Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн дасгалжуулагч Шүичи Масэ Улаанбаатарт ирлээ

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Шүичи Масэ өчигдөр Улаанбаатарт хотод ирлээ.

“Катар-2022″ ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сунгаанд шигшээ багтай анхны хожлоо авч байсан дасгалжуулагч Масэ журмын дагуу тусгаарлагдах юм байна.

Дашрамд дуулгахад, 23 хүртлэх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаагаар Монголын шигшээ баг J хэсгийн тоглолтуудыг эх нутагтаа зохион байгуулж Тайланд, Малайз, Лаосын багуудтай тоглохоор учраа таарсан билээ.

Тус хэсгийн тоглолтууд 10 дугаар сарын 23-наас Улаанбаатар хотод зохион байгуулах хуваарь гарсан. Манай 23 хүртэлх насны шигшээ багийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн Шүичи Масэ удирдан тус тэмцээнд оролцоно.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпод оролцох тамирчдаас коронавирусийн халдвар илэрч, хасагдсаар байна


Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн улмаас олимпдоо оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпийг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна.
Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпийг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко түүнийг усанд сэлэгчдээс шинжилгээ нь эерэг гарсан цорын ганц тамирчин гэсэн байна. Уг нь тэрбээр Токиод медаль горилж очих тамирчдын нэг байв.
Түүнчлэн Их Британийн таваг буудлагын тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Амбер Хилл коронавирусийн халдвартай нь батлагдсан тул Токиог зорихоосоо өмнө тусгаарлагдаж, олимпийг өнжихөөр болов.
“Өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсны дараа би олимпийн наадамд оролцож чадахааргүй боллоо. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа ч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдах ёстой болж байна. Одоо бүх зүйлийг дахин эхлэхийн тулд хэсэг хугацаанд завсарлага авахаас аргагүй боллоо” хэмээн 23 настай мэргэн бууч бүсгүй инстаграмдаа бичжээ.

нэг буюу түүнээс олон хүн гэх мэтийн зураг байж болно

Европын наадмын аварга тэрбээр Токиод гарцаагүй медалийн төлөө өрсөлдөхөөр байсан ч ийнхүү Парисын олимпийг хүлээхээс аргагүй болов.
Тэднээс гадна Недерландын скейтбордчин Кэнди Жейкобс, Чехийн ширээний теннисчин Павел Ширучек, Америкийн волейболчин Тейлор Крабб нар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул олимпийн наадамдаа оролцож чадалгүй нутаг буцахаар боллоо. Ингэснээр долдугаар сарын 1-нээс хойш олимпийн наадамд оролцогчдоос илэрсэн халдварын тоо 91-д хүрээд байна.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Токиог зорьсон хоёрдугаар ээлжийн нийт гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монголын багийн хоёрдугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.

Олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд газар хөдөлжээ

Өнөөдөр хоёр аймгийн нутагт газар хөдлөлт болсон байна.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн.

Газар хөдлөлтийн мэдрэгдэл:

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр “Pfizer” вакцины 92.490 тун иржээ

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн билээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92.490 тун Pfizer/Biontech вакцин иржээ. Ингэснээр манай улс 6 удаагийн татан авалтаар 417.690 тунг хүлээн аваад байна.

Дараагийн ээлжийнх долдугаар сарын 28-нд 132.210 тун вакцин ирэх юм байна.

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь Ёкозүна боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ өчигдөр 73 дахь Ёкозүна цолтон боллоо.

Өнгөрсөн долоо хоногт дууссан Нагоя башёд 14 даваа нэг унаатай үзүүрлэсэн юм. Сумогийн холбооны захирлуудын зөвлөл хуралдаж ийнхүү шийдвэр гаргажээ.

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сумо бөхийн дээд цолд хүрлээ.

Хамгийн сүүлд Япон улсын бөх Кисеносато 2017 онд ёкозүна цолтон болж байсан юм.

Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:

  • 68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/
  • 69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/
  • 70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/
  • 71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/
  • 73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Арвайхээрийн талаас Алтайн их уулс хүртэл

Алтайн өндөр уулсаар хүрээлэгдэх Ховд аймгийн Булган сум

Сүүлийн гурван жилийн хугацаанд Дарханы замын хэцүүг мөн ч их шуугив. Зөвхөн Дарханы замд тэдэн хүн ослоор эндээд байна, тэдэн хүн осолдож гэмтэл авчээ, төдөн сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, Засгийн газраас нөхөн төлбөр авна гэхчлэн дээрх замтай холбоотой хэл ам тасралтгүй явсаар өнөөдөртэй золгосон. Харин энэ их шуугианд Арвайхээр хүртэлх аймшигтай замын нөхцөл байдал дарагдсаар ирсэн юм уу даа.

Сөрөг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэл зөрөхөд ч бэрх нарийхан зам онгорхой цоорхойгоор дүүрчихэж. Удаанаар уухилан зүтгэх том тэргийг гүйцэж түрүүлэхэд өндөр эрсдэл дагуулах энэ замд засвар үйлчилгээ хийх цаг аль хэдийнэ иржээ. Хамгийн эмзэглэмээр нь “там” шиг болчихсон энэ зам аялагчдын хөлд дарагдчихаад байгаа юм.

