Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон Сэлэнгийн сав газар, Улз голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байхыг зөвлөж байна

“COVID-19” халдвараас сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

Байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Нийт талбайн 50 хувьд ажил үйлчилгээ эрхлэхээр зохицуулах
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт ханда
Үйлчлүүлэгч нарт
• Амны хаалт зүүх
• Нүдний шил зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны долоодугаар сарын 18-ны ням гарагт Улаанбаатар хотод 17 суурин цэгт, 25 багийн 182 эмч, ажилтан 4235 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV ДАЛАЙ ЛАМ: Түвдийн багшаас төрөлхтний багш руу

Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн, Хятадын засгийн газрын нүдээр харвал сепарист, хүн төрөлхтний шинэ үеийн оюун санааны лидерүүдийн нэгэн гэхчлэнгээр олон талаас нь харж болох XIV Далай лам Данзанжамцын дүр ихээхэн ээдрээ түвэгтэй, зөрчилтэй мэт санагддаг аа. Буддизмыг үндэслэгч Сиддхарта Гуатама бээр хаан төрийн эрх мэдлийг огоорох нь гэгээрлийн замд хөл тавих гол зам хэмээн амьдралаараа нотолсон атал Түвдийн далай ламууд төрийн эрхийг өөртөө хавсарган барьсаар ирсэн нь бурханы сургаалын үндсэн агуулгатай зөрчилдөг ч юм шиг бодогдуулан дээр эргэлзээний улам ч чангалах мэт.

Чухам энэ өнцгөөс харахад Далай лам, Түвдийн соёл, Түвдийг хамгаалах үзэл санаа, орчлонг огоорох тухай Буддын сургаал энэ бүхэн хэрхэн нэг дор зүй зохисоороо цогцолж таарах вэ? Энэтхэг сэтгүүлч Маяанк Чаяа чухам энэ асуултын хариуг эрсэн байна. Түүний олон жилийн ер бусын хөдөлмөрийн үр шим болсон Маяанк Чаяа. Далай лам: хүн, хувраг, мистик номыг НЭПКО хэвлэлийн газраас саяхан монголчуудад толилууллаа.

Хэрвээ буддын шашны их хөлгөнийг сүслэн дагагчид Дээрхийн гэгээний намтрыг бичвэл нэг янз. Басхүү бурханы сургаалыг буруу ном хэмээн ухаардаг өөр мөргөлтөн түүний бичвэл харах өнцөг мөн л ойлгомжтой. Харин энэхүү номыг туурвигч газар дэлхийд хүмүүний биеийг олж морилсон амьд Буддаг хөндлөнгөөс харах боломжтой, чадвартай нэгэн байлаа. Дээрхийн гэгээнтэй анх уулзан танилцах үедээ Маяанк Чаяагийн гэргий нь “Би ислам шүтлэгтэй, миний нөхөр огт шашингүй, харин хүү минь буддист болж магадгүй юм” гэсэн байх юм.

Далай багшийн айлдсан үг сургаал манайд зөндөө хэвлэгдсэн. Түүний хэлсэн үг уншсан лекцийг манайхан ч мэднэ. Харин гэгээн хутагтын туулсан замыг хөндлөнгийн хүний нүдээр харж, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл рүү өнгийн сонжих шинэ боломжийг дээрх ном олгож байна.

Зөрчил, харшилдаан, эсрэгцэл, үгүйсгэлийн тухай ойлголт маань ингэхэд хэр төгс төгөлдөр вэ? Тогтож ирсэн итгэл, үнэмшлээрээ юм бүхнийг тайлбарлан ухаарсаар явах нь үнэнд хүрэх хамгийн зөв зам мөн юм үү?

