Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон.

ЭЕШ наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: Зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулна

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын захирамжаар авилгын эсрэг ажлын хэсэг байгуулагдсан.

15 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон юм.

Уг асуудалтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон улсын байгууллагын гаргадаг авилгын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийсэн. Улмаар хэд хэдэн шийдвэр гарлаа.

Тухайлбал, төрийн алба хаагчид иргэдээс авилга, шан харамж нэхдэг болон хүнд суртал үзүүлдэг талаарх мэдээлэл 11 11 төв дээр тогтмол хүлээж авах шийдвэр гаргасан. Мөн и-монголиа дээр авилгын асуудалтай холбоотой тусгай цэс гаргахаар болсон. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт өгөх салбар ажлын хэрэг үйл ажиллагаа явуулна.

Манай ажлын хэсгийн тавьж буй гол зорилго бол иргэд олон нийтээс төрийн байгууллагын ажилд дүгнэлт өгөх, түүндээ үндэслэж төрийн алба хаагчдад хариуцлага тооцно. Мөн зарим төрлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Тухайлбал, наймдугаар сард багтаж шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг авлаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.

Энэ оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд нийт 1.166.880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан гэдгийг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэлж байв.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон.
Тодруулбал, Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгджээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир өврийн Заг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

Харин Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-30 см даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 35 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Аэро Монголиа: ОХУ-д саатсан иргэдийг Туркийн Анталия хот руу тээвэрлэхээр онгоц хөөргөсөн

Улаанбаатар-Анталия чиглэл рүү нисэж байсан “Аэро Монголиа” компанийн онгоц ОХУ-ын Челябинск хотод шатахуун сумлахаар газардсан үед агаарын хөлөгт нь гэмтэл учирсны улмаас тус 131 зорчигч ОХУ-д саатаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Челябинск хотод саатсан зорчигчдыг Туркийн Анталия хот руу тээвэрлэхээр өнөөдөр буюу долдугаар сарын 20-ны 15:00 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” ОУНБ-аас МИАТ хувьцаат компанийн чартер онгоц хөөрөхөөр болжээ.


Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Аэро Монголиа” компани өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдэгдэл гаргаад буй юм. Мэдэгдэлд,

“Аэромонголиа ХХК нь жуулчин тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтийн дагуу 2021 оны долоодугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Анталия чиглэлд захиалгат нислэг үйлдсэн бөгөөд уг нислэгийг гүйцэтгэх зорилгоор хуваарьт цагийн дагуу ОХУ-ын Челябинск хотын нисэх буудалд газардсан.

Гэрээт газрын үйлчилгээний газар нь шатахуун сумлахын өмнө буруутай үйл ажиллагаа гаргаж, манай агаарын хөлөгт гэмтэл учруулаад байна.

Агаарын хөлөгт учирсан гэмтлийг олон улсын түвшинд яаралтай шинжилгээ хийгдэх хугацаа нь 3-5 өдөр зарцуулагдах тул бид яаралтай арга хэмжээг авч, саатсан 131 зорчигчийг Челябинск нисэх буудлын ойролцоох зочид буудалд байрлуулсан.

Мөн 2021 оны долоодугаар сарын 20-ний өдөр МИАТ хувьцаат компанийн чартер нислэгээр ОХУ-ын Челябинск хотод саатсан зорчигчдыг цааш Анталия руу тээвэрлэхээр 15:00 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөөд байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ташаа мэдээлэл нь бидний зүгээс өгсөн албан ёсны мэдээлэл биш бөгөөд бидний зүгээс зорчигч үйлчлүүлэгчдээ хохироолгүйгээр хурдан арга хэмжээ авч асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал хэдий бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ч зорчигч та бүхнээс хүлцэл өчиж байна.

Манай авиа компанийн зүгээс цагийн зөрүү, хөл хорио гэх хүндрэлүүд үүсэж байгаа хэдий ч нислэг үйлдвэрлэлийн зөвшөөрөл, зорчигчдын аяллыг хэвийн үргэлжлүүлэхээр ИНЕГ, ЭСЯ-тай холбогдох дүрэм журмын дагуу хамтран ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад коронавирусийн “дельта” хувилбар гурав бүртгэгджээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд 1.500-аас доош тохиолдол өдөрт бүртгэгдэж эхэлсэн.
Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.
Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн.
Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж буй. Зургаадугаар сарын дундуур хийсэн 1500 сорьцын шинжилгээний дүнг өмнө нь танилцуулж байсан. Харин одоо зургаадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд бүртгэгдсэн сорьцуудын шинжилгээний үр дүн гарч эхнээсээ гарч байна.
Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.
Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр дүгнэлт гарна.
Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн. Мөн АНУ руу сорьцуудыг илгээсэн нь хараахан баталгаажиж дуусаагүй байна.
Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдээд байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдах хэрэгтэй хэлье” гэв.
Categories
мэдээ нийгэм

“Дүүргийн Засаг дарга “Зөв амьдрах ухаан” ТББ-д шаадлагатай үед дэмжиж ажиллана” гэв

Баянзүрх дүүргийн V хороонд байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-д өчигдөр /2021.07.19/ Засаг дарга Н.Баярмөнх ажиллаж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд шаардлагатай үед дүүрэг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Жавхлан: Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн

Засгийн газар ээлжит бусаар өнөө өглөө хуралдсан юм. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө:

-Ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгосон. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.

Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өслөө. 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна.

ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. 2020 онтой харьцуулахад 57 хувиар өсжээ. НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн.

АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харвцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын сан рүү шилждэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна.

Бусад орнуудын Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдэв. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц 7 хувь байна. Төв банк энэ онд инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.

Төлбөрийн тэнцлийн тухайд эхний улиралд 245 сая ам.долларын эерэг баланстай байна. сүүлийн арван сарын турш төгрөгийн ханш ам.долларын эсрэг маш тогтвортой байна. Тэгэхээр ханшаар дамжуулан манай инфляцад үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Харин хил дээр ачаа тээврийн механик гацаа үнэд нөлөөлсөн. Манай хоёр хөршид авто замын ачаа тээвэр ихээхэн ачаалалтай байна. Манай улсын нийт ачаа тээврийн 80 хувь нь Замын-Үүдэд ногддог.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээхүрэн боомтоор өдөрт 184 машин нэвтрүүлэхээр болжээ

БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Түүнчлэн долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Тиймээс монголын талаас Ковид19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр болсон байна.

Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг аж.

Categories
мэдээ нийгэм

Ковидын эндэгдлийн дийлэнх хувьд зүрх судасны эмгэг хавсарчээ

Сүүлийн долоо хоногт коронавируст халдварын улмаас 56 хүн энджээ.
Нас баралтын шалтгааныг авч үзвэл 20 хувь нькоронавирусийн шалтгаанаар нас барсан бол 80 хувь нь коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн COVID-19-ийн эндэгдлийн

  • 68 хувь нь зүрх судасны өвчин
  • 23 хувь нь чихрийн шижин
  • 13 хувь нь бөөрний эмгэг
  • 20 хувь нь элэгний эмгэг
  • 9 хувь нь мэдрэлийн эмгэг
  • 7 хувь нь хавдар
  • 3 хувь нь хэт таргалалт хавсарсан байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн улмаас таван хүн эндэв.

Нас барсан хүмүүсийн тухайд 21-80 насны иргэд бөгөөд дөрвөн хүн коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан байжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад эндсэн хүний тоо 772 болоод буй. Үүнээс 745 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 27 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.