Categories
мэдээ нийгэм

2-3 настнуудыг цэцэрлэгт авах талаарх тусгай төлөвлөгөөг аравдугаар сарын эхээр танилцуулна

Энэ хичээлийн жилд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгт танхимын болон танхимын бус хэлбэрээр авч эхлэхээр боллоо.

Харин 2-3 настай хүүхдүүдийг энэ хичээлийн жилд цэцэрлэг хамруулах эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад “2-3 настай хүүхдүүд бол томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг. Иймд томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ.

2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт авах талаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн талаар баасан гаригт мэдээлэл өгнө” гэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 6-ны Баасан гарагт өгөх юм байна. Энэ үеэр мөн 4-5 насны цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ыг энэ сарын 19-22-ны хооронд зохион байгуулна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хослуулсан хэлбэрт шилжинэ. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна.

Халдвар авсан хүүхдүүд шалгалтдаа орж чадахгүй нөхцөл байдал үүсвэл ЭЕШ-ыг дахин нэг удаа зохион байгуулна. Тиймээс МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар хичээллүүлэхээр шийдсэн” гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Бэхбаяр 5:1 харьцаагаар ялагдлаа

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр олимпийн дэвжээнд хийсэн хоёр дахь барилдаандаа Ираны бөх Резра Атрид 5:1-ээр ялагдлаа. Хоёрдугаар үеийн эхэн гэхэд хоёр тамирчин шүүгчээс заасан идэвхийн оноо л аваад байсан. Энэ үед иран бөх 2:1-ээр тэргүүлж байв. Нэгэнт хожигдож эхэлсэн манай бөх оноо авахаар дайраад дутуудаж ардаа алдсанаар нэмж хоёр оноо алдан байдал хэцүүдэж ирсэн. Улмаар төгсгөлд дэвжээнээс гарч нэг оноо алдсанаар эцсийн дүндээ 5:1-ээр дийлдэв.
Ингэснээр Бэхээ энэхүү иран бөхтэй дөрөв барилдаж, гурав ялагдсан үзүүлэлттэй болж байна. Одоо Ираны Атри финалд шалгарвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсрол,
шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрээр “2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг ярилцлаа. Өнгөрсөн онд нийт хичээлийн цагийн 47 хувь нь хаалттай байжээ. 100-110 өдөр танхимаар хичээллэж чадаагүй. Ингэснээр хүүхдүүд 68 хувийн боломжоо алдсан. Өнгөрсөн хоёр жилд гээд тооцвол нийт 60 хувийн хичээлээ танхимаар явуулаагүй. Энэ нь олон эрсдэл дагууллаа. Мөн 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон. Иймд бид ирэх сарын 1-нээс танхимын болон танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээлийг эхлүүлнэ. Учир нь ахлах ангийн хүүхдүүдийн олонх нь бүрэн тундаа хамрагдлаа. Гэвч халдвар авсан 5 хүний нэг нь хүүхэд байна. тэр дундаа 0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар авах явдал өндөр хэвээр байна.

Цэцэрлэгүүдийг мөн танхимаар нээнэ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар эсэн хуваарийн дагуу хичээллэнэ. Харин МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Учир нь энэ жил ЭЕШ-ыг хойшлуулсан. ЭЕШ-ыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.

Манай хоёр хөрш оронд ч халдвар тархлаа. Эцэг эхчүүд төрийн байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүслээ. Эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүүхдүүд цахимаар хичээллэх боломжоор бид хангана” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай орны хойд хэсгийн нутгаар Сибирийн түймрийн утаа орж иржээ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхээд байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа юм.

Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутгаар /Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар/ улам өтгөрөх болохыг хиймэл дагуулаас авсан доорх зураг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнийн өсөлт, өрийн дарамтад иргэдийн нуруу бөхийсөөр …

Өнгөрсөн долдугаар сарын 2 болон 30-ны өдрүүдэд шатахууны үнэ тус бүр 300 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, АИ-92 авто бензин нэг литр нь 1450 төгрөг байсан бол өнөөдөр 2050 төгрөгт хүрээд байгаа юм. Энэхүү үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд орших “Дарь-Эх” зах, хүнсний бөөний төв болон найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зорьсон юм.


