Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Цагаан хад суурьшлын бүс халдваргүй ногоон бүс болжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүс халдваргүй бүс болсныг аймгийн Онцгой комисс нь өчигдөр мэдэгдлээ.

Тус бүсэд зургадугаар сарын 29-нөөс хойш коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаалд тухайн бүс нутагт 28 хоногийн турш өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ хэмээн заасан байдаг. Энэ дагуу Гашуун сухайт, Цагаан хад суурьшлын бүс халдвар бүс болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэддээ дайсагнадаг Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд нарыг огцруулж, цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж шийтгэх ёстой

Монголын цагдаагийн үнэн дүр төрх хэдхэн хоногийн өмнө цацагдсан бичлэгээс тов тод харагдаж байна. Бааранд төлбөрөө төлөхөөс цааргалсан гэх шалтгаанаар хоёр залуугийн нэгийг зодсон бололтой гавлаж унагаад, нөгөөхийг нь зогсоо зайгүй өшигчин, цохиж унагаж байгаа бичлэг хоёр минут орчим боловч үйл явдал нь цаг гаруй үргэлжилсэн бололтой. Хэдий бичлэг цацагдсанаас хойш албаныхан түмэн тайлбар хэлж байгаа ч энэ бол Монголын цагдаа монголчуудаа хүн гэж үздэггүйн нэг жишээ юм. “Энэ үйл явдал хоёр жилийн өмнө болсон. Зодсон хоёр цагдааг ажлаас нь халсан. Хэргийг АТГ шалгаж байгаа” гэх мэт тайлбар бол цагдаагийн дарга нарын арьсаа хамгаалах гэсэн арга ядсан үйл явдал юм.

Улаанбаатарт шөнө дунд хүртэл ажилладаг эрх дархтай баар бол цагдаагийн дарга нарынх байдаг. Тийм бүрэн эрхтэй болохоороо л шөнө цагдаад дуудлага өгч, өнөөх цагдаа нар нь даргадаа үнэнчээ үзүүлэхээр залуусыг тэгж аймшигтайгаар зодоо биз. Үүний дараа хоорондоо үгсэн тохирч, хэргийг тухайн өдрийн албан бүртгэлд оруулаагүй нуусан байна. Эндээс харахад яалт ч үгүй цагдаагийн томчуудын оролцоотой баар саванд ийм хэрэг болжээ. АТГ баарны далд эздийг зарлана гэдэгт найдаж байна.

Баар, нийтийн үйлчилгээний газарт энэ мэт зөрчил бишгүй л гардаг. Тэр тоолонд дуудлагаар ирсэн цагдаа нар ингэж аймшигтайгаар зоддог юм биш байгаа. Архи ууж, хэрүүл зарга үүсгэсэндээ бантаад ихэнх нь цагдаагийн гарын шүүс болоод дуугүй өнгөрдөг байж мэднэ. Бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс харж байхад цагдаад зодуулж байсан тухайгаа маш олон хүн бичжээ. Ингэхээр цагдаа нар мань хэдийгээ зодож дээрэлхдэг байдал бүр хэвшил болсон, энгийн үзэгдэл мэт бат бөх суурьшжээ. Болохгүй бол бороохойддог, үүнийхээ төлөө цагдаа, тэдний удирдлагын хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Тэгэх л ёстой юм шиг хээв нэг гар далайдаг. Өнөөдөр ч хананы цаана хэн нэгнийг цагдаа, хүчнийхэн нэвширтэл зодож байж мэднэ.

Тун ойрхны хэдэн жишээ дурдъя.

Жишээ нэг. Тавьсан шаардлага биелүүлээгүй хэмээн хэдэн цагдаа Ц хэмээх иргэнийг олноороо дарж аван, гавлаж баривчилсан хэрэг өнгөрөгч оны арван нэгэн сард шуугиан тарьж байлаа. Үүний хариуд цагдаагаас “Тэр залуу чинь өмнө нь өчнөөн зөрчил гаргасан, ер нь танхай этгээд шүү” гэсэн тайлбар олон нийтэд цацаж байсан юм.

