Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэний амь насыг авран хамгааллаа

Бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тодруулбал зөвхөн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд усны ослын хоёр дуудлага бүртгэгдэж, хоёр иргэн амь насаа алдаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалаад байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа ажээ. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж гарч байна хэмээн албаны хүн ярилаа. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон аялал зугаалгаар зорчиж буй иргэд үерийн аюулаас болгоомжтой байх. Баталгаат гүүр, гарам, гарцаар зорчиж өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Цаашлаад бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж, гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

Сэлэнгэ аймгийн томоохон гол мөрний усны түвшин /олон жилийн дунджаас 77.5 см-ээр их/ үерийн аюултай түвшинг даван үерлэжээ. Ийм нөхцөлд нийслэлээс болон бусад аймаг орон нутгаас ирж гол мөрөн, нуурын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Улмаар гол мөрөн, нуурын усанд осолдох, амь насаа алдах тохиолдол гарч байгаа аж. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас дараах мэдээллийг ирүүллээ.

-Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 301 см, олон жилийн дунджаас 53 см-ээр их, Сүхбаатар сум орчим 449 см, олон жилийн дунджаас 118 см-ээр их

-Орхон голын усны түвшин Орхон сум орчмоор 198 см, олон жилийн дунджаас 27 см-ээр их, Сүхбаатар сум орчмоор 337 см, олон жилийн дунджаас 125 см-ээр их

-Ерөө голын усны түвшин Ерөө сум орчмоор 397 см, олон жилийн дунджаас 94 см-ээр их, Дулаанхан сумаар орчмоор 417 см, олон жилийн дунджаас 142 см-ээр их

-Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 220 см, олон жилийн дунджаас 46 см-ээр их

-Хүдэр голын усны түвшин Хүдэр сумаар 280 см, олон жилийн дунджаас 61 см-ээр их

-Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчим 291 см, олон жилийн дунджаас 32 см-ээр их байгаа аж. Энэ сарын 14-18-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч баруунаас 7-12 м/сек. Бусад хугацаанд салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, 15-наас дулаарч 27-32 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Мэдээ үнэ төлбөргүй байршуулсны төлөө Google компанийг Франц улс 500 сая еврогоор торгожээ

Францын монополийн эсрэг албанаас Google компанийг 500 сая еврогоор торгожээ. Тус байгууллагаас Google компанийг Францын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, нийтлэлийг үнэ төлбөргүйгээр байршуулан харуулсан хэмээн буруутгасан байна.

Харин Google шударга бус хандлаа хэмээн хариулжээ.

Францын өрсөлдөөн зохицуулах газраас өмнө нь гаргасан мэдэгдлийг Америкийн технологийн аварга компани биелүүлээгүйн дээр Франс-Пресс агентлаг болон Францын хэвлэлийн хоёр том холбоотой нөхөн төлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж эхлээгүй тул 500 сая еврогоор /590 сая ам.доллар/ торголоо гэж мэдэгдсэн байна.

Хоёр сарын хугацаанд нөхөн төлбөр олгох тухай мэдэгдлээ гаргахгүй бол хоног тутамд 900 мянга хүртэлх еврогийн /1.06 сая доллар/ торгууль ногдуулна гэжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ 113 орноос нохой импортлохыг хориглолоо

АНУ-ын эрх баригчид долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нохойн галзуу өвчин тархах аюул заналхийлж байгаатай холбогдуулан ОХУ тэргүүтэй 113 орноос нохой импортлохыг түр хугацаагаар хориглосон байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс өмнө нь мэдэгдсэнчлэн энэхүү хязгаарлалт нь нохойн галзуу өвчний вирусийг АНУ-д дахин нэвтрэхээс, мөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлага тулгарч буйтай холбоотой аж.

Дээрх 113 орны жагсаалтад Орос, Беларусь, Гүрж, Казахстан, Хятад, Украин, Молдав, түүнчлэн Африк, Өмнөд Америк, Карибын тэнгис, Азийн бүс нутгийн орнууд багтжээ. Галзуу өвчний халдвар авах эрсдэл өндөртэйд тооцогддог эдгээр улсуудаас ирж буй ноход нь АНУ-д импортолдог нийт нохдын 6 хувийг эзэлдэг байна.

