Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэг 220 орны хүчин чадалтай нэгдсэн эмнэлэгтэй болно

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол боллоо.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, гүйцэтгэгч компанийн захирал Б.Боролзойхүү болон хорооны Засаг даргын Ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүллээ.

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай дүүргийн хувьд жилдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд 260 гаруй мянган хүн хамрагдаж, 16 мянга орчим ээжүүд төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэд үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн байна. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоо 1067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна.

Энэ тоо цаашид өснө. Үүний нэг жишээ: Нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд орон сууцны 7 хороолол буюу манай дүүргийн 9-12 хороодыг хамарсан бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ хэсэгт өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30476 иргэн амьдарч байна. Төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оны түвшинд энэ тоо 25293 өрхийн 91055 хүн суурьшин амьдрах тооцоо судалгаа байна”. Мөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд “Ковид-19” цар тахлын нөхцөл хүнд байгааг дурдаад, эмнэлэг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг онцолсон юм.

Энэхүү эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн бөгөөд туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Михайн Лопес Нунес дөрөв дэх олимпдоо дараалан түрүүлэв

Чөлөөт бөхийн сонгомлын +130 кг жинд Кубийн тамирчин Михайн Лопес Нунес Гүржийн Лакоби Кажайаг ялж аваргаллаа.

Тав дахь олимпдоо оролцсон 38 настай Михайн ийнхүү дөрвөн олимп дараалан алтан медаль хүртэж байна.

Анх 2004 оны Афины олимпод 21 насандаа орж тавдугаар байр эзэлсэн тэрээр 2008, 2012, 2016 оны олимпоос гадна тав удаагийн буюу 2005, 2007, 2009, 2010, 2014 оны дэлхийн аварга, 2015, 2011, 2006 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Түүнийг анхны олимпдоо орж байхад ах Майкл нь боксоор хүрэл медаль хүртэж байсан бол эхнэр Мейлин нь 2008 оны Бээжингийн олимпод туялзуур сэлэмний төрлөөр өрсөлдөж байжээ.

Алт авсан олимп бүрдээ Кубийн шигшээ багийн тугийг барьж байсан Михайн 10 наснаасаа барилдаж эхэлсэн бөгөөд “The Kid”, “The Terrible” хэмээн хочилдог.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ

Эдийн засгаа аварч, эрүүл мэндээ хамгаалах цогц хөтөлбөрийг Засгийн газраас хоёрдугаар сард баталсан юм.

Нийт арван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох зорилготой бөгөөд одоогоор 3.3 их наяд төгрөгийн зээл олгожээ.

Үүний 1.7 их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалахад, хөдөө өж ахуйн салбарыг хамгаалахад 319 тэрбум, ипотекийн зээлд 561 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Дээрх зээлийг олгосноор өнөөдрийн байдлаар 216 мянган ажлын байрыг хамгаалсан буюу ийм тооны хүн ажлаас халагдах эрсдэлийг арилгажээ. Нийт 2 их наяд төгрөгийг ажлын байр хадгалахад зарцуулна. Төв банк энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Токиод өнөөдөр өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр өглөө эрт Японы нийслэл Токио хотод 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн тухай гэрчүүд мэдээлжээ.

Орон нутгийн цагаар өглөөний 5:30 цагт болсон газар хөдлөлтийн дараа цүнами үүсэх эрсдэлгүйг Японы Цаг Уурын хүрээлэн мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв нь Ибараки мужийн эргээс 40 км зайтай, далайн гүнд бүртгэгдсэн байна.

Olympic Games earthquake: a 6.0-magnitude earthquake hits the coast of Tokyo  | 711web

Чичиргээ 20 секундээс 3 минут хүртэл хугацаанд үргэлжилсэн тухай Олимпын хотхонд байгаа гэрчүүд мэдээлжээ.

Олимпын байгууламжууд газар хөдлөлтийн эрсдлээс хамгаалагдсан бүтэцтэй баригдсан гэгддэг. Тухайлбал олимпын хотхон цүнамигийн үед 2 метр хүртэл өндөр давалгаанаас хамгаалах далантай байгуулагдсан гэнэ. Японы арлууд нь газар хөдлөлтийн давтамж, галт уулын идэвхжлээрээ алдартай “Галт цагираг” хэмээх Номхон Далайн бүсэд харьяалагддаг.

2011 онд болсон газар хөдлөлт, цүнамигийн үеэр Фүкүшимагийн атомын цахилгаан станц осолдож, 18,500 орчим хүн амиа алдаж байв.