Жишээ хоёр. Сар гаруйхны өмнө төв талбай дээр ковидоор нас барагсдынхаа араас гашуудан зул өргөх даруухан ёслол болов. Хүмүүс тэнд нэг их бужигнаж, олноороо ирээгүй, увж цувж цөөн цөөнөөр ирж зул өргөөд буцаж байсан юм. Гэтэл цагдаа нар дайран орж ирээд зул хүжийг нь авч зугтан бөөн үймээн дэгдээлээ. Тайлбар нь “Ковидтой үед ингэж болохгүй” гэсэн боловч үхсэн хүмүүсийн араас битгий сүржигнэ гэсэн хандлага мэдрэгдээд байв.

Жишээ гурав. Арваад хоногийн өмнө сагсны талбайд бөмбөг тоглож байсан залуусыг мөн л гавлаж баривчиллаа. Маргааш нь “тэд чинь үгэнд орохгүй байсан юм” гэх маягийн зүйл цагдаагаас хэлэв.

Жишээ дөрөв. Өнгөрсөн долоо хоногт машинаараа хүн дайрч хүнд гэмтээсэн гэмт хэргийн бичлэг сошиал орчинд тавьсан залууг баривчилж, байцаалт энэ тэр авч сүрийг үзүүлж байгаа. Мөн л “дайруулсан хүн сүртэй гэмтээгүй” гэх тайлбар шидэхээр зэхэж суугаа бололтой.

За тэгээд замын цагдаа нь буланд нуугдаж зогсож байгаад гэнэт гарч ирээд торгодог, үг хэл үйлдэл, биеийн хэлэмжээрээ дээрэлхэж дарамталдаг гэдгийг хэн хүнгүй л хэлнэ дээ. Бүгд цагдаагийн ийм дарамтыг ямар нэгэн байдлаар амссан байдаг. Зодуулчихаагүй нь их юм учраас дуугүйхэн шиг өнгөрдөг юм.

Ковидын цар тахлаар далимдуулж, цагдаагийн түрэмгийлэл хэрээс хэтэрснийг хэн хүнгүй мэдэрч байгаа байх. Цар тахлын үед цагдаагийн вант улс болсныг эргэж иргэний улс болгохгүй бол удахгүй цагдаа нар Монголыг мэддэг, захирдаг болох шинж бүрэлдээд тогтчихлоо. Өнгөрсөн хоёр гуравхан жилд хотын төвд хэдэн зуун тэрбумын үнэтэй боссон цагдаа, хүчнийхний гантиг орд харшийг харахад цэргийн хунтын дэглэмтэй улсад байгаа мэт санагддаг болоод удлаа. Дээрээс нь Ерөнхий сайд нь Хэнтийнх, цагдаагийн дарга нь мөн Хэнтийнх байж болохгүй. Ийм жалга дов, төрөл садны холбоотой болоод ирэхээрээ л нөгөө хонгил үүсдэг гэдгийг сүүлийн 30 жилийн туршлага бэлээхэн харуулж ирлээ. Тэр хонгилоор дургүйгээ хүргэсэн хэнийг ч болов шулуухан шоронд илгээж болдог гэдгийг бид мэддэг болсон. Ийм учраас Цагдаагийн даргыг дариухан ажлаас нь халах хэрэгтэй байна. Салбарт нь байж боломгүй хэрэг зөрчил байнга гараад байхад хэлгүй, дүлий мэт сууж байдаг Хууль зүйн сайд ч хариуцлага хүлээж огцрох ёстой.

Энэ бүгдийг мэдсээр, харсаар байж зүгээр сууж болохгүй гэдгийг ард түмэн мэдмээрсэн. Дургүйгээ хүрвэл буудаад алчихдаг жишээг Долдугаар сарын 1-ний таван хүний халуун амиар нэрлэж болно. Хууль зөрчсөн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохоос зарц барлаг, дайснаа дарлаж байгаа мэт ард түмэндээ ханддаг цагдаатай байж болохгүй. Цагдаа, хүчнийхний цалин хангамж ард түмний халааснаас гардаг. Гэтэл ард түмэндээ дайсан мэт ханддаг, эрх баригчдыг эзнээ мэт хайрладаг цагдаатай байж боломгүй байна. Цагдаад дээрээсээ доошоо хүртэл нэвт шувт шингэсэн, ард түмэндээ дайсагнадаг үзлийг үндсээр нь өөрчилж шинэчлэхгүй бол монголчууд бороохойны дор боол мэт зодуулсаар байх нь.

Одоо юуны түрүүнд дээрх залуусыг зодсон цагдаа нар, тухайн үед хуйвалдаж бүртгэлд оруулаагүй хүмүүс, дүүрэг, тасгийн дарга нарыг нь ч гэсэн нэрийг зарлаж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй байна. Дахин хэлэхэд, Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд нь ажлын болоод ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын химийн олимпиадаас монгол сурагчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон Улсын химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг олимпиадад 79 орны 312 сурагч оролцсоноос Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авсан байна.

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад байдаг бөгөөд эдгээр нь

  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Газар зүйн олимпиад юм.

Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авч, дөрвөн сурагч тусгай байрт шалгарлаа.

Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.

Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Та Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлын тухай тодруулахгүй юу?

-Монгол, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй өрнөдөг учраас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг ярилцах шаардлага байсан. Би Гадаад харилцааны сайдын албан үүргийг хүлээн авсны дараахан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааг цар тахлын нөхцөл байдалд аль болох хэвийн явуулах талаар тодорхой ойлголцолд хүрсэн байснаа энэ удаагийн айлчлалаар бэхжүүлж чадлаа. Цар тахлын нөхцөл байдлын улмаас айлчлалын хөтөлбөр жирийн үеийнхтэй харьцуулбал цомхон, арга хэмжээ цөөн байсан хэдий ч дөрвөн цаг орчим үргэлжилсэн хэлэлцээ, зоогийн үеэр Монгол, Хятадын харилцааны өргөн хүрээний асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэндээ сэтгэл хангалуун байна.

Хэлэлцээний үеэр бид хоёр улсын харилцааны ойрын хугацааны төлөвлөлтийг ярилцаж, дээд удирдлагын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэхээс гадна хамтын ажиллагааны голлох механизмууд тухайлбал, парламент хоорондын байнгын уулзалтын механизм, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан, ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо. Хамтын ажиллагааны гол гол салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, зарим асуудлаар тохиролцоонд хүрсэн бол зарим асуудлыг хоёр талын холбогдох байгууллагууд нарийвчлан хэлэлцэхээр тогтсон.

Хоёр улс “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж буйг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасныг онцлон тэмдэглэмээр байна.

-Энэ хамтарсан мэдэгдлийн ач холбогдол юу болохыг манай уншигчдад дэлгэрүүлж танилцуулахгүй юу?

-Коронавируст халдварын тархалт дэлхийн бүх улсын өмнө томоохон сорилтуудыг бий болгож буйг бид бүгд мэднэ. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэг хамтран, уялдаатай ажиллаж байж даван туулж чадах билээ.

Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн цагаас Монгол, Хятадын ард түмэн “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэгчлэн бие биедээ чин сэтгэлийн дэмжлэг туслалцааг харилцан үзүүлж нягт хамтран ажиллаж байна. Цар тахлын эсрэг хамтран тэмцэхийн зэрэгцээ онцгой нөхцөл байдалд ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг аль болох хэвийн өрнүүлэхэд анхаарч ирлээ. Өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг боломжит хэлбэрээр зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харьцангуй сайн явуулж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хоёр улсын ГХЯ-даар ахлуулсан коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмыг байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож ажиллалаа. Цар тахлын үед хоёр улсын хилийн боомтуудад “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлж эхэлсэн нь хоёр улсад ажил, үйлдвэрлэлтийг сэргээх, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллага хооронд цахим уулзалт хийж, халдварын тархалт, оношилгоо, эмчилгээний аргачлалын талаарх мэдээллийг шуурхай солилцож ирсний дүнд хоёр улсын хооронд халдвар харилцан тархаагүй амжилтаа удаан хугацаанд хадгалж байна. 4700 гаруй км урт хилээр хиллэдэг орнуудын хувьд энэ нь томоохон амжилт гэдгийг манай уншигчид ойлгож буй гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын дотоодод коронавируст халдвар тархаж эхэлсэн хүнд хэцүү цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн тусламжийн гараа сунгаж, 300 мянган тун вакцины туслалцааг үзүүлж, улмаар мөн арилжааны шугамаар 4 сая тун “Синофарм” компанийн веросел вакциныг худалдан авах зохицуулалтыг шуурхай хийсэнд Монгол Улсын Засгийн газар, ард иргэд гүн талархалтай байдаг.

Хамтын ажиллагааны эдгээр чиглэлийг үргэлжлүүлж, халдварын тархалтаас сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсонд нь энэхүү Хамтарсан мэдэгдлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал тодорхой хугацаанд үргэлжлэх нь ойлгомжтой болж байгаа өнөөгийн нөхцөл байдалд хөрш орнууд дасан зохицож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зорихоо нотолсон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд эерэг дохио өгч байна гэж хэлж болох юм.

-Таны айлчлалаас өмнө хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, мөн олон чухал тохиролцоонд хүрсэн тухай мэдээ гарч байсан. Та Ван И сайдтай эдгээр тохиролцоог бодит ажил болгох төлөвлөгөөг нарийвчлан тохирсон гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орсны дараахан хөрш орнуудын төрийн тэргүүн нартай утсаар ярьж, хоёр болон гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрсэн нь Монгол-Орос, Монгол-Хятадын харилцаа цаашид тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, Хятадын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрсэн.

Миний бие Ван И сайдтай уулзах үеэрээ хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх хүрээнд хоёр талаас авах арга хэмжээний талаар нарийвчлан ярилцсан. Тухайлбал, “Талын зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дараагийн шатны төслүүдийг тохиролцох, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд дуусгахаар тохирсон. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр цөлжилт, шороон шуургатай тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, ажлын хэсэг байгуулан хамтарсан төслийг нарийвчлан хэлэлцэхээр тогтсон.

-Тэгвэл нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, тохирсон зүйлүүд бий юү?

-Манай улсаас экспортлох нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь халдварын тархалтаас сэргийлэх үүднээс хил дамнасан хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоосонтой холбоотой гэдгийг та бүхэн мэднэ. Урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх зэрэг замаар Монголоос импортоор авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал нотолсон. Хилийн бүс нутагт халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр манай талаас авч буй цогц арга хэмжээний талаар Хятадын талд мэдээлэл өгч, голлох боомтуудаар тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн манай талын саналуудыг би танилцуулсан. Хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний дүнд нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Халдварын тархалтыг хянаж, байдал сайжирвал худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж буй хандлага улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.

-Экспортыг нэмэгдүүлнэ гэхээр хилийн боомтуудын асуудал яригдаж таарна. Боомтуудын хүчин чадлыг нэмэх, саад бэрхшээлийг арилгах талаар нааштай шийдэлд хүрч чадсан уу?

-Мэдээж нэг удаагийн хэлэлцээний хугацаанд манай хоёр орон шиг өргөн харилцааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй. Гадаад харилцааны яамны удирдлагын түвшинд гол зарчмын тохиролцоог л хийдэг. Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлсний үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллах тохиролцоонд хүрсэн.Бидний хүрсэн тохиролцоог бодит ажил болгохоор хоёр талын холбогдох байгууллагуудын түвшинд, тухайлбал орон нутгийн түвшинд яриа хэлэлцээ өнөөдөр ч үргэлжилж байна. Манай консулын газрын төлөөлөл Ганцмод боомтод, холбогдогдох яам, байгууллагын төлөөлөл Гашуунсухайт боомтод ажиллаж Хятадын талын холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Боомт бүрийн нөхцөл байдал өөр байгаа тул тухайн нөхцөл байдалд тохирсон шийдэл олох, хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Саяхан манайд байгуулагдсан Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа ямар учиртай байгууллага вэ?