Дугуйгаа солихоор зам чөлөөлсөн жижиг тэргүүд ар араасаа эгнээд зогсчихсон дүр зураг энд олон тааралдана. Хөл хорионд хэдэн сар суусан хүмүүс ч бөөн бөөнөөрөө хөдөөг зорьж байгаа бололтой. Гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал болмогц бидний баг учирч болох эрсдэлээс сэргийлж ойр хавиараа хоноглоод ургахын улаан нарнаар аяллаа цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд аяллын маршрутаа бага зэрэг өөрчилж Архангайн Хашаат сумын Номгон багт саатлаа. Зам дагуух гэрээр орвол сумын алдарт уяач н.Сүрэнхорлоо гуайнх ажээ.

Арвайхээрийн тал

Цай цүй болсон бид ширээ тойрч суугаад гал дээр тавьсан мах болохыг хүлээх зуурт халуун яриа дэлгэлээ. Наадмын орой байж таарсныг ч хэлэх үү бидний яриа төд удалгүй Нийгмийн хонгор, Н.Дарамренчингийн алаг, Э.Эрдэнэчулууны шарга гээд л домогт хурдан хүлгүүд рүү явж орчихлоо. 20 гаруй жил адууны дэл сүүл боож буй уяач ах ч хурдан морь гэхэд л нүд нь гэрэлтээд ирэх юм билээ. Хөдөөний хөх уяач ах ковидын эрсдэлтэй бүсээс очсон биднээс цэрвэх болов уу гэх бага зэргийн айдас байсан ч огт тоосонгүй. “Манай багийн гурван ч хүн өнөөх гайхлыг зооглосон талаар энэ голоор л нэг шуугьсан. Сумын эмнэлэгт очиход нь витамин c уулгаж байгаад хэд хонуулаад гаргачихсан гэнэ лээ. Өнөө хэд нь ч тоосон шинжгүй явж л байна” гээд гаансаа нэрлээ.

Хашаат суманд энэ жил хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун айлсчээ. Эрт ногоо зуусан морьд нь ч тамиртай, баргийн наадамд л гүйцэгдэхээргүй хурдан байсан гэнэ.

Наадам үзэгчгүйгээр тэмдэглэх Засгийн газрын шийд сонссон Номгон багийнхны зарим нь ч 100 жилийн ойдоо тоосоо өргөхөөр улсын нийслэлээ зорьж. Харамсалтай нь Засгийн газар амнаасаа буцаж хулхидсанд нь өвгөн уяач сэтгэл дундуур байгаагаа хэлнэ лээ. Морь уях малчдын тоо сүүлийн жилүүдэд эрс цөөрснийг н.Сүрэнхорлоо гуай онцолж байна. Энэ нь өнөөх л цус холилдсон эрлийз адуунуудтай шууд холбоотой гэв. Малчин хүний их ажлын хажуугаар эрлийз адууг бөөцийлнө гэдэг боломжгүй талаар ярина лээ. “2000 оны дунд үед манай суманд нэг насанд л 80 орчим

морь уралддаг байлаа. Айл бүрийн эрчүүд л адууны сүүл боодог байсан юм. Сүүлийн жилүүдэд морь уядаг хүн байхаа больжээ. Эрлийз адуутай уралдуулж монгол адуугаа тамлахыг боддоггүй биз. Сумын наадамд нэг насанд эрлийз хурлийз нийлсэн 20 орчим амьтад л давхидаг болж. Малчид ч зарим нь тоохоо больсон байна. Нөгөө талд хүүхдийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах болж. Унаач хүүхэд эндсэн тухай мэдээлэл чих дэлсэх болж. Энэ нэг талаараа янз бүрийн тариа хэрэглэж бордуулаад газлуу юм шиг давхидаг эрлийз адгуустай холбоотой. Монгол адууны давхил зөөлөн учраас зайдан унаад л уралддаг байлаа шүү дээ. Мориноос хүүхэд унаж гэмтлээ гэж дуулдаггүй л байсан. Эрлийз адуу монгол өв соёлд нэвтэрснээс хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлэх боллоо.

Энэ нь даамжирч хурдан морины уралдааныг хориглох дээрээ тулж ирээд байна. Эрлийз адууг мөнгөөр бөөцийлж уралддаг бизнесмэн улс тусдаа морин тойруулгад уралдаж байх нь зөв болов уу. Шинэ цагийн монгол адуу гэх цус холилдсон эрлийзүүдээс болж энэ их өв соёлд аюул нүүрлээд байна” гэж сэтгэл дундуур өгүүлж байна. Малчид морь уяхаас цааргалдаг болсон шалтгааныг н.Сүрэнхорлоо гуай ийн тайлбарлаж байна. Унаач хүүхдийн амь нас аюулгүй байдал ч нэг талаараа галзуу юм шиг хурдалдаг эрлийз адгуустай салшгүй холбоотойг тэрбээр шулуухан хэлсэн юм. Залуусыг хөдөөд уядаг зүйл нь хурдан морь гэдгийг энэ нутгийнхан дор бүрнээ л ярьж байна. Энэ өв соёл орхигдвол хөдөөд мал дагасан хэдэн хөгшчүүлээс өөр хүн үлдэхээргүй байгаа нь эндээс харагдаж ил тод байна. н.Сүрэнхорлоо гуайн хэд хэдэн ач зээ ч хот бараадсан гэнэ. Цаашид хэдэн малыг маань хэн адуулж явахыг хэлж мэдэхгүй байгаа талаараа өвгөн уяач халаглаж сууна.

Өглөө эртлэн боссон бид Арвайхээрийн уудам талаар аажуухан явсаар аймгийн төвийн бараа харлаа. Постоор нэвтрэхэд янз бүрийн зүйл асууж шалгаасангүй. Арвайхээр хотоос цааш гарангуут баахан морьдын хөшөө босгочихсон нь содон харагдана.

