Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурор хянаж байна

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр буюу долдугаар сарын 30-нд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяртай холбогдох хэргийг талаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг “E-mongolia”-гаас авах боломжтой боллоо

Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 10 төрлийн үйлчилгээг E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс Нийслэлийн Байгаль орчны газрын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  • Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах
  • Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
  • Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
  • Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
  • Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох
  • Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаагаар худалдах автомашины улсын дугаарууд

2021 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хооронд явагдах .


Categories
мэдээ спорт

Жан Юфей Токиогийн олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ

Токиогийн олимпийн долоо дахь өдрийн байдлаар нийт таван тамирчин олимпоос хамгийн их буюу тус бүр гурван медаль хүртээд байна.

Тэдний нэг нь Хятадын усан спортын тамирчин, 23 настай Жан Юфей юм. Тэрээр энэ олимпоос

  • эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алт,
  • 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд багаараа алт,
  • 100 метрийн эрвээхэй сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн.

Хятадын баг 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 7:40.33 хугацаагаар шинэчлэн тогтоосон бол Жан Юфей 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд олимпын дээд амжилтыг 2:03.86 хугацаагаар шинэчилсэн.

Гурван настайгаасаа сэлж, таван наснаасаа мэргэжлийн усан спортоор хичээллэсэн Жан Юфей 12 насандаа Жиансу мужийн наадмаас зургаан медаль авч байжээ.

Жан Юфей

Токиогийн олимпоос гурван медаль хүртээд буй бусад тамирчид:

Ариарн Титмус (Австрали). 20 настай

Ариарн Титмус

  • Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлт – Алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлт – Алтан медаль
  • Эмэгтэй багийн 4х200 метрийн чөлөөт сэлэлт – Хүрэл медаль

Кэти Ледеки (АНУ). 24 настай

  • Эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлт – Алтан медаль
  • Эмэгтэй багийн 4х200 метрийн чөлөөт сэлэлт – Мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлт – Мөнгөн медаль

Эмма МакКеон (Австрали). 27 настай

  • Эмэгтэй багийн 4х100 метрийн чөлөөт сэлэлт – Алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлт – Хүрэл медаль
  • Эмэгтэй багийн 4х200 метрийн чөлөөт сэлэлт – Хүрэл медаль

Кайл Чалмерс (Австрали). 23 настай.

  • Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлт – Мөнгөн медаль
  • Эрэгтэй багийн 4х100 метрийн чөлөөт сэлэлт – Хүрэл медаль
  • Эрэгтэй багийн 4х200 метрийн чөлөөт сэлэлт – Хүрэл медаль
Categories
мэдээ нийгэм

Ачааны автомашины даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын Авто тээврийн тухай, Авто замын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, НИТХ-ын 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалтыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Улаанбаатар хотын авто замын урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийдэг билээ. Энэхүү стандартаар нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тонн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тонноос ихгүй байна гэж заасан. Гэсэн ч ачааны автомашинуудын даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Нэг тэнхлэгт ногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлдэг.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ. Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв. Түүнчлэн энэ сард хийсэн зургаан удаагийн шалгалтаар ачааны 103 автомашины ачаа тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийхэд 68 автомашинд нэг тэнхлэгт ногдох даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь 2021 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, норм стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээл эхлэхэд мөрдөх заавар зөвлөмжийг ЭМЯ, БШУЯ хамтран боловсруулж эхэлжээ

Эрүүл мэндийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхэд мөрдөх заавар зөвлөмжийг боловсруулж эхэлжээ.

Энэ тухай ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Бид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүдийг хичээлд оруулах эсэх асуудал бий.

Эрүүл мэндийн яамны зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд мөрдөх заавар зөвлөмж, удирдамжийг боловсруулж буй.

Ингэснээр сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудад сургалт явуулж, удирдамжийг өгнө. Цахимаар болон танхимаар гэж хослуулан хичээллүүлэх хувилбар бий.

Тодруулбал, 40 хүүхэдтэй ангийн 20 нь нэг долоо хоногт цахимаар, үлдсэн нь танхимаар гээх маягаар ээлжлэн хичээллүүлэх хувилбар байгаа.

