Categories
амьдралын-өнгө мэдээ

“Урагшлах” ХХК мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзжээ. Харин гүйцэтгэгч буюу “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болсон байна.

Өмнө нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд , 2019 оны есдүгээр сарын 2-нд мөн барилгын техникд хяналт хийж,ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийн талаар мэргэжлийн хяналтын байгуулалгаас дүгнэлт гаргаж байсан. Тус дүгнэлтийн хэрэгжилт хангалтгүй байна гэжээ.

Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч есдүгээр сарын 3-нд тус барилгын талаарх дүгнэлтдээ:

  • Барилгын нэгдүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон хана сууснаас нурах нөхцөл үүссэн
  • Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүсгэсэн
  • Аяган суурийг хийхдээ “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил”-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс нэгдүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн гээд барилгын тухай хуулийн дагуу барилгын гүйцэтгэгч “Урагшлах” ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийхийг тусгажээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Орхон аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс тодруулахад гүйцэтгэгч компани улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хоёр газраас санал авсан гэлээ. Ингэхдээ зардлаа 50/50 хувиар хувааж төлөх бөгөөд одоогоор хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байгааг хэллээ.

Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөг зарцуулан сургууль, цэцэрлэгийн өргөтгөл цогцолбор барьсан ч ийнхүү таван жилийн нүүр үзэлгүй ашиглах боломжгүй болж хүүхдүүд цахимаар хичээллэж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэлж, үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсох аж.

Мөн Засгийн газрын сайдуудыг чөлөөлөх талаар мэдээллүүд ч цацагдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар есдүгээр сарын 07-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Categories
гадаад мэдээ

Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо таалал төгсчээ

Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо 88 насандаа Парис хот дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Мишель Годест даваа гаригт “АFP” агентлагт мэдээлсэн байна. М.Годест “Сүүлийн саруудад тэрбээр маш их ядарсан байсан. Тэр тайван нойрссон” гэж мэдэгджээ.

Бельмондо кино урлагт 60 гаруй жил зүтгэхдээ тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээсэн юм. Домогт найруулагч Жан-Люк Годарын сонгодог бүтээл
Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо таалал төгсчээболох “Сүүлийн амьсгал” (À bout de souffle) кино 1960 онд дэлгэцнээ гарсны дараа тэрээр алдрын оргилд хүрчээ.
Францын Оскар гэгдэх Цезарын шагнал гардуулах ёслолоос Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм. Мөн Витторио Де Сикагийн “Чочара” (La ciociara)
кинонд София Лорентой хамт тогложээ. Бельмондо гэмт хэрэг, триллер төрлийн уран бүтээлүүдээс гадна Роми Шнайдер, Алан Делон нарын хамт мелодрам кинонуудад дүр бүтээсэн юм.
Францын үзэгчид түүнийг “Бебел” гэж дууддаг байв. 2001 онд цус харвасны улмаас эмнэлэгт хүргэгдэж байв. Өвчний улмаас жүжигчин карьераа түр орхисон ч найман жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн билээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2016 онд “Алтан арслан” одон, 2019 онд Францын Хүндэт легионы одон тус тус хүртсэн юм. Бельмондогийн тоглосон кинонуудыг дэлхийн кино театруудад нийтдээ 130 сая гаруй удаа үзүүлсэн гэсэн тоо баримт байдаг аж.
Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Иргэдэд хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн ч хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ есдүгээр сарын 8-ны 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

​Талибанчууд Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлалаа


Мягмар гаригт Талибанчууд Афганистаны түр засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлажээ. Засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус хөдөлгөөний удирдагчдын нэг Муллах Мохаммад Хасан Ахундыг томилсон байна.

Тэрбээр 1996-2001 онд тогтож байсан Талибаны өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо АНУ-ын засаг захиргаанаас зарласан хоригт нэр нь орсон байдаг.

Ерөнхий сайдын орлогчоор Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Абдул Гани Барадар томилогджээ.

Талибан хөдөлгөөний дээд удирдагч агсан Муллах Омарын хүү Муллах Якуб батлан хамгаалахын сайд болсон бол АНУ террорист байгууллага гэж үздэг Хаккани бүлгийн толгойлогч Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдаар томилогдсон байна.

Хаккани нь давхар Талибан хөдөлгөөний дэд тэргүүний албыг хашдаг юм.

“Танхимыг бүрдүүлэх ажил дуусаагүй, үргэлжилж байна. Бид Афганистаны бусад хэсгийн төлөөллийг засгийн газрын танхимдаа оруулахаар ажиллаж байгаа” гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч Кабулд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Талибанчууд Афганистаныг удирдахдаа тус улсын олон үндэстний төлөөллийг оролцуулсан засгийн газар байгуулах амлалт өгч байсан юм.

Харин сайдын албан тушаалд эмэгтэй хүн томилогдохгүй нь тодорхой болжээ.

Дохад энхийн яриа хэлэлцээг ахалж байгаа Амир Хан Муттаки шинэ засгийн газрын гадаад хэргийн сайд болохоор болсон байна.

Зэвсэгт бүлэглэлээс төрийн эрх баригч болох шилжилт Талибан хөдөлгөөний хувьд том сорилт болох юм. Афганистан улс одоо эдийн засгийн болон хүмүүнлэгийн гүн хямралд ороод байгаа.

Өчигдөр нийслэл Кабулын гудамж талбайд иргэдийн эсэргүүцлийн жагсаалууд зохион байгуулагджээ. 1996-2001 онд тогтож байсан өмнөх дэглэмийн үед ийм жагсаал цуглааны талаар төсөөлөхөд хэцүү байсан юм.

Иргэд Талибаны шинэ эрх баригчдаас аюулгүй байдлын баталгаа, хилээр чөлөөтэй зорчих эрх шаардаж, дотоод хэрэгт нь хөрш Пакистанаас оролцож буйг эсэргүүцсэн байна.

Талибаны өмнөх дэглэмийг хүлээн зөвшөөрч байсан гурван улсын нэг нь Пакистан бөгөөд сүүлд 2001 онд АНУ-ын цэрэг Афганистаныг эзлэхэд Талибаны удирдагчдыг нутаг дэвсгэртээ орогнуулж байсан юм.

Пакистаны тагнуулын албаны дарга Файз Хамед өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд ирээд буцсан тухай мэдээ Афганий олон нийтийг бухимдуулаад байна. Тэрбээр өөрийн элчин сайдтай уулзах гэж ирсэн гэгдэж байгаа ч энэ үеэрээ Талибаны албаныхантай уулзсан байх магадлал өндөр юм.

Өчигдрийн жагсаал цуглааныг тараахын тулд Талибанчууд агаарт хий буудаж анхааруулга өгсөн байна. Мөн үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг түр саатуулаад суллажээ.

Даваа гарагт Талибанчууд өөрийнх нь дэглэмийг эсэргүүцэгч сүүлчийн хүчийг Панжширийн хөндийд ялснаа зарласан юм. Энэ үеэр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид “Бослого тэмцэл гаргахыг санаархсан хэнийг ч бид хатуу шийтгэнэ. Дахин бослого гаргуулахгүй” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газар хөдлөлтийн үед иргэдийн түр цугларах цэгийн байршлууд

Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед ард иргэдийг өөрийн гэр болон тухайн мөчид байгаа газрынхаа ойролцоох түр цугларах цэгт очихыг зөвлөдөг. Нийслэлийн хэмжээнд түр цугларах нийт 110 талбайн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.









Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Орон нутагт тасалгаат вагоноор үйлчилж эхэллээ


Коронавируст цар тахлын халдварын улмаас орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр өнгөрсөн сарын 29-ний өдрөөс нээж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялуулж эхэлсэн.

Ингэхдээ зөвхөн нийтийн вагоноор халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж байсан бол УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс тасалгаат вагоноор давхар үйлчилж эхэллээ. Тасалгаат вагоны нэг купенд 2 хүн зорчих ба гэр бүлийн гишүүд хамт аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг купенд 4 хүртэлх хүн зорчиж болох юм.

Орон нутгийн зорчигчийн галт тэргээр аялуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлахад онцгой анхаарч байгаа юм. Зорчигчдын ширээ, ариун цэврийн өрөө бүрт гар ариутгагч тавьж, галт тэрэгний үйлчлэгч нар зорчигч бүрийн халууныг хэмжиж, аяллын турш хоорондын зайг баримтлуулахад анхааран ажиллаж байна. Зорчигчдыг бууж, суух бүрт ариутгал, цэвэрлэгээ хийж, үндсэн өртөөнд ирж, явах бүрт мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Дүлий цэрэг” шиг дан дээлтэй сайд нар нь дээр юм байна


Нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Байсхийгээд л огцруулдаг тоглоомын Засгийн газрыг тогтвортой байлгах, парламентаас хэт хамааралтай байдлыг арилгалаа. Шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн институц болон улс төрөөс хараат бус байхад чиглэсэн өөрчлөлтүүд орлоо.

Үндсэн хуулинд уг нь байн, байн гар дүрээд байх ёсгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жилийн дотор дахин гар хүрэхгүй байхаар заасан. Мөн ч олон жил ярьж байж хийсэн нэмэлт, өөрчлөлт. Одоо л нэг тогтвортой Засгийн газартай болох нь гэж бодоцгоосон. Гэтэл амар тайван байлгахгүй нь. Аль дээрээс бор шувуу нисгээд эхэллээ. Бүр нарийндаа эрх баригч намын зүгээс энэ бор шувуу нисч байх юм.

Давхар дээлтэй сайдын тоог нэмэхгүй бол дэндүү цөөдөөд байна гэж ирээд ярих болов. Болж өгвөл давхар дээлгүй, салбарынхаа ажлыг хийгээд явж байгаа сайд нараас өө сэв олчих гээд зүтгээд байх юм. Засгийн газрын сайн, муу ажиллаж байгаа тухайд энэ удаа өгүүлэх гээгүй. Алдаа, оноо аль аль нь л байна. Хамгийн гол нь нисгээд байгаа бор шувууг хаана очиж буулгахаар тооцов. Үндсэн хуульд гар дүрэх нь ямар зорилго байна вэ гэтэл ердөө л бялуу хувааж ирсэн зарчмаар нь явахгүй, хэнхэглээд байсанд л учир байж.

Энэ Засгийн газраас “шүд сугална” гэж нэг хэсэг ярьцгаасан. Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Соёлын, Барилгын, Уул уурхайн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын гээд давхар дээлгүй сайдуудыг “нүдээд” эхэлсэн. Олоон жилийн өмнө чих хатуу нэгэн цэрэг наадамд нэгийн даваанд аваргатай таарч, хэлсэн үгийг нь сонсолгүй унагачихсан гэдэг яриа сонссон л байлгүй. Түүн шиг энэ хэд нь улс төрөө мэдэхгүй хэнхэглэж ажил хийгээд ашиг гаргаж өгдөггүй бололтой юм. Соёлын сайдын улаан хүрэмтэй ноцолдож, жийп унасан саятнуудыг халамжаас хассаных нь төлөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын талаар ам дамжин цуурав. Угтаа Соёлын сайд өглөө зургаан цагт ажилдаа оччихсон хэнхэглэж суудаг юм байна. Тэрээр ажлаа салбарын хуулиасаа эхэлсэн. Хавтгайрсан халамжийг цэгцлэх гэж байгаа нь А.Ариунзаяа сайдын зөв. Монгол халамжийн улс болоод удаж байна. Хөдөлмөрлөхгүй хөгжиж дэвшинэ, баяжна гэж угаас байхгүй. Хөл, гар нь бүтэн бол ажиллах л хэрэгтэй. Үүнийг цэгцлээд ажил хөдөлмөрлөх бололцоог нь олгох тал дээр бодлогоо чиглүүлж ажиллах л хэрэгтэй. Байгаль орчны сайд Н.Уртнасан сүүлийн үед элдвээрээ дуудуулж байна. Байгаль орчны салбарын үе, үеийн удирдлагуудын ашиг унагадаг ховор ан агнах зөвшөөрлийг нь цахим болгож хэнхэглэж. Сэм хуйвалдаж, ашиг унагадаг бизнесийг нь түмний нүдэнд ил болгохоор яамны хэдэн түшмэл нь ууртай байлгүй ч яахав. Хоолноос нь салгахаар хэн ч эгдүүцэх биз. Харин сайдын ааш аягийн талаархи асуудал бол одоо бичиж байгаа сэдвээс тусдаа асуудал тул хойш тавья. Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэж өөрийнхөөрөө нөхөр байна. Энэ салбарыг дэмжсэн гадны төсөл хөтөлбөрүүдийг хүрэх ёстой эздэд нь хүргээд зогсохгүй, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ургац авахаар болж байна. Өмнө нь ЖДҮ яасныг бид бүгд мэднэ. Дээгүүрээ хувааж авчихаад жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэдээ юу ч хялайлгадаггүй байсан шүү дээ. Үүнд цэг тавив. Хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг ченжийн гараас салгаж биржээр арилжаалахаар боллоо. Шахааны бизнесийг хааж, олон шахаачдын дургүйг хүргэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд байна. Гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн үйлчилгээг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлэх ажлууд хийж байгаа гэнэ. Энэ бүхнээ хийчихвэл энэ салбарт нэлээд ахиц гарна. Хүнд суртал арилна. Өмнөх сайдууд нь бүгд парламентын 76-д ямар нэг юмаараа базуулчихдаг байв. Дан дээлтэй хэдэд ухаж, төнхөх “но” бага болохоор улстөрчид бүр ч ууртай байна.

Энэ мэтээр улстөрчдийн бялуу хувцаалцдаг ойлголтыг мэдэхгүй, сайд гэхээр ажлаа л хийх юм бодоод зүтгээд байхаар ад шоо бололгүй яах юм. Өгцөө, авцаа, наана, цаанаа ойлгохгүй, “Салбарын ажлаа сайжруулаад бужигнуулаад өгнө дөө” гэж ханцуй шамлаад ажил хийж давхиад байвал улстөрчид та нарыг өөд нар харуулахгүй санаа өвөрлөлгүй яахав. Тэдний халаас, араа шүдэнд зуулгачихгүй бол улсдаа хэрэг болох юм даа.

“Дан дээлтэй” сайд нар бол улс төр дэх “дүлий цэрэг” юм. Тиймээс л дуншиж, дуншиж төрсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бялуунд дуртай улстөрчид яриад эхэлсэн хэрэг. Парламентаас биш тухайн салбараас эсвэл чадалтай боловсон хүчнийг сайд болгосон нь улстөрчдийн уурыг барах нь аргагүй. Иргэдэд бол улстөрч сайдаас өнөө ад болоод байгаа нөхөд нь сайд байсан нь дээр. Нөгөө олон улстөрчийн үгийг тэр бүр хүлээж авахгүй, Ерөнхий сайдаасаа үүрэг аваад явахад л болж байгаа юм. Гэтэл дасал болсон шахаа, өчүүхнээс унац гаргаж сурсан түшмэдүүдэд энэ хэдэн сайдын хэнхэглэл тэнэглэлийн дээдтэнэглэл санагдана шүү дээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дахин давхар дээлтнүүдийг нэмэх гээд байгаа нь ердөө л энэ. Бялууны зүсмийн дахин хуваарилалт хийх дараагийн ээлжнийхний шуналаас эхтэй. Нийтлэлийн эхэнд дурдсанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтуудад найман жил дахин гар хүрэхгүй. Гэвч өөрчилье гэвэл бас өөрчилж болох юм. Дахиад л өнөөх Засгийн газар унагадаг цикл, бахь байдгаараа үргэлжлэх биз. Дахиад л ЖДҮ шиг сэм хуйвалдсан хуваарилалтууд эхэлнэ. Мэдээж давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх гээд байгаа улстөрчид гаргалгаагаа олчихоод л ингэж дуугарч эхэлсэн байж таарна. Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтуудад найман жил гар хүрэхгүй гэдгийг хасаад л эхлэх биз. Алийн болгон ингэж өөрийн өчүүхэн эрх ашгаа урдаа тавьж, өөртөө тааруулж хууль өөрчилж байх юм бэ. Өнөөх “дүлий цэрэг” шиг шударгаар “барилдах” дан дээлтэй сайд нар нь дээр юм байна шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт хүн амын 69.9 хувь нь вакцины II тунд хамрагдаад байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 272, II тунд 823, нэмэлт сэргээх тунд 7818, нийт 8913 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 69.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2787 (23.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 62.417 (70.2 хувь), 16-17 насны 24.989 (73.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.