Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр

Аргын тооллын долдугаар сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, Суулга одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5:16 цагт мандан, 20:41 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (23:11-цаг)-т эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Тагнуулчийн дууль” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт хуульч Х.Тэмүүжин “МАН сонгууль
сайн хийж
чадаж байна,
муу юмандаа
гаршиж байна” хэмээснийг V нүүрээс уншаарай.

Соёл урлагийн сэтгүүлч, “Үлэмж” продакшны продюсер, Соёлын
тэргүүний ажилтан Ё.Мөнхзаяа “Наадмын контент гэх хий дэмий
сүрийг үзүүлж дөвчигнөсөн юмыг хараад
үнэхээр ичиж байна, харамсаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Тагнуулчийн дууль” хэмээн өгүүллээ.

Дуучин Б.Баяр-Отгон “Нүдэнгоо” дууны
шинэчилсэн хувилбарыг
цацаж хандалт авъя гэж
огт бодоогүй” хэмээн “Уран Бүтээлч” буланд ярилаа.

“Энэ жил нийслэлийн хэмжээнд замын
нөхөөс хийхэд 4.2 тэрбум төгрөг зарцуулна” гэснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг дүүрэг бүрд байгуулж байна

Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв, коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрт ажиллалаа.

Энэ төвд 145 ор дэлгэсэн, өнөөдрийн байдлаар 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тус төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулах болон бусад эмнэлгүүдээс ирсэн баллонуудыг цэнэглэх зориулалтаар хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ.

Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүрд хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдикал Газ” компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд сануулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Экспорт 1.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ

Экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Үүнд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 267.6 сая, зэсийн баяжмалын экспорт 571.8 сая, нүүрсний экспорт 337.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 801 сая ам.доллароор нэмэгдэхэд улаан буудайн импорт 41.5 сая, ачааны автомашины импорт 163 сая, дизелийн түлш 58.1 сая, суудлын автомашины импорт 24.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс оны эхний хагас жилд 138 улстай худалдаа хийв

Монгол Улс 2021 оны эхний хагас жилийн байдлаар 138 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар болов.

Үүнээс экспорт 4.1 тэрбум, импорт 3.3 тэрбум ам.доллар байсныг Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээллээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (39.4 хувь) тэрбум, экспорт 1.3 (45.4 хувь) тэрбум ам.доллароор, импорт 801 (32.6 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь их аварга боллоо

Японы сүмо бөхийн дээд зиндааны барилдааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор их аварга цолоо хүртэж, 73 дахь их аварга боллоо. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2017 оны Кисеносатогоос хойших анхны их аварга цолыг хүртсэн сүмо бөх болж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр дууссан Нагоя башёд ядагдалгүй барилдаж байсан ч Хакүхо М.Даваажаргалд унаж, тухайн башёг 14-1 гэсэн амжилттай дуусгасан билээ.

Шинэ их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ талаар “Би өдөр бүр сүмо бөхөд бүхнээ зориулна. Өнөөгийнхөөсөө ч илүү шийдэмгий, хүчтэй болж, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Надад сайжруулах ёстой маш олон зүйл байна. Их аварга байхын үнэ цэн, үлгэр дуурайл үзүүлэх гэдэг юу гэсэн үг болохыг одоо л ойлгох ёстой” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтадыг байгальд нь эргүүлэн тавьжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.

Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байгаа аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавьсан байна. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьжээ.

Сүүлмйн жилүүдэд суурьшлын бүс тэлж байгаатай холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгдсээр байгаа юм. Мөн Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны хүндэтгэлийн медалиар шагнуулжээ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж буй ОУОХ-ны 138 дахь чуулганд оролцжээ.

Чуулганы үеэр ОУОХ-ноос Б.Баттүшигийг ОУОХ-ны шинэ гишүүний хүндэтгэлийн медалиар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

Анталия-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 134 зорчигч ирснээс бөгөөд “Ковид-19”-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн юм.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчдыг PCR шинжилгээнд хамруулж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.