Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Сагс тоглосон залуучуудаас мэдүүлэг авч, зөрчлийг шалгаж байна

Шөнийн цагаар байрны гадна талбайд сагс тоглож байсан залуусыг цагдаа баривчилж, Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тайлбар мэдээлэл гаргажээ.

Үүнд “Долдугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнийн 1 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “Сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгахад 20 орчим насны 6 эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байв. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж тарах шаардлагыг тавихад иргэд шаардлагыг хүлээн авахгүй байсан. Улмаар тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “Бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан.

Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

Марафон гүйлт болох Саппород хэт халж байна


Олимпийн наадмын үеэр нийслэл Токиод халуу шатах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 градус хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ.
Нийслэлээс хойш 800 км-т орших тус хотод марафон гүйлтээс гадна эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн зарим тоглолт, спорт алхааны уралдаан явагдана. Лхагва гаригт “Sapporo Dome” цэнгэлдэхэд Их Британи, Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглох үеэр 28 градусын халуун байх төлөвтэй.
Саппоро хотноо наймдугаар сарын 5, 6-нд спорт алхаа, 7, 8-нд эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт болно. Энэ үеэр цаг агаар хэт халуун байх вий гэдгээс зохион байгуулагчид санаа зовж байна. Марафон гүйлтэд Монголоос Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар уралдах билээ.
Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр ЭЕШ-ын товыг эцэслэн зарлана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг тогтож, зарлах талаар БШУ-ны яамнаас өчигдөр мэдээлсэн.

Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг 14:00 цагаас танилцуулахаар болжээ.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40.420 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бага түргэний хүрхрээнээс нэг хүний цогцос олджээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон.

Орон нутгийн Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны 16.15 цагт хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 18.45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усан дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ.

Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22.00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Хаврын чуулганаар шийдсэн том асуудлуудын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон

Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаар мэдээлэл хийж байна.


Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Энэ хаврын чуулганаар баталсан чухал хуулиудын нэг бол Өршөөлийн тухай хууль байв. Өмнө нь Өршөөлийн тухай хуулийг баталж байсан. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан нэг удаагийн Өршөөлийн хуулийг баталсан.

Авлига албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насанд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг Өршөөлийн хуульд дахин хамруулахгүй зэрэг зарчмыг баримталсан. Өршөөлийн хуулийг батлагдсанаар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн.

Мөн Өршөөлийн хуулийг зарим хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ төр уян хатан хандах, төрийн энэрэнгүй зарчмын үүднээс хандаж Өршөөлийн тухай хуулийг баталсан гэдгийг онцолмоор байна.

Их хурлаар хэлэлцэж эхэлсэн одоогоор хараахан шийдэгдээгүй байгаа нь Монгол Улсын шүүхийг хараат бус болгох үйл явц. Үндсэн хуулийн дүгнэлттэй холбогдуулан энэ ажиллагаа маань тодорхой хэмжээгээр хойшилж байгаа.

Хаврын чуулганаар шийдсэн том асуудлуудын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон. Тухайлбал Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгоог олон нийтэд нээлттэй анх удаа томилсон юм. Халаасны дарга нарыг гэнэтхэн томилдог жишгийг халж, томилгооны сонсголыг анх удаа хийлээ” гэв.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Оргосон тамирчин Нагояд очжээ

Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосноос хойш сураг алдарч байгаад Нагояд харагдсан талаар Японы хэвлэлүүд мэдээлэв.
Японы мэдээллийн агентлаг “Киодо” Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ссекитолекотой төстэй хүн харагдсан бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байжээ. Нагояд 150 орчим уганда хүн амьдардаг нь тийш зорих шалтгаан болсон байх хэмээн таамаглаж байна.
Ссекитолеко олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчид зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байжээ. Ссекитолекогийн хувьд хамгийн сүүлд өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Гол, усны аюулаас 46 иргэнийг хамгаалж, голд суусан 5 автомашиныг татан гаргав

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 421 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 20203 иргэнд хүргэж, ногоон бүсээс 3431 автомашин холдуулж, 4904 ширхэг тараах материал тарааж ажилласан.

Мөн 46 иргэнийг гол, усны аюулаас авран хамгаалж, голд суусан 5 автомашиныг татаж гаргаж, амь насаа алдсан 7 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд Туул, Хэрлэн голын дагуу Шаргаморьт зуслангийн уулзвар дээр 12 зурагт самбарыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д саатсан зорчигчдыг өнөөдөр МИАТ-ийн онгоцоор Анталияд хүргэнэ

Улаанбаатар-Туркийн чиглэлд өчигдөр /2021.7.19/ 07:00 цагт ниссэн “Аэро-Монголиа” ХХК-ийн онгоц ОХУ-ын Челябинск-Анталия нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь зорчигчдыг буулгах зориулалттай шаттай автомашин тус онгоцны сүүлийг мөргөжээ.

