Categories
амьдралын-өнгө мэдээ

“Цагаан хад” суурьшлын бүсийн жолоочдоос халдвар илрэх нь багасжээ

“Цагаан хад” суурьшлын бүсээс БНХАУ-руу гарах нүүрсний экспорт тэг зогсож, 1900 ачаатай тээврийн хэрэгсэл хил гарч чадалгүй сар гаруй гацсан. Учир нь “Цагаан хад” дахь нүүрс тээврийн жолоочдоос коронавирусийн халдвар удаа дараа илэрсэн юм. Энэ байдлыг БНХАУ-ын тал эрсдэл дагуулна гэж үзсэнээр хилээ хаахад хүрсэн. Тиймээс Ханбогд сумын онцгой комиссын шийдвэрээр зургадугаар сарын 23-ны өдрөөс “Цагаан хад”-нд хөл хорио тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлыг 14 хоногийн хугацаатайгаар зарласан юм.

Ийнхүү Гашуунсухайт боомтын нүүрсний экспортод хүндрэл үүсч, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж олон мянган жолооч нар ажил, орлогогүй болсон. Хүндрэлийг даван туулах, нүүрсний экспортыг гацаанаас гаргаж, хэвийн үргэлжлүүлэхээр тээврийн 160 гаруй компаниуд нэгдэн “Монгол тээвэр нэгдэл” ийн дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газрууд

Монгол Улс аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, аж амьдрал, зан заншил үүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэгвэл аялагчиддаа зориулан аялахад тохиромжтой Монголын үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна.


ТЭРХИЙН ЦАГААН НУУР, ХОРГЫН ТОГОО

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

ХӨВСГӨЛ НУУР

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй.

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ

Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.

УВС НУУР, ИХ НУУРУУДЫН ХОТГОР

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.

Увс Аймагт Очоод Үзэхгүй Л Бол Харамсах Газарууд – Soninsodon.life

ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙН ХАДНЫ СҮГ ЗУРАГ

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолит үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

УЛААН ЦУТГАЛАН

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.

САЙХАНЫ ХӨТӨЛ

Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй бий.

Categories
мэдээ спорт

NBA FINALS: Цувралын гурав дахь тоглолтод “Милуоки Бакс” баг ялалт байгуулав

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2020-2021 оны улирлын аварга шалгаруулах цуврал үргэлжилж байна.

Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт “Милуоки Бакс” багийн талбайд болж, талбайн эзэд “Финикс Санс” багийн 120:100 оноо харьцаатайгаар хожиж, анхны хожлоо авлаа.

Тоглолтод “Милуоки Бакс” багийн лидер Яннис Антетокоунмпо 37 минут тоглож, 41 оноо, 13 самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт өгч, сайн тоглолт үзүүлсэн бол “Финикс Санс” багаас Крил Пол 19, Девин Бүүкер 10 оноо авсан юм.

Цувралын дөрөв дэх тоглолт Монголын цагаар долдугаар сарын 14-ний 09:00 цагт “Милуоки Бакс” багийн талбайд болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ААН-үүд үйлчлүүлэгчийнхээ вакцины гэрчилгээг шалгах заавар

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Ингэснээр хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна.

Ийнхүү хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, байгууллагууд гэрээнд заасны дагуу e-mongolia.mn болон qr.ulaanbaatar.mn системийг ашиглан үйлчлүүлэгчдийн вакцины гэрчилгээг шалгаж, вакциндаа бүрэн хамрагдаж, 14 хоног өнгөрсөн иргэнийг нэвтрүүлэх үүрэгтэй.

Энэхүү qr.ulaanbaatar.mn системд нэвтэрч, иргэний вакцины гэрчилгээ шалгах зааврыг доорх бичлэгээс дэлгэрүүлж үзэх боломжтой.