Хүүхэд хичээлээс нэг жил өнжихөд боловсрол, ирээдүйн орлогоос эхлээд олон зүйлд нөлөөлөх магадлалтай тул бид хичээлийг аль болох эхлүүлэх гарцыг олохын тулд хамтран ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 30-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Үүр, Хэнтий нурууны арын Улз, Увс нуурын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-80 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ: Одоо бодоход Олимпийн домогт аварга Шохей Оно-г давж явжээ

“Токио 2020” Олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн -73 кг-ын жинд Японы тамирчин Шохей Оно бүх учраагаа илт илүүрхэж ялсаар Олимпийн хошой аварга цол хүртсэн. Оно аварга мэргэжлийн сумогийн аварга Ёкозуны Г.Ган-Эрдэнэтэй их сургуулийн найз бөгөөд хамт Монголд ирж байсан удаатай. Энэ үеэрээ бөхийн “Увс нуур” галаар зочилж монгол үндэсний бөхөөр барилдаж байсан юм. Өнөө цагийн жүдо бөхийн тод од Олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга тамирчинг монгол үндэсний бөхөөр гурван удаа давж байсан Увс аймгийн Ховд сумын харьяат цэргийн начин Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний тухайд 2019 оны бүх цэргийн баяр наадамд тав давж цэргийн начин цолны болзол хангасан юм. Э.Мөнх-Эрдэнэ улсын аварга Н.Батсуурийн үеэл дүү билээ.


-2019 онд санагдаж байна. Олимпийн аварга Оно “Увс нуур” галын бэлтгэлд хамрагдаж байсан шүү дээ. Та тухайн үед Олимпийн аваргатай хэд хэд барилдаж байсан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн хошой аварга, Олимпийн аварга болчихсон үедээ Шохей Оно “Увс нуур” галаар ирж монгол үндэсний бөхөөр барилдаж байлаа. Мэргэжлийн сумогийн аварга Г.Ган-Эрдэнэ, Токусэгава Б.Ганболд нарын хамт манай галаар ирсэн юм. Тэр үеэр манай дэвжээний сумын заануудтай цөөхөн барилдаан хийсэн. Зодог шуудаг өмсчихөөд л сумын заанууд руу харж байгаад над руу заагаад барилдсан юм. Олимп, дэлхийн аварга хүн ч гэлээ үндэсний бөхөөрөө барилдаж байгаа учраас яасан ч унаж болохгүй шүү гээд л гарсан. Миний бэлтгэл ч их сайн байсан юм. Жүдо бөх ихэвчлэн босоо барилддаг учраас гуяны булчин нь айхавтар хөгжсөн хүн байна лээ. Гар, хуруу нь гэж хүрз шиг том. Айхавтар чанга атгана. Нэг атгачихвал тавина гэж байхгүй. Гараад барилдахаар өрөхөд давуулж бариад хөмрөөд шидчих гээд хэцүү санагдаж билээ. Урагшаа ганц алхахад л өнөөх бүдүүн хөлөөрөө тосгуулж өшиглөчих гээд, мөн ч халгамаар хүн байна лээ. Би элэг бүснээс нь тас зуурч аваад зогсчихсон. Бага зэрэг арагшаа хярж байгаад тахимдаж дайраад дарж унасан. Босоо өрөлттэй учраас хонгодож, тахимдаж унагахад боломжтой санагдсан юм. Гэхдээ хамаагүй дайрвал хөмөрчих гээд бас хэцүү. Хоёр дахиа барилдахад зүүн ташаагаа цөмөлж тавихад нь хонгодоод давсан. Дагуулж хөмрөх гээд л ташаагаа өгсөн нь тэр юм билээ. Би Оно аваргатай үндэсний бөхөөрөө гурав барилдаж давсан шүү. Анх удаа үндэсний бөхийн өмсгөл өмссөн болохоор барьц олж авах тал дээр аварга туршлагагүйтсэн болов уу. Зодог шуудгандаа дасаад ирвэл их сайн барилдахаар шинжтэй санагдсан.

-Тухайн үед та хоёрын биеийн жингийн харьцаа ямар байв?

-Яг тэр үед бол Оно жингээ тавьчихсан байсан л даа. Түр завсарлага аваад амарч явсан нь тэр байх. Миний жин 88 кг-тай байна гэж өөрөө хэлж байсан шүү. Би сумын заан цолтой. 90 кг л байсан санагдаж байна. Бид хоёрын биеийн жин их ойролцоо байсан.