Байтаг богдын тулгаралт энд болсон

Цааш тонгойгоод Нарийнтээл сум орох замаар айлууд ярайтал буужээ. Хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун Өврийн хангайд болж байна. Харин Баянхонгорын Өлзийтийн суурин дөхөж ирээд зэлүүд талтай угтаж байна. Хаа нэг л ганц нэгээрээ буусан айлууд харагдана. Ногооны гарц дажгүй байгаа ч малчид нь бүгд нүүжээ. Малчидтай уулзахад энэ бүс нутагт өвсний чанар муудаж, шарилж их ургах болсон гэж байв. Бороо хур элбэг байгаа ч ургамлын чанар муу байгаа гэнэ. Үндсэндээ дүүрэн шарилж л ургаж. Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэнтэй шууд холбоотойг иргэд онцолсон юм. Малын тоо бус чанарт анхаарах цаг аль хэдийнэ ирснийг ч хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, олон мал өсгөсөн малчныг шагнаж урамшуулах бус, малынхаа үүлдэр угсаанд анхаарч ач холбогдол өгсөн малчдыг засгаас урамшуулах цаг ирснийг Хонгор нутгийнхан хэллээ. Дээрх жишиг рүү нэн даруй шилжихгүй бол нийт нутгаар бэлчээрийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ янзаараа явбал Улаанбаатар тойроод битүү шарилж ургах аюул ойрхон байгаа аж. Магадгүй бид шарилжин дунд салхилдаг цаг үе ч ирж мэдэх нь.

Баянхонгор аймгийн төв рүү ороход цэрэг хувцастай нөхдүүд машины хаалганд лац хадчихаад “Битгий зогсоорой, гарахад чинь лац шалгана шүү” гэж ёоз муутайхан хэлээд хурдхан холдоно лээ. Аймгийн төвөөр ороход ч аж ахуйн нэгжүүд нь хаалттай байсан юм. Тус орон нутгийн иргэдийн зарим нь зуны цагт, тэр дундаа наадмын үеэр нь гайгүй ашиг орлоготой ажилладаг юм. Баруун аймгийг чиглэсэн аялагч нар зам дагуух зоогийн газраас хоол идээд, дэлгүүрээр орж жаал жуул хүнс базаагаад гарахад л шаггүй ашиг хийчихдэг талаар иргэд хэлж байлаа. Энэ зуны тухайд аймгийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг түгжиж хаячихаад байгаа аж.

Цааш явсаар Говь-Алтай аймгийн төв рүү ортол аялагчид дэлгүүрүүдийнх нь лангууг хоослоод орхижээ. Зоогийн газрууд нь аялагчдын хөлд дарагдаж. Дугуй засвар зэрэг газрууд нь ч дараалал ихтэй харагдлаа. Дэлгэрийн тал, Шаргын говь гээд газруудаар зуншлага тааруу, эл хуль байна лээ. Мал бүхий иргэд нь ч ногоо бараадаад нүүгээд явчихаж. Хаа нэг тааралдах хэдэн тэмээнээс өөр амьд амьтан энд алга.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нутаг Ховд аймгийн Зэрэг сум, Алтан тээлийн хөндийд хүрч очлоо. Баатархайрханы өвөр Жаргалант хайрхан уулсын бэлд орших энэ сум баяр наадмын өдрүүдэд эл хуль байна. Сумын төвийн айлууд нь бүгд шумуулнаас дайжиж уул руугаа нүүгээд явчихсан. Уулан дээрээ бол дэлгэр сайхан зун болж байгааг сумаа сахиж үлдсэн дэлгүүрийн худалдагч эмэгтэй ярьж байсан юм. Ингээд орой дээр үүл хурсан Сутай хайрханы барааг алсаас харчихаад баруун хязгаар Ховд аймгийн Булган сумыг зорихоор хүлгийн жолоо заллаа. Замдаа Манхан, Цэцэг, Мөст гээд сумдаар дайрч сүрлэг хадан хясаанууд сүлжиж явсаар Алтай суманд очлоо. Энд газар бүрийн аялагчид Бодончийн хавцал үзэхээр цуглажээ.

Тэнгэр баганадсан өндөр уулсын завсраар сэрүүн горхи мяралзан урсаад баруун Алтайн үзэмжийг эндээс л харах юм билээ. Саяхныг хүртэл хад асга дамжиж, хэцүү зам туулж хүрдэг байсан Бодончийн хавцал руу хар зам тавьснаар аялагчдын хөлд дарагдах болжээ. Энэ хавийн айл өрхүүд ч аялагчдад сүү цагаан идээ борлуулаад хөөрхөн ашиг олоод байх боломж бүрдчихэж. Сумын төвийн иргэд нь ч үндэсний дээл хувцсаа аялагчдад борлуулаад ойр зуурын хэрэгцээний мөнгөө зохицуулчихдаг бололтой юм. Баруун Алтайн гайхамшгийг сонирхсон аялагчдын цуваа ч энд тасрахгүй шинжтэй юм билээ. Өвлийн цагт илүү үзэмжтэй гэж нутгийнхан яхьж байлаа. Өгсөж уруудсан зам нь өвлийн цагт мөстчихвөл эрсдэл өндөртэй санагдсан. Ямартаа ч дэд бүтэц хөгжсөнөөр сумын иргэдийн амьжиргааны түвшин үлэмж хэмжээгээр дээшилснийг тэндхийнхэн дуу нэгтэй хэлж байна.