Тэртээ 2500 гаруй жилийн өмнө гэгээрсэн Будда юм “бүхэн агшин зуур хувьсч өөрчлөгдөнө, харагдах дүрээсээ эхлээд оюун санаанд орших үнэлэмжээ хүртэл” хэмээн сургасан энд хамаатай юу? Ертөнцийн хувьсан өөрчлөгдсөөр байхад бид түүнийг хувьсан өөрчлөгдөөгүй үнэлэмж, дүгнэлтээрээ хэмжих гээд байдаг юм биш байгаа. Бид сүүдрийг гэрлийн эсрэг тал, харыг цагааныхаа үгүйсгэл гэж хардаг. Гэтэл сүүдэр өөрөө гэрэл байгаагийн илэрхийлэл, хар нь цагааныхаа тусгал л шүү дээ. Харахад эсрэг мэт боловч салгахын аргагүй нэгдэл, бие биенийхээ илэрхийлэл. Бид бие махбод руу хоол унд орох явцыг тансаг ёслол, баяр хөөр гэж үздэг, харин орсон хоолоо буцаад гарах явцыг нь тун таагүй, муухай явдалд тооцдог. Бид хошногоныхоо дээд үзүүрийг маш гоё эрхтэн гэж бахархах атлаа, амныхаа доод үзүүрээс жигшдэг. Гэтэл энэ нь нэг юмны хоёр тал, нэг хоолойны хоёр үзүүр. Хар ба цагаан, гэрэл болоод сүүдэр үүнтэй л адил…

Харийн нутагт өнгөрүүлж буй амьдрал, хэзээ нэгэн цагт эзэгнэн суугаад өдгөө Лхасын ордонд эзгүйрэн үлдсэн шашин төрийн хослон баригчийн сэнтий, нэгэн цагт ирж хятадуудаас чөлөөлнө хэмээх найдваргүй горьдлого тээсэн Түвдийн ард зоны байдал гээд олон олон “13-ны баасан” давхцсан мэт байдал Далай ламыг золгүй амьтан болгож чадахгүй ажээ.

Төрөлх үндэстнийг нь алж хядаж, газар нутгийг нь эзэлсэн, сүм шүтээнийг нь нураан доромжилсон, өөрийг нь Хятад улсын албан ёсны дайснаар зарласан энэ бүгд нийлээд, нийлээд Далай багшид амьтан бүгдийг хайрлах сэтгэлд нь үзэн ядалт төрүүлээгүй аж.

Эндээс бидний эхний эргэлзээ төрнө. Эгэл бидний үзлээр бол түвдийн ард түмнийг хайрлахын тулд тэдэнд хайргүй бүхнийг үзэн ядах учиртай биз дээ. Гэтэл муу муухайг эсэргүүцэхдээ заавал үзэн ядалтаар жигүүрлэх албагүй аж. Хятадын ард түмнийг үзэн ядахгүй байгаа нь Түвдийг хайрлахад өчүүхэн ч садаа болохгүй аж.

Оршин буй орчлон, буддизмын ойлголтоор сансрын хүрдний дүрмийг ухаарахаас хүний гэгээрэл эхэлдэг гэх. Энэ дүрмийг бүрэн ухаарсан танихын цагт сэтгэл амгалан болж, үзэн ядалт, хэт хөөрөл гомдолоос салдаг гэх. Богд Зонховын Бодь мөрийн зэрэг-т нэг ийм хэсэг байдаг юм. Хэн нэгэн хүн чамайг үзэн ядаж байгаад сөргүүлэн уурлах амархан. Харин тэр хүний сэтгэлд үзэн ядалт гэдэг нэг зовлон байна. Үзэн ядалт тээсэн сэтгэл үргэлж хямарч, амар заяа үзэхгүй зовж байгаа. Энэ өнцгөөс нь харвал зовлонд унасан амьтан харагдана гэж.

Үзэн ядалтын эсрэг үзэн ядалтаар, хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр тэмцдэггүй. Үзэн ядалт хүчирхийлэл нь шинэ шинэ үзэн ядалт, хүчирхийллийг л төрүүлдэг учраас тэр. Ийм учраас дээрхийн гэгээн Далай ламтан Түвдийн өөртөө засах эрхийн төлөө тэмцэлдээ цаг үргэлж “хүч үл хэрэглэх” аргыг уриалж иржээ.

Тэр үзэн ядалтаасаа салчихсан. Үзэн ядалтаасаа салсан учраас ямар ч дайсагнал, зүхэл түүнд үзэн ядалт төрүүлэхгүй. Үзэн ядалт төрдөггүй учраас тэр хэнийг ч дайснаа гэж үздэггүй. Хэн ч түүний дайсан болж чадахгүй учраас түүнд ялагдал гэдэг ойлголт байхгүй. Нэгэнт ялагдал, дайсан, үзэн ядалтаасаа салсан учраас энэ хорвоо дээр түүний хувьд зөвхөн амгалан л бий. Нөгөө талаас нь авч үзвэл гэнэт бүх юм орвонгоороо эргээд Түвд 1950-иад оныхоос өмнөх үедээ эргээд орлоо гэхэд дээрхийн гэгээнтний амьд явсны хэрэг бүтэж хөөрөн, дэрвэх нь бас үгүй. Учир нь тэр үзэн ядалт, хэтэрхий хайрлах аль алинаас нь салсан гэсэн үг.

Будда Шагжаамунын олон цол чимгийн дотор буй “дайснаа дарагсан” хэмээх үг чухам энэхүү дайсантай байх шалтгаанаасаа салсных нь тодотгол буйзаа.

Түвдэд өрнөж буй үйл явдал Далай ламыг зовоогоод байгаа юм биш. Гэвч тэр Түвдийн ард түмний удирдагч болон төрсөн учраас улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүрэг ухамсарлахын тулд, Хүчирхийллийн эсрэг тэмцэхийн тулд заавал үзэн ядалт үүсгэж, сэтгэлийн амгалангаа сарниасан байх албагүй.

Нэг талаасаа Түвдүүдийг үргэлж өөрөө өөрийгөө мэдэх эрх-засаглал руу дуудаж байдаг хүчин зүйл нь Далай лам мөн. Тэд дээрхийн гэгээнээ нутагтаа залах, түүгээрээ шашин төрөө хослуулан барих мөрөөдлөөсөө далай багшийг жанч халан халтал салж чадахгүй. Энэ утгаараа Түвдэд гарч болох бослогын шалтгаан нь дээрхийн гэгээн мөн.

Нөгөө төлөөсөө ариун сайн үйл хэргийн төлөө хүч хэрэглэхгүй байнга ухуулж, Түвдийн тодорхой хэсгийн экстермист хандлагыг зөөллөж байдаг хүн нь мөн л Далай лам. Харин энэ утгаараа Түвдэд хүч хэрэглэсэн бослого гарахгүй байх бас нэг баталгаа нь Далай лам мөн.

Нууц тарни, ид шид, учир битүүлэг тантрын ёслол холилдон оршсон Түвдийн Буддизмыг тэрээр мистицизмээс нь аль болох салгаж, ухаарал, гэгээрлээр дамжин төгс төгөлдөрт хүрэх тухай Будда Шагжаамуны номлосон өнгө төрхөөр нь хүн төрөлхтөнд таниулахыг зорьж ирсэн нь уг номоос харагдана.

Нэг ийм андуурал байдаг. Далай ламыг бүх буддын шашинтны албан ёсны тэргүүн гэж бодоод байдаг. Үнэндээ Түвдэдээ ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөггүй урсгалын тэргүүн. Энэ урсгалыг БНАХУ-ын Түвд, Өвөр Монгол, ОХУ-ын Халимаг, Буриадууд, дээр нь манайхан албан ёсоор шүтдэг. Түвд дотроо Гармапа, Нямапа, Сажапа, Бон зэрэг тусдаа урсгалуудтай, Шарын урсгал дотроо Далай багштай эвлэрэхгүйгээ зарласан Доржшүгдэнгийнхэн гэхчлэн бүлэглэлтэй.

Харин Буддын Их хөлгөний аймгийн ламайзмын гэлүгва хэмээх шар малгайтныг урсгалын тэргүүнээс ерөнхийдөө манай гаригийн Буддизмын нүүр царай болтол өөртөө менежмент хийсэн хувраг уу гэвэл, тийм юм. Далай багштан өөрийн улс үндэстнээ орхин гараад дэлхий ертөнцийг олж авсан. (Гэхдээ энэ нь бидэнд л тэгж санагдаж байгаа болохоос гэгээрсэн хутагтын хувьд ариун хоосоны орчилд юу ч алдаагүй, юу ч олж аваагүй гэх бөлгөө)

Оюуны өндөр түвшинд хүрсэн өнөөгийн хүн төрөлхтөнд эх орноосоо хөөгдсөн, уугуул үндэстэн ах дүүсээ, сүм шүтээнээ хэлмэгдүүлсэн атлаа үргэлж бусдад сайн сайхныг ерөөж, үзэн ядалтаасаа салахыг хүн төрөлхтөнд ятган номлосон, тэгсэн атлаа тавьсан зорилгоосоо ер няцахгүй сайхан хувраг онцгой таалагдсан юм.

