daimler” компани “Mercedes-Benz”-ийн 2021 оны борлуулалтын төсөөллийг бууруулаад байгаа юм.

Хагас дамжуулагчийн хомсдол 2023 он хүртэл үргэлжлэхээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ола Каллениус мэдэгджээ.