Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Даваахүү 23 дугаар байрт орж тэмцээнээ дуусгалаа

Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгал өнөөдөр эхэлж Э.Даваахүү цэц сорилоо.

Тус төрөлд нийт 27 тамирчин оролцсоноос манай тамирчин 565 оноогоор 23 дугаар байранд бичигдэж тэмцээнээ дуусгалаа.

Нийт тамирчдаас хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарах бөгөөд одоогоор шилдэг зургаан тамирчин тодроогүй байна.

Categories
мэдээ спорт

Монголын Морин спортын ДАШТ-д өрсөлдөх тамирчид ОХУ-ыг зорилоо

Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр ОХУ-ыг зорьж байна.

Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Доржийн Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орноос оролцож өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон байна.

Энэ удаагийн багт:

Эрэгтэй: Алтанхуягийн Даваажаргал, Энхболдын Билгүүн, Онгонбаатарын Отгонбаатар

Эмэгтэй: Оюунгэрэлийн Уугантуяа, Энхбаярын Гантүлхүүр, Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 килограммын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг оролцож байгаа.

Тэгвэл өнөөдөр С.Батцэцэг эхний барилдаанаа Францын тамирчин Кумба Ларрокийн эсрэг хийж, 4:3 харьцаатайгаар ялалт байгууллаа. Улмаар С.Батцэцэг зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 килограммын жингийн шөвгийн наймд шалгарч байгаа юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1063 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1063 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 166.210

Мөн гурван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 823 боллоо.

Мөн 1957 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ зөөлөн царайлчихаад…

Мэдээ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлт үзэхээр Япон руу нислээ.

Хоёр хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд анхны ажлын айлчлалаа Япон улсад хийж буй бөгөөд энэ айлчлал нь Олимпын нээлттэй давхцаж буй юм байна.

Тав хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд Япон дахь ажлын айлчлалаараа тус улсын Эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайдтай нь уулзав. Энэ үеэр Япон очоод байсан Францын ерөнхийлөгч, АНУ-ын тэргүүн хатагтай нартай албан бус уулзалт хийжээ. Буцах замдаа БНСУ-ын ерөнхий сайд, “Эксим” банкны ерөнхийлөгчтэй уулзжээ. Ерөнхий сайд энэ айлчлалаараа улс төр, эдийн засгийн томоохон хэлэлцээр, тохироог хийв.

…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд хүрдэг ажлын мэдээллийн дэс дараалал энэ.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхдаа ажлынхаа мэдээллийг олон нийтэд хурдтай, гол нь угтуулж хүргэдэг байсан байгаа юм. Болохгүй бол өөрөө Төрийн ордонд “камер”-тай таарч яриа өгөөд мэдээллээ хүргэчихдэг байжээ.

Ер нь тэр сул гишүүн байхдаа зүгээр байдаггүй нөхөр байсан л даа. “Эрдэнэт”-ийн 49, М.Энхболд, 60 тэрбум гээд том “сэдэв”-үүд барьж аваад гүйчихдэг. Тиймээс хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг байв.

Харин Ерөнхий сайд болсноосоо хойшх хагас жилд хачин даруухан болжээ. Засгийн газрын мэдээллийн сайт нь ч байж байж шинэ мэдээ тавьдаг. Хурд хөөдөггүй.

Л.Оюун-Эрдэнэ сошиалаар бол сайн гөвүүлдэг. Гэхдээ тэр бүрт хариу барихгүй. Дуугардаггүй.

Ерөнхий сайд, МАН-ын дарга учраас ингэж “гөвүүлэх хэрэгцээ” ч байдаг бололтой. Гөвдөг хэдэн сэдэв байх. Тэдгээрийн голлодог нь “Ерөнхий сайд хатуу байх ёстой авч эсрэгээрээ байна” гэдэг шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл, гурав, дөрвөн жилийн өмнө Монголын нөлөө бүхий нөхдүүдийн өмнөөс цод цод хийж явсан Л.Оюун-Эрдэнийг олон нийт мартчихжээ.

Оронд нь зөөлөн зөөлөн дуугарсан, зөөлөн царайлсан Ерөнхий сайдын дүрээр мэддэг болсон байна.

Тэгээд бас сошиалд сайн гөвүүлнэ. Тэрийг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ковид тарааж, эдийн засаг унагаагаад баллаж буй ажээ.

Үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход “Энэ хүн гурван сарын дараа унана” гэсэн “дагалдах прогноз” байсан. Хагас жил өнгөрчээ. Огцроогүй байж л байна.

Гэвч “Унана” гэдэг улсууд нь тэр үгээ хэлсээр л сууж байна. Угаасаа Монголын улс төр ийм байдаг л даа. Сүүлийн 30 жилд лав хэн нэгэн томоохон албан тушаалд очихтой зэрэгцээд “Унана” гэж ярьж эхэлдэг юм. Улс төр юм л даа. Сөрөг хүчин, улс төрийн өрсөлдөгчдийн үндсэн ажил нь эндээс эхэлдэг гэхэд болно.

Гэхдээ хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэд Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхээс “өвлөгдөж” очсон Ерөнхий сайдын суудал маш хүнд ачаатай. Дэлхийд ковид тарчихсан. Монгол ч нэрвэгдчихсэн. Тэр утгаараа хэн хүссэн нь хийе гээд хийчихээргүй, за гээд ажил амжуулчихааргүй цаг үе үргэлжилж байна.

Харин “албан мэдээ”-нээс өөр үг амнаасаа унагахаа больсон Л.Оюун-Эрдэнэ хагас жилийн өмнө чуулганы хуралдаан дээр танилцуулсан зорилтуудаа ягштал дагаж ажиллаж байгааг олон талын эх сурвалж нотлон дүгнэж байх юм.

Тодруулбал, тэр дөрвөн зорилтынх нь эхэнд вакцинжуулалтыг шийднэ гэсэн. Хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулсан. Эдийн засгийг сэргээх арга хэмжээ авна гэсэн. 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Авлигатай тэмцэж, цахим улс болохын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр ажил нь эхлээд явж байна.

Хамгийн сүүлд, 20-иод хоногийн өмнө Замын-Үүдээр эхлүүлсэн Авлигын индексийг бууруулах энэ үйл ажиллагаа нь харин “хүний, өөрийн” олон дайсан бий болгох бололтой дог. Тэр хэрээр сайхан гөвүүлнэ гэсэн үг.

Зөвхөн Замын-Үүд тойрсон асуудалд л гэхэд өөрийнх нь намын харьяалалтай УИХ-ын гишүүд холбогдож, удахгүй гар, хөлүүд нь хууль хяналтын байгууллагад татагдах мэдээлэл нэлээд яригдаж байна.

Мөн Ерөнхий сайдын ажлыг авснаасаа хойш,аль эсвэл сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхаасаа ярьж, шүүмжилж ирсэн зүйлүүдээ одоо ч орхиогүй байна. Энэ нь олон хэрэг маргаан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, шийдэлтээс харагдаж буй бөгөөд цаашдаа улам мэдрэгдэх гэнэ.

Ер нь хараад байх нээ, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөөлөн царай гаргачихаад, цааагуураа зэвүүн ажиладаг” гэсэн намынх нь нэг нөхрийн саяхны үг үнэний ортой ажээ.

Б.Нямдорж

Categories
мэдээ нийгэм

Сангийн яам тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болжээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолын баталсан “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-т төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүнд инновацыг нэвтрүүлэх арга замын нэг нь цахим засаглалыг хөгжүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын Засгийн газар “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Сангийн яам хуульд заасан тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог боллоо. Одоогийн байдлаар Сангийн яам болон түүний харьяа байгууллага нийт 12 тусгай зөвшөөрөл, 1 эрх, 3 зөвшөөрөл олгож байна.

Монгол Улсын Сангийн яамнаас дараах 6 төрлийн тусгай зөвшөөрөл, 1 эрх олгож байна. Үүнд:

  1. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  2. Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл;
  3. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл;
  4. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  5. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл;
  6. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог.

Мөн Гаалийн ерөнхий газраас дараах 6 тусгай зөвшөөрөл, 3 зөвшөөрөл олгодог. Үүнд:

  1. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  4. Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  5. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  6. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  7. Гаалийн хяналтын бүс тогтоох;
  8. Түр агуулахын зөвшөөрөл олгох;
  9. Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.

Дээрх зөвшөөрлүүдийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудаас олгож ирсэн. Уг хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатай олгож 3 жил тутам дахин баримт бичиг бүрдүүлж, хугацааг нь сунгуулдаг. Цаашид Сангийн яам болон харьяа байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүд зөвхөн цахим хэлбэрээр олгодог болж байна. Иргэн аж ахуйн нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хэрэгцээт тусгай зөвшөөрлийн хүсэлтээ https://license.mof.gov.mn цахим хуудсанд илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээдэг болж байна.

Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацаа сунгах үйл ажиллагаа сайжрахаас гадна, тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналт сайжрах зэрэг давуу талууд гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Хөх морьт ВМ” групптай хамтран Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа.

Тус камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэй.

Мөн гадна зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн тамирчид олимпийн алтан медалиа хуваалцав

Ням гаригт Токио 2020 зуны олимпийн наадмын өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн хоёр тамирчин алтан медалиа хувааж авахаар болсон нь түүхэнд тохиосон ховор үзэгдэл байв.

Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар бүх үзүүлэлтээрээ тэнцээд байжээ. Тэд хоёул ижил 2.37 метрийн өндөрт харайж, амжилттай болон бүтэлгүй оролдлогын тоо зэрэг бусад бүх үзүүлэлт нь тэнцсэн байна.

Шүүгчид тэдэнд тэнцээгээ хагалах нэмэлт өрсөлдөөнийг санал болгосон юм. Гэтэл тамирчид алтан медалиа хувааж зүүх боломжтой эсэхийг асуужээ.

Ингээд зохион байгуулагчид зөвшөөрснөөр Баршим, Тамбери нар олимпын өндрийн харайлтын төрлийн алтан медалийг хувааж зүүхээр болсон юм.

Хамгийн сүүлд 1912 онд хоёр тамирчин олимпийн алтан медалийг хувааж авсан түүхтэй юм байна.

Гуравдугаар байранд орж, хүрэл медаль зүүсэн Беларусийн Максим Недасеков мөн 2.37 метрийн өндөрт харайсан ч бүтэлгүй оролдлогын тоо нь түрүүлсэн хоёр тамирчныхаас илүү олон байсан юм.

Катар улс энэ удаагийн олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа авсан нь энэ болжээ. Бямба гаригт Катарын хүндийн өргөлтийн тамирчин Фарез Элбах улсынхаа түүхэнд анхны алтан медалийг авсан юм.

Жанмарко Тамбери гэмтлийн улмаас Риогийн 2016 оны олимпыг алгасч байсан ч ийнхүү Токиогийн наадамд алтан медаль зүүжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 311 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10304 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4456, тусгаарлан ажиглах 17 байранд 508 иргэн, орон нутагт 242 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5337 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 908 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгалд Э.Даваахүү цэц сорино. Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин эхний өдрийн байдлаар 23-т жагсаж байна.

Хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. (UBS, SBN, VTV)

10:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр “B” хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

10:58. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.

Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

14:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр “А” хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)