Алтай сумаас цааш 100 хүрэхгүй километр давхиад торгууд түмний нутаг Булган суманд хүрч очлоо. Булган голын хөвөөнд орших энэ сум БНХАУ-тай хиллэдэг. Сумын иргэдийн олонх нь жимс ногоо тариалж аж амьдралаа залгуулдаг гэнэ. Булган голынхоо салаа татаж усалгааны асуудлаа бүрэн шийджээ. Энд цар тахал гэж ажлаас хойш сууж байгаа хүн алга. Жимс ногоогоо

тордож, зэрлэгийг нь зулгааж тонголзсон хүмүүсийн дүр зураг олон тааралдсан юм. Сумын төвөөрөө битүү мод тарьчихсаныг нь харахад Өмнөд Монголын аль нэг аймагт ирчихсэн билүү ч гэж эргэлзэхэд хүргэх юм билээ. Энд тарвас, гүзээлзгэнэ, алим, лийрээс өгсүүлээд тарихгүй жимс гэж бараг алга. Удахгүй ургацаа хураах гэнэ. Заримыг нь БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг аж. Заримыг нь долоо хоног бүр Улаанбаатар руу том оврын хүнсний машин ачаад явуулдаг гэв. Ямартаа тарьсан жимс ногоог нь хүн авахгүй муудах эрсдэл тариа ногоо эрхлэгчдэд байдаггүйг нутгийн иргэд хэлж байна. Эндээс харин хот руу дайжаад байх хүн бараг байдаггүй аж. Хөдөлмөрлөж хөлсөө гаргах л юм бол амьжиргаагаа өөд нь татаад явах боломж нээлттэй байдаг ажээ. Түм түжгэнэж, бум бужигнасан баруун хязгаарын Булган суманд 11 мянган хүн аж төрж байна. Аялагч нартайгаа нийлэх юм бол үүнээс ч хол давахаар юм билээ. Иргэд нь цаашид цар тахалтай хөл нийлүүлж алхахаа аль эрт ухамсарлажээ. Аялахаар ирсэн хүмүүст жимс, ногоо, талх тариагаа борлуулах талаар тархиа гашилгах юм билээ. Аялагч нарын тав тухыг хангах үүднээс буудлууд нь ч тав тухтай санагдсан.

Улсын нийслэлээс 1855 км-ийн алс баруун хязгаарт Алтайн уулсаар хүрээлэгдэн орших Булган сумыг жуулчид зорьж байгаа шалтгаан нь Байтаг богд уул. Саявтар тус газарт “Байтаг богд” уран сайхны киног бүтээснээс хойш очиж үзэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгджээ. Сум орон нутгийн удирдлагууд ч тулгаралт болж байсан газарт сүүдрэвч байршуулж, шат тавьж тохижуулсан байна. Тус тулаанд оролцсон 10 баатрын хөшөөн дээрээс гоминдануудын орж ирсэн Бүдүүн харгайтын гол болоод хилийн манаанд гарч байсан дайчдын байрлалаа эзэлж байсан хоёр толгой зэргийг бүрэн харах боломжтой юм билээ. Энэ газар нутаг ямар их үнэ цэнээр олдсоныг Байтаг богд ууланд очсон хүн бүр мэдрээд буцдаг байна.

Алс баруун хязгаар торгууд түмний нутаг Минжит Булганы хөдөлмөрч иргэд сумандаа сайхан амьдарч байна. Энэ нутгийн хөдөлмөрч зон олны дундаас төрсөн нэрт бизнесмэнүүдийн цуваа “Таван богд групп”-ийн захирал Ц.Баатарсайхан, “Номин Холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэн, “Дашваанжил ХХК”-ийн захирал Н.Баатаржав нараар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 944.294 иргэн вакцины II тунд хамрагджээ

Энэ сарын 21-ний өдөр ийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 /39.2%/, 16-17 насны 20.213 /59.6%/ хүүхдийг вакцинд хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мөнхсайхан: Манай дөрвөн хүн ууланд сураггүй болоод 10 гаруй хонолоо. Бидэнд тусламж хэрэгтэй байна

Ойд төөрсөн хүмүүсийн ар гэрийнхэн, хамт явж байсан хүмүүс цуглажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар Жаргалант хэмээх газар руу самранд явсан 14 хүний дөрөв нь сураггүй алга болжээ. Тэд 35-40 насны гурван эмэгтэй, 58 настай нэг эрэгтэй аж. Тэдэнтэй холбоо тасраад арав гаруй хоносон бөгөөд хамт явж байсан хүмүүс, ар гэрийнхэн нь аймаг, сумын цагдаа, онцгойд хандаад тусыг эс олсон тул Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт хандахаар ирсэн байхтай нь тааралдаж, төлөөлөл болгож иргэн Ч.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр багийн гишүүн гэв.


-Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Гуравдугаар сарын 13-нд бид хаврын түүвэр гээд Зүүнхараагаас самарт гарсан. Газарт унаж, цасанд дарагдсан самрыг цас хайлахтай зэрэгцэж түүж авдаг юм. Зургадугаар сарын 1-нд нэг удаа хүнс аваачиж өгсөн. Хүнс залгаснаас хойш хоёр сар шахам болсон. Ингээд бидэн рүү хүнс залгуулахаар машин гарсан ч Гүнжийн давааны тэнд суусан байсан. Энэ тухай хүн хэлж дуулгаж, бид машин руу, хүнсэн дээрээ очихоор гарсан. Гэвч машин дээрээ очиж чадаагүй. Хоол хүнсгүй сульдсан. Замдаа нэг хүний бие муудаж, ухаан алдаж хоносон.

Тиймээс би тэндээс 7-8 өдөр явж, Зүүнхараад ирж мэдээ өгөөд, нөхцөл байдлыг хэлж, онцгой байдал дуудахыг хүссэн. Сэлэнгэ аймаг, Ерөө суманд мөн дамжуулсан. Гэвч ямар ч мэдээ байгаагүй. Тиймээс хувийн нислэгийн компанид хандсан. Биднийг нисээд очиход үлдсэн багийн хүмүүсээс дөрөв нь явчихсан байсан. Эхний нислэгээр бие муутай хүнээ очиж авсан. Дөрвөн хүний багтаамжтай тул би үлдэж, бие муутай болон гурван хүний хамтаар төв рүү буцаасан. Ингээд дараагийн хоёр нислэгээр үлдсэн хүмүүсээ авсан. Тэр дөрвөн хүний тухайд хүнс авчирч байгаад саатсан машинаа хайна гээд хэлэлгүй явчихсан байсан. Одоо энэ дөрвөн хүнээсээ сураг тасраад байна.

-Онцгой, цагдаагийн байгууллагад хандсан гэлээ. Ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Өнөөдрийг хүртэл бид онцгой байдал, цагдаагаас ямар ч тусламж авч чадахгүй байна. Хэдийд гарсан, яасан ийсэн гээд өдөржин асууж байцаачихаад манайх чадахгүй гэсэн хариу өгч байгаа юм. Өчигдөр л (долдугаар сарын 18) гэхэд Онцгой байдлын ерөнхий газарт очоод уулзахад маргааш (долдугаар сарын 19)өглөө та нарын асуудлыг шийднэ гэсэн. Өглөө яваад очсон чинь дахиад л бүгдийг нь яриулаад, тэр, энэ дарга дээр ор гэнэ. Дахиад ороод ярьсан.

Тэгээд эцэст нь манайх боломжгүй, мөнгө төгрөг байхгүй гэж байна. Тиймээс бид өмнө нь гурван удаа нислэг үйлдэж, ойд үхэх сэхэхийн зааг дээр байсан хүмүүсийг минь авчирч өгч, том тус хүргэсэн компани дээр ирээд дахиад л гуйгаад сууж байна. Энэ чинь хувийн компани. Бидний хүссэний зоргоор нисэхгүй. Харин ч өмнө нь гурван удаа нисч өгсөн. Бид дахиж гуйх эрхгүй байхгүй юу. Гэхдээ арга алга. Гуйлаа, хэллээ. Өнөөдөр тэр бүс нутгаар цаг агаар тохиромжгүй тул нисэх боломжгүй юм байна. Маргааш (өнөөдөр) нисээд өгөх болов уу гэж найдаад сууж байна. Нислэг өндөр төлбөртэй. Зардал мөнгө нь хэцүү гэдгийг ойлгож байгаа.

-Заавал нисдэг тэрэг шаардлагатай юу. Газраар эрэн хайж болохгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Туулах чадвар сайтай машинууд бүр наанаа гацчихдаг. Морьтой хүмүүс явж чадахгүй. Явган хүмүүс намаг дунд тал өдөр яваад л өнхрөөд ойчино. Би хэл дуулгахаар явж, багийнхан үлдэхэд арай тамир тэнхээтэй дөрөв нь олон хоноод хүлээж тэсэлгүй хүнс ачсан машин руугаа явсан байх. Тэгээд машиндаа хүрч чадалгүй сульдаж унаад, гацчихсан нэг газар хэвтэж байгаа болов уу. Бид машин дээр очиж хүнсээ авах гээд дөрвөн өдөр яваад хүрч чадахгүй байна шүү дээ.

-Холбоо тасраад хэд хонож байна вэ?

-Дөрвөн хүн багийнхнаасаа салаад 10 гаруй хонож байна. Үлдэж хоцроод, нисдэг тэргээр аврагдаж ирсэн хүмүүсээсээ эхнээс асууж байна. Та нар маргалдаж, хэрэлдсэн болоод нөгөө дөрөв орхиод явчихсан юм уу гэсэн. Тэгэхэд маргалдсан зүйл байхгүй гэж байна. Нэг хүн үхлүүт байсан. Бусад нь тамирдаж цуцсан. Тиймээс эртхэн тамир тэнхээ гайгүй байгаа дээрээ хүнстэй машин руугаа дөхье гэж шийдээд хөдөлсөн байх. Гэвч замдаа төөрөөд цуцсан. Зам мэдэхгүй хүмүүс аргагүй.

-Та тусламж дуудаад нисдэг тэрэгтэй очиход үлдсэн хүмүүсийн байр байдал ямар байсан бэ?

-Хүмүүс модны сүүдэрт хэвтэж байхад нь олсон. Буугаад бие муутай хүн хаана байна гэхэд хадны цаанаас амьтай голтой хүн гаргаж ирж байгаа юм. Амьсгаатай байсан хүнээ ачаад, гурван хүнтэй суулгачихаад үлдсэн хэд дээрээ гүйж ирэхэд ам нь ангалзаад хоол нэхээд байгаа юм. Өгөхөд учиргүй идээд, уйлж байсан. 3-4 сар уулаар тэнээд хөл нь холгоод, цэврүүтчихсэн байхад уйлаагүй атал намайг очиход аврагдлаа гээд уйлж байсан.

-Хүмүүс төөрсөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ар жаргалант хэмээх газар хэр өргөн хүрээтэй вэ?

-Хан Хэнтийн нуруу шүү дээ. Гол уруудаад намаг, торлог ихтэй газар. Тэнд зөвхөн манай хэд байсан юм биш. Ерөөгийн эргүүлтэй таарсан. Ингэхэд 50 гаруй хүн явж байсан гэж хэлж байна лээ. Тэднээс нэг хүн алга болоод сар гаруй болсон. Хайгаад олохгүй байгаа гэсэн. Мөн тэнд машинууд 7-8-аараа намганд гацчихсан. Хоол хүнс нь ирж чадахгүй болчихсон байгаа. Тэнд байгаа хүмүүс юун самар авах. Бүгдийг нь хаяад амьд харих нь чухал болсон. Гэр бүлээрээ, бага насны хүүхдээ дагуулаад явж байгаа хүн хүртэл байна шүү дээ. Хүүхэд нь хоолгүй, өлсөөд уйлж байна. Гол ус, намаг шалбаагаар машин бүү хэл морьтой явахад хүнд. Анх морь түрээсэлж аваад гарсан. Морь нь муудаад ирэхийн цагт нядалж, хоолоо залгуулж, өөрсдөө явган явж байна.

-Та хэл дуулгахаар олон хоног явсан гэсэн. Хэр урт замыг туулж байгаа юм бэ?

-Би тэндээс гарч, машин байгаа 40-50 км газарт хоёр шөнө, гурван өдөр явахад гуйваад очсон. Энэ хугацаанд ямар ч хоол унд байхгүй. Ингээд очиход Зил-131машин Зүүнхараа явах гэж байхад нь суугаад дөрвөн хоног явсан. Хоёр өдөр нь шаварт сууж ноцолдсон юм. Ерөө гол дээр очиход хүмүүс боогдчихсон. Голоор гарч байсан Зил 131 машин самартайгаа живээд зургаан дугуй нь дээшээ харчихсан тав хоносны дараа татаж гаргасан гээд яриад сууж байсан. Бүх самар нь урсчихсан. Байдал яг ийм л байна.

Очоод энэ болгоныг бүгдийг нь ярьсан. Дээшээ төв рүү мэдээ явуулсан гэсэн. Гэтэл өчигдөр би ирээд онцгойгийнхноос асуухад тийм ямар ч мэдээлэл ирээгүй гэж байгаа юм. Ингээд өчигдөржин байлгаж баахан юм асуугаад эцэст нь манайх тусалж чадахгүй гэж хэлсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр хоёр нисдэг тэрэг бий. Хошууч генерал Ганзориг гэж хүний зөвшөөрөлтэй бол бид нисэхэд бэлэн гэж байгаа юм. Цагийн гурван сая төгрөгөөр нисдэг. Гэтэл санхүүжилт байхгүй. Ямар ч мөнгө байхгүй гээд өдөржин хүлээлгэсэн. Ингээд аргаа бараад хувийн компаниас тусламж гуйж ирсэн.

-Дөрвөн хүн яасан байх магадлалтай вэ. Хаана байгаа гэх баримжаа бий юү?

-Энэ дөрвөн хүн газар сайн мэдэхгүй. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй явсан юм. Эрэгтэй нь манай жолооч. Гэхдээ нэг удаа л өвөл машинтай өгсөж ирж байсан. Тэр замаа харангуутаа таамгаар ингэж буцаж болох юм байна гээд дагаад явчихсан байх. Гэвч тэр нь өвлийн зам. Өвөл хөлдүү үед явах боломжтой. Одоо бол гол ус ихтэй, үертэй, наман шалбаагтай болчихсон. Явах аргагүй. Ингээд ядраад нэг газар сульдаад хэвтэж байгаа байх. Өвөл, зуны зам нь өөр юм. Нэг нисчихвэл баримжаа байна. Би олчихно гэж бодож байна.

-Ууланд хүнсээ тооцож явдаггүй юм уу. Яагаад өмнө нь бууж ирээгүй юм бэ?

-Уг нь гол ус гэсэхээс өмнө ууланд байгаа хүмүүсээ татчих боломж байсан. Гэтэл Сэлэнгээс пост гаргачихсан. Ингээд хүмүүсээ буулгаж ир, хүнс гаргахгүй гэчихэж байгаа юм. Хоолгүй хүмүүс яаж бууж ирэх юм бэ. Нэг машин гарахад постон дээр 1.5 сая төгрөг авдаг. Ороод ирэхэд нь хоёр шуудай цайруулсан самар авдаг юм. Ерөөсөө тэрийг л авах гэсэн хүмүүс. Эд нар байгаль хамгаалж байгаа төрийн хүмүүс. Тэгсэн атал хүмүүсийн хоол хүнсийг гаргахгүй гээд замыг нь хаачихсан. Ингээд ойд хамаг хөрөнгө(хүмүүс зээл авч, мөнгө босгож самарт явдаг), үр хүүхдээ хаячихсан хүмүүс шөнөдөө хулгайн замаар явж л таарна. Ингэж явахдаа өөр эрсдэлтэй газрыг туулахаас аргагүй. Тэрнээс гадна тэр сайхан байгалийг сүйтгэж байна. Модыг хөрөөдөж унагаагаад зам засаад явдаг. Тийм айхавтар хор хохиролтой байна.

-Ойгоос хоол болгочих зүйл олдохгүй юу?

-Нэгдүгээрт, самар жимс боловсроогүй. Самар идлээ ч хүнд хоол болдоггүй юм. Жимс ургаагүй. Гүзээлзгэнэ, нохойн хошууны навч, боролзгоно зэрэг хэдэн төрлийн навч буцалгаад голоо зогоогоод, хамгийн гол нь байрандаа хөдлөлгүй хэвтэж бай гээд би үлдээгээд явсан юм. Гэвч манайхан намайг ирэхээс өмнө байрнаасаа хөдөлчихсөн. Нэгийнх нь бие муудаад байхаар долоо хоног үүрч явсан байгаа юм. Нисдэг тэрэгтэй очиход анх үлдээсэн газар байгаагүй. Тэгээд тэр хавиар хоёр эргээд модны сүүдэрт байхад нь олж, авчирсан.

-Танай баг нийт хэчнээн хүнтэй байсан бэ. Дөрвөн хүн нь яагаад салж явах болов?

-Энэ бие муутай хүн удаан тэсэхгүй байх гэж айсан байх. Хоёрдугаарт, арай тамир тэнхээтэй байсан дээрээ хэдүүлээ замаа бодъё гэж бодсоныг үгүйсгэхгүй. Хүлээгээд ирэхгүй бол яах вэ гэж бодсон байх. Ерөөсөө хэлэхгүй байж байгаад явчихсан байгаа юм. Нийт 14 хүн байснаас дөрвөн хүн төөрөөд ойд байна. Төөрөхдөө буруу яваагүй. Чиглэл нь зөв байгаа юм. Тэд зам товчилж явахгүй. Тийм том өндөр уулсыг давж явна гэж байхгүй. Хөндийгөө дагаад уруудсан байх.

-Чоно нохой нь гайгүй юу?

-Одоо бол гайгүй. Харин өвөл хүн барина. Хавар самар жимс ховор үед баавгай аюултай. Гэхдээ ойд байгаа амьтад чинь айлын зуудаг нохой алдуурчихсан юм шиг хүн харахаараа шууд бариад байхгүй. Танихгүй юмаа барихгүй, тойроод явна. Мөн энэ жил самар их байгаа учир баавгай самраа хөөгөөд л явна. Тэгэхээр амьтанд бариулах магадлал бага. Хөлдөж үхэх эрсдэл бага. Гэхдээ бороо цутгаад эхлэх юм бол хэцүү. Уг нь бүгд нэг шүдэнз гялгар уутанд боогоод авч яваа.

Түүнчлэн, төөрөх юм бол явж болохгүй. Хуурай мод цуглуулаад гал түлээд хуурай, нөмөр газар сууж байх ёстой гэж заасан. Хүлээж байвал заавал хүн очно. Дээрээс нь замд явж байхдаа салж болохгүй гэх зэргээр бүх зааварчилгааг өгөөд гарын үсэг зуруулдаг юм. Манай багийнхан ч ялгаагүй тэгсэн. Гэвч зааварчилгааг дагалгүй, явсан байна. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Айсан байна. Арай тэнхээ тамиртай дээрээ явъя гэж шийдсэн байх.

-Нэг багт хэдэн хүн багтдаг вэ?

-Аймаг орон нутагт самар авч байгаа ченжүүдтэй нь гэрээ хийгээд гарын үсгийг нь зуруулаад 14-15 хүн нэг гал болоод гардаг.

-Зөвшөөрөлтэй гэсэн үг биз дээ. Улсад зохих татвар шимтгэлээ төлөөд?

-Зөвшөөрөлтэй. Тэгээд постоор гарахад нэг машинаас 1.5 сая төгрөг авдаг. Гэтэл бууж ирээд хүнс аваад буцаад хүмүүстээ хүргэж өгье гэхээр нэг ч хоол гаргахгүй, хүмүүсээ буулгаж ир гэсэн.Нөгөө хүмүүс нь хулгайн замаар очих гэж байгалийг баахан сүйдэлж байгаа юм. Зарим нь хүрч чадахгүй.

-Заавал ингэж амь насаа дэнчин тавьж явах шаардлага байдаг юм уу?

-Надад бичлэгүүд байгаа. Би асуусан. Та нар яагаад энд явж байгаа юм гэхээр хотод корона гээд ажил олдохгүй, бас өвчин тусах гээд байна. Тэрний оронд эрүүл агаарт явж байя. Мөн мөнгө олох хэрэгтэй гээд ярьж байгаа юм. Ингэж яриад сууж байсан хүмүүс маань хүнд байдалд орчихлоо.

-Самар ашигтай юу?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, хүмүүст хийх ажил олдохгүй байна. Хоёрдугаарт, манай багийн 20 гаруй залуус байна. Бүгд мэргэжилтэй.Би л гэхэд ХААБ-ын ажилтай. Корона гээд хорио ихтэй, ийш тийш ажилд явах “шаанс” алга. Самар л гайгүй гэж байна гээд хүмүүс явдаг.Нэг кг самар 14-15 мянган төгрөг болчихож байгаа юм. Ингээд л амьдралын төлөө явж байна. Дэлхийд энэ самар их үнэтэй гэсэн. Самар түүсэн гээд татвараа авч байна шүү дээ. Тэгвэл яагаад зөв зохион байгуулаад өгч болдоггүй юм. Бид яваад сурчихсан хүмүүс. Түймэр тавихгүй.