БНХАУ-д Боомтын захиргаа гэдэг боомттой холбоотой бүхий л асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөн хэрэгжүүлдэг байгууллага байдаг. Манай улсад тийм байгууллага байдаггүй нь боомтуудын үйл ажиллагааны асуудлаар хоёр талын хооронд шуурхай хамтран ажиллахад тодорхой хүндрэл учруулж байсан. Энэ байдлыг сайжруулах үүднээс Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, холбогдох хуулийн зохицуулалтыг УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсний дүнд Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа хэмээх байгууллагыг шинээр байгуулаад байна.Уг захиргааны чиг үүрэг нь хилийн боомтын хяналт, улс хоорондын тээвэр зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах явдал юм.

Монгол Улсын Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа БНХАУ-ын Улсын боомтын захиргаатай шууд хамтын ажиллагаа тогтоож, хоёр улсын хилийн боомтуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шуурхай хэлэлцэх, хамтран зохицуулах механизм байгуулах саналыг айлчлалын үеэр манай талаас дэвшүүлснийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.

-Хөнгөлөлттэй зээл, тусламжийн асуудал яригдсан уу. Ер нь ямар хамтарсан төслүүд хэрэгжиж байна вэ. Шинээр яригдсан төсөл бий юү?

-Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцсон. Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцад цар тахлын улмаас тодорхой хүндрэл гарч буй нь ойлгомжтой. Тухайлбал, төслийн үнэлгээ хийх баг, төсөл хэрэгжүүлэхэд оролцох инженер, техникийн ажилтнууд төлөвлөсөн хугацаандаа ирж ажиллаж чадахгүй байх тохиолдол гарч байгаа. Шинээр хэрэгжүүлэх төслүүд, тухайлбал, аймгуудад ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, эмнэлэг барих төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн. Хоёр талын тохирсон процедурын дагуу Хятадын тал судалж хариу өгөх, манайх төслийн нарийвчилсан мэдээллийг өгөх зэргээр цаашид холбогдох ажил үргэлжилнэ.

-Ван И сайд та хоёрын ярьж тохирсон ажлууд яг хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх вэ. Яг бодит үр дүн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд яаж мэдрэгдэх бол?

-Дээр дурдсанчлан Гадаад харилцааны яамны удирдлагын түвшинд зарчмын асуудлуудыг ярьж, тохиролцдог. Хамтын ажиллагаа хөгжүүлэх ерөнхий нөхцөл, уур амьсгал, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь ГХЯ-дын үндсэн үүрэг юм. Хэрэгжүүлэх тодорхой ажлыг нь холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд хийдэг. Мэдээж тохиролцсон ажлуудын хэрэгжилтэд ГХЯ-дын зүгээс анхаарал хандуулж, хяналт тавьж, тодорхой зохицуулалт, дэмжлэг үзүүлэх болно.

-Таны айлчлалаас өмнө БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар хичээлэх хүсэлт хүргүүлсэн. Энэ асуудлыг нааштай шийдэж чадсан уу?

-Манай 11 мянга гаруй оюутнуудын эрх ашиг хөндөгдөж буй учраас энэ асуудлыг миний зүгээс онцлон ярьсан. Хятадад суралцаж буй бүх улсын оюутнуудтай холбоотой асуудал тул Хятадын тал нарийвчлан судалж байгаа юм байна лээ. Боловсролын яамтайгаа энэ асуудлыг зөвлөлдөж, нааштайгаар шийдвэрлэх боломжийг судлахаа ГХЯ-ны зүгээс илэрхийлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл үүсч болох магадлалтай. ГХЯ-ны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаараа дамжуулан цаашид ч энэ асуудалд анхаарлаа хандуулах болно.

– Эцэст нь асуухад, манай иргэд хэзээнээс урд хөршдөө чөлөөтэй зорчиж эхлэх бол?

-Цар тахлын улмаас иргэд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан нь манай хоёр улс шиг иргэдийн солилцоо ихтэй орнуудын хувьд багагүй асуудлыг үүсгэж байгааг би онцлон ярьсан. Иймээс вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хоёр улсын хоорондын агаарын харилцааг үе шаттайгаар сэргээх, тухайлбал эхний ээлжинд сард хоёр талаас нэг, нэг нислэг хийх зэргээр аажмаар сэргээх санал дэвшүүлсэн. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, вирус мутацид орж байгаа нь халдвараас сэргийлэх ажилд хүндрэл үүсгэж байгааг Хятадын тал тэмдэглэн ярьж байна лээ. Улс хоорондын агаарын харилцааг сэргээх нь цаг хугацааны асуудал бөгөөд цаашид зохицуулалтыг хэрхэн хийх талаар үргэлжлүүлэн санал солилцохын төлөө байгаагаа Хятадын талаас илэрхийлсэн.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр Х.Болортуяа чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглоно

Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж 11:42 цагаас Х.Болортуяа зодоглоно. 25 настай тэрээр Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдана.