Зарим иргэд хоногийнхоо хоолны ногоог ширхэг ширхгээр нь граммлаж авдаг болсон

Үдийн 14 цагийн үед “Дарь-Эх” захаар ороход үйлчлүүлэгчид багатай эль хульхан байв. Хүнсний ногоо болон гурил будааны тасгаар очлоо. “Ямар ногоо авах вэ. Ногоогоо аваарай” хэмээн худалдагчид ам уралдан хэлэв. Тэдний хувьд ийнхүү үйлчлүүлэгчээ нэгнээсээ урьтаж дуудах нь өдрийн орлогоо бага боловч нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэл гэдгийг тус захад гурван жилийн турш хүнсний ногооны худалдаа эрхэлж байгаа Г.Ганчимэг хэлж байна. Сүүлийн долоо хоног бүх төрлийн ногооны үнэ килограмм тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Учир нь тэдэнд хүнсний ногоо бөөний үнээр нийлүүлдэг иргэд шуудай ногооныхоо үнийг 15-20 мянган төгрөгөөр нэмсэн гэв. Тухайлбал, долоо хоногийн өмнө шуудай ногоо 80 мянган төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол өнөөдөр 100 мянган төгрөг болсон байна. Тиймээс энэхүү үнийн өсөлтийг килограмм тутамд нь шингээж нэмэхээс өөр аргагүй гэнэ. Тодруулбал, шинэ ургацын монгол лууван килограмм нь 4500 төгрөг, хятад лууван 3500 төгрөгт хүрчээ. Долоо хоногийн өмнө төмс кг нь 2000 төгрөг байсан бол 2500, манжин 2500-3000, байцаа 3000-3500 төгрөг болж нэмэгдсэн байна. Ийнхүү килограмм тутамд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс болж зарим иргэд хоногийнхоо хоолны ногоог ширхэг ширхгээр нь граммлаж авдаг болсон гэв.

Биднийг ийнхүү ярилцах зуур 30 гаруй насны эмэгтэй нэг байцаа, хоёр килограмм лууван, таван килограмм төмс авлаа. Нийт тооцоо 31000 төгрөг болсныг дуулахтай зэрэгцэн эмэгтэй бухимдаж эхлэв. “Та нар яахаараа өөрсдийнхөө аманд орсон үнийг хэлж байдаг юм. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байна. Бензин шатахууны үнэ нэмэгдлээ гэх сургаар бүгд үнээ нэмчих юм. Эргээд шатахуун буухаар буулгадаггүй биз дээ.

Тэгвэл наад ногоог чинь авахаа болилоо” хэмээн ширэв татав. Худалдагч бүсгүй “Бид ямар санаанаасаа зохиосон үнээ хэлээд байгаа биш дээ. Цаанаасаа л үнэ нь нэмэгдээд байна шүү дээ” гэх түүний тайлбарыг сонсох сөхөөгүй цааш явчихав. Хэдийнэ уутлаад бэлдчихсэн ногоонуудаа эргүүлэн гаргах зуураа “Үнийн өсөлт иргэд болон худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсийн дунд үл ойлголцол гарахад хүргэдэг. Иргэд биднийг үнэ нэмээд байна гэж ойлгодог. Гэтэл бид чинь өдөрт түрээсийн төлбөрөө төлөөд хоолныхоо мөнгийг илүүчлэхийн тулд зогсдог юм шүү дээ. Хүнсний ногооноос гадна нарийн ногоо тансаг хэрэглээндээ орсон. Хотын төвийнхөн ямар байдгийг мэдэхгүй. Дарь-Эх захаар үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь гэр хорооллынхон болохоор арай дөнгүүр амьдралтай хүмүүс л нарийн ногоо авдаг. Түүнээс биш хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс нарийн ногоо руу хялайх ч үгүй. Нарийн ногоо амархан муудчихдаг. Тиймээс зарж ашиг олохоос илүү алдагдалд орох эрсдэлтэй гэв.