Өнөөгийн Далай лам бол хүн төрөлхтний шинэ итгэл үнэмшил, магадгүй шинэ шүтлэг мөргөлийн бэлгэ тэмдэг болж байгаа юм. Учир нь улс төр, эдийн засаг, оршин амьдрах эрх чөлөөгөө улам бүр мэдрэн тэлүүлж байгаа хүн төрөлхтөнд тэдний уламжлалт шашнуудынх нь хатуу хориг, догмууд тээртэй санагдаж эхэлжээ. Яг энэ үед “хорвоог бүтээгч гэж байхгүй, хүний заяа тавиланг хөндлөнгөөс зохицуулдаг ид шид гэж үгүй. Бүхнийг өөрөөсөө эрж хай. Буддагийн хүрсэн гэгээрэл чиний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэгт чамайг сэрээхийг хүлээн зүүрмэглэж байгаа. Чи зүгээр л сэр, сэтгэл зүрхнийхээ дуудлагыг чагна. Жаргах гэж хэт улайрах, бас зориуд өөрийгөө зовоох хоёулаа буруу. Учиргүй буян хураах гэж улайрах, нүгэлд шунах хоёр ав адилхан. Бирд, Диоген хоёр хоёулаа төөрөгдөл. Зүгээр амгалан орш” хэмээсэн Буддагийн сургаал сэтгэл зүрхэнд нь ойр санагдсан байж болно.

Будда “хоосон чанар” гэдэг ойлголтод юм бүхэн агшин зуур хувиран өөрчлөгддөг гэдгийг л хэлсэн гэх юм билээ. Бидний оршин амьдарч орчлонгоос эхлээд үнэлэлт дүгнэлт, ойлголт бүгд хувирч байдаг аж. Далай багшийг Америкт лекц уншиж байхад нь “Гомосексуализмыг хэрхэн үздэг” тухай нь асуужээ. Дээрхийн гэгээнтэн “Нэг зүйлийн таашаалд л дурлаж байгаа хэрэг байх нь. Хэрвээ тэд ингэхгүй гэж ам тангараг тавиагүй л бол нүгэл хилэнц бус аа” хэмээн хариулжээ. Нэг талаасаа ижил хүйстний асуудал нь зөв зохистой сексийн тухай бидний уламжлалт ойлголт төсөөлөл ямархуу хэврэг байсны л бас нэг илэрхийлэл билээ.

Өнөөгийн дэлхийн түвшний “Түвдийн асуудал” гэдэг нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, дотоод улс төр энээ тэрээтэй холбогдох шинж чанараасаа улам бүр холдож байгаа аж, уг номоос харахад. Энэ нь ямар нэг хэмжээний тусгаар тогтнол, өөртөө засах эрх энээ тэрээгээс илүүтэйгээр хүн төрөлхтний ер бусын оюун санааны өвийг хадгалах, сэргээх шинэ агуулгатай болсон байна. Түвдийн өндөрлөг бол хүний түүхийн мянганы тэртээх оюун санааны амьд сан хөмрөг, Гэгээрсэн Буддагийн ном сургаалыг анхан үеийн дүрээр нь санаж үлдсэн амьд ой санамж, нэн эртний бөө мөргөлын шинжтэй Бон ба Буддын Их хөлгөн хэрхэн сүлэлдэж олон олон төрөл дамжин гэгээрэлд хүрэх арга замыг тантаржуулан агшин зуурын болгосон мистик аргачлалын амьд архив бөлгөө.

Түвд хэмээх энэ гайхамшигт өвийг яаж хадгалах вэ? Хэнийг ч тийш нь нэвтрүүлэхгүй ертөнцөөс таслах уу? Шинэ юм биш. Түвдүүд олон жил энэ аргыг хэрэглэсэн. Эцсийн дүндээ хэний ч өмнө хаалгаа нээдэггүй энэ орныг Хятад өөрийнхөө хэсэг гэж зарлахад дэлхий нийт их юманд бодоогүй. Далай багшийн Миний ард түмэн, миний Түвд дурсамжийн номд гуниглан дурсснаар бол үүд хаалгаа хааж, хорвоогоос улс орноо таслахын оронд хил хязгаараа нээж, том том улс гүрэнтэй харилцан, нэгэнд нь ч болов элчингээ суулгаж байсансан бол биднийг “түвд нь хятадын хэсэг биш” гэх газар гарах л байсан байхдаа хэмээн санааширсан гэдэг.

Ингэхээр Түвдийг ертөнцөөс ч, Хятад дотор нь хятадаас тусгаарлах нь угаасаа боломжгүй. Амьтны хүрээлэн гэлээ гэдэг шиг “Түвд хүний хүрээлэн” байгуулчихаад хэрхэн оршиж байгааг нь хоргоны гаднаас сонирхох, судлах аргагүй. Тэндхийнхэн хүнийхээ хувьд шинэ мянганы хөгжилтэй нэгдэж, техник технологийн шинэ үр шимийг амсах хэрэгтэй ч, эрхтэй ч.

Хамгийн зөв зам бол түвдийн ой санамжид байгаа Буддагийн заасан гэгээрлийн мэдлэг, мянганы тэртээх үзэл санааны амьд сан хөмрөгийг нийт хүн төрөлхтний мэдлэг оюунд юүлэх зам. Чухам өнөөдөр Буддагийн заасан ариусал, нигүүсэл, гэгээрлийн бэлгэ тэмдэг болоод манай гаригийн хүн зоны зүрх сэтгэлийг дуудаж даллаж буй Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтан ийм гүүр болж байна. Дэлхийн дээвэр Хималайд зуу, зуун жил хоргодон саатсан Буддагийн сургаал өдгөө хүн төрөлхтний оюун санаад цутгаж эхлэх шиг санагдана.

Гэгээрсэн Будда “Далайд унасан дусал нь тэр далайг ширгэн дуустал орших хутгыг олно” хэмээн айлдсан бөлгөө.

2011 оны 2 сарын 10

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Загасыг сэртэнгүй дэгээгээр агнахад ямар нэгэн гэмтэл учруулдаггүй

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.



-Манай оронд хэчнээн төрлийн загас байдаг вэ. Зарим төрлийн загасны тоо толгой цөөрч ховордож байна гэх юм. Жишээ нь, тул загас ховордоход ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Монгол орны ан амьтны нөхцөл байдлын хувьд гурван ай савд 79 төрлийн загас тэмдэглэгдсэнээс 30 зүйлийг нь агнуурын ач холбогдолтой гэж үздэг. Агнуурын ач холбогдолтой загаснаас дөрөвний нэг орчим хувьд нь бүс нутгийн хэмжээнд ховордох аюул тулгараад байна. Ховордож байгаа шалтгааныг аваад үзэхэд хүний буруутай үйл ажиллагаа, нөгөө талдаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа юм. Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор гол усны бохирдол загас ховордоход голлох нөлөө үзүүлж байна.

-Загасыг үржлийн үед нь агнах их хор хохиролтой байдаг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Загасны үржлийн үе хэзээ явагддаг юм бэ. Олон загас байдаг шүү дээ. Өөр хоорондоо харилцан адилгүй байх уу?

-Ховордох аюул нүүрлээд буй загасны тоо толгойг өсгөхөд хамгийн гол зүйл нь үржлийн үед нь агнахгүй байж, хамгаалах явдал. Усны температураас шалтгаалаад жилийн дөрвөн улиралд загасны үржлийн үе тохиож байдаг. Тэр үед нь л агнахгүй бол нэг загас л 20 дахин үржих боломжтой. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт загасны 70-90 хувь нь үржилд орж гүйцдэг гэх судалгаа бий. Бусад тодорхой төрлийн загасны тухайд ярихад дархадын цагаан загас жил бүрийн наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл үржилд ордог. Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл агнахыг хориглогдог. Үржлийн үе нь тохиож байгаа болохоор л тэр шүү дээ. Омоль гэж загасны тухайд наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үржилд орж байдаг. Харин зарам загас жил бүрийн есдүгээр сарын 5-наас дараагийн оных нь нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үржилд орно. Энэ хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж өгсөн байдаг. Энд нэг зүйлийг онцлоход, загас агнадаг хүмүүсийн дунд жил бүрийн зургадугаар сарын 15-нд л загасны үржлийн хугацаа дуусдаг гэх нийтлэг ойлголттой байдаг. Загасчлалын спортыг шинээр сонирхож байгаа залуус ялангуяа тухайн загасны төрөл зүйлийг мэдэхгүй агнаж буруудах магадлалтай. Өнгөрсөн онд л гэхэд хууль бусаар загас агнасан дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Зөрчил гаргасан тохиолдол маш олон бий.

-Ямар тохиолдолд гэмт хэрэг болдог вэ?

-Дархан цаазат газраас загас агнахад Эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдэнэ. Төрийн тусгай хамгаалалтад байгаа дархан цаазат газраас ан амьтан агнах, ургамал түүж бэлтгэх арга хэмжээг хуулиар хориглосон байдаг. Хамгаалалттай бүс нутагт зөвшөөрөлгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл бүрт л Эрүүгийн хариуцлагад татна л гэсэн үг. Зөрчлийн тухайд цагдаагийн байгууллагад шалгадаггүй. Хуулийн харьяаллаар мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэдэг.

-Загас барих хоббитой масс бий. Загасны тоо толгойд хор хохирол багатайгаар агнах ямар болж байдаг вэ?

-Дэлхий нийтээр загасыг зөв боловсон агнах соёлыг түгээн дэлгэрүүлж ирсэн байдаг. Манайд ч хэрэгжүүлээд л явж байна. Хор хохиролгүйгээр агнахад сэртэнгүй дэгээ ашиглах нь зөв. Сэртэнгүй дэгээ нь загасны эрүү, амыг гэмтээдэггүй. Ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэсэн үг. Ер нь загас агнахад тухайн орон нутгийн байгаль орчны газар, Нийслэлийн байгаль орчны газраас тодорхой хэмжээний хураамж төлж загас агнах зөвшөөрөл авдаг. Тухайн зөвшөөрөлд ч хэдэн тооны загас агнахыг заагаад өгчихсөн байдаг. Зөвшөөрлөөсөө илүү тооны загас агнасан бол 30 секунд болоод л усанд нь тавих хэрэгтэй. Амьтан бүхнийг агнаад махыг нь идэх хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ.

-Буцааж тавихад загасны хайрс ч тодорхой хэмжээнд гэмтэх үү. Яаж тавих вэ?

-Гэмтэх эсэх нь тухайн амьтантай яаж харьцаж байгаагаас л шалтгаална. Уснаас нь гаргаад голын эрэг рүү чулуудвал мэдээж тодорхой хэмжээнд гэмтэнэ. Загасны хэрэгсэл зардаг дэлгүүрүүд мэргэжлийн зөвлөгөө өгдөг болчихсон шүү дээ. Дэлхийн нийтэд түгээд буй аргачлалд л суралцах хэрэгтэй.

-Загас гол мөрний экологийн системд чухал ач холбогдолтой амьтан. Ховордох аюул нүүрлээд буй загасыг одоо яах вэ. Зохистой хэмжээнд барихын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн загас байгааг би яриандаа онцолсон. Үүний дөрөвний нэгд нь ховордох аюул нүүрлэсэн. Загасны тоо толгойг зохистой хэмжээнд барих, хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг мөрдөөд явахад л тоо толгой амархан нөхөн сэргэх боломжтой. Иргэдийн зүгээс загасны үржлийн үед л агнахгүй байх нь чухал. Дахин онцлоход нийтлэг загасны тухайд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд үржлийн үе явагддаг. Энэ хугацаанд агнаж болохгүй. Бусад тодорхой төрлийн тав зургаахан загасны тухайд Монгол Улсад маш ховор болсон. Нийтийн дунд яваад байгаа зургадугаар сарын 15-наас хойш л бүх загасыг агнаж болно гэсэн ташаа ойлголтын үр дүн л ингэж гарч байгаа юм. Иргэд үүнийг ухамсарлаж Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд агнахгүй байх хэрэгтэй. Энэ мэт эрх зүйн хэм хэмжээг мэдээд авчихвал хууль эрх зүйн ямар нэгэн асуудалд орохгүй. Нөгөө талд нь загасны тоо толгойг өсгөхөд оруулж байгаа хувь нэмэр нь л яваад байгаа юм.

-Уул уурхайн олборлолт улс орны эдийн засагт тустай ч нөгөө талдаа байгаль экологид тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. Уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын зүгээс ямар оролцоо шаардлагатай байна вэ?

-Уул уурхайн тухайн компаниудын зарим нь хортой бодис гол руу алдсан тодорхой хэмжээний зөрчлүүд шалгагдаж байгаа. Нийт аж ахуйн нэгжүүдийн тухайд нөхөн сэргээлт хийхдээ гол мөрөн нууранд байгаа загасыг үржлийн үед нь хамгаалах, энэ талаар олон нийтийг сэдэлжүүлэх ч юм уу арга хэмжээ явуулах нь үр дүнтэй. Энэ талаар үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн төрийн бус байгууллагууд ч бий болсон байна. “Чулуут тул” ТББ-ын тухайд Чулуутын голд тул загасны тоо толгойг нэмэгдүүлэхээр олон улсын байгууллагаас дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байна. Туул голд ч загас нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ нь тухайн гол мөрөн, нуурынхаа экологийн системийг тэнцвэржүүлж, бохирдлоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Үүнд аж ахуйн нэгжүүд, иргэдийн оролцоо ч чухал үүрэгтэй. Загас үржлийнхээ үед богинохон хугацаанд л хэдэн зуугаар үржих боломжтой амьтан.

-Өнгөрсөн хугацаанд зах замбараагүй устгаж дээ. Үүний ард ямар хүчин зүйл байна вэ?

-Хүмүүсийн тухайд загасны ач холбогдлын талаар мэдээлэл хомс байдаг юм билээ. Орчин үеийн чиг хандлагыг анзаарахад загасны махыг ресторан, зоогийн газарт хэрэглэх гээд байдаг болж. Энэ нь ч залуусын дунд загасны мах идэх хандлагыг түгээжээ. Загасны талаар ойлголтгүйгээс шалтгаалж үржлийн үед нь ч их хэмжээгээр агнаж асуудалд орох тохиолдол гарсан. Өмнө нь бол тухайн бүс орон нутгийн цөөхөн иргэд л тодорхой хэмжээнд агнаж хоол хүнсэндээ хэрэглээд л ирсэн байдаг шүү дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 18, Адъяа гариг. Билгийн тооллын 9, Салхины эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:12 цагт мандан, 20:45 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 28-30 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, Их нууруудын хотгороор 26-31 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Морьт эргүүл ажиллалаа

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд морьт эргүүл ажиллуулав.

Энэ ажлын зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж, цагдаагийн алба хаагчид долоодугаар сарын 10-17-ны өдөр аймгийн төвд хоёр чиглэлд тусгай хуваарийн дагуу морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт гол орчимд морьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ цагдаагийн алба хаагчид иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр голын эрэг орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүй усанд орох, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, бөөгнөрөл үүсгэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд мотоциклтой оролцох зэрэг зөрчил нэлээд илэрчээ. Иймээс иргэд цаашид амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр холбогдох хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хил дээр төөрсөн охиныг эсэн мэнд эцэг эхэд нь хүлээлгэж өглөө

Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэгт Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авч, харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өглөө.

Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 0.8 км зайд байрладагаараа онцлогтой юм.

No description available.

Categories
гадаад мэдээ

Баруун Европт болсон үерийн гамшишт 120 хүн амиа алдаж, 1300 хүн сураггүй болжээ

Сүүлийн хэдэн аран жилд тохиогоогүй их үерийн гамшиг баруун Европт болж, багадаа 120 хүн нас барж, 1300 гаруй хүн сураггүй алга болсон талаар BBC мэдээлжээ. Иймд амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсч магадгүй байгаа талаар албаныхан анхааруулав. Герман улсад 100 гаруй хүн, хөрш Бельги улсад 20 гаруй хүн үерт амиа алдсан нь тогтоогджээ. Түүнчлэн Нидерланд, Люксембург, Швейцар улсуудад мөн гол, нуурууд үерлэж эхэлжээ.

Бельгийн ерөнхий сайд Александер Де Кру долдугаар сарын 20-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна. Тус улсын эрх баригчид яг хэдэн хүн сураггүй болсныг эцэслэн тогтоож чадаагүй байгаа аж.

Германы Засгийн газар аврах ажиллагаанд 15,000 цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг дайчилжээ. Тус улсын баруун хэсэгт үерийн улмаас зам тээврийн системд доголдол үүсч, сургуулиудыг хаажээ. Орон сууцнууд руу орох, гарах гарц бүрэн хаагдсан учир завиар хүрэхээс өөр аргагүй болсон байна.

Энэхүү байгалийн гамшгийн гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн цаг агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эрин эхлэх үеэс хойш даруй Цельсийн 1.5 хэмээр нэмэгдээд байгаа билээ. Иймд дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа эрс бууруулж, энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол цаашид үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж улам ойртоно гэдгийг анхааруулж байна.