Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Эмээлт” захад хонь, ямааны үнэ 160-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Коронавируст цар тахал гарсан энэ үед Монголчууд уламжлалт баяр наадмаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэж байгаа нь онцлог юм. Баяр наадмын өдрүүдэд хонь, ямаа хамгийн эрэлттэй байдаг цаг. Малчид малаа амьдаар нь борлуулах тохиолдол ч элбэг. Тэгвэл “Эмээлт” захад амьд малын үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа.

Нийслэлийн баруун бүсэд орших “Эмээлт” захруу явах замд хашааны нөмөрт хонь ямаа зарж байгаа малчид нэлээдгүй харагдлаа. Тэд янз бүрийн үнэ хэлж байсан бөгөөд “Хонь 220-270 мянган төгрөг, ямаа 160-190 мянган төгрөгийн хооронд байна” гэлээ.

Цаашлаад 22-ын товчоо ороход орох гарах чиглэлийн хөдөлгөөн сийрэг харагдана.

Явсаар “Эмээлт” захад ирлээ. Бороотой байсан учраас хонь ямаагаа дотогш хашаанд оруулжээ. Дотогш ороход тийм ч их хүмүүс харагдсангүй. Харин ченж нар орж ирсэн хүмүүсийг дуудаж “Ямар хонь сонирхож байна, яриад аваарай Архангай, Завхан, Төв аймгийн тарган хонь байна шүү” гэцгээж байсан юм. Үнийн тухайд янз бүр дуугарна. Хязаалан, соёолон 220-260 мянга гэнэ. Зарим хонинууд нь хэд хоноод гэдсээ татчихсан зарим нь өнөө өглөөхөн ирсэн харагдана.

Бүр цаашилбал эгнэн зогссон портерууд байна. Энд харин малчид өөрсдөө хөдөөнөөс ирж хонь, ямаагаа зардаг юм байна.

Төв аймгийн Бүрэн сумын малчин Г.Ганзориг “Манайх хонио 260-аас яриад өгч байгаа. Өнөө шөнө явсаар байгаад өглөө ирсэн. Одоо буцаад 250 гаруй км явж харина, нойргүй л явах нь шүү дээ. Хорин хоньтой ирээд одоо долоо найман хонь үлдсэн байна. Ер нь ах нь мөнгөний хэрэгцээ болохоор ирж хонь зардаг. Яг тэндээ бол хямдхан 180 мянгаар зарна. Тийм учраас наашаа ирж зарж байна” гэлээ.

Өөр нэг малчин дээр очиход бүдүүн эр хонь 300 мянга ч гэж дуугарлаа. Мөн залуугийн хэлж байгаагаар ченж нар малынхаа доор үртэс дэвсчихдэг, харин малчид өтөг дэвсдэг, түүгээрээ ялгаатай шүү хэмээн хуучилсан юм.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д зочид буудал нурж, найман хүн нас баржээ

Хятадын Жиансу мужийн Сужоу хотод байрладаг “Сижи Кайюань” зочид буудлын нэг хэсэг нурж, дор хаяж найман хүн нас барж, үлдсэн есөн хүнийг нурангин дотроос хайсаар байгаа талаар нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс харвал, “Сижи Кайюань” зочид буудлын зарим хэсэг энэ сарын 12-нд үдээс хойш нурсан аж. Түүнчлэн ослын газарт нутгийн аврагчдаас гадна онцгой байдлын яамнаас томилсон тусгай аврагч нар ажиллаж буй юм байна.

Одоогийн байдлаар нурангин дотроос 14 хүнийг аварч, найман хүний цогцсыг олсон бөгөөд дахин есөн хүнийг эрэн хайж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр зочид буудал нурах болсон шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ.

“Сижи Кайюань” нь 2018 онд нээгдсэн, хямд үнэтэй зочид буудал бөгөөд нурсан хэсэг нь гурван давхар, 54 өрөөтэй байсан аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Аялахаар төлөвлөж буй аймгуудын өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалт ихтэй байгаа энэ цаг үед үүд хаалгаа барьсан долоон аймгийн 60 орчим сум байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, агаар салхинд гаран, дархлаагаа сэргээхийг хүсэж байгаа бол очих гэж буй аймгийнхаа мэдээлэлтэй бүрэн танилцах нь зүйтэй.

1. ЯВАХ ЧИГЛЭЛИЙНХЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАХ

Явахыг хүссэн аймгийнхаа Засаг даргын тамгын газрын албаны сайт, сайт дээрх холбоо барих утасны дугаар, албан ёсны Фэйсбүүк хуудсаас тухайн аймагт хөл хорио тогтоосон эсэх, Улаанбаатар болон бусад аймгуудаас иргэдийг нэвтрүүлж байгаа эсэхийг тодруулж мэдээлэл авахыг зөвлөж байна.

Зарим аймгийн бүх сумдад хөл хорио тогтоож, зөвхөн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь тодорхой сумдад хязгаарлалт тогтоожээ.

