Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд дөрвөн хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн хоёр хоногт таван хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ.

Тодруулбал, авто ослоор нас барсан хүмүүсийн дөрөв нь орон нутагт, нэг нь нийслэлд тус тус бүртгэгдсэн байна. Иймд иргэд хөдөө орон нутгийг зорьж тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

22-ын товчоо орох замд АИ-92 бензиний хомсдол үүсчээ

22-ын товчоо орох замд байрлах шатахуун түгээх станцуудад АИ-92 бензиний эрэлт эрс нэмэгджээ. Учир нь хөдөө орон нутгийг зорих иргэд банкаа дүүргэсээр, ихэнх станцуудад АИ-92 бензин дууссан байна.

Цөөн шатахуун түгээх станцад нөөц байгаа бөгөөд түүнд нь автомашинууд олноор дугаарласан байна. Энэ нөхцөл байдал нь өнөөдрийн 14.00 орчмынх гэдгийг тэмдэглэе.

Categories
мэдээ нийгэм

Товчоогоор гарч буй жолооч нарт хүүхдийн суудлын бүс тохируулагчийг өгч байна

22-ын товчоогоор гарч буй жолооч нарт аюулгүй зорчих зөвлөмж мэдээллийг өгч, хүүхдийн суудлын бүс тохируулагчийг тарааж байна.

Нийслэлээс Улаанбаатар хотоос орон нутаг зорчих иргэдийн хөдөлгөөн их байна. Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ буюу аяныг өрнүүлээд байгаа ба Тоёота Монголиа компанитай хамтран “Аюулгүй, Аз жаргалтай” уриан дор товчоодоор нэвтэрч буй жолооч нарт зөвлөмж мэдээлэл өгч, хүүхдийн суудлын аюулгүйн бүс тохируулагчийг үнэгүй өгч байна. Энэ ажлын хүрээнд нийт 5000 ширхэг бүс тохируулагчийг тараах аж.

Товчоодоор гарч байгаа иргэд ихэнхдээ гэр бүлээрээ явж байгааг мэдээлэл өгсөн тээврийн цагдаагийн алба хаагч онцолж байлаа.

Аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас аливаа ослын үеэр хүүхдийн амь нас эрстэх, урд салхины шилээ мөргөж гэмтэж бэртэх зэрэг эрсдэлүүд байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочоос гадна зорчигчид /хүүхдүүд/ суудлын бүсээ заавал зүүхийг албаныхан анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Криштиану Роналду “EURO-2020”-н шилдэг довтлогчоор шалгарчээ

Португалын шигшээ багийн тоглогч Криштиану Роналду Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болжээ.

Өдгөө 36 настай тамирчин 4 тоглолтод 5 гоол оруулсан байна. Португалын шигшээ баг 1/8 шигшээ тоглолтод Бельгийн багт 0:1 онооны харьцаагаар хожигдсон юм.

Чехийн шигшээ багийн тоглогч Патрик Шик мөн 5 гоол оруулсан хэдий ч оновчтой дамжуулалт хийгээгүй учир Роналду “Алтан пүүз”-ний эзэн болжээ.

“EURO-2020”-д Роналду хоёр дээд амжилт тогтоожээ. Тодруулбал Европын аваргын финалын шатанд тэрбээр тав дахь удаагаа тоглосноос гадна шигшээ шатны тоглолтуудад оруулсан гоолын тоогоор Мишель Платинигийн үзүүлэлтийг давжээ. Платини 9 гоол оруулж байсан бол Роналду 14 гоол хийсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэрлэн голд осолдсон 10 настай хүүгийн цогцсыг олжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн Задгай гэх газар Энэ сарын 8-ны өдөр Хэрлэн голд осолдсон 10 настай хүүг эрэн хайж, өчигдөр цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, тус голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 10 настай нэг хүүхэд голд живж, аврах ангийнхан осолдсон газраас зүүн зүгт тав дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж олсон байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа

“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын 2013 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс сонирхуулж байна. Тухайн жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож байсан билээ. Өдгөө гитарчин Д.Отгонбаяр “The Voice” шоуны эрхэм шүүгч төдийгүй рок попынхны ертөнцөд өнгийг тод бичиж олон ч залуучуудыг дасгалжуулж урлагт хөл тавихад нь чиглүүлж байгаа билээ.

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү?

-Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэйчүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөргүйгээр тоглосон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонирхуулаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтлагийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээлээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуугиан тариад, гайхуулаад байсан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөөдөр нас биед хүрцгээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын аргагүй хүч өгч, их хариуцлагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсахгүй юу. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодоход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.”Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр уран бүтээлээ туурвиж ирсэн байна. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайзнаас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэчихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зоригтой байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртайбайна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийгмийн өөрчлөлтөөс авахуулаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарчирэхэд жаахан урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрчлөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитарчид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээнээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж байсан цаг. Урлагийн томчууд хүртэл амьдралын эрхээр ганзагын наймаанд орж байсан байхгүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганзагын наймаа хийж, компанийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чадсан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шантрах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн бямба гариг ажлын өдөр байна

Үндэсний их баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан ч бүх нийтийн амралтын ес хоногийг хэвээр үлдээсэн. Ес хоногийг энэ долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гаригт шилжүүлж, зохион байгуулсан.

Тодруулбал, баяр наадмыг тохиолдуулж тав хоног амардаг. Энэ нь 11-нээс буюу өчигдрөөс тоологдохоор пүрэв гарагт дуусна. Иймд баасан гаригийг мөн амралтын өдөр болгосноор үргэлжлэх бямба, ням гаригтайгаа нийлээд нийт ес хоногийн амралт болж буй.

Тэгэхээр энэ сарын 24 буюу ирэх долоо хоногийн бямба гариг ажлын өдөр байх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд лхагва гариг хүртэл вакцин хийхгүй

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдтэй уялдаж, Нийслэл дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажиллахгүй, амарсан. Харин 14 буюу лхагва гаригаас эхлээд тодорхой цагийн хуваарьтай ажиллаж эхэлнэ.

Тодруулбал, энэ сарын 14-16-нд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. Харин 17, 18-нд 10.00-15.00 цаг хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаалт энэ сарын 20-ны дотор орно

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын бүртгэл долдугаар 08-ны өдөр дууссан. Харин буцаан олголтын энэ сарын 20-ны дотор багтаан олгохоор болжээ.

Зургадугаар сарын 01-30 хоорондох баримтын сугалааны тохирол долдугаар сарын 18-ны өдөр шууд тодруулна. Супер шагнал 20 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Горхи-Тэрэлж амрагчдын хөлд дарагдлаа


Наадмын амралтын өдрүүдэд ихэнх иргэд Улаанбаатар хотоос гарч аялцгааж байна. Наадмын өглөө буюу энэ сарын 11-нд нийслэлээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар руу чиглэсэн хөдөлгөөний урсгал их байж, Налайх орчимд хоорондоо 100 хүрэхгүй метр зайтай гурван ч авто замын осол гарсан байв. Энэ жилийн нэг онцлог нь Улаанбаатарт наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй тул ихэнх хүн агаар салхинд гарахыг илүүд үзэх болсон. Гэхдээ орон нутаг руу зорчих, төв суурин руу ороход шинжилгээ шаардлагатай тул зарим хүмүүсийн хувьд ойрхон агаарлахыг илүүд үзсэнээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.

Голын эрэг дагуу хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, хоорондоо 2-3 метрийн зайтай хөршлөн бууцгааж байсан. Мөн голын гүехэн хэсгүүдэд хүүхдүүд бөөгнөрч тоглох аж. Бүгд маскгүй. Энэ мэт нөхцөл байдал, түүнчлэн, агаарт гарсан иргэд амны хаалтаа авснаар коронавирусийн халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байлаа. Иргэд олноор цугласан тул бие засах газрын асуудал хүндрэлтэй болж, мөн ууттай хогоо хаях нь түгээмэл байсан. Ялангуяа, өмнө нь хог тавиад орхисон газруудыг хогийн цэг хэмээн “андуурч” хогоо овоолцгоох аж. Хүмүүсийн ихээр буудалладаг голын эрэг дагуу хэсгүүдийн ойр хавьд хог хаях төвлөрсөн цэг байхгүй, бие засах асуудлыг огт шийдээгүй тул байгалийн цогцолборт газар хүмүүсийн хэдхэн хоногийн хөл хөдөлгөөнд бохирдож, талхлагдаад дуусч байна. Түүнчлэн, автомашинуудын хөдөлгөөний улмаас цагаан тоос босч, үүн дээр наадмаар борлуулах зорилгоор авчирсан олон хонь, ямааны хөлд Горхи-Тэрэлж хавийн хөрс талхлагдан, цагаан тоосыг нэмэгдүүлэх аж.

Г.БАТЗОРИГ