“Зохион байгуулагчдын хувьд вирусийн халдвар нэн тэргүүний сорилт болж байна. Гэхдээ Япон улс олимпыг зохион байгуулж буй тохиолдолд газар хөдлөлтийн аюулыг хэзээ ч мартаж болохгүй” хэмээн Японы гамшгийн эрсдэл судлаач Хиротада Хиросэ наадам эхлэхийн өмнө AFP агентлагт ярьж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Дэлгэрмөрөн, Бүгсий Хангай нурууны өврийн Байдраг, Онги, арын Идэр, Чулуут, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 60 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын багийн сүүлийн ээлж Токиог зорилоо


Энэ удаагийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд манай 3 марафонч оролцоно. Өнөөдөр
Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Токиог зорилоо. Б.Сэр-Одын хувьд Нагоя хотод бэлтгэлээ хангаж буй. Тэндээсээ олимпод очиж оролцоно.
Categories
гадаад мэдээ

Тайланд хөл хорионы бүсээ өргөтгөв

Цар тахлын шинэ давлагаанд өртөөд байгаа Азийн орнуудын нэг бол Тайланд улс юм. Сүүлийн үед Тайландад өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо 15 мянгыг давах болсон. Тухайлбал, даваа гаригт 18 мянга гаруй хүнээс “Ковид-19″ илэрсэн бол энэ өдөр 178 эндэгдэл бүртгэгдсэн талаар Тайландын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Иймд өчигдрөөс эхлэн Тайландын нийт 29 мужид халдварын эсрэг хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Мөн хөл хорионы бүсийг өргөтгөх шийдвэр гараад байна.

Тодруулбал, Тайландын засгийн газар шинэ коронавирусийн халдвар өндөр байгаа Бангкок болон бусад мужуудаар хязгаарлалтын арга хэмжээг тэлж байгаа бөгөөд одоо мөргөгдөж байгаа арга хэмжээнүүдийг 2 долоо хоногоор сунгахаар болж байна. Энэ хүрээнд халдвар өндөртэй байгаа муж, хотуудад шөнийн хөл хориог зарлаж, муж хооронд зорчих хөдөлгөөнийг хоригложээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Японы иргэншил авчээ. Ийнхүү гадаадын ёкозүна цолтнуудаас тав дахь нь их наран улсын иргэн болж байна.

Тодруулбал, түүнээс өмнө Акэбоно, Мүсашимарү, Хакүхо, Какүрюү нар иргэншлээ солиод байсан юм.

Тэрүнофүжигийн хэтийн зорилго нь зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд үлдэн, оякатагаар ажиллах боломжоо нээж байгаа билээ.

Энэ талаар түүний анхны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв цахим хуудасдаа “Ёкозүна Г.Ган-Эрдэнэ маань өнөөдөр Японы иргэншилээ авлаа. Озэки цолтой барилдаж байхдаа энэ тухай юу ч ярьдаггүй байсан. Хүнд хэцүү бэртэл гэмтэл, бэрхээс бэрхийг даван туулж өнөөдрийн энэ их алдар хүндэд хүрэхэд дэвжээний багшийнх нь итгэл сэтгэл их дэм өгсөн. Багш нь хавраас энэ саналыг тавьж эхэлсэн. Дэвжээнээсээ хоёр Монгол аварга төрүүлсэн. Багшийнхаа ачийг хариулж “Би Япон Монголдоо биш их аваргатаа дэвжээгээ өвлүүлмээр байна” гэсэн саналыг хүлээн авч ачийг нь хариулж иргэншлээ авчээ. Эрэмгий Монгол хөвгүүдээс дэвжээндээ авч ирээдүйн их аварга төрүүлээрэй гэж эрхэм шавьдаа хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Энэ сарын 3-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 348 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 4 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ.

Түүнчлэн Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт ковидын 323 тохиолдол илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт илэрсэн 977 халдварын 323 нь Баян-Өлгий аймагт бүртгэгдлээ. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 2721-д хүрлээ.

Баян-Өлгий аймаг зургадугаар сарын 2-ныг хүртэл ногоон бүс байсан. Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр тус аймагт дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэн юм.

Баян-Өлгий аймаг 14 хоногийн өмнө халдварын тохиолдол 300 гаруй байсан бол өнөөдөр 2721-д хүрлээ. Аймгийн хэмжээнд 200 гаруй кластер бий болсон байна.

Бусад аймгуудын мэдээллийг хүргэхэд

  • Дархан-Уул аймагт 123,
  • Орхонд 67,
  • Хөвсгөлд 16,
  • Булганд 18,
  • Сэлэнгэд 46,
  • Хэнтийд 39,
  • Төв аймагт 14,
  • Дорнодод 21,
  • Сүхбаатарт 10,
  • Говьсүмбэрт 6,
  • Дундговьд 15,
  • Өвөрхангайд 22,
  • Говь-Алтайд 23,
  • Баянхонгорт 36,
  • Архангайд 20,
  • Увсад 25,
  • Ховдод 103,
  • Дорноговь аймагт 6,
  • Завхан аймагт 28
  • Өмнөговь аймагт 16 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.