Долдугаар сарын 12-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

Аймаг

Хязгаарлалт тогтоосон сумд Хязгаарлалт тогтоосон хугацаа Мэдээлэл авах хуудас Аяллын сайт
1 Архангай Архангайн есөн гайхамшиг
2 Баян-Өлгий
3 Баянхонгор 20 сум бүгд 7 сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
4 Булган Баян-Агт тодорхойгүй
5 Говь-Алтай Говь-Алтай аймгийн аялал жуулчлал
6 Говьсүмбэр 3 сум 7 сарын 20 хүртэл Говьсүмбэр аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
7 Дархан-Уул
8 Дорнод Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны сайт
9 Дорноговь 14 сум бүгд 8 сарын 31 хүртэл
10

Дундговь

Аяллын маршрут
11 Завхан 3 сум буюу Сантмаргад, Идэр, Шилүүстэй Сантмаргад-7 сарын 13, Идэр, Шилүүстэй-7 сарын 18
12 Орхон
13 Өвөрхангай Орхон голын хөндийн аялал жуулчлалын маршрут
14 Өмнөговь 15 сум бүгд 7 сарын 20 хүртэл

Өмнөговь аймагт аялах аяллын маршрут

15 Сүхбаатар
16 Сэлэнгэ 4 сум буюу Орхон, Ерөө, Түшиг, Сант Орхон, Түшиг 7 сарын 15 хүртэл, Сант 7 сарын 17, Ерөө 7 сарын 18 хүртэл
17 Төв
18 Увс
19 Ховд Аяллын маршрут
20 Хөвсгөл
21 Хэнтий
Categories
мэдээ нийгэм

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж буй бөгөөд ирэх Баасан гариг (2021.07.16)-т ээлжит бусаар хуралдаж, тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: PCR оношлуурыг 28.000, Ремдезивир тариаг 50.000 төгрөгөөр худалдан авч байна

ЭМЯ нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28.000, Ремдезивир тариаг 50.000 төгрөгөөр худалдан авч эхэлсэн талаар салбарын сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийлмээр байна.

ЭМЯ анх PCR оношлуурыг 55.000 төгрөг, Ремдезивир тариаг 149.600 төгрөгөөр худалдан авч байсан бол худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг өргөтгөж мөн олон улсдаа бөөнөөр үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарч өнөөдөр ЭМЯ нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28.000, Ремдезивир тариаг 50.000 төгрөгөөр худалдан авч байна.

Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал “олны олон таван цэн” гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1159 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1159 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 602 нь Улаанбаатар хотод, орон нутагт 556 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн дөрвөн иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 703 боллоо.

Мөн 3808 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн Баянбүрдийн тойрог орчмын авто замыг 5 хоногийн хугацаанд хаана

“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг хүртэл хийхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Баянбүрдийн тойрог орчмын авто замыг тав хоногийн хугацаанд хааж буй юм. Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойргоос бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын сангаас тарифт нэмэлт өөрчлөлт орууллаа

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлж тарифт нэмэлт өөрчлөлт орууллаа.

Коронавируст халдварын гүйцэтгэлийн санхүүжилт, вирусын эсрэг эмийн хуваарилалт, зарцуулалтын талаар мэдээлэл хүргэх, санал солилцох цахим хурал мягмар гарагт боллоо.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хурлаас Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А/268 дугаар тушаал, А/387/97 дугаар тушаалуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эмийн хуваарилалт, зарцуулалтын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зарим асуудлыг орон нутаг, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэх талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Categories
мэдээ спорт

Хакухо, Тэрүнофүжи нар 10 даваатай Нагоя башёг тэргүүлсээр байна

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Окиноүми /М-5/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 10 даваатай болов.

Өнөөдөр Их аварга Хакухо, Комүсүби Вакатакакаге-тай учраа таарсан байна. Харин Озэки Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Чиёотайрюү /М-4/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 10 дахь даваагаа авч Их аваргын адил башёг тэргүүлсээр байна. Тэрбээр өнөөдөр Сэкиваке Митакэүми-тэй барилдана.

Postmedia.mn - Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, хоёр унаатай боллоо

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Дайэйшёо /М-1/-той учраа тааран барилдаж, түүнийг цүкиотоши мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай боллоо.

Энэ өдөр Хошёорюү/М-5/ С.Бямбасүрэн, Тобизарюү /М-3/-тэй таарч, түүнийг ошидаши мэхээр унагаж 7 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Котоеко /М-4/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа, 3 унаатай яваа бол, энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Шиманоүми/М-9/-тэй таарч, түүнийг хикиотоши мэхээр унагаж 6 даваа, 4 унаатай болов.

Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Токүшёорюү /М-15/-тэй барилдаж, түүнийг окүридаши мэхээр унагаснаар 7 даваа, 3 унаатай болов.

Озэки Шодай, энэ өдөр Сэкиваке Митакэүми-тэй барилдаж, түүнийг хатакикоми мэхээр давж 6 даваа, 4 унаатай болов.

Categories
гадаад мэдээ

Дэлхийг тойрсон 18 настай нисэгч залуу Гиннессийн амжилт тогтоолоо

18 настай Трэвис Ладлоу ганц моторт онгоцоор дэлхийг тойрон аялж, Гиннессийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо хэмээн BBC News мэдээллээ.

Тодруулбал Их Британийн иргэн, 18 настай Трэвис Ладлоу гэх залуу 44 хоногийн хугацаанд манай гаригийг бүтэн тойрсон хамгийн залуу нисэгч болов. Дэлхийн тойрон ниссэн өмнөх дээд амжилтын эзэн нь түүнээс 13 хоногоор ах байжээ. Тэрбээр нийтдээ 40 гаруй мянган км замыг онгоцоор туулсан бөгөөд түүний аялал Нидерландад өндөрлөсөн байна.

Дэлхийн тойрсон хамгийн залуу нисгэгч Гиннессийн амжилт тогтоолоо

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Трэвис нислэгийн явцад Нидерланд, Польш, ОХУ, АНУ, Канад, Гренланд, Исланд, Их Британи, Ирланд, Испани, Марокко, Франц, Бельги зэрэг 13 оронд түр хугацаанд газардаж байжээ.

Трэвис өдөрт найман цаг тасралтгүй онгоц жолоодож энэ хугацаанд 1000-1500 км замыг туулдаг байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр 12 настайдаа анх нисэх онгоц жолоодож байсан бөгөөд 14 настайдаа Их Британийн хамгийн залуу нисэгч болж байсан юм.