Энэхүү хоригийг Лхагва гариг (2021.07.14)-аас эхлүүлж буй бөгөөд хэр удаан мөрдөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв онцгой тохиолдолд амьтан импортлохыг зөвшөөрдөг байна. Үүний тулд АНУ-д зочлохоосоо өмнө дор хаяж зургаан долоо хоногийн өмнө тусгайлан өргөдөл гаргах ёстой аж. Өргөдөл гаргаагүй тохиолдолд дээрх жагсаалтад дурдсан, галзуу өвчний халдвар авах өндөр эрсдэлтэй орнуудаас ирсэн тэжээвэр амьтдыг эзнийх нь зардлаар нутаг буцаадаг байна.

АНУ 2007 онд нохойн галзуу өвчний вирусийг устгасан ч халдвартай нэг л нохой орж ирэх нь үхлийн аюултай өвчин хүн, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад халдварлаж болзошгүйг тус байгууллагын зохицуулагч онцлон тэмдэглэжээ.

АНУ-д бүх нохойг гурваас дөрвөн сартайд нь, дараа нь нэг настайд нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд тус тус хамруулдаг аж. Нас бие гүйцсэн нохойд гурван жил тутамд вакцин хийдэг байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, жил бүр амьтны галзуу өвчний 5000 орчим тохиолдол бүртгэгдэж буй аж. Өнөө үед галзуу өвчний гол тээгчид нь сарьсан багваахай, элбэнх, өмхий хүрэн ба үнэг гэж үзэж буй юм байна. 1960-2018 онд АНУ-д хүний галзуу өвчний халдварын 127 тохиолдол бүртгэгдсэний дөрөвний нэг нь хилийн чанадад аялж явахдаа галзуу өвчтэй нохойд хазуулсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Спутник V вакцины II тунгаас 20.000 ширхгийг хүлээн авлаа

Монгол улс ОХУ-ын Спутник V вакцины II тунгаас 20,000 ширхгийг өнөөдөр хүлээж авлаа.

Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн байна. Ингэснээр Спутник V вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа юм.

No description available.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт нэмэгдэж, зэсийн баяжмалынх буурчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 2020 оны мөн үед 8.725 мянган тонн байсан нүүрсний экспорт 9.580 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 855.1 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 3.933 мянган тонн болж буурсан байна. Өмнөх оны мөн үед 4.156 мянган тонн байсан бөгөөд 223.6 мянган тонноор буюу 5.4 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх хүнсний зах ажиллаж эхэлнэ

Энэ жил цар тахалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч наадмын өдрүүдэд ес хоног амрахаар болсон.

Бүх нийтийн амралтын хугацаанд ихэнх зах, худалдааны төв амрах юм. Гэхдээ маргаашнаас зарим хүнсний зах ажиллаж эхлэх бөгөөд энэ сарын 16-наас ихэнх хүнс, барааны худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Наадмын амралтын өдрүүдэд зах худалдааны төвүүд дотооддоо зохион байгуулалт хийж амарч байгаа учир ажиллаж эхлэх хугацаа нь харилцан адилгүй байгаа юм. Энэ талаар Нийслэлийн захирагчийн албанаас дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэсэн юм.

Өнөөдрөөс ажиллаж эхлэх зах худалдааны төвүүд:

  • “Барс” худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00 19:00 цагт ажиллаж эхэлнэ.
  • “Хүчит Шонхор” худалдааны төв: Долдугаар сарын 10-14 ныг хүртэл амарна. Долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхлэх юм.
  • “SUNDAY-2” худалдааны төв: Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
  • “Хархорин” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.
  • “Нарантуул” олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 10-17-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
  • “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв: ” Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Долдугаар сарын 17-наас эхлэн ажиллана.
  • “Дүнжингарав” худалдааны төв: Долдугаар сарын 11-19-нд амарч, 20-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг юм.
Categories
мэдээ нийгэм

Ойн түймэртэй тэмцэх УАЗ-390945 загварын 20 автомашин Монголд хандивлана

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Женев төвтэй Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага /ОУИХБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мариатоу Яптай танилцах уулзалт хийлээ.

Энэ үеэр хатагтай М.Яп-ыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс ОУИХБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2002 онд элсэн орсноос хойш манай Онцгой байдлын албаны боловсон хүчний мэдлэг чадавхийг чанаржуулан бэлтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа онцлов.

Ерөнхий нарийн бичгийн дарга М.Яп энэ жил ОУИХБ үүсч байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэж, цаашид байгалийн гамшиг, онцгой байдлын салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрээр Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-390945 загварын 20 автомашин хандивлаж байгааг энэ үеэр уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоточ банхар нохойг мал хариулгад сургах төсөл хэрэгжүүлж эхэллээ


Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлэх зорилтот төслийг эхлүүлжээ.

Ингэснээр цоохор ирвэс мал руу халдсанаас үүдэн малчид ховор амьтдыг хөнөөх зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах зэрэг давуу талтай юм.

Хоточ банхарыг мал хариулгад ашиглах уламжлалыг хэвшүүлэн, хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Уг төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин айл өрх сонгон хэрэгжүүлэх юм. Сонгогдсон малчин айлд хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж, банхар нохой болон тодорхой тооны хонь, ямаанд хүзүүвч зүүж мониторинг хийхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

Олимпийн тосгон зочдоо хүлээн авч эхэллээ

Токиогийн булангийн эрэгт байрлаж буй Олимпийн тосгоны нийт талбайн хэмжээ ойролцоогоор 44 га газрыг эзэлдэг. Олимпийн тосгон нь олимпод оролцох Дэлхийн улс орнуудын 18 мянган баг, тамирчдыг нэгэн зэрэг хүлээн авч байршуулах хүчин чадалтай, 3.8 мянган орчим сууцтай аж.

Японы нийслэл Токио хотод ийнхүү Олимпийн тосгон нээлтээ хийлээ. Энэ талаар мягмар гарагт Токио дахь Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Цар тахалтай холбогдуулан нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулахаас татгалзсан байна.

“Токиогийн Олимп-2020” нь 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах хуваарьтай байсан ч коронавирусийн цар тахлын улмаас олимпийг нэг жилээр хойшлуулсан билээ. Тиймээс энэ долдугаар сарын 23 (Баасан)-наас наймдугаар сарын 8 (Ням) хүртэл зохион байгуулагдана. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн олимпийн наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд Токио зэрэг Японы зургаан мужид зохиогдох Олимпийн наадамд дотоодын үзэгчдийг ч нэвтрүүлэхгүй аж.

Улс орнуудын баг тамирчдыг олимпийн наадам эхлэхээс тав хоногийн өмнө Олимпийн тосгонд хүлээн авах юм байна. Харин наадам дууссанаас хойш хоёр хоногийн дотор тэндээс явах ёстой гэсэн журмыг баталжээ.

Олимпийг зохион байгуулах хорооноос бөх, теннисчин зэрэг зарим нэг тамирчид бусад тэмцээн уралдаанд оролцох зорилгоор бэлтгэл сургуулилт хийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд тэдний Япон улсад байх хугацааг сунгаж өгөх юм байна.

Нэмж дурьдахад, Олимпийн наадмын нээлтийн болон хаалтын ёслолын ажиллагаанд олимпод оролцож буй бүх орны төлөөлөгчдийг байлцуулах үүднээс тэдэнд Япон улсад түр хугацаагаар байх зөвшөөрөл олгох ажээ.

Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Олимпийн тосгонд тусдаа эмнэлгийн хэсгийг 24 цагийн турш ажиллуулах юм байна. Тэнд халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдад үзлэг, оношлогоо хийх аж. Дашрамд дурьдахад, олимпод оролцох бүх тамирчид өдөр болгон халдварын шинжилгээ өгөхөөс гадна хамгаалалтын амны хаалт зүүж, тогтоосон дүрэм журмыг чанд сахиулах юм байна. Харин тамирчид согтууруулах ундааны төрлийг ганцаараа л уухаар бол өрөөндөө авч орохыг нь зөвшөөрөх аж.