-Таны “гар зөрүүлж” явсан Оно олимпийн аварга цолоо баталлаа. Юу бодогдож байх юм?

-Сайхан л санагдаж байна. Эхний тойргоос авахуулаад л бүх барилдаануудыг нь алгасалгүй харлаа. Жингийн өрсөлдөгч нараасаа үнэхээр хол тасархай юм. Барьц олж аваад л хүлээх юмгүй шууд л мэхээ хийж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Ер нь манай Ц.Цогтбаатар л үндсэн цагаа дуустал барилдлаа. Бусад бөхчүүдтэй нь бол зөрөөд л өнгөрөх юм. Монгол Үндэсний бөхөд авах зүйл их юм гэж хэлж байсан шүү.

-Онотой барилдахад “Увс нуур” галын дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Одгэрэл заан дэргэдээс тань чанга дуугаар л зөвлөж байгаа харагдсан. Юу хэлж байв?

-“Үкүн ээ (Мөнх-Эрдэнийн хоч нь) чи чарж, чарж байгаад л тахимдчих юм аа. Урагшаа яваад чөлөөтэй мэх хийгээд барилдаач чи” л гээд загнаад байсан. Хамаа замбараагүй явахаар хөмрүүлж уначих гээд байсан л даа. Оно Олимп, Дэлхийн аварга ч гэлээ би монгол үндэсний бөхөөр барилдаж байж яагаад ч унаж болохгүй гэх бодол миний дотор байсан л даа. Монгол үндэсний бөхөөр ямар чанга залуучууд барилддаг болохыг л мэдрүүлье гэж санасан юм. Ямартаа ч аваргад унаагүй, гурав даваад л явуулсан.

-Оно аварга нэг жижигхэн залууг хөмрөөд айхавтар жинтэй чулуудаж байгаа бичлэг цахим орчинд яваад байсан. Их өндөр хандалт авч байгаа харагдсан. “Оно аварга Монгол үндэсний бөхөөр барилдаж байна” гээд л шуугиулж байсан шүү дээ.

-Миний дараа “Увс нуур” галын Адьяа гэж жижигхэн залуутай Оно аварга барилдсан юм. Биеэр жижиг, уран барилддаг өсөх ирээдүйтэй залуу бөх л дөө. Адьяа маань Олимпийн аваргатай барилдахдаа дайраад л золгоод авсан. Эхлээд ойролцоо газардсан санагдаж байна. Хоёр дахиа өрөхдөө нүднийхээ булангаар над руу хяламхийгээд инээмсэглэдэг юм. Оно аварга тэр үед л хөмрөөд чулуудчихсан. Хүний хий зайг үнэхээр гярхай анзаардаг хүн байна лээ. Хормын төдийд сэрэмж алдахад л хөмөрч байгаа юм. Мэхний гүйцэтгэл, тэсрэлт нь үнэхээр гайхамшигтай. Аварга манай галын залуустай барилдаад ганц даваа авсан нь л тэр. Тэр хөмөрч байгаа бичлэг нь их олон хүнд хүрсэн байна лээ.

-Энэ жил бэлтгэл сургуулилт хэр зэрэг байна вэ?

-Н.Батсуурь аварга бид үеэлүүд. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аварга ахыгаа дагаж бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж баяр наадам маань зохион байгуулагдсангүй. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг. Энэ их ойд сайхан барилдчих санаа байсан минь талаар болж байна. Энэ жилийн тухайд “Увс нуур” дэвжээний бөхчүүд цар тахлын үед Харзтайд тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэлээ базааж байсан юм. Жигдхэн сайхан бэлтгэлтэй байлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ​21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэв

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан.

Тус захирамжийн дагуу найман дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ.

Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жилд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй болгохоор ирэх жилүүдэд 500-600 автобус авахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаа. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхийг зорьж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг багасгах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай орсон. Замын түгжрэлд шууд нөлөөлөх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталжээ.

Үлдсэн замаас 106.5 км-ын зураг төслийг энэ ондоо багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтыг гүйцэтгэх аж. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ.