Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!

Хойд хөршийн Эрчим хүчний яам энэ сардаа багтаж бидэнд хамаатай нэг чухал шийд гаргана. Шатахууны экспортоо зогсоох уу, зогсоохгүй юу гэдэг асуудал тэнд яригдаад эхэлчихсэн, яг ямар шийдвэр гарах нь өнөө маргаашгүй тодрох гэж байна. Нефтийн экспортоо зогсоовол доод тал нь нэг сар, дээд тал нь гурван сарын хугацаа тавих болов уу гэсэн таамаг Оросын мэдээллийн сайтуудаар хөвөрч байна. Хамгийн тааруу хувилбараар нь төсөөлье.Тэд гурван сарын хугацаанд нефтийн экспортоо зогсоовол бид яах вэ? Хатуухан хэлэхэд, Монгол Улс амаараа шороо үмхэнэ. Шатахууны үнэ огцом цойлно, дагаад доллар галзуурч, инфляци өндрөө авна, намрын ургац хураалт хүнд байдалд орно гэж ирээд яривал төсөөлөхөд ч хэцүү хүндрэлүүдтэй улсаараа нүүр тулна.За тэгээд манай талаас хойд хөрш рүү очиж гуйж царайчилна, өнөөдүүл нь гэдийж, элдэв нөхцөл тавьж, яриа хөөрөө үүсгэж таарах байх.

Нефтийн экспортоо зогсоох эсэх тухай яриа үүсгэсэн шалтгаанаа хойд хөршийнхөн дотоод асуудлаас болсон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ учир мэдэх хэн ч хойд хөршид өрнөж буй энэ явдлыг зүгээр нэг дотоод асуудал гэж харахгүй. Хөршүүдээ чангалах санаа гэдгийг нь төвөггүй тайлаад уншчихна. Манай улс хойд хөршөөсөө нефть, эрчим хүчээр хараат, энэ давуу талаа алдах сонирхол ОХУ-д байдаггүй, Путины Орос хөрш Монголоо эгзэгтэй үе бүхэнд шатахуун, цахилгаанаар барьсаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Ганц Монголыг ч биш, бүх хөршөө тэд энэ давуу талаараа чангалсаар ирсэн, цаашид ч энэ тоглолтнь үргэлжилсээр байх биз. Хөрш улсууддаа хандах хандлага нь Токиод өрнөж буй олимпийн нээлтийн шууд дамжуулалтаас нь ч харагдлаа гэсэн байр суурийг цөөнгүй хүн цахим орчинд илэрхийлсэн харагдсан. Оросын зарим телевиз хөрш орнуудынхаа тамирчдыг олимпийн нээлт болж буй танхимд ороод ирэхэд харуулаагүй, реклам цацаад өнгөрсөн, Украин, Монголын тамирчдыг лав үзүүлсэнгүй гэх мэт сэтгэгдэл сошиалд хөвөрнө лээ. Өнгөрсөн зун шиг санагдаж байна, манай улсад корона гараагүй, хойд хөршид халдварын тохиолдол хэцүүдсэн үед Оросын төв телевизээр “Монголд тарваган тахал гарсан, тэнд дэгдсэн тарваган тахал манай Тува энэ тэр рүү орж ирэх эрсдэл байна” гэсэн утгатай мэдээлэл цацагдсан удаатай.Тэр мэдээний өнгийг тухайлаад анзаарахаар ер нь халдварт өвчин Монголоос л орж ирдэг гэсэн мессэж тод харагдахаар байсан тухай учир мэдэх нэг эрхэм онцолж бичсэн байж билээ.

Энэ удаа шатахууны экспортыг зогсоох тухай яриа хөөрөө яагаад гарсан юм бол, бид тэдний таалалд яг юугаараа яагаад нийцэхгүй байна вэ гэх мэт өчнөөн асуулт өнөөхөндөө ямар нэг хариугүй байна л даа. Магадгүй өнгөрсөн зургадугаар сард болоод өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, шинэ Ерөнхийлөгчийн барих гэж буй бодлого хандлага таалагдаагүй байж мэднэ. Бүр өөр шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хойд хөрш зүв зүгээр сууж байгаад нефтийн экспортоо нэг, магадгүй бүр гурван сараар зогсооно гэж яриад суух улс биш. Оросын Гадаад яамны Азийн газрын хөрш орнуудыг буюу Монголыг хариуцсан хэлтэст ажилладаг эрхмүүд насаараа Монголыг айхавтар судалсан, Монгол гэдэг улсыг нэвт шувт мэддэг мэргэшсэн дипломатчид байдаг. Гэтэл манай Гадаад яамны Оросыг хариуцсан мэргэжилтэн ямар түвшинд яаж бэлтгэгдсэн бол? Өөрсдөөсөө асуух л асуултын нэг. Хойд хөрш, хөрш орныхоо амин асуудал болсон нефтийн экспортоо зүгээр ч нэг зогсооно гэж ярих улс биш гэдгийг хэлэх гээд сэдвээсээ хазайчихлаа.Одоо гол сэдэв рүүгээ оръё.Хэрвээ хойд хөрш нефть экспортоо түр зогсоовол нефть импортлогчид Хятад гэх мэт өөр гарц хайж таарна.Хайгаад эхэлчихсэн ч байх. Цаадуул нь урт хугацааны гэрээгүй учраас бэлэн мөнгөөр шууд худалдан ав гэх мэт өндөр шаардлага тавих байх. Урд хөршид шатахуун үнэтэй байдаг гэх мэт шалтгаанаар нэлээд өртөг үнэтэй шатахуун импортолж таарах болов уу.Долларын ханш тогтвортой байна гэсэн таамаг ийм шалтгаанаар эвдэгдэхийг өнөөхөндөө үгүйсгэхэд хэцүү.

Ер нь манай улсын хувьд ам.долларын ханшийг урт хугацаанд нь таамаглахад төвөгтэй. Учир нь манай ханш онолоороо явдаггүй. Суурь, макро хүчин зүйл гэхээс илүү жижигхэн асуудал, шалтгаанаас болоод савлачихдаг онцлогтой.Хил хаах, Засгийн газраас буруу арга хэмжээ авсан гэх мэт элдэв шалтгаанаас болоод ханш савладаг жишээ өнгөрсөнд өчнөөн.ОХУ нефть экспортоо түр зогсоож шатахууны үнэ огцом өсөхөд ч юмуу хилийн худалдааны нөхцөл байдал хэцүүдэхэд долларын ханшид шууд утгаараа нөлөөлдөг.Урд хөрштэй дажгүй сайн ойлголцож Гашуунсухайт нээгдвэл байдал тэгтлээ хурцдахгүй байх боломжтой ч шатахууны ханш огцом өсвөл төгрөг суларч, доллар чангарах нь жамын асуудал болж хувирна.Гашуунсухайт нээгдэхгүй удвал ханшид бүр ч хүчтэй ташуур өгөх нь хэтэрхий тодорхой асуудал. Монголбанк гадаад эдийн засгийн макро үзүүлэлт сайн учраас санаа зоволтгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байгаа л даа. Гэхдээ шүдэнз зурах төдий жаахан өөрчлөлт гарахад л ханш нь савладаг онцлогтой зах зээлтэй улс гэдгээ анзаарахгүй орхиж болохгүй.

Инфляцийн тухайд төв банк зургаан хувьд барина гэсэн зорилттой явсан. Зургаан хувьд барих ямар ч боломжгүйг Монголбанкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн харагдана лээ. Энэ янзаараа бол оны сүүл гэхэд инфляци хоёр оронтой тоо руу өгсөх эрсдэл өндөр харагдаж байна.Найман хувиас хэтрэхгүй гэсэн таамаглал үнэмшилгүй сонсогдоод байгаагийн цаад шалтгааныг тоочъё гэвэл өчнөөн кейс бий. Наад зах нь импорт урд хил дээр гацсан хэвээр байвал яах вэ, цаашдаа хилийн гацаа хорио үүсэхгүй гэх баталгаа бий юү гэсэн асуултад өнөөхөндөө хэн ч эерэг хариу хэлж чадахгүй яваа. Үүнээс үүдсэн одоогийн зовлон гэхэд л барилгын материалын үнэ огцом өсчихсөн. Импортолж хэрэглэдэг өргөн хэрэглээний элдэв бараа, машин техникийн үнэ мэдрэгдэхүйц нэмэгдчихсэн. Энэ жил ковидоос болж барилга байшингийн ажил сүрхий ахисангүй. Ирэх хавраас барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж таарна.Тэр үед үнэ нь огцом өссөн материалаар барьсан барилга, орон сууцны үнэ хэдэн хувиар өсөх бол.Ингээд харахаар оны сүүл хүртэл инфляци өснө гэсэн таамаглал дээр “Дараа жил ч инфляци төв банкны ерөнхийлөгчийн толгойны өвчин хэвээр байна” гэсэн тодотгол нэмэгдэж байна.

Өнөө жилийн зовлон биш ч гэлээ ирэх хоёр, гурван жилдээ Ерөнхий сайдын толгойг өвтгөх нэг асуудал бий.Тэр нь улсын төсвийн алдагдал.Төсвийн хувьд манай улс өнгөрсөн хоёр жилийн турш байгаа бүх боломжоо шавхлаа.Улсын төсөв байтугай төрийн өмчит үйлдвэрийн газруудынхаа нөөцийг ч шавхчихсан суугаа.Захын жишээ гэхэд л “Эрдэнэт” үйлдвэр байсан бүх мөнгөө өгчихсөн.Товчхондоо янз бүрийн асуудал гарч мөнгө хэрэг болоход төсөвт нэмэлт мөнгө байхгүй гэсэн үг.Цар тахлын үеийн төсвийн хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд төгрөгт хүрээд байгаа.Энэ аварга алдагдлын үр дагавар нь энэ онд биш ирэх жилүүдэд гарна.

2022, 2023 онд төсвийн өндөр алдагдлын горыг улсаараа амсах нь тодорхой болсныг тухайлж онцолъё. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх сар, жилүүдэд нэг том зовлон бий.Гадаад худалдаа хэвийн явбал асуудалгүй, өнөөгийн янзаараа гацсан, хаагдсан хэвээр байвал бизнес нь хумигдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өндөр өртөгтэй байх, төлөвлөсөн ажлууд нь гацах гэх мэт өчнөөн асуудал ургана.Гадаад худалдаа асуудалтай хэвээр байвал улсын төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа компаниудад хүндхэн тусна.

Бараа материалаа авч чадахгүйгээс болж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж амжихгүй, хугацаанд нь хийхгүй бол улсын төсвөөс санхүүжилт авч чадахгүй.Ингээд харахаар нэг нэгэндээ тээглэсэн зэлтэрийн гацаа шиг асуудал бэрхшээлүүд нүдний өмнө хөвөрч байна.

