Categories
гадаад мэдээ

Их Британийн Эрүүл мэндийн сайд халдвар авчээ

Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнд “тун хөнгөн” шинж тэмдгүүд илэрч байгаа аж.

Вакцинд бүрэн хамрагдаад байсан С.Жавид “PCR” шинжилгээний хариугаа эерэг гарсныг бямба гаргийн орой мэдээлээд, өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллахаар болсноо мэдэгджээ.

С.Жавид Ерөнхий сайд Борис Жонсонтой баасан гарагт уулзсан бөгөөд тэрбээр тусгаарлагдах эсэх нь одоогоор хараахан тодорхойгүй байна.

Үүнтэй зэрэгцэн Английн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, профессор Жонатан Ван-Там “хэцүүхэн өвөл” ирж буйг анхааруулжээ.

Их Британид халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 50 мянга даваад байгаа үед тэрбээр ийнхүү мэдэгджээ. Харин Англид мөрдөж буй бараг бүх хязгаарлалтыг ойрын хугацаанд цуцлахаар төлөвлөөд буй юм.

Их Британид баасан гарагт халдварын 51 870 тохиолдол бүртгэгдсэн бол бямба гарагт 54 674 хүнээс халдвар илэрчээ. Тус улсад хамгийн сүүлд нэгдүгээр сарын дундуур өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 50 мянга давж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн тав, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32,038,077 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 37368340
30 мянган төгрөгийн азтан – 28,843
100 мянган төгрөгийн азтан – 2,886
500 мянган төгрөгийн азтан – 279
1.5 сая төгрөгийн азтан – 24
Гурван сая төгрөгийн азтан -5
20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.
Супер тохирлын дугаар 97991257 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.
Categories
мэдээ эдийн-засаг

Монголын экспорт буурч, Хятадын гол нийлүүлэгч АНУ болжээ

Монголын коксжих нүүрсний экспорт огцом буурснаар Хятад улс нүүрснийхээ дийлэнхийг АНУ-аас импортлох болсон талаар “SXCoal” мэдээлжээ. Хятадын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлсөн байна.

Оны эхний дөрвөн сард гэхэд АНУ нь Хятад улсад 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг тав дахин өссөн дүн юм. Харин зургадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлжээ.

Мөн Монгол болон Австралийн экспорт буурсан нь ОХУ-д завшаан болж байгаа аж. ОХУ зургадугаар сард Хятадад 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 2303 юань хүрээд байгаа нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төөрсөн охины ээж хилчдэд талархал илэрхийллээ

Дорнод аймагт 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр тус аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар Ульхан сууринд аялж зугаалах зорилгоор ирсэн тус аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авчээ.

Улмаар харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн талаар бид мэдээлсэн.

Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 830 м зайд байрладаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 18-ны 20 цагаас 07 дугаар сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, Их нууруудын хотгороор болон говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 24-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээ авч буй хувийн эмнэлгүүд

Өнөөдөр PCR шинжилгээний дараах цэгүүд
Баянгол дүүрэг, 96-р цэцэрлэг \III, IV хорооллын эцэс, Говь сауны урд тал\
Чингэлтэй дүүрэг, 50-р сургууль \Баянбүрд төвийн урд тал\
Сонгинохайрхан дүүрэг, шинжилгээ авах явуулын баг \5 шарын төмөр замын гармын урд байрлах Номин агуулах байрны гадаа талбай\
ХӨСҮТ Баянзүрх дүүрэг, \Ням Ян Жүгийн гудамж\ 12:00 цаг хүртэл ажилласан байна.
Харин дараах хувийн эмнэлгүүдэд шинжилгээ авч байгаа аж.

Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхааруулсан билээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Каннын кино наадмын шилдгүүд


“Ковид-19” цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлоод байсан 74 дэх удаагийн Каннын кино наадмыг энэ сарын 6-17-ны өдрүүдэд Франц Улсын Канн хотод зохион байгууллаа.

74 дэх удаагийн Каннын кино наадмын шилдгүүдийг тоймлон хүргэж байна.


АЛТАН НАВЧ: “Титане”

ГРАН ПРИ: “Баатар”, “Тасалгаа No6”

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ: “Ахедын өвдөг”, “Санах ой”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР: Ренат Рейнсве“Дэлхийн хамгийн муу хүн”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР: Калеб Жонес “Нитрам”

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: Леос Каракс – “Аннет”

ШИЛДЭГ ЗОХИОЛ: “Миний машиныг жолоод”

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: “Мурина”

АЛТАН НАВЧ /БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО/: Tian Sia Wu Ya

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ /БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО/: “Ceu de Agosto”

Categories
мэдээ нийгэм

О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино

“Токио 2020” олимпийн наадамд Монголын 43 тамирчин оролцоно.

Тэдний 16 нь олимпийн наадамд оролцож үзсэн туршлагатай бол 27 нь олимпийн дэвжээнд анх удаа хүч үзэх юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорих юм. Энэ нь Монголын олимпийн түүхэн дэх дээд амжилт гэдгийг МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.07.18/ зохиогдож өндөрлөлөө.

Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд болж Хакүхо 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчиллээ. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сумо бөхийн 73 дахь ёкозүна цол хүртэх болзлоо хангалаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт гол усанд 22 хүн осолджээ

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал,
  • Нийслэлд 6,
  • Орон нутагт 16 хүн нас баржээ.
Хүйсээр нь харвал эмэгтэй 7, эрэгтэй 15 байсан ба том хүн 18, дөрөв нь хүүхэд байна.
Гол, нууранд осолдсон байдлыг харвал:
  • Туул голд живсэн 4,
  • Хэрлэн голд 3,
  • Хараа голд 3,
Эгийн голд 1 буюу голд 11 хүн живсэн байна. Харин нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ.
Иргэдийн нас барсан шалтгааны тухайд гэвэл бүгд амралт аялал зугаалгаар явж байжээ. Ингэхдээ
  • сэлэх гэж гол руу орсон,
  • голд хийлдэг гудас хөмөрсөн,
  • нууранд морьтой орсон,
  • загас барьж байгаад хөл алдсан,
  • хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанууд байна.
Одоогоор гурван иргэний цогцос олдоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл шалгалт хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Амралт зугаалгын өдрүүд дуусаагүй. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа учир иргэд гол уснаас өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.