Тэдний ялсан нь шөвгийн наймд Бразил болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдах учиртай.

Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнчлэн өнөөдөр гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө дэвжээнд гарна. ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Э.Манолова, Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан нь манай тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө хүч үзнэ.

Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын
наймдугаар сарын 3.
Ангараг гариг. Билгийн
тооллын 25, харагчин
хонь өдөр. Өдрийн наран
05:31 цагт мандан 20:25
цагт жаргана.

Энэ өдөр
гахай, туулай жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандааж биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг
шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан
бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх,
сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх,
хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой бич,
нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нд нутгийн баруун хагаст, 5, 6-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Нүүрсний экспортын орлого өнгөрсөн
оныхоос өсөх магадлал өндөр байна” гэснийг II нүүрээс уншаарай.

Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн
эрсдэлээс иргэдээ хамгаалах нь манай салбарын
санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй
байна” гэж гоншигнохоо боливол яасан юм” хэмээн өгүүллээ.

Өдрийн сонинд “Эрээний гаалийн агуулахад байгаа ачааг
14 хоногийн дотор татаж дуусгана гэв” хэмээснийг “Томилолт” булангаас уншаарай.

Хүүхэд хүчирхийлэхийн
эсрэг Үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн
гишүүн С.Байгалмаа “Хүүхэд гэр бүлийн
байгууллагуудын үйл ажиллагаа сул, хүүхэд
хамгаалах тогтолцоо сэхээнд байна” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Грекийн тамирчин 8.41 метр харайж, олимпын аварга боллоо

Хөнгөн атлетикийн уртын харайлтын төрөлд Грекийн тамирчин Милтиадис Тэнтоглу 8.41 метр хол харайж олимпийн аварга боллоо. Мөнгөн медалийг Кубийн Хуан Мигел Эчеварриа 8.41 (+2) амжилтаар хүртсэн бол хүрэл медалийг мөн Кубийн Мэйкел Массо 8.21 метр харайн хүртсэн байна.

Өдгөө 23 настай Тэнтоглу Риогийн олимпод 7.64 метр харайж байсан бөгөөд тэр үед 18 настай залуу тамирчин байв. Тэрээр 2018 онд 8.25 метр харайж Европын аварга болж байсан. Уртын харайлтын олимпийн дээд амжилтыг АНУ-ын тамирчин Боб Бимон 1968 оны Мексикийн олимпод 8.90 метрээр тогтоож байв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэх боломжтой юу?

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Үүнийг дагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, тогтворжуулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлага үүсээд байна.

Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн үү?

  1. Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчинг бүрдүүлж өгч байна. Харин манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан төсөл хэрэгжих шатандаа явж байна. Тун удахгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлт бий болох юм.
  2. “Өнөөдөр Монголд хамгийн сайн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй жишээг авч үзэхэд ард нь эмэгтэй захирал л байдаг” хэмээн Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, тэдний бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх цаг хэдийнээ ирснийг харуулж байна.
  3. Мөн аливаа бизнесийг урт хугацаанд, амжилттай явуулах үндэс суурь нь санхүүгийн орчинг зөв бүрдүүлэх явдал юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдээс гадна хувийн хэвшлийнхэн хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга зам болоод байна.

Эдгээрээс үзэхэд Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа юм.

Голомт банк дээрх асуудалд анхаарлаа хандуулж “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр-2021”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах чадварыг хөгжүүлэх сургалтуудыг цувралаар зохион байгуулснаас гадна зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг харилцагчдадаа олгож эхлээд байна. Тус зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой зээлийн шинэ бүтээгдэхүүн юм. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.