Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн сайд С.Энхболд улаан бүсэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар өчигдөр Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.

Цэргийн төв эмнэлэг 570 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 342 хүн байна. Коронавируст халдвараар батлагдсан 322 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 15 хүн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.

Тэнд нөхцөл байдал хүнд байгааг Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч хурандаа С.Батболд онцолж байлаа. Цэргийн төв эмнэлэг нь “Ковид-19” цар тахал Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш тэргүүн эгнээнд зэрэгцэн явж байгаа эмнэлгүүдийн нэг билээ. Тус эмнэлгийн эмч сувилагч давхардсан тоогоор нийт 1540 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Ковид-19” цар тахалтай тэмцэн ажиллаж байна.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд Яармаг дахь Яаралтай тусламжийн төвийн улаан бүсэд орж ажиллав. Тус төвийн хувьд харьяалал харгалзахгүй батлагдсан тохиолдлыг хүндрэхээс өмнө хүлээн авч, эмчилж эргээд харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлэх хөдөлгөөнийг зохион байгуулдаг.

Өчигдрийн байдлаар Яаралтай тусламжийн төв 68 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Төлөвлөгөө ёсоор Хагас сайн өдөр нэмэлтээр орнууд дэлгэж нийт 145 орыг дэлгэн ажиллах юм. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 30 хүн байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 7 хүн эмчлүүлж байна. Үүнд нэн хүнд 84 настай нэг хүн байгааг тус төвийн эмч хэлж байлаа. Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа эмч Ж.Уламсайхан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн эрхлэгч нэмэлтээр ирж дайчлагдан ажиллаж байна.

Мөн тус төвд уушгины мэргэшсэн Монос сургуулийн багш Л.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус төвийн улаан бүсэд ажиллаж эмч эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонслоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж улаан бүсэд ажиллалаа. Тус эмнэлэг Ковидын 115 ор дэлгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 17 хүүхэд, маш хүнд 4 хүн нийт 133 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа Э.Бямбарагчаа эмч бүрэлдэхүүн нийт 22 эмч сувилагч асрагч ажиллаж байна. Наадмын өдрүүдээр эмнэлгийн бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байна. Улаан бүсэд нөхцөл байдал бол хүнд байгаа ч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж амжилт хүсэв.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар нохой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 3, Их морь одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5:07 цагт мандан, 20:49 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 97 согтуу жолоочийг саатуулжээ

Цагдаагийн алба хаагчид согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон 97 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсанд баяр амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 316 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иймд Цагдаагийн байгууллагаас иргэдийг аян замд гарахдаа хурдаа тохируулах, архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

Японд 75 мянган хүн нүүх зөвлөмж авчээ

Японы баруун хэсэгт байрладаг Шиманэ мужийн эрх баригчид бүс нутгийг хамарсан хүчтэй аадар бороо орсноос үүдэн хөрсний нуралт үүсэх аюул нүүрлэж болзошгүй байгаатай холбогдуулан 75 мянган оршин суугчид нүүх зөвлөмж явуулжээ.

Шиманэ мужийн хэд хэдэн дүүрэгт нэг цагийн туршид 100 орчим мм хур тунадас унасан байна.

Мужийн эрх баригчид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйн улмаас өнгөрсөн долоо хоногт мөн 140 мянган хүнд зөвлөмж илгээжээ.

Энэ сарын 4-нд Японы төв хэсгийн Атами хотод хөрсний гулгалт үүссэний улмаас 10 хүн нас барж, 18 хүн ор сураггүй алга болжээ. Нуралтын урт нь 2 орчим км байжээ. Нуралт үүссэний улмаас мөн 130 гаруй барилга, байгууламжид хохирол учирсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээллээр Сэлэнгэ мөрний адаг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна.

Мөн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа юм. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна.

Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Categories
гадаад мэдээ

Сельфи хийж байгаад 11 хүн аянгад ниргүүлж нас баржээ

Энэтхэгийн Ражастан мужийн Жайпур хотноо өнөөдөр цамхаг дээр аянга бууснаас 11 хүн нас барж, өөр олон хүн гэмтэж бэртжээ. Бороо орж байхад цамхгийн орой дээр сельфи зураг авч байсан хүмүүс аянгад цохиулсан аж. Аянга буухад цамхгийн орой дээр 27 хүн байжээ. Энэтхэгийн цагдаагийн газраас мэдээлснээр хохирогчдын олонх нь залуу хүмүүс гэнэ. Тус цамхаг нь жуулчдын ихээр зорин очдог 12-р зууны үеийн Амер Форт гэх далайн эргийн боомтод оршдог байна.

Ражастан мужийн захирагчийн зүгээс аянгад цохиулж нас барсан хохирогчдын ар гэрийнхэнд 500 мянган рупий буюу 6700 ам.долларын нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Ражастан мужид өчигдөр л гэхэд есөн хүн аянгад цохиулж нас барсан аж.

Энэтхэгт зургаагаас есдүгээр сарын хооронд борооны улирал үргэлжилдэг ба энэ хооронд хүмүүс аянгад цохиулж нас барах нь цөөнгүй. Тухайлбал, 2004 оноос хойш Энэтхэгт 2000 хүн дээрх байдлаар нас баржээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 1960-аад онтой харьцуулахад тус улсад аянга буух үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 4 жилийн наадмаар 47 хүн усанд осолджээ

Баяр наадмын өдрүүдэд иргэдийг голын эргээр амарч зугаалахгүй байхыг онцгой байдлын алба хаагчид сэрэмжлүүлсээр байна. Ялангуяа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байгаа юм. Харамсалтай нь, гол усанд эндэх осол гарсаар байна.

Энэ сарын 9-нд Төв аймгийн Лүн сум, Туул голын усанд 15 настай хүү сэлж байхдаа хөл алдаж, живсэн. Эрлийн багийнхан живсэн хүүхдийн цогцосыг өнөөдрийг хүртэл олоогүй байна.

Өнөө өглөө 06:00 цагийн байдлаар алба хаагчид усанд осолдсон дуудлагын дагуу дөрвөн эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадмын өдрүүдэд иргэд голын эргээр амарч байхдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг анхааруулав.

Статистик мэдээллээр, сүүлийн дөрвөн жилийн наадмаар 47 хүн усны ослоор амь насаа алдсан байна. Нас барсан иргэдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байжээ. Усанд осолдсон дийлэнх тохиолдолд нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орох, чанаргүй хийлдэг завинаас болж цаг бусаар амь насаа алддаг байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д 47.2 хэм хүрч халсны улмаас ойн түймэр гарчээ

АНУ-ын Хойд эргийн мужуудад температур нэмэгдэж, халсны улмаас ойн түймэр гарчээ.

Өнгөрсөн амралтын өдөр Лас Вегас, Невада мужид 47.2 хэм хүрч халсан байна.

Агаар хуурай байсан тул гал сөнөөгчид галыг унтраахын тулд онгоцноос их хэмжээний ус цацсан ч газарт хүрэлгүй ууршсан гэнэ.

Гэвч “АНУ, Канадын бүс нутгийн хэт халалтыг дэлхийн дулааралтай шууд холбон ойлгож болохгүй” хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь монголчууд 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа

АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр /2021.07.12/ хандивлалаа.

Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ.

Арга хэмжээнд “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч: Э.Гантулга болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Сэргээн засах клиник эмнэлэгийн удирдлагууд оролцож хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульс хэмжигч багажийг хүлээн авлаа.
Монголд ковидын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм. Нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьсан 7 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд аяны тухай сонсч хандив илгээж, анхны зорилтоосоо хоёр дахин олон буюу нийт 60 ширхэг аппаратын хандив цугларсан ажээ.
“Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа. Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яавал энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэлээ.
Олон улсын чанарын шаардлага хангасан хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм.
“Говь сан” нь АНУ-ын Калифорни мужид хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус (501c3) байгууллага юм.