Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины гурав дахь тунг судалж, ирэх сард УОК-т танилцуулахыг үүрэг болголоо

Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өнөөдөр цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Вакцины гуравдахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав.

Мөн коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгөх ажлыг нийслэл, орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч өнөөдөр манай улсад айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман 2021 оны долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзана.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзах бөгөөд уулзалт ярианы үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзана.

Categories
гадаад мэдээ

“Google” Токиогийн олимпод зориулан олимпийн спортуудаар аялах тоглоом гаргажээ

“Google.com” Токиогийн олимпийн нээлтэд зориулан олимпийн спортуудаар аялах тоглоомыг өнөөдөр гаргалаа. Уг тоглоом нь хайлтын талбарын дээр байрлах бөгөөд маш цөөхөн үйлдэл ашиглан хялбар тоглох боломжтой аж.

Энэхