Categories
мэдээ нийгэм

Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах чиглээр УОК-ын дарга болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ хүрээнд хадлан тэжээл бэлтгэхэд зориулж өмнөх жилүүдийнхээс чамгүй олон техник гаргалаа. Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.

Энэ жилийн тухайд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ аижл 13 хувьтай үргэлжилж байгаа.

Энэ жилийн тухайд бага зэрэг хүндрэл байна. Яагаад гэвэл хур бороо ихтэй байгаа учир хадлан бэлдэх хугацаа хойжилж магадгүй байна.

Түүнчлэн хур ихтэй байснаас газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулж байгаа. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.

Мөн энэ жил төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 20 орчим мянган тонн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээл нь гурван хувийн хүүтэй. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна

Токиогийн олимпийн наадмын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа хоёр удаа шинэчлэн гаргасан. Сүүлийн чансаагаар өнгөрсөн жилийн тэмцээнүүдийн оноо хасагдсан тул хүснэгтийн дээд хэсэгт өөрчлөлт их гарчээ.

Иймд уншигч танаа шинэчлэгдсэн чансааг дараах байдлаар танилцуулья.

60 кг

  1. Яго Абуладзе, ОХУ, 5191
  2. Ян Юнвэй, Тайвань, 4745
  3. Наохиса Такато, Япон, 3900
  4. Ким Вон Жин, БНСУ, 3766
  5. Франциско Гарригос, Испани, 3558
  6. Гусман Кыргызбаев, Казахстан, 3464
  7. Лука Мхеидзе, Франц, 3145
  8. Нагаяма Рюүжү, Япон, 3070 оноо
  9. Карамат Гусейнов, Азербайжан, 3069
  10. Роберт Мшвидобадзе, ОХУ, 3040
  11. Л.Өнөболд, 1792
  12. Д.Амартүвшин, 550
  13. Э.Ариунболд, 540
  14. Б.Сүхбат, 116
  15. Г.Болдбаатар, 105
  16. Г.Тэмүүжин, 42
  17. Э.Сумьяабазар, 36
  18. Ж.Амарболд, 28
  19. Б.Цогтбаяр, 10

66 кг

  1. Ан Баул, БНСУ, 5603
  2. Мануэль Ломбардо, Итали, 4842
  3. Важа Маргвелашвили, Гүрж, 4530
  4. Хифүми Абэ, Япон, 4200
  5. Сардор Нуриллаев, Узбекистан, 3744
  6. Якуб Шамилов, ОХУ, 3716
  7. Ё.Басхүү, Монгол, 3630
  8. Даниел Карнин, Бразил, 3404
  9. Альберто Гайтеро, Испани, 3280
  10. Орхан Сафаров, Азербайжан, 3229
  11. Г.Хэрлэн, Монгол, 2608
  12. Б.Эрхэмбаяр, 410
  13. Б.Нармандах, 202
  14. Д.Алтансүх, 56
  15. Н.Мөнхбаяр, 35
  16. Б.Мөнхчулуун, 13
  17. Д.Төмөрхүлэг, 3

73 кг

  1. Лаша Шавдатуашвили, Гүрж, 5175
  2. Ц.Цогтбаатар, Монгол, 4338
  3. Соичи Хашимото, Япон, 4260
  4. Ан Чангрим, БНСУ, 4006
  5. Томми Матиас, Швед, 3883
  6. Билал Чилоглу, Турк, 3747
  7. Рустам Оружов, Азербайжан, 3522
  8. Arthur Margelidon, Канад, 3401
  9. Хикматулло Тураев, Узбекистан, 3229
  10. Жансай Смагулов, Казахстан, 3183
  11. Г.Одбаяр, 1103
  12. Б.Эрдэнэбаяр, 120
  13. О.Шинэбаяр, 91
  14. Г.Болор-Очир, 81
  15. Л.Анхзаяа, 24
  16. Г.Чойжилсүрэн, 18

81 кг

  1. Тато Григалашвили, Гүрж, 5967
  2. Маттиас Кассе, Бельги, 5910
  3. Шарофиддин Болтабоев, Узбекистан, 4786
  4. Франк де Вит, Голланд, 4640
  5. Саид Моллай, Монгол, 4258
  6. Ведат Албайрак, Турк, 4207
  7. Таканори Нагасэ, Япон, 3705
  8. Шамиль Борчашвили, Австри, 3439
  9. Christian Parlati, Итали, 3359
  10. Sami Chouchi, Бельги, 3015
  11. Н.Дагвасүрэн, 760
  12. О.Ууганбаатар, 632
  13. Б.Мөррэнцэн, 10

90 кг

  1. Лаша Бекаури, Гүрж, 6256
  2. Николоз Шеразадишвили, Испани, 6154
  3. Давлат Бобонов, Узбекистан, 6004
  4. Маркус Нюман, Швед, 4878
  5. Кристиан Тотх, Унгар, 4430
  6. Михаил Игольников, ОХУ, 3830
  7. Эдуард Триппель, Герман, 3754
  8. Микаил Озерлер, Турк, 3382
  9. Ноэл ван ‘т Энд, Голланд, 3318
  10. Бека Гвиниашвили, Гүрж, 3120
  11. Г.Алтанбагана, 2738
  12. Г.Пунцагцэрэн, 10
  13. Э.Үнэнхүү, 3

100 кг

  1. Жорже Фонсека, Португал, 5012
  2. Варлам Липартелиани, Гүрж, 4962
  3. Shady El Nahas, Канад, 4929
  4. Арман Адамян, ОХУ, 4814
  5. Зелим Коцоев, Азербайжан, 4547
  6. Петер Палчик, Израиль, 4546
  7. Аарон Волф, Япон, 4230
  8. Нияз Ильясов, ОХУ, 3747
  9. Михаиль Коррел, Голланд, 3249
  10. Тома Никифоров, Бельги, 3152
  11. Л.Отгонбаатар, 1436
  12. Б.Гончигсүрэн, 750
  13. О.Хангал, 35
  14. Б.Мөнхбаяр, 10

+ 100 кг

  1. Тамерлан Башаев, ОХУ, 5900
  2. Сильва Рафаэль, Бразил, 4536
  3. Инал Тасоев, ОХУ, 4284
  4. Кагэүра Кокоро, Япон, 4055
  5. Лукаш Крпалек, Чех, 4040
  6. Гела Заалашвили, Гүрж, 3794
  7. Яков Хаммо, Украин, 3727
  8. Гурам Тушишвили, Гүрж, 3528
  9. Тедди Ринер, Франц, 3480
  10. Хисаёши Харасава, Япон, 3292
  11. Ө.Дүүрэнбаяр, 470
  12. Н.Түвшинбаяр, 240
  13. О.Цэцэнцэнгэл, 180
  14. Б.Тэмүүлэн, 105
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гэрэлцэцэг: Сум суурин газруудын онцгой комисс иргэдийн өгсөн төлөг, борлонгийн хандиваар л гол зогоодог

ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙВАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЭМ ТАРИА,

ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН ХОМСДОЛД ОРОХОД ОЙРХОН БАЙНА-


Увс аймгийн Өндөрхангай сумын ЗДТГ-ын дарга Б.Гэрэлцэцэгтэй тус суманд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Юуны өмнө танай суманд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Сайхан. Сайхан намаржиж байна уу. Манай суманд анх дөрөвдүгээр сарын сүүлчээр коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Сум суурин газар нэгэндээ тохиолдсон уй гашууг хуваалцдаггүй хүн ховор. Тэгэхээр тус буяны ажилд оролцсон иргэд бүгд ойрын хавьтал болж түүнээс 10 гаруй иргэн ковидын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл сумын хэмжээнд 131 тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор сумын эмнэлэгт 16 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг нь бага насны хүүхэд байна. Нийт батлагдсан 131 тохиолдлоос 0-16 насны 17 хүүхэд коронавирусийн халдвараар өвдсөн тоон мэдээлэл бий.

-Танай суманд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хичээл сургуулийн үйл ажиллагааг нээгээгүй байгаа гэж сонссон?

-Сумын Онцгой комиссоос энэ сарын 13-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхгүй байх шийдвэр гаргасан. Учир нь есдүгээр сарын 1-нээс өмнө сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдаас коронавирусийн шинжилгээ авахад сургуулийн зургаан багшаас халдвар илэрсэн. Тиймээс сурагчдын хичээлийг түр хугацаагаар хойшлуулаад байна.

-Халдварын тохиолдлыг хумихын тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Халдвартай иргэний ойрын хавьтал бүрээс шинжилгээ авах боломж бий юү?

-Уг нь бол коронавирсийн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтал болсон бол бүх хүнээс шинжилгээ авах ёстой шүү. Гэтэл эрүүл мэндийн байгууллагаас нэгдүгээр хавьтал болсон иргэнээс шинжилгээ авч болохгүй гэсэн чиглэл ирсэн. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авах болохоос нэг дур мэдэн шинжилгээ авах боломжгүй болчихож байгаа юм.

Намрын цагт найр наадам тасрахгүй. Саяхан гэр бүрж, мод тавьсан айлын найранд очсон иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн. Монгол гэрт уламжлалын дагуу яаж найрладаг билээ дээ. Юун хоёр метрийн зай барих, хоёр хуруу ч багтахгүй зайтай зэрэгцээд суучихдаг шүү дээ. Тэгэхээр одоо хаана, хэн халдвартай байгаа нь тодорхойгүй болчихлоо. Хөдөө орон нутагт коронавирусийн халдвар эрчимтэй тархах болсон гол шалтгаан бол Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаагүйтэй холбоотой. Өнгөрсөн зургадугаар сард хөдөө орон нутаг руу хот суурин газраас зорчих иргэдийн хөдөлгөөнийг хаачихсан байхад бүх зүйл эмх цэгцтэй байсан. Аймгууд өөр өөрсдийнхөө онцлогт тохирсон шийдвэр гаргаад халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байсан. Гэтэл хамгийн харамсалтай нь аймгуудыг дур мэдэн шийдвэр гаргахыг УОК, Засгийн газрын шийдвэрээр хориглосон. Ийм шийдвэр гаргах ёсгүй байсан. Учир нь аймаг, сум бүр замын хөдөлгөөний урсгал, хүн тээврийнхээ урсгалд тохирсон шийдвэр гаргасан бол амьдралд ойр, үр дүнтэй байх байлаа. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрээ үг дуугүй дагаж мөрдөхийг бидэнд тулгадаг. Түүнийг нь бид дагаж мөрдөх гэхээр дээрээс гарч байгаа шийдвэрүүд маш ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд түвэгтэй байдаг нь нууц биш л дээ. Ингээд энэ зун Улаанбаатар хот болон төв суурин газраас ирсэн коронавирусийн халдвартай, халдваргүй иргэдтэй хөдөө орон нутгийнхан хутгалдахаараа нэг болсон.

-Сум орон нутагт коронавирусийн халдварыг илрүүлэх, эмчлэх хүчин чадал хэр байна вэ?

-Сум угаасаа хүчин чадал муутай. Коронавирустэй тэмцэхэд хэд хэдэн чадавх сул байна. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийн хангалт, эмчилгээний чадавх сул байна. Дээр нь орон тооны бүтэц хүрэлцээгүй байна. Цаашлаад цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нарийн мэргэжлийн эмч нар үндсэн ажлаа хийж байхад цаана нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид цагийн байдалтай уялдаж ажилламаар байна л даа. Сум дундын эмнэлгийн эмч, ажилчдын тоо хүрэлцэхгүй, хүн хүч дутагдсан учраас сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулсан. Манайх сум дундын эмнэлэг мөртлөө 10 ортой. Энэ орон дээр үндсэн өвчтөнүүд эмчлүүлэх учраас коронавируст халдварын үед бид сум орон нутагтаа байгаа байрнуудаас эмнэлгийн зориулалтаар ашиглаж болохуйц илүү байрнуудад ор дэлгэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гамшгийн нөхцөлд дэлгэх ёстой 20-25 орыг дэлгэж байна. Гэтэл цаана нь тусгаарлах байрны асуудал гарч ирдэг. Тэгэхээр тусгаарлах байр, нэмж дэлгэсэн ортой байранд ажиллах эрүүл мэндийн эмч, ажилчид, түүнээс гадна хяналт тавих, төлөвлөлт, бодлого зохицуулалт хийх албан хаагчдын нөөц дутагдаж байна. Дээрээс нь санхүүгийн нөөц байхгүй. Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдийн наад захын хоол хүнсийг хангах боломж байхгүй. Тэр ч бүү хэл энэ хэвээр халдварын тоо нэмэгдсээр байвал эрүүл мэндийн байгууллага эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн хомсдолд ороход ойрхон байна. Та бүхэн цахим сүлжээ ашигладаг бол хөдөө орон нутаг тэр дундаа сум суурин газруудын онцгой комиссын үйл ажиллагаа ихэвчлэн иргэдийн өгсөн төлөг, борлонгийн хандиваар л гол зогоодог. Түүгээр л энэ хавар төв суурин газраас ирсэн иргэдийг тусгаарлах байранд хэд хоног аргацаалаа. Саяхан улаан бүсэд ажилласан эрүүл мэндийн ажилтнуудад сая төгрөг олголоо. Суманд халдвар илэрэхэд хамгийн түрүүнд багийн эмч, сургуулийн эмч нарыг дайчилсэн. Гэтэл энэ урамшууллын мөнгийг сургуулийн эмч нарт өгсөнгүй. Бид сумынхаа нөөц бололцоонд тулгуурлаад сургуулийн дотуур байрыг тусгаарлах байр болгож, үйлчлэгч, тогоочийг нь сургуулийн эмчтэй хамт ажиллуулсан. Яагаад гэвэл эмнэлгээ эрүүл бүс хэвээр нь авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо сургуулийн эмч нарт урамшуулал олгоогүйгээс болоод бөөн гомдол тэмцэл болж байна. Бүх суманд л ийм нөхцөл байдал үүссэн. Энэ ганцхан манай суманд үүссэн асуудал биш. Энэ асуудлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авмаар байна

-Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авах боломжтой биз дээ?

-Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдээс төлбөр авч энэ асуудлыг шийд гэдэг амархан юм ярьдаг. Гэтэл суманд иргэнээс төлбөр аваад байрлуулах стандартын өрөө тасалгаа байхгүй. Түүнчлэн тусгаарлах өрөөнд байрлаж байгаа иргэний ариун цэврийн өрөө, гар нүүрийн угаалтуур нь тусдаа байх ёстой шүү дээ. Гэтэл бид хүүхдийн дотуур байранд 20, 30-аар нь тусгаарлаж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон асуудал байна. Үүнийг том зургаар нь аваад үзвэл, Монгол Улс гамшгийн үйл ажиллагаанд төсөв төлөвлөдөггүй, суулгадаггүй нь мэдэгдэж байгаа юм л даа. Ийм цагийн байдал үүснэ гэдэг эрсдэлээ хэзээ ч тооцож байгаагүй нь тодорхой харагдаж байна л даа. Өөрөөр хэлбэл, манай улсын гамшгийн бэлэн байдал “гамшиг” болсныг харуулж байна. Коронавирусийн халдвар хэдхэн хоногийн дотор орж ирээд манай улсыг нөмөрчихөөгүй. Анх сураг нь гарснаас хойш өнөөдрийг хүртэл Засгийн газраас шаардлагатай мөнгө санхүүг нь төсөвлөсөнгүй. Тиймээс л хот хөдөөгүй коронавируст халдварын үүр уурхай болчихоод яахаа мэдэхгүй сууж байгаа нь гутамшиг.

-Танай сумын иргэд дархлаажуулалтдаа хэр хамрагдсан бэ. Дархлаажуулалт хэр үр дүнтэй байна гэж та бодож байна?

-Үнэндээ вакцинд их найдаж байсан. Манай сумын нийт иргэдийн 90 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Гэтэл вакцин ямар ч найдваргүй, үр дүнгүй байсан. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд ямар ч эсрэг биет үүсээгүй. Үүний гол баталгаа нь дархлаажуулалтад хамрагдсан иргэд толгой дарааллан коронавирусийн халдвараар өвдсөн. Тэр ч бүү хэл вакцин тариулсан иргэдийн суурь өвчин сэдэрч, одоо болтол зүрх нь дэлсдэг иргэд надаас авахуулаад олон болсон. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нэгдүгээрт, вакциныхаа хуваарилалтыг зөв хийж чадаагүй. Хоёрдугаарт, цаг хугацаандаа хийж чадаагүй. Гуравдугаарт, хамгийн сайн чанарын вакциныг авч чадаагүй. Миний хувьд монголчууд коронавирусийн вакцины туршилтад орсон гэж бодож байгаа. Энэ бол маш гунигтай, харамсалтай асуудал. Вакцин үр дүнгээ өгсөн нь хаана байгаа юм бэ. Вакцин хийлгэсэн бүх хүмүүс л ковид тусч байна шүү дээ. Нэгэнт вакцинд найдаад хэрэггүй гэдэг нь тодорхой болчихлоо. Бид нүүрлээд ирсэн коронагийн халдвартай зэрэгцээд амьдрахаас өөр аргагүй боллоо. Тиймээс өвчин тусахгүйн тулд иргэд өөр өөрсдийн аргаа хэрэглэж, янз бүрээр туршиж байна. Уламжлалтаар ч үзэж байна. Ёстой өөр өөрийнхөөрөө “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” амьдрахын төлөө зүтгэж байна. Харин одоо энэ ачаан дээр нь улс орон нэмж нэрвэмээргүй байна. Яагаад өнөөдрийг болтол вакцины талаарх мэдээллээ иргэдэд өгөхгүй байна вэ. Бидэнд яагаад хятад вакцин хийсэн юм бэ.

Эрх мэдэлтэй, дарга цэргүүд нь дээгүүр өөр түвшний вакцин хийлгэсэн нь мэдэгдэж байна. Зарим нэг төрлийн хүнд өвчинтэй, хагалгаанд орсон иргэдэд хүртэл Хятадаас өөр төрлийн вакцин хийсэн байна лээ. Гэтэл манай суманд элгээ тайруулсан хоёр гурван иргэнийг дуудаж ирээд л хятад вакцинаа хийчихсэн. Сумын нөхцөл байдал ийм л байгаа. Тэгээд вакцин чинь бидэнд тэр бүр олддоггүй. Гэтэл одоо дахиад вакцины гуравдугаар тунг тариулчихвал бүх зүйл сайхан болно гэж байна. Эхний хоёр тун найдваргүй гэдгийг мэдэрчихсэн хүмүүс гуравдугаар тунг хийлгэнэ гэдэг юу л бол. Ямартаа ч өмнөх дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо эрс буурна. Монгол Улсын Үндсэн хуулианд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэтэл гуравхан сая иргэнийг гурван жил орчим ийм өрөвдмөөр амьдруулж байгаа төр засаг гэж байгаад яана вэ. Эсвэл бүр анхнаасаа “Бид дорвитой арга хэмжээ авч чадахгүй нь ээ. Та нар амь амиа бодоорой” гээд хэлчихсэн бол монголчууд аргаа барж, ахуйгаа чирсэн хүмүүс биш шүү. Ялангуяа хөдөө орон нутагт уламжлалт аргаар өөрсдийгөө хамгаалаад байх боломж байлаа. Вакцины хоёр тун хийлгэсэн иргэд хаана ч зорчих боломжтой гэж зарласнаас болж ийм завхарсан асуудал үүслээ. Одоо бүр коронавирусийн халдварын төрөл зүйл нь англи цагаан толгойн үсгийн дарааллаар бүртгэгдэх юм шиг байна.

-Анх ковидоор өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах тохиолдол суманд гарч байв уу?

-Анх коронавирусийн тохиолдол суманд бүртгэгдсэний дараа ганц нэг иргэн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байсныг үгүйсгэхгүй. Манай сумынхан эхлээд нэлээд айдастай байсан л даа. Сүүлд холбогдох байгууллагуудаас иргэдийг айдаст автуулж болохгүй, иргэдийн дархлаа унана, тиймээс энэ бол халдварт өвчин гэдэг талаас нь нэлээд ухуулж таниулах үүрэг ирсэн. Энэ нь нэг талаасаа үнэний ортой боловч нөгөө талаас маш сөрөг үйлдэл болсон. Иргэд айдастай байхдаа л өөрийгөө хамгаалдаг байсан юм билээ. Одоо коронавирусийн халдварыг тоодог хүнгүй болж байна. Анх хэн хэнээс корона илэрснийг нь мэддэг байсан учраас өөрсдийгөө халдвартай иргэнээс хамгаалчихдаг байсан. Гэтэл халдвар авсан иргэдийн нэр ус, хаягийг нь зарлахыг хориглосноос хойш хэн халдвар авсныг мэдэх боломжгүй болсон. Ковидын халдвар эхнэр нь авчихаад байхад нөхөр нь хүнсний дэлгүүрээ ажилууллаад түүгээр нь иргэд үйлчлүүлж байх жишээтэй.

-Сумын онцгой комиссоос сум руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих пост ажиллуулж байгаа юу?

-Бид төсвийн өрөнд их орсон. Сум руу орох гарах хөдөлгөөнд хяналт тавих пост ажиллуулах нь үр дүнгүй гэж үзсэн учраас үргүй зардал гаргахаа больсон. Сангийн яамнаас төсвийн урсгал зардлын 50 хувийг танасан учраас тээвэр, шатахууны өрөнд их орж байна. Ялангуяа иргэд нь таруу байршилтай сум орон нутагт өвчтөнийг тээвэрлэх, тандалт, судалгаа хийх гэх мэт асуудлууд хүндэрэлтэй байгааг нуухгүй. Энэ бол дүүргийн хэмжээнд засмал замаар давхихтай ижил асуудал биш л дээ. Ялангуяа манай сумын иргэд хавар Ханхөхий нуруу даваад талдаа 70-80 километр нүүдлэх үеэр халдвар эрчимтэй тархсан. Даваа гүвээ, замын байдал хэцүү үед ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах, тусгаарлах гэх мэт ажлын шатахууны зардалд туйлдсан. Тэглээ гээд иргэнээ орхилтой биш дээ. Сумын төсөв хүндхэн байгаа. Бид дотуур байрны хүүхдүүдийнхээ хичээл ороогүй байх үеийн хоолны нөөцийг үндсэндээ хэрэглээд дуусгачихсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны нөөц рүү орсон. Сангийн яам төсвийн зардлаа эргэж харах цаг болсон. Энэ хугацаанд шатахууны үнэ хэд дахин өслөө. Энэ савлагааг бид яах вэ. Хуучин суусан төсвөөрөө туулах юм уу гэдэг асуудал үүсээд байна.

-Монгол Улсын Засгийн газраас “Цахим монгол” хөтөлбөр хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа. Танай сум үйл ажиллагаагаа иргэдэд цахимаар хүргэх бэлтгэл ажлаа хэр хангаж байна?

-Төрийн үйлчилгээ цахимжлаа л гэх юм. Цахимтай холбоотой алслагдсан сумдын шилэн кабелийн хүчин чадал, шугам сүлжээний асуудал маш хүндрэлтэй байна. Интернэт маш удаан. Монголд төр гэж байгаа бол цомхон, чадварлаг, хөрвөж ажиллаж чаддаг боловсон хүчинээр багаа бүрдүүлмээр байна. Монгол Улсын Засгийн газраас Е засаглал гэж их ярьж байгаа. Энэ асууллыг дэмжиж байгаа ч иргэд нь Е болж чадаагүй байхад төр нь Е болоод нэмэр алга. Яг үүнтэй ижил хөдөө орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын хувьд цахим сургалтад хамрагдаж, түүний үр дүнг үзнэ гэдэг хүндрэлтэй шүү дээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд тэр дундаа бага, дунд ангийнханы дунд хичээлийн хоцрогдол их байна.

Энэ жил хоёрдугаар ангид элсэн сурах хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хүүхдүүдээ дахин нэгдүгээр ангид суулгах хүсэлтэй хүмүүс олон байна. Гэтэл энэ жил дахин тахимын болон цахим хэлбэрээр хосолсон байдлаар хичээл орохоор боллоо. Эхний тав хоног танхимаар хичээллэсэн хүүхдүүд дараагийн тав хоног нь цахим хичээл гэж хийхгүй, хөдөө гэртээ очиж ээж, аавдаа туслах нэрээр сурсан мэдсэнээ мартаад ирнэ. Ялангуяа аав нь хөдөө малаа хараад ээж нь хүүхдүүдтэйгээ төв орж ирдэг айлуудын гэрийн эзэгтэй танхимаар хичээллээгүй тав хоногт цахим хичээл хийлгэх нэрээр тав хоног гэртээ суух тэвчээр дутах л болов уу даа. Тиймээс халдварын голомт болоогүй аймаг, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цаашид танхимаар хичээллүүлэх саналтай байгаа.

П.БАТЗАЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянхонгорт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 километрын зайнд 3,8 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр 10:16:02 цагт болсон байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.49 100.32

Урд шөнө мөн Төв аймгийн сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд 00:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд болсон.

Өчигдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т орших Оргот гэдэг газарт 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д суралцдаг монгол оюутнуудад танхимаар суралцах боломжийг нээхэд анхаарахыг хүслээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо

Худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв

Энэ үеэр БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг аль болох эрт нээхэд анхаарал хандуулахыг Шадар сайд С.Амарсайхан Хятадын талаас хүссэн юм.

Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

Шадар сайд С.Амарсайхан Монголын талд хилийн боомтын бүс нутгуудын халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтэрч буй нүүрсний машины тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нүүрсний чингэлэг тээврийн журмыг ойрын хугацаанд тохиролцож, тээвэрлэлтийг эхлүүлэх санал дэвшүүлэв.

Тяньжин боомтод хуримтлагдсан манай улсын импортын чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээ авах саналыг Шадар сайд С.Амарсайхан дэвшүүлснийг Худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, Хятадын холбогдох байгууллагуудад шуурхай уламжлахаа илэрхийлэв.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах, ирэх оны тохиромжтой хугацаанд Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг зохион байгуулахаар талууд тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

​”Модны 2″-ын замыг өнөөдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл хаалаа

“Модны 2”-ын замыг өнөөдрөөс эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж, асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ.

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Цар тахлын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэд Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх гэж оруулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.

МҮЭХ: Цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна.

МҮЭХ: Цар тахалтай холбоотойгоор бензин, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн иргэдэд тавих татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг нэмэхгүй байхад дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 3677 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3677 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1469 нь Улаанбаатарт
  • 2208 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас барлаа..

Сүүлийн 24 цагт 3392 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 19440 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 12553
  • хүндэвтэр: 5086
  • хүнд: 1526
  • нэн хүнд: 276 хүн байна.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 73 жолооч согтуугаар жолоо барьж, 151 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1249, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 117, гэмт хэргийн шинжтэй 80 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 73, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 96, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 67, эрүүлжүүлэх байранд хоносон 151, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

“​Apple” компани “iPhone 13”-аа есдүгээр сарын 14-нд танилцуулахаар болжээ

Жил бүрийн намар шинэ гар утасаа зах зээлд танилцуулдаг “Apple” компани энэ жилийн арга хэмжээгээ есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар болжээ.

“California streaming” нэртэй арга хэмжээг тус компанийн төв оффис болох “Apple Park”-аас шууд дамжуулахаар болсон байна.

Энэ удаа танилцуулах “iPhone 13” загвар нь өндөр давтамжийн (high refresh rate) дэлгэцтэй, яригч, камер зэргийг нүүрэнд байрлуулахын тулд нэмсэн дэлгэцийн оруулга нь багассан, камерны чадвар нь сайжирсан зэрэг шинэ үзүүлэлтүүдтэй байх төсөөлөл мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа.

Мөн шинэ “iPhone”-ий дэлгэц цоожтой үедээ ч байнгын ажиллагаатай (харанхуйлахгүй) болно гэсэн таамаг яригдаж байна.

“Apple” компаниас гаргасан видео сурталчилгаанаас харвал AR (Augmented Reality) буюу хийсвэр дүрслэлийг бодит байдалтай холбох технологийн чиглэлээр ямар нэг ахиц дэвшил гарч болзошгүй байна.

Хэрвээ шинэ “iPhone” загварыг танилцуулбал түүний үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS 15 мөн танилцуулагдах нь тодорхой юм. Үүнээс гадна шинэ Apple Watch, AirPods, 14 ба 16 инчийн дэлгэцтэй шинэ MacBook Pro зөөврийн компьютеруудыг зах зээлд шинээр танилцуулж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.