-жижиг савлагаатай, үнэ хямд бүтээгдэхүүн сонгож байна-

Гурил будаа, ургамлын тосны тасгийн худалдагч Д.Долгоржав хэлэхдээ, бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Тухайлбал, таван килограммын хар сакура будааны үнэ 20-25 мянган төгрөг болж 5000 төгрөгөөр нэмэгдсэн. Иргэд аль болох хамгийн хямд гурил, будаа, ургамлын тос авч хэрэглэж байна. Хэдийгээр гурилын үнэ одоогоор нэмэгдээгүй ч наймдугаар сарын дундуур нэмэгдэнэ гэдгийг борлуулагчид нь хэлж байна. Тиймээс бид мөнгөнийхөө боломжинд тааруулаад аль болох нөөцлөхийг хичээж байна. Гэхдээ иргэд 25 кг-ын гурил авахаас илүүтэй нэг юм уу таван кг-ын гурил, будаа түлхүү худалдан авч байна. Өмнө нь таван литрийн ургамлын тос сардаа 10-15 ширхэг зарагддаг байсан бол энэ сард таван ширхгийг ч зараагүй. Иргэд мөнгө санхүүгийн байдалдаа тааруулаад жижиг савлагаатай, үнэ хямд бүтээгдэхүүн сонгож байна.Энэ мэт жишээнээс иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг харж болно.Зарим иргэд “Бичиг баримт, эд хогшилоо тавья аа. Хэд хоног идэх гурил, будаа зээлээч” гэж байна. Манайх өдөрт багадаа 600-800 мянган төгрөгийн орлоготой байсан. Одоо хамгийн ихдээ 300 мянган төгрөгийн орлоготой болж, орлого хоёр дахин буурсан. Ингээд тооцохоор бидний мөнгө эргэлтгүй гацчихаж байгаа юм. Ахмадын тэтгэвэр буух, хүүхдийн мөнгө орох, цалин буух хэдэн өдрүүдэд орлого харьцангуй сайжирдаг. Бусад өдрүүдэд таны харж байгаачлан үйлчлүүлэгч ховор л байна шүү дээ хэмээн ярилаа.


-Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өрийн дэвтэр зузаарсан-

Тус худалдааны төвөөс гараад Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлаас чанх хойш чиглэн гудамж өгссөөр “Буурал хайрхан” хүнсний дэлгүүр рүү орлоо. Тус дэлгүүрийн худалдагч сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өрийн дэвтэр зузаарсныг хэлж байна. “Манай энэ хавийн айлуудад төрийн албанд ажилладаг хүн ховор. Бүгд л хувийн байгууллагад ажилладаг. Сүүлийн үед нэг бол ажлаасаа халагдчихлаа, эсвэл цалингаа өгөхгүй байна” гэж орж ирэх хүмүүс олон болсон. Энэ хавийнхаа айл өрхийн амьдралыг бид нар андахгүй дээ. Ихэнх нь халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгөөр амьдардаг айл өрхүүд байна. Үнэн учраа хэлээд хоногийн хоол зээл өгөөч гээд ороод ирэхээр яах ч аргагүй өгөөд л явуулах юм. Сүүлдээ өөрөө эргэлтийн мөнгөгүй болох дээрээ тулаад байна хэмээн өрийн дэвтэр дээрх тэмдэглэлээ үзүүлэв. Он гарсаар хоёр бүтэн дэвтэр дуусгаад дахин нэгийг эхлүүлсэн гэнэ. Зарим иргэд зээлээ төлөлгүй 3-4 сар болж байгаа аж. “Үнэндээ мөнгө байвал өгчихдөг л дөө. Үнэхээр мөнгөгүй байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Зарим нь иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, халамжийн дэвтэр, банкны картаа барьж орж ирээд хүүхдүүддээ хоногийн хоолны юм авах гэсэн юм гээд л учирлах юм. Надад одоогоор 30 орчим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, халамжийн дэвтэр байна. Огт барьцаагүй өгөөд байх хэцүү болохоор худлаа үнэн бичиг баримтыг нь авч үлдэх юм” гэсээр гартаа багтаж ядсан бичиг баримт үзүүлэв. “Үнэндээ ард түмний амьдрал ингэж л доройтоод байна шүү дээ. Төрийн ордонд суудаг нөхдүүд захын гэр хорооллын дэлгүүрийн худалдагч бид нараас ард түмний амьдрал ямар байгааг асуумаар юм. Тэд гэр хорооллынхноос тасарчихсан амьдралтай болохоор иргэд яаж амьдарч байгааг мэдэхгүй л дээ. Хоногийн хоолондоо мах хэрэглэж байгаа айл бол арай боломжийн амьдралтайд тооцогдоно. Түүнээс биш ихэнх нь дотор гэдэс л авна шүү дээ. Дэнжийн мянга дээр дотор гэдэс ч олдохоо больсон. Өмнө нь 800-1000 төгрөгөөр аваад 1200-1500 төгрөгөөр зардаг байсан жижиглэн (зарим нь нохойн хоол гэж нэрлэдэг) өнөөдөр бөөний үнэ нь 1500 төгрөг болчихсон байна. Өмнө нь 800 төгрөг байхад нь арай гэж худалдаж авдаг байсан хүмүүс 1500 -1800 төгрөг болчихоор яах юм бүү мэд” гэв. Худалдагчийн хэлсэн жижиглэнг задлаад үзвэл багахан хэмжээний уушги, бөөр, өөх, зүрх л байна. Нийт жин нь 500-600 грамм аж. Үүгээр хэдэн ам бүлийн оройн хоол хийдгийг тааж үл чадна.Тус дэлгүүрт дотор махан таташ хэмжээнээсээ хамаараад 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол богийн зүрх нэг килограмм нь 8500 төгрөгийн үнэтэй байна. Нэг ширхэг зүрх жинлүүр дээр тавин тооцуулахад 1800 төгрөг болж байх. Тэгэхээр 2000 төгрөгөөр нэг ширхэг зүрх авах уу, таташ авах уу, жижиглэн авах уу гэсэн сонголтын өмнө нь ирэх нь тэр. Биднийг ийнхүү ярилцаж байх зуур бага насны хүүхдээ тэвэрсэн залуу бүсгүй орж ирээд нэг таташ, хоёр ширхэг төмс, нэг лууван тавиулан тооцуулахад 5000 төгрөг болов. “Эгч ээ, нохойн хоолны гоймон нэгийг авъя” гэхэд худалдагч бидний нэрлэж заншсанаар 10-ийн уутанд боосон нунтагдуу гоймонгоос авч өгөв. Дэлгүүрийн худалдагч хэлэхдээ, нохойн хоолны гоймон л гэнэ, өөрсдөө л хоол хийж иддэг байхгүй юу. Хүн байхаар санаа зовсон бололтой. Намайг ганцаараа үед орж ирэхдээ жижиг, гоймноос авъя л гэдэг юм. Нохойн хоолны гоймон ч гэж дээ гоймонгийн үйлдвэрүүдээс гардаг хаягдал гоймон л доо. Хүмүүс нохойн хоолны гоймон гээд нэрлэчихсэн болохоос биш хэмээн учирлав. 2000 төгрөгийн үнэтэй тус гоймонгоор хамгийн багадаа гурван удаа хоол хийгээд идэх боломжтой гэнэ.