Хаврын түүвэр гэдэг нь цас хайлсан хойно газар унасан самар түүхийг хэлж байгаа юм.Мунаар цохихгүй. Байгаль сүйтгэхгүй. Гол нь яг цас хайлангуут түүж авдаг. Ингээд уул руу эрт гараад, цас хайлахыг хүлээсээр байгаад хугацаагүй болчихсон юм. Тэгээд аваад яг явдгийн даваан дээр хоол хүнсгүй болчихсон. Хол газар очсон хүмүүс хоол хүнсээ татах гэхээр постууд дээр нь болохгүй гээд хүнсийг нь буцаагаад байгаа. Ингээд хамаг татвар, бүх юмаа авч дууссаны дараа одоо болно гэсэн юм шиг алга болчихсон. Яг хүмүүст тусламж хэрэгтэй болоод ирэх үед одоо постууд дээр нэг ч хүн байхгүй. Их бороо хур орсон. Гол үерлээд замууд эвдэрчихсэн. Тэнд хүн үхэх гэж байна гэхээр “Өө мэдэхгүй, аймаг руу ярь” гэнэ. Гэтэл бид Зүүнхараагаас тодорхой хэмжээний гэрээ хийгээд гарсан хүмүүс шүү дээ. Бидний очсон газар Ерөө сумын нутагт харьяалагдана. Тиймээс Ерөө дээр нь очихоор та нар Зүүнхараагаас гарсан юм байна ш дээ, тийшээгээ ханд гэнэ. Аймаг руу хандаад нэмэргүй. Улс руу хандахаар та нар шат алгасаж ярилаа гэнэ.

-Та гэр бүлээрээ явдаг тухай хэлсэн. Хүүхэд байх уу?

-Найман настай хүүхдээ дагуулчихсан хүн явж байсан. Ямар сайндаа хүүхдээ дагуулаад явах вэ дээ. Би отог дээр нь очиж байсан. Бүр биеэ даачихсан хөөрхөн хүүхэд байна лээ. Цай хийж өгөөд, боорцог таваглаад. Сүүлд сонсоход тэд бууж яваад намагт цөмөрчихсөн байна гэсэн. Хоол хүнс нь дуусчихсан. Нөгөө охин гэдэс нь өлсөөд уйлаад байна гэж хүн ярьж байсан.Тэгэхэд манайхны нойр хүрэхгүй. Бид өөрсдөө өлсгөлөн. Гэхдээ эндээс илүү тэнд хүүхэд өлсөж байгаа нь бидний голыг харлуулсан. Тэр отогт хүүхдийн живх байсан. Тэгэхээр бага насны хүүхэд бас явж байгаа биз. Хүүхдээ тэвэрсэн хүн явж байна лээ гэж ярьж байсан. Би морьтой байсан бол унаж очоод нядалж өгчихөөд өөрөө явган ч хамаагүй хүрээд ирмээр санагдсан. Ямар сайндаа хүн үр хүүхдээ дагуулаад тийшээ эрсдэл үүрч явж байгаа юм. Энэ амьдралын төлөө. Атга гурилны төлөө шүү дээ. Гэтэл дээдсүүд энийг мэдэхгүй байна. Мэдсэн ч мэдэн будилаад хоцордог. Постон дээр гараад хоёр шуудай цайруулсан самар, 1.5 сая төгрөг гээд улайрчихсан.

-Та хэд тэгж их амь дүйж явчихаад самартай ирсэн үү?

-Юун самар. Байхгүй. Самар бүү хэл машинаа хаясан. Амьд л харья гэсэн хүмүүс байна. Тэр их хүч, хөрөнгө гаргасан самар хэдэн тонноороо харлаад өвс шиг шатчихсан.Юу ч байхгүй. Одоо машинаа яаж олж авах уу. Цаашлаад яаж амьд харих уу гэсэн асуудалтай үлдсэн. Би энд хотод ирээд та бүхэнд хандаж байна. Гэтэл тэнд хэнд хандахаа мэдэхгүй үхэхэд бэлэн хүмүүс байна. Чи намайг юугаар гол зогоосон гэж бодож байна.

-Юу?

-Би 72 цаг яваад эзгүй отгонд ороход саванд үлдсэн багахан кетчуп байсан. Тэрийг усанд найруулж балгахад дөнгөн данган гол зогоож байгаа юм. Цааш гишүүний иш зажилж, амраад явахад хоёр км зам туулсан. Орой хоноглоод өглөө нь босоход надтай хамт гарсан залуу “Ах аа, та унах юм бол баларна шүү, зам мэдэх хүн байхгүй” гээд төмсний улаанаас ухаж халаасалсан дөрвөн ширхэг цагаан төмс өгч байгаа юм. Өөрөө идэхгүй, намайг унагаж болохгүй гээд хадгалчихсан байснаа гаргаж ирсэн юм.

-Та унаад өгвөл хаашаа явахаа мэдэхгүй тэр залуу, ард үлдсэн хүмүүс ч балрах байжээ?

-Тиймээс та л унах юм бол бид баларна шүү гээд надад зориулж хадгалсан нь тэр. Би “Ах нь толгой эргэхгүй байна, өл даана” гэж хэлсэн. Би хэлсэн амандаа хүрсэн. Ирээд мэдээ өгсөн. Гэтэл энэ бүгдийг онцгой байдал няцаалаа.

-Төөрсөн газар хотоос хэр зайтай вэ?

-Шулуун шугамаар 400 орчим км. Цаг гаруй ниснэ. 2-3 цаг нисэхэд л олчихно. Надад баримжаа байна.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллана

Өнөөдөр /2021.07.22/ Улаанбаатар хотод суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.