Экспортын тухайд дахиад хил хаах гэх мэт эрсдэл үүсэхгүй бол нүүрсний экспортоо төлөвлөсөн хэмжээндээ хийчих байх. Зэсийн худалдаа боломжийн, үнэ нь ч 9000 ам.доллараас буухгүй болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байгаа. Уул уурхай эдийн засгийг авч яваа гэсэн үгийн цаад утга энэ л дээ. Өнөөхөндөө бидэнд нүүрс, зэсээс өөр том аврал алга гэдгийг эндээс харчихаж болно. Цар тахлын үед эдийн засгаа сэвхийлгэе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарч, реформ хийх хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөсөөр байна. Харамсалтай нь өнөөдрийн Засгийн газарт ийм сонирхол, тийм хүсэл алга. Гадаадын хөрөнгө оруулалт дээр гэхэд л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үлбэгэр дүр төрхтэй гэлдэрч яваа нь нуугаад байх юмгүй ил үнэн.Огт мөнгөгүй нөхөр гэнэтхэн нэг наймаа хийж мөнгөжөөд байгаадаа ханаад суучихдаг шиг дүр зургийг Монголын Засгийн газраас харсаар лав арав гаруй жил боллоо. Монгол Улс 2009, 2010 онд уул уурхайн баялгаасаа баахан мөнгө олж, эдийн засаг нь огцом тэлсэн.Огцом тэлсэн гэдэг нь тэр үеийн тоо сэлттэй харьцуулсан тодотгол гэдгийг онцолъё. Олон улсын түвшинд ямар вэ, эдийн засгийн тэлэх боломжоо бүрэн ашиглаж чадсан уу гэсэн өнцгөөс харвал жижигхээн өсөлт. Тэр жижиг өсөлтдөө ханаад цадчихсан учраас хөгжлийнхөө дунд түвшинд гацчихаад байгаа нь нууц биш л дээ. Хатуухан хэлэхэд, дараагийн реформ, дараагийн өсөлтийнхөө төлөө яах ёстой вэ гэсэн асуулт тавиад эрчтэй ажилласан засаг өнгөрсөн арван жилд байсангүй.Энэ хайнга байдлыг учир мэдэх улс “Эдийн засгийн маш буруу, ирээдүйгээ хорлосон бодлого” гэж шүүмжилдэг. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар реформ хийх ёстой, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой, өнөөдөртөө болоод байгаа ч дунд хугацаандаа эдийн засгаа алж байгаа дүлий дүйнгэ хандлагаасаа салах ёстой. Энэ янзаараа явбал цэвэрлэх байгууламж, Дарханы зам гэсэн хоёрхон төсөлтэй 2024 оны сонгуультай золгох байх.Төгсгөлд нь хэлэхэд, долларын ханш тогтвортой, инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь яг өдийд худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд


Өнөөдөр /2021.08.02/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Судалгаагаар шаардлагатай гэж үзвэл иргэдээ гуравдугаар тунд хамруулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-“Ковид-19” халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өдөрт нэмэгдэх тоог бууруулах, халдварын тохиолдлыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Халдварын тохиолдол харьцангуй тогтвортой буурах хандлагатай байна. Өнгөрсөн зургадугаар сард бид хоёр дахь том давлагаанд өртсөн, одоо энэ давлагаа буурч байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй.Наадмаас хойших өдрүүдэд хөдөө орон нутгийн тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар хотын тохиолдын тоо тогтвортой буурах хандлагатай байна. Иймд орон нутагт тохиолдлын тоог хязгаарлах тал дээр Эрүүл мэндийн яам аймаг орон нутгийн эмнэлгүүдийг оношлуур, шаардлагатай эм тариагаар хангах, эмнэл зүйн баг ажиллуулах, шаардлагатай орон нутгуудад тандалтын баг илгээх зэрэг мэргэжил арга зүйгээр хангах тодорхой ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай хамтран олон хүн цугларсан үйл явдлыг хориглох, аль болох гэр бүлийн хүрээнд байлгах талын арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар нэг төрлийн наадам тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газар, УОК-т удаа дараалан оруулсан. Энэ байр сууриа одоо ч хадгалж байгаа. Орон нутагт овооны наадам, ургийн баяр гэх мэт наадам болох эрсдэлтэй байна. Үүнийг хийлгэхгүй байх дээр сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, дельта вирусийн тархалт нэмэгдчих вий гэж түгшээж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг түгээх, хил дээрх хяналтыг сайжруулж хил дээр ирж буй бүх иргэдээс шинжилгээ авч байна. Гадаадаас ирж буй хоёр тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг гэрт нь тусгаарлаж байгаа. Уг тусгаарлалтын хугацаанд хяналтын ПГУ (PCR) шинжилгээг авч хянах, тусгаарлалтын хяналтыг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах тал дээр зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Ер нь Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг төрийн байгууллагуудын зүгээс бүх боломжтой шийдвэрээ гаргаад, шаардлагатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд явж байна. Гэвч үүн дээр иргэдийн маань дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бид энэ цар тахлыг давж гарахгүй. Иргэд маань цар тахлыг хязгаарлахад гол хөшүүрэг болох вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын хоёр метрийн зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүн цугларсан газар очихгүй байх нь чухал байна даа.

-Коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа гэж байсан. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын хэдэн тохиолдол батлагдаад байна вэ?

-“КОВИД-19” халдвар нь шинэ төрлийн вирус учир дэлхий нийтэд судлагдаад явж буй. Гэхдээ зарим улс оронд өвдсөн хүн дахин дельта вирусээр өвдөх тохиолдол гарч байна. Судалгаа нотолгоо эхнээсээ гарч эхэлсэн байна.Иймээс би өвдчихсөн юм чинь гээд айдсаа хойш тавих нь эргээд эрсдэлд оруулна. Таны асуултад товчоор хариулбал, дельта вирусээр өвдөх эрсдэл бүх хүнд байгаа. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Энэ нь дээр хэлсэнчлэн вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй битүү орчинд халдвар хамгааллаа сахих нь туйлын чухал юм.

Долдугаар сард явуулсан сорьцын 93.3 хувь нь альфа, 5.6 хувь нь дельта хувилбарууд эзэлж байна. 

-Манайд амьсгалын аппарат хангалттай бий юү?

-Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, сувилал, эмнэлэг гээд бүх байгууллагын орыг нийлүүлээд 27 мянган ор байдаг. Үүнийхээ 14.500 орыг сая “Ковид-19” өвчний оргил үед дэлгэн өвчтөн хүлээн авлаа. Улсын хэмжээнд 227 эрчимт эмчилгээний ортой. Зургадугаар сарын “Ковид-19” өвчний давлагааны оргил үед энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэн ажиллалаа. Амьсгалын аппарат өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 1100 орчим байна. Энэ нь тухайн эмнэлгүүдэд хангалттай хэмжээнд хангагдсан гэсэн үг. Нөөцөнд 100 гаруй амьсгалын аппарат байна. Ер нь амьсгалын аппарат гэдгийг иргэд буруу ойлгоод байх шиг байна. Энд гурван өөр төрлийн аппаратны тухай яригдаад байгаа юм. Нэгдүгээрт, экмо буюу уушги орлуулагч аппарат. Монголд гурван ширхэг байгаа. Энэ аппарат нь нэг өвчтөнд хэрэглэх зардал маш өндөр буюу 40-50 сая төгрөг. Өвчтөнг уг аппаратанд оруулах заалт нь хязгаарлагдмал буюу бүх хүндэрсэн өвчтөнг оруулах шаардлагагүй. Хоёрдугаарт, амьсгалын аппарат. Дээр би хэлсэн. Манай нөөцөнд хангалттай бий.

Нөгөө талдаа аппаратыг ажиллуулах хүний нөөц хязгаарлагдмал. Гуравдугаарт, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат. Энэ аппарат харин нөөц багатай байсан үе бий. Дэлхийд өөрөө энэ аппаратын хэрэгцээ нэмэгдсэний улмаас ховордсон. Одоо манай улсын хувьд хангалт харьцангуй жигдэрч байна. Амьсгалын аппарат дутагдсанаас болоод хүн нас барсан тохиолдол байхгүй. Харин өөр хүчин зүйлийн улмаас “Ковид-19” өвчний нас баралт бүртгэгдэж буй. Нөгөө талдаа бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Вакцины нөлөөгөөр сүүлийн үед хүндрэл харьцангуй буурч байгаа талаар эмчлэгч эмч нар ярьж байна. Вакцин нь хүндрэл, нас баралтаас 92-94 хувь хамгаалж байгааг Монголын эрдэмтэд судалж тогтоогоод байна. Харамсалтай нь нийт нас баралтын 80 орчим хувь нь архаг суурь өвчтэй, 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, эсвэл нэг тун вакцинд хамрагдсан хүмүүс байна. Энэ нь ч дэлхийд нийт тохиолдолд нас баралт хоёр хувийг эзэлж байгаа бол Монгол Улсад нас баралт 0.5 хувь байгаагаар батлагдаж байгаа.

-Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Дээр хэлсэнчлэн вакцины үр дүн өндөр байгаа гэдгийг дахин тодотгоё. Монгол Улсад хийж буй дөрвөн төрлийн вакцин нь “Ковид-19” өвчнөөс 75-95 хувийн хамгаалах чадвартай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.4 хувь нь нэгдүгээр тун, 60.4 хувь нь хоёрдугаар тун вакцинд хамрагдаад байна. Нэг тоо тайлбарлахыг оролдъё. Вакцины үр нөлөөг 75 хувь гэж тооцвол ойролцоогоор хоёр сая иргэнээс 500 мянган хүн вакцинд хамрагдсан ч өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ хөнгөн өвдөнө. Маш бага. Бүр дахин тодотгон хэлье. Маш бага хувь нь хүндэрч болно. Монголын эрдэмтэн судлаачдын зүгээс бүүстер тунгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлээд явж байна.

Олон улсад ч судалгааны ажлууд хийгдэж, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Турк зэрэг улсуудад гуравдугаар тунг хийж эхлээд байна. Хэрэв бидний судалгаагаар шаардлагатай гэж үзвэл нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчиддаа болон 60-аас дээш насны зорилтот бүлэгт бүүстер тунг сайн дурын үндсэн дээр хийгдэж болзошгүй. Судалгаанд үндэслэж шийдвэр гарах учраас эхлээд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сайн сонсох болно. Тэд ямар зөвлөгөө зөвлөмжийг гаргана, тэр дагуу шийдвэрээ гаргана.

-Ковидын нөхцөл байдлаас харахад ирэх есдүгээр сарын 1 гэхэд хичээл сургууль танхимаар хичээллэх боломжтой байна уу. Та хэрхэн харж байна?

-БШУЯ-наас хуулийн дагуу есүгээр сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа гэдгээ бидэнд илэрхийлсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс ч дэмжиж байгаа. Гэвч халдварын нөхцөл байдал, тэр дундаа мутацилагдсан вирусийн тархалтын байдлаас хамаарч эцсийн саналаа хүргүүлнэ. Аль ч тохиолдолд бэлэн байдлаа хангаж, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй, эрүүл байлгахын төлөө шаардлагатай журам, зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна. Шаардлагатай сургалтуудыг ч боловсролын байгууллагын ажилтнуудад хийхээр бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна 12-17 насны хүүхдүүдийг “Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр насны 198,150 хүүхэд нэгдүгээр тундаа хамрагдсан бол 123,033 нь бүрэн тундаа хамрагджээ. Наймдугаар сарын 4-ний өдрөөс өмнө үлдсэн хүүхдүүдийг вакциндаа хамрагдаарай гэж хүсэх байна. Энэ нөхцөлд есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж дархлаа үүсч, хичээл сургууль хугацаандаа эхлэхэд томоохон дэмжлэг болно гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ.

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тухайлбал,

  • Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
  • Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
  • Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм.

Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм. “Өглөөний Улаанбаатар” нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын
наймдугаар сарын 2.
Сумъяа гариг. Билгийн
тооллын 24, хар морь
өдөр. Өдрийн наран
05: 30 цагт мандан 20:27
цагт жаргана.

Тухайн өдөр
барь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн.

Эл өдөр ан гөрөө хийх, мал
адгуус муулах, угаал үйлдэх, тангараг
тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,
морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хоыш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Туулын бэлчир орчмоор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Иргэддээ дайсагнадаг Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд нарыг огцруулж, цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж шийтгэх ёстой” гэв


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол-Хятадын
худалдааны эргэлтийг
10 тэрбум ам.долларт
хүргэхийн төлөө идэвхтэй
хамтран ажиллах
тохиролцоонд хүрсэн” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг II нүүрээс уншаарай.

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2024 онд багтааж дуусгана” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Иргэддээ дайсагнадаг
Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд
нарыг огцруулж, цагдаа нарт эрүүгийн
хэрэг үүсгэж шийтгэх ёстой” гэв.