Онгоцны мөргүүлсэн хэсэгт ойролцоогоор 12 см орчим цууралт үүссэн тул нисэх боломжгүй болж, зорчигчид саатсан байна. Энэ талаар “Аэро-Монголиа” ХХК

“Өчигдөр Улаанбаатар-Туркийн чиглэлд өглөө 07:00 цагт ниссэн онгоц ОХУ-ын Челябинск-Анталия нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь манай агаарын хөлөгт хохирол учруулсан. Тухайн техникийн ослоос шалтгаалж нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Аюулгүй байдлыг хангах үүднээс 131 зорчигчийг буулгаж, онгоцыг иж бүрэн техникийн үзлэгт оруулж, хяналт шалгалтыг хийх хүртэл тухайн хэсэгт байлгаж байгаа. Орост саатсан байгаа зорчигчдыг авахаар өнөөдөр МИАТ-ийн онгоц 16:00 цагт хөөрнө. Тухайн зорчигчдыг Туркийн Анталияд хүргэж өгнө.

Хохирлын хэмжээг тодорхойлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор ОХУ-ын зохих гэрчилгээгээр хангагдсан байгууллагаар тухайн онгоцонд үзлэг, шалгалтыг хийлгэж, хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа. Газар дээр байхад үүссэн гэмтэл учраас зорчигч гэмтсэн асуудал үүсээгүй.

Зайлшгүй нөхцөл байдалд “Covid-19″ халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж зорчигчид хуучин нисэх буудалд байрлаж байгаа юм байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад дотоодын нислэгийн бүсэд хамаарахгүй асуудал учир манайд мэдээлэл ирээгүй. Тус компаниас асуух нь зүйтэй” гэсэн тайлбар өгөв.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаралтай тусламжийн үед үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн цагийн төлбөр 4 саяас эхэлж байна

Энэ сарын 16-нд орон нутагт зам тээврийн осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаанд газардсан билээ.

Энэ нь олон хүний талархлыг хүлээж, цаашид машин хүрэх боломжгүй, мөн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг нисдэг тэргээр энэ мэт тээвэрлэж, амь насыг нь аврах үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээсэн юм. Тухайлбал, 100 орчим км-ийн зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон хүнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулна.

Энэ хооронд тухайн хүний биеийн байдал хүндэрч, нас барах эрсдэлтэй. Тэгвэл нисдэг тэргээр 20 орчим минутын хугацаанд тээвэрлэн эмнэлгийн гадна буулгах боломжтой аж. Иймд энэ чиглэлийн үйлчилгээний талаар сурвалжиллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төв өөрийн гэсэн нисдэг тэрэггүй. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг хувийн нислэгийн компани Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ГССҮТ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, зохих гэрээ байгуулсны үндсэн дээр үзүүлдэг байна. Сүүлд буусан тохиолдлын тухайд “Mongolian aviation academy” нислэгийн сургалтын төвийн нисдэг тэрэг байжээ. Тус өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд гэмтсэн зургаан сартай хүүхдийг 1000 гаран км газраас тээвэрлэн авчирсан байна. Нислэгт 4 цаг 10 минут зарцуулжээ. Цаг алдалгүй ирж чадсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж амжсан тухай тус төвийн нислэг эрхэлсэн дэд захирал Г.Баттулга хэлсэн юм. Энэ нь тус төвийн он гарснаас хойш гэмтэл осол, эрүүл мэндтэй холбоотой шуурхай үйлчилгээ үзүүлсэн дөрөв дэх тохиолдол юм байна.

Тус төв Airbus helico­tel A-125, Robinson R-66 загварын дунд оврын нисдэг тэрэгтэй аж. Биднийг очиход нэг нь нислэгт гарсан байсан юм. Нисдэг тэргүүд 4-5 хүний багтаамжтай. Цагт 200-250 км хурдтай аж. Нэг дүүргэлтээр 600-800 км зам туулдаг байна. Robinson R-66 загварын нисдэг тэрэгтэй танилцав. Ардаа дөрвөн хүний суудалтай аж. Ерөнхийдөө дотор талыг нь машины бүхээгтэй зүйрлэж болохоор юм. Өвчтөн тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын дамнуур ашигладаг аж.