Түүнчлэн аж, ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэгч иргэн Та иргэний цахим үнэмлэхээ биедээ авч явахыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

​Орон нутгийн замд дөрвөн хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн хоёр хоногт таван хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ. Тодруулбал, авто ослоор нас барсан хүмүүсийн дөрөв нь орон нутагт, нэг нь нийслэлд тус тус бүртгэгджээ. Ноцтой ослуудаас дурдвал,

Баянзүрх дүүргийн нутаг, Хонхорын замд суудлын автомашин онхолдож, зорчигч нь амь насаа алдсан ноцтой осол энэ сарын 10-нд шилжих шөнийн 02:00 цагт гарсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дэмчогийн хийд явах шороон замд суудлын автомашин онхолдож, зорчиж явсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол энэ сарын 10-нд гарчээ.
Сүхбаатар аймагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, амь насыг хохироосон ноцтой осол өчигдөр 11:00 цагийн орчимд гарсан байна.
Увс аймагт ачааны автомашин онхолдож жолооч, зорчигч нарын хоёр хүн амиа алдсан байна.

Categories
гадаад мэдээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн бүтээсэн хөлгөөр сансарт нисээд амжилттай газардлаа

Ням гаригт Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компанийн хөлгөөр сансрын уудмын захад хүрсний дараа дэлхийд амжилттай газарджээ.

Тэрбээр АНУ-ын тэрбумтан, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безосоос есөн өдрийн өмнө ийнхүү сансарт нисэж чадсан юм.

Хоёр тэрбумтан сансрын аялал жуулчлал хэмээх цоо шинэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа.

Ням гарагийн өглөө АНУ-ын Нью Мексико муж дахь цөлөөс хөөрсөн хөлөг дэлхийн гадаргаас 88 км өндөрт хүрээд буцсан байна. Нислэг нийтдээ 59 минут үргэлжилж, хөлгийн зорчигчид цөөн хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ.

Газардсаныхаа дара Брэнсон “Сансрын шинэ эрин үеийн үүр цайж байна. Ямар сайхан өдөр вэ! Би энэ мөчийг хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдсөн” гэж хэлсэн байна.

Тэрбээр сансарт жирийн хүмүүсийг аялуулах зорилготойгоор Virgin Galactic компаниа 17 жилийн өмнө байгуулж байв.

Брэнсонтой хамт энэ удаа нисгэгч Дэвид Маккэи, Майкл Масуччи нар, Virgin Galactic компанийн сансрын нисгэгчдийн сургагч Бэт Мозес, инженер Колин Беннет, дэд ерөнхийлөгч Сириша Бандла нар нисжээ.

VMS EVE нэртэй тээвэрлэгч нисэх онгоц эхлээд SpaceShipTwo VSS Unity сансрын хөлгийг 15 км-ын өндөрт хүргээд агаарт салгасан юм. Хөлөг цаашаа нислэгээ үргэлжлүүлж, зорчигчдоо дэлхийн агаар мандлын зах хязгаарт буюу сансрын уудмын эхлэлд хүргэсэн байна.

Брэнсон сансарт нисэхээсээ өмнө Америкийн тэрбумтан Илон Масктай хамт авхуулсан зургаа твиттер хуудсандаа нийтлээд “Чухал өдөр эхэлж байна. Энэ өглөөг найзтайгаа угтах сайхан байлаа. Онцгой сайхан мэдрэмж төрж байна” гэж бичсэн юм.

Маскийн SpaceX компани дан энгийн зорчигчдоос бүрдсэн Inspiration4 анхны хөлгөө ирэх есдүгээр сард сансарт хөөргөхөөр бэлдэж байгаа. Тус компани Олон Улсын Сансрын Станцад NASA-гийн сансрын нисгэгчдийг хэд хэдэн удаа хүргэсэн юм.

Удахгүй долдугаар сарын 20-ны өдөр дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос мөн өөрийн Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисэх гэж байгаа.

Тэрбээр Брэнсоны нислэгийн өмнө амжилт хүссэн зурвасыг Инстаграм хуудсандаа бичжээ.

Blue Origin компанийн New Shepard хөлгөөр Безосоос гадна таван хүн хамт ниснэ. Тэдний нэг нь Безосын төрсөн дүү Марк байх бол 1960-аад онд сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан эмэгтэй Уолли Фанк бас нэг зорчигч нь байна.

Уолли Фанк нь эмэгтэй хүн гэсэн шалтгаанаар тухайн үед сансарт нисэж чадаагүй гэдэг.

