Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын үндэсний тээвэрчдийн орлого оны эхний хагаст 72.3 тэрбум төгрөгөөр буурчээ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний хагас жилд 72.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.5 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг мэдээллээ. Мөн 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 511.3 (35.8 хувь) тонноор өссөн гэлээ.

Харин агаарын тээврээр тус хугацаанд давхардсан тоогоор 58.1 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 238.9 (80.4%) мянган хүнээр буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа байж болзошгүй байна

Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй юм.

Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “… Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй аливаа этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх нь залилуулах, хууран мэхлэгдэх эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг аливаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээвэр 1.6 сая тонноор өсчээ

Төмөр замын тээврээр энэ оны эхний хагас жилд 15.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 сая тонноор буюу 10.9 хувиар өсчээ.

Төмөр замын тээврээр 2021 оны эхний хагас жилд ковид-19 өвчнөөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээвэрлээгүй байна.

Төмөр замын тээврийн орлого 2021 оны эхний хагас жилд 392.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 26.6 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Вьетнам улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлаар хамтран ажиллана

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж энэ сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-Тай уулзалт хийжээ.

Уулзалтаар талууд Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Түүнчлэн Вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай буйгаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Энэ оны зургадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсчээ


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх оны эцсээс 7 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь),
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх оны эцсээс 7 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

  • 2018 оны зургаадугаар сард 7.2 хувь,
  • 2019 оны зургаадугаар сард 8.3 хувь,
  • 2020 оны зургаадугаар сард 2.8 хувь гарч байсан бол 2021 оны тус сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.

Инфляцын түвшин энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хот:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 8.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өслөө.

Аймаг:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.7-8.7 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Өвөрхангай аймагт 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн их байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цоорхой” загвартай оймс худалдаанд гарчээ

Өмнө нь цооронхой оймс өмсөхдөө бусдаас ичиж санаа зовдог байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. Учир нь энэ үзэгдэл тун удахгүй трэнд болж ч магадгүй юм.

“Ekod Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд гаргасан байна. Тус брэндийн дизайнер Фукузава Такаюуки “Хүмүүс цоорсон оймсоо шууд л хаячихдаг учраас оймсыг илүү удаан хугацааны турш өмсөж, байгаль орчиндоо хог хаягдал бага үүсгэхийн тулд ийм санаа бодож олсон” хэмээн тайлбарлажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
гадаад мэдээ

“Милуоки Бакс” 50 жилийн дараа NBA-ын аварга боллоо

NBA-ийн Playoff-ын финалын зургаа дахь тоглолт өнөөдөр болж “Милуоки Бакс” баг “Финикс Санс”-ыг хожсоноор цувралын харьцаа 4-2 болж аварга тодорлоо.

Ердөө наймхан жилийн өмнө NBA-д хөл тавьж байсан драфтын 15 дахь сонголт Яннис Антетокунмпо Бугануудад 50 жил хүлээсэн цомыг нь авчирлаа.

Сүүлийн тоглолтод 50 оноо, 14 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн тэрээр Билл Расселлын нэрэмжит Финалын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн юм.

Хоёр цувралд дараалан 0-2 харьцаанаас эргэн ирж ялалт байгуулсан “Милуоки Бакс” багаас цувралд 24 оноо, 5.3 оновчтой дамжуулалт, 6.3 самбар дундчилсан Крис Миддлетоныг онцлох нь зүйтэй.

Сүүлийн тоглолтод “Финикс Санс” багаас Дэвин Бүүкер 19 оноо авсан нь тун хангалтгүй байсан бөгөөд Крис Полын 26 оноо багаа хожилд хүргэж чадсангүй.

Өдгөө 26 настай Грек залуу Яннис 27 нас хүрэхээсээ өмнө 5 удаагийн бүх од тоглогч, 5 удаагийн бүх NBA-ийн багийн гишүүн, улирлын болон финалын үнэ цэнтэй тоглогч, улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг авсан цорын ганц тоглогч болон түүхэд бичигдлээ.

Цувралын тоглолтуудын үр дүн:

  1. Милуоки Бакс 105-118 Финикс Санс
  2. Милуоки Бакс 108-118 Финикс Санс
  3. Финикс Санс 100-120 Милуоки Бакс
  4. Финикс Санс 103-109 Милуоки Бакс
  5. Милуоки Бакс 123-119 Финикс Санс
  6. Финикс Санс 98-105 Милуоки Бакс
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газраас танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт 2021 оны зургадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өсжээ.
Уг өсөлтөд:
-Төгрөгийн харилцах 2 их наяд төгрөгөөр
-Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөгөөр өссөн нь голлож нөлөөлсөн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 их наяд төгрөг нь иргэдэд хамааралтай. Харин хэвийн зээлийн өрийн үлдэг зургадугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183 тэрбум төгрөгөөр өссөн.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж байна.
Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.4 их наяд төгрөг бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь 7.5 их наяд төгрөг болсон байна.
Нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3%-аар буурсан” гэв.
Татварын нийт орлого 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээ 5.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Categories
мэдээ нийгэм

“Токио-2020” галт бамбар Монголын олимпийн музейд өнгө нэмнэ

Олимпийн наадамд оролцогч Үндэсний олимпийн хороодод Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ болон Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчаас галт бамбарыг олгодог билээ.

Энэхүү зарчмын дагуу Токиогийн олимпийн галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өгсөн байна. Ийнхүү 57 жилийн дараа Токио хотноо эргэн ирж буй олимпийн гал дэлхий нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирна гэдэгт итгэж буйгаа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах илэрхийлэв.

Токиогийн олимпийн тосгонд байрлах МҮОХ-ны Үндэсний шигшээ багийн штабт байгаа уг бамбарыг олимпийн дараа Монголын олимпийн музейд байрлуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэний хайлтад 7 сая 818 мянган төгрөг цугларчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 18 хонож байна. Тухайн газарт машин, морь явах боломжгүй, нисдэг тэрэг нисгэх боломжтой юм байна.

Ар гэрийнхэн нь ОБЕГ, ЦЕГ-т хандахад нисдэг тэрэг нь нэг цагийн гурван сая төгрөгийн өртөгтэй гэх шалтгаанаар хайлт хийхгүй, дараа ир гэдэг тайлбарыг хэлдэг байна. Ар гэрийнхэн нь мөнгө нийлүүлж хувийн нисдэг тэргээр таван удаагийн нислэг хийлгээд ч олдоогүй байна.

Харин ОБЕГ-аас “гурван хүний багтаамжтай жижиг нисдэг тэрэг нэг цаг нисгэхэд 4.5 сая төгрөг, том буюу найман хүний багтаамжтай нисдэг тэрэг нь хамгийн багадаа 16 сая төгрөг гэх тайлбарыг хэлдэг талаар ар гэрийнхэн нь хэлж байв. Жижиг нисдэг тэрэг дөрвөн цаг хөлслөхөд ойролцоогоор 20 гаруй сая төгрөг шаардлагатай учир сайхан сэтгэлт иргэдээсээ ар гэрийнхэн нь тусламж хүсээд байгаа юм. Тэгвэл 7 сая 818 мянган төгрөг цугларчээ. Нисдэг тэрэг дөрвөн цаг түрээслэх шаардлагатай гэж тооцоолсон бөгөөд үүнээс хоёр цагт нь Сэлэнгэ аймгийн Бугант руу Улаанбаатараас ирж, очих ба үлдсэн хоёр цаг хайлт хийнэ гэж тооцоолж байгаа юм байна.