Яаралтай нөхцөл байдал үүсч, дуудлага өгөх шаардлагатай бол тухайн нислэгийн компанитай холбогдоно. Тус төвийн тухайд 51-311111 утсаар холбогдох боломжтой юм байна. Дуудлага өгснөөс хойш 30 минутаас нэг цагийн дотор хөөрдөг аж. Хөөрөхөөс өмнө иргэний нисэхээс зөвшөөрөл авна. Уг зөвшөөрлийг цахимаар шуурхай авах боломжтой болсон тул ийн богино хугацаанд нислэг үйлдэх эрх баталгаажсанаар хөөрдөг байна. Нэг нислэгт 8-10 хүн баг болж ажилладаг аж. Нисгэгчээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр инженерийн баг бий. Тэд нисдэг тэрэг буух аюулгүй ажиллагааг ханган ажилладаг байна. Нислэгийн явцад эмч нартай холбогдож, улмаар газардахад яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангасан хүлээж байдаг гэсэн үг.

Одоо үнэ ханшийн тухайд тодруулъя. Нислэгийн цагийн үнэлгээ 4-6 сая төгрөг байна. Өндөр зардалтай салбар тул уг ханшид барихаас өөр аргагүй байдаг гэнэ. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна. Үүнд эмнэлгийн нисдэг тэрэг байхаас гадна хувийн хэвшлийн авиа компаниудтай хамтран ажилладаг аж. Хамгийн гол нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын уян хатан систем үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатайн улмаас нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд даатгалаас зохих төлбөрийг гаргаж өгдөг. Энэ нь тухайн улс хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хэрхэн хичээл зүтгэл гаргаж байгаагийн илрэл юм. Харин манай улсын тухайд даатгалын систем үйлчилдэггүй. Гэнэтийн осол болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр очсон үед нисдэг тэрэг дуудахад төлбөрөө 100 хувь өөрөө хариуцна. Алслалаас хамаарч овоо хэдэн сая төгрөг яригдана. Гэтэл энэ мөнгийг халааснаасаа гаргаад өгөх хүн ховор байна. Иймд даатгалын системтэй уяж, иргэнд очих ачааллыг бууруулах шаардлагатайг “Скай Жет” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг хэлж байв. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр улиралд зам тээврийн ослын улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй орон нутагт нас барсан 60 гаруй тохиолдол байжээ. Монгол өргөн уудам нутагтай. Дэд бүтэц сайн хөгжөөгүй. Зам харгуй хүнд. Өндөр хурдтай давхих бололцоогүй. Энэ тохиолдолд осолд орсон нэгнийг автомашинаар тээвэрлэж, нийслэл рүү “сэгсчүүлэх” хооронд амьсгал хураадаг байна. Харин нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэх тоог бодлогоор дэмжиж, эрх зүйн хувьд ч хориг саадыг нь бууруулаад өгвөл олон хүний амийг аврах боломжтой санагдсан юм.

Дашрамд дурдахад, энэ төрлийн үйлчилгээ сүүлийн хэдэн жил идэвхжиж байгаа юм. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газарт ерөнхий зориулалттай нислэгийг дэмжих зорилгоор 2016 онд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тасаг байгуулагдсан аж. Улмаар Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсанаар эрх зүйн орчин бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийг Монголд хөгжүүлэх суурь баримт бичиг болсон гэсэн үг. Ингэж хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, уг салбарт хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнээр бага оврын агаарын хөлөг, нисдэг тэргийн тоо нэмэгдэх болжээ. Хувийн хэвшлүүд нисдэг тэрэг авч эрэн хайх, авран хамгаалах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд ашиглахаас гадна аялал жуулчлал, уул уурхай зэрэг олон хэлбэрээр нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Энэ чиглэлээр манай улсад одоогийн байдлаар гурван компани идэвхтэй ажиллаж, хөрөнгө оруулалт хийх болсон байна. Он гарснаас хойш манай улсад дөрвөн нисдэг тэрэг орж иржээ. Энэ нь тун өндөр тоо аж. Дандаа сүүлийн үеийн загвар. Нэг нь гэхэд АПУ компанийх юм байна.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1309 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 523 нь Улаанбаатар хотод, орон нутагт 786 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 149733 боллоо.

Мөн таван иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 745 боллоо.

Мөн 3501 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9941 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 5852

– хүндэвтэр: 2979

-хүнд: 896

-нэн хүнд: 241 хүн байна.