Баасан гарагт Blue Origin компани өрсөлдөгч Virgin Galactic-ийн нислэгийг жинхэнэ сансрын нислэгт тооцогдож чадах эсэхэд эргэлзэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдэж байв.

Учир нь дэлхийн агаар мандал болон сансрын уудмын хил хязгаар гэгддэг Карманы шугам яг хаана байдаг тухай асуудал олон жил маргаантай байгаа.

Швейцарт төвтэй Fédération Aéronautique Internationale олон улсын байгууллага Карманы шугамыг далайн түвшнээс 100 км өндөрт байгаа гэж үздэг.

Харин АНУ-ын сансар судлалын байгууллага NASA үүнийг 80 км өндөрт байгаа гэж үздэг бөгөөд энэ шугамыг давсан ямар ч хүн сансрын нисгэгчид тооцогдоно гэдэг юм.

Тиймээс Америк стандартаар бол Брэнсон нь анхны сансрын нисгэгч-тэрбумтан болж байна. Тэрбээр 1986 онд Атлантын далайг завиар хамгийн хурдан хугацаанд туулсан дээд амжилтыг тогтоож байв.

1987 онд бас агаарын бөмбөлгөөр Атлантын далайг гатлан дээд амжилт тогтоож байжээ.

Одоо тэр Virgin Galactic компанийн хөлгөөр сансарт нисэх 600 гаруй захиалга аваад байгаа. Хөлгийн нэг суудлын үнэ $250,000 юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрөөр зам тээврийн ослын 316 дуудлага иржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсанд баяр амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 316 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 97 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг аян замд гарахдаа хурдаа тохируулахыг сануулав.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Би Монгол хүн” хүндэтгэлийн тоглолтын онцлох агшнууд

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой үндэсний их баяр наадмын нээлтийг цахимаар зохион байгууллаа. Баяр наадамд зориулсан “Би Монгол хүн” хүндэтгэлийн тоглолтын онцлох агшнуудыг хүргэж байна.





Categories
мэдээ нийгэм

Хотын гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгааг тогтмол хийж байна

Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэл 920 ширхэг гоёлын мод тарьжээ

Ард Аюушийн өргөн чөлөө дагуух ногоон байгууламжийн арчилгаа, зүлэг тэгшилгээ, бутлаг моддын хэлбэржүүлэлт, усалгааны ажлыг “Охь мандал” ТҮК хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр буюу долдугаар сарын 11-нд уг компанийн ажлын явцтай танилцаж, зааварчилгаа өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушын өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, 2020 онд сул шороон хөрстэй замын голын булеварыг иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьсан. Тэгвэл энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 8429м2 талбай буюу нэг км үргэлжлэх булеварьт зүлэгжүүлэлт хийж, 1279 ширхэг ногоон шон суулгаж, 1918.5м тросс татаж, 2558 ширхэг гэрэл ойлгогч нааж, 184 саванд гоёлын 920 мод тарьж ургуулсан байна

Categories
амьдралын-өнгө мэдээ

Туул голын усанд живсэн 15 настай хүүгийн цогцсыг олоогүй байна

Энэ долоо хоногоос бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, нийтээрээ ес хоног амрах билээ. Эдгээр өдрүүдэд иргэд аялал, зугаалгаар явах, гол, усанд орохдоо бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүйгээс хүүхдүүд гол усанд унах, живэх эндэх эрсдлүүд ихэсдэг. Мөн ялангуяа иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос голд эндэх, осолдох байдлууд эрс нэмэгджээ.

Тухайлбал:

Төв аймгийн Лүн сумын нутагт “Туул” голын усанд 15 настай эрэгтэй С живж нас барсан гэх хэрэг гарчээ. Хэргийг өдгөө Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь усанд сэлж байхдаа хөл алдаж живсэн аж. Алба хаагч нар эрэн хайх ажиллагааг хийж байгаа ч хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат 58 настай иргэн Д, 50 настай Н нар нь согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх хэрэг болжээ. Хэргийг өдгөө Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Сэлэнгэ голын эргээс иргэн Д-ийн цогцсыг олсон ч,“Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон 50 настай эмэгтэй Н-ийг олоогүй байна.

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.