“Шар айраг” хамтлагийн
дуучин, аялагч Г.Ганхүү “Токиогийн олимп
шиг олимп миний амьдралд
тохиож байгаагүй” гэснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
судлаач И.Энхболд “Монгол Улс БНСУ-тай
иж бүрэн стратегийн түншлэлд
хүрэх зорилгын нэг нь Зүүн хойд
Азийн аюулгүй байдлыг хангах юм” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Монгол Улсын шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн,
хууль зүйн шинжлэх ухааны
доктор Н.Лүндэндорж “Иргэд эрх, үүргээ
мэдэхгүй байгаа цагт
цагдаа нар олон нийтийн
эрх ашгийг хүндэтгэх
бололцоогүй” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгчдийн автобус руу халджээ

ds

Сомали улсын хөлбөмбөгийн “JCCI FC” клубийн тоглогчид сууж явсан автобус руу үл таних этгээдүүд довтолж аминд нь хүрчээ.

Уг явдал Сомали улсын нийслэл Могадишу хотоос зүүн өмнө зүгт 500 км-ын зайд байрлах Кисмаяо хотод болсон бөгөөд дөрвөн хүн амиа алдаж зургаан хүн хүнд бэртсэн гэх урьдчилсан мэдээ гараад байна.

Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр автобусанд бэлтгэлийн талбай руугаа явж байсан нийт 20 тоглогч байсан бөгөөд автобус хөдлөөд удалгүй дэлбэрчээ.

Дэлбэрэлт маш хүчтэй болсон тул тэсрэх бөмбөгийг хөдлөхөөс нь өмнө суулгасан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж буй ба мөрдөн байцаалт явуулж байна.

Categories
мэдээ спорт

Катар олимпийн анхны алтан медалиа авлаа

Олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнүүд эдгээр өдрүүдэд үргэлжлж байна. Өчигдөр/2021.07.31/ эрэгтэйчүүдийн 96 кг-ийн тэмцээн болж, Катарын тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Фарес Элбах нийт 402 кг өргөж, улсынхаа олимпийн анхны алтан медалийг авчирчээ. Харин мөнгөн мдалийг Венесуэлийн Кэйдомар Валленилла, хүрэл медалийг Гүржийн Антон Пльеснои нар тус тус хүртжээ.

Өдгөө 23 настай Элбах “Энэ олимпийн наадмаас алтан медаль авсанаараа бахархаж байна” гэжээ.2.8 сая хүн амтай Катар улс олимпийн наадмаас зургаа дахь медалиа авч байна. Тэд хамгийн анх 1984 оны Лос Анжелесын олимпод баг тамирчдаа илгээж байсан бол 1992 оны Барселонагийн олимпоос анхны медалиа хүртэж байжээ. Тухайн үед тус улсын тамирчин Мохамед Сулейман 1500 метрийн гүйлтэнд хүрэл медаль хүртэж байв.

Катар улс энэ удаагийн Токиогийн олимпод 16 тамирчнаа илгээжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улс Монголд 8 сая долларын тусламж үзүүлнэ

Covid-19 цар тахалтай тэмцэх Монгол Улсын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс Япон Улс 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ Монгол Улсыг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслүүд гэх мэт тоног төхөөрөмжөөр нэн даруй хангахаар болсон байна.

“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 22-нд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах үеэрээ Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“JICA” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотноо долдугаар сарын 19-нд байгуулсан баримт бичигт тусгасан Монголд үзүүлэх шинэ тусламж нь Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орон бүрд вакцинжуулалтын аяныг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн нэг хэсэг аж.

Мөн тус байгууллага нь саяхан Мозамбик, Палестин улсуудад 430 сая, 897 сая иений тусламж үзүүлэхээр болсон юм. Япон нь НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөр тэргүүтэй санаачилгуудаар дамжуулан дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй улсуудад вакцинуудыг тэгш хуваарилах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаараа манлайлж буй улсуудын нэг юм.

Гэвч хөгжиж буй орнуудад вакцины хүйтэн хэлхээг бий болгох боломж хомс байгаа учир Япон “COVAX” хөтөлбөрийг нөхөх “Last One Mile Support” төслийг хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.