Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв

2021 оны долдугаар сарын 19-нөөс долдугаар сары 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Энэ 7 хоногт ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна. Нутгийн хойд хэсгээр бороо, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20, 23-нд нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Баярцогтыг үндэслэлгүй ялласан гэж үзэж, хэргийг нь мөрдөн байцаалтад буцаалаа

Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна гэж хоёр шүүгч тусгай санал гаргаснаар эл хэргийг Дээд шүүхээр дахин хэлэлцлээ.

Улмаар шүүхээс С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээжээ. Харин Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзжээ.

Ингэснээр буруутай хэмээн сүр дуулиантай баривчлагдаж байсан эдгээр хүмүүс гурван шатны шүүх хурлын эцэст бүгд буруугүй болж хувирч байна.

Categories
мэдээ нийгэм

​Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг мэдэгдлээ


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан билээ.

Энэ шийдвэртэй холбоотойгоор солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.

Шалгалтын тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтад албан ёсоор мэдээлэх болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийг устгаад байна.

Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгажээ.

Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Сайхан ойн төлөө” ХХК шалгарсан бөгөөд ойн хөнөөлт шавжийг устгаж байна.

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Од АНУ-ын ахлах сургуулиудын аваргын шилдэг 12 тоглогчид багтжээ

Сагсан бөмбөгийн АНУ-ын ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од оролцсон билээ. Тус тэмцээний шилдэг 12 тоглогчийн нэгт тэрбээр багтжээ.

Сонирхуулахад, АНУ-д сурч, бэлтгэл сургуулилт хийж байгаа Ш.Энхийн-Одод “Ратгерс” их сургууль тэтгэлэг санал болгоод байгаа юм.

нэг буюу түүнээс олон хүн болон

Categories
гадаад мэдээ

Германд хоёр сарын хугацаанд орох хур тунадас хэдхэн хоногт оржээ

Үерийн гамшигт нэрвэгдсэн Герман, Бельгийн иргэд гудамж талбай, гэр орноо цэвэрлэж эхэлжээ. Үерийн улмаас Германд 188 хүн амиа алдсан нь тогтоогдож, олон хүн сураггүй хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй аж.

Германы канцлер Ангела Меркель үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Шульд тосгонд ажиллан, нөхцөл байдлыг “аймшигтай” хэмээн дүгнэжээ. “Энэ бол үнэхээр аймшигтай нөхцөл байдал. Герман хэлэнд энэ гамшгийг илэрхийлэх үг олдохгүй байна” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. “Бага зэрэг тайвшруулж байгаа зүйл гэвэл энэ хүмүүс бие биедээ тусалж, эв нэгдэлтэй байна” гэв.

Меркель: Энэ аймшигтай нөхцөл байдлыг германаар илэрхийлэх үг олдохгүй байна

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад ус татарч байгаа бол Европын зарим хэсэгт хүчтэй аадар бороо орсоор байна.

Герман улсад сүүлийн 60 жилд ийм хэмжээний үерийн гамшиг тохиолдоогүй аж. Тус улсын Рейнланд-Пфальц, Умард Рейн-Вестфалиа болон Саар зэрэг холбооны бүс нутгууд үерт хамгийн ихээр өртжээ. Германы цаг уурын албанаас мэдээлснээр хоёр сарын хугацаанд орох хур тунадас хэдхэн хоногт орсон байна.

Засгийн газраас яаралтай тусламж болгон 300 сая евро, гудамж, талбай, байшин барилга сэргээн засварлахад олон тэрбум еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

Бад-Нойенар-Арвайлер хотын олон аж ахуй нэгж, байгууллагууд үгүй болж, цахилгаан, холбооны шугамууд тасарсан байна.

Зөвхөн Германд төдийгүй Европын бусад орнууд үерийн гамшигт өртжээ. Тухайлбал, Бельгид 27 хүн амиа алдаж, Австрийн Зальцбургт нэг хот сүйтгэгдсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Нидерландын Лимбург мужийн иргэд орон гэрээ орхин явсан бол Швейцарт гол нуурын ус эргээсээ хальжээ.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансанд шилжүүлнэ


НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж байгааг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэллээ.

Түүнээс хэчнээн иргэн, хэдэн төгрөгийн буцаан олголт авахаар байгааг тодруулахад “Улсын хэмжээнд 1.166.80 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан.

НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан бөгөөд бид Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна” гэлээ.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1.023.235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгож байв.

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Тодруулбал, Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

Categories
мэдээ спорт

“Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021”-д ОУИМ Б.Мөнгөнтуул шилдэг 32-т үлдлээ

ОХУ-ын Сочи хотноо “Дэлхийн цом-2021” болон “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021” өндөр зэрэглэлийн тэмцээнийг 2021 оны долдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 6-нд Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ноос зохион байгуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн цом-2021”-д Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021”-д Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг шатарчид өрсөлдөж байна.

Тус тэмцээний хоёрын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 оноогоор илт илүүрхэн буулгаж авлаа. Ингэснээр тэмцээний шилдэг 32-т багтаж, дараагийн гурвын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр болсон байна.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцдог бөгөөд “Дэлхийн цом -2021”-д 206, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-д 103 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Хасагдах системээр 8 даваа буюу бүрэн матч, даваа бүрт цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт 1 өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлүүдээр мөн адил цагаан, хар талаас тус бүр 1 өрөг тоглон хайнаагаа хагалж тоглосноор аваргуудаа шалгаруулна.

Энэ жилийн дэлхийн цом тэмцээн нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50 хувиар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд анхдугаар “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021” АШТ-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буй гэдгээрээ өмнөх цомын АШТ-үүдээс онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

​12-15 насны 36.443 хүүхэд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

2021 оны долдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66 мянга, хоёрдугаар тунд 1.831 иргэн хамрагджээ.

Ингэснээр нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 1.047.746 /69.%/, хоёрдугаар тунд 925.303 /61.7%/ тус тус болж байна.

18-аас дээш насны 953.058 иргэдээс нэгдүгээр тунд 59, /үүнээс 7 жирэмсэн/, хоёрдугаар тунд 1,517 /үүнээс 41 жирэмсэн/ иргэн хамрагдсан ба өссөн дүнгээр нэгдүгээр тунд 991,966 /104.1%/ үүнээс 3,146 жирэмсэн, хоёрдугаар тунд 918,504 /96.4%/ үүнээс 745 жирэмсэн тус тус хамрагдсан байна.

12-17 насны 135,225 хүүхдээс нэгдүгээр тунд 55,780 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36,443 /36.0%/, 16-17 насны 19,337 /57.1%/ хүүхэд тус тус вакцинаа хийлгэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад долдугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ.

Энэ тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар 18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас мөн сарын 19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 2 метр шуудуу татаж, 4 метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн байна.

Arslan.mn - Мэдээний хаан

Өмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээӨмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээӨмнөговь аймагт 19 айлын гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