-Банштай цайны тансаглал-

Үнэндээ ядуурал, ажилгүйдэлд өртсөн бидний хэлж заншсанаар нийгмийн эмзэг бүлгийнхнийг холоос хайх хэрэг алга. Урдхан талд минь байшин хороолол сүндэрлэж байхад, уулын орой дээр шил шилээ дараад бүрээс нь уранхай, өрх нь салбархай бөөрөнхий гэрт амьдрал үргэлжилж, ирээдүйн эх орны эзэд гэдэс нь хоосон ч өсч торниж байна. Будаатай цайны үнэр хамар цоригсон гэрт явж орлоо. 2-18 насны таван хүүхэд будаг нь халцарсан модон ширээ тойрч суугаад саяхан аягалсан банштай цайг оочилно. Өнөөдөр тэдний баярт өдөр. Учир нь аав хөдөөнөөс ирсэн учраас ийнхүү банштай цайтай өдрийг угтаж байгаа гэнэ. Энэ бол О.Батхуягийнх. Тэднийх ам бүл долуулаа. Одоогоор хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөг тэдний гэр бүлийн гол орлого. О.Батхуяг хувийн компанид түгээлтийн жолоочоор ажиллаж байсан ч коронавирусийн улмаас компани нь ашиггүй ажиллаж эхэлсэн тул ажлаасаа халагдсан байна. Хэд хоногийн өмнөөс Төв аймаг руу ногоо тариалалтын ажилд орсон гэнэ. Өчигдөр захирлын хамт хот руу орж ирэхдээ цалингаасаа 50 мянган төгрөг гуйж авсан учраас өнөөдөр хүүхдүүд нь банштай цай ууж “тансаглаж” байгаа гэнэ. Түүний эхнэрийг Г.Отгонбаяр гэдэг. Тэрээр ажлын байр олдохгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь тэдэнд хүндхэн тусч байгааг хэлж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх учраас хүүхдийнхээ мөнгөнөөс бага боловч хуримтлуулахыг хичээж байгаа ч энэ хэвээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байвал яах учраа олохгүй байна гэв.

Буцах замдаа уулын энгэрт шуурганд бүрээс нь дэрвэн байгаа гэрийн зүг чиглэлээ. Тус гэрийн урд талд байх гэрээс 60 гаруй насны эмэгтэй гарч ирэв. Түүнийг БЗД-ийн 27 хорооны иргэн Д.Дугар гэдэг. Тэдний хойно байрлах уг гэр түүний том хүү Д.Батсүхийнх гэнэ. Тус айл 0-9 насны дөрвөн хүүхэдтэй аж. Нөхөр нь Босса компанид борлуулагч хийдэг байсан ч коронавирусийн хямралын улмаас ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжжээ. Эхнэр нь барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй тул хаа нэгтээ ажил байгаа эсэхийг сураглахаар гарчээ. Хүүхдийн мөнгө энэ өрхийн гол санхүүгийн эх үүсвэр. Энэхүү айлд хадгалаад байх хүнс ч алга, хөргөгч ч алга. Хэзээ ирэх нь үл мэдэх ээж аавыгаа хүлээх хүүхдүүд бороотой өдрийн салхи өрхний оосор нижигнүүлэхтэй зэрэгцэн дулаан хөнжилдөө шургана. Өнөөдөр ард түмний амьдралыг элдэв хачиргүйгээр харуулахад ийм л байна. Иргэдийн амьдрал үнийн өсөлт, өрийн дарамтад нэрвэгджээ. Эцэст нь Статистикийн үндэсний хорооны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг наймдугаар сарын 2-ны байдлаар харьцуулахад нэгдүгээр зэргийн савласан гурил нэг кг нь 1376 төгрөг байсан бол 1400 болжээ. Түүнчлэн, хоёрдугаар зэргийн савласан гурил нэг кг нь 990 төгрөгөөс 1100 төгрөг болжээ. Мөн үүнийг дагаад талхны үнэ өссөн байна. Баянзүрх, Барс-1 захуудад зүсээгүй Атар талх 1280-аас 1300 болж өсчээ. Одоогийн байдлаар үхэр, хонь, ямаа, адууны махны үнэ тогтвортой байна. Харин тахианы мах 9632 байсан бол 9800 төгрөг болж өсчээ. Өндөг 373 төгрөг байсан бол 410 төгрөг болж нэмэгдсэн байна. Нэг литртэй ургамлын тос зургадугаар сарын 30-нд 4450 төгрөг байсан бол нэг сарын дотор 550 төгрөгөөр өсч, 5000 төгрөг болжээ. Нэг кг лууван 2000 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдрийн байдлаар 5000 төгрөг болжээ. Сонгино кг нь 2100 байснаас 3500 болж нэмэгдсэн бол байцааны үнэ 2450 байснаас 2500 болж өссөн байна. Амтат чинжүүний үнэ кг нь 6900 төгрөг байснаас 8000 төгрөг, улаан лооль 8650 байснаас 10000 болж өссөн үзүүлэлттэй байна.Такси үйлчилгээний үнэ шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө км тутамд 1000 төгрөг байсан бол 500 төгрөгөөр нэмэгдэж, 1500 төгрөг болсон байна.

Өдрөөс өдөрт нэмэгдэх үнийн өсөлт, өрийн дарамтад иргэдийн нуруу бөхийсөөр л байна. Тун удахгүй туйлдаж унахыг нь харсаар л суух уу?!

П.БАТЗАЯА

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул Риогийн олимпийн аваргад ялагдлаа

Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдлаа.

Эхний үед манай тамирчныг идэвхгүй барилдсан гэж үзэн торгуулийн 30 секунд тоолсон. Энэ хугацаанд оноо авч чадаагүй тул Кавай нэг оноотой боллоо.

Харин хоёрдугаар үе эхлээд Кавай ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Тоглолтыг хяналтдаа авч эхэлсэн Кавай дахин хоёр удаа ард нь гарч 4 оноо авснаар 0-7 харьцаагаар Японы аварга яллаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Энэтхэг болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Японы бөх финалд шалгарвал Б.Хонгорзул дагаж барилдан хүрлийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Төв банкинд даалгажээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм.

Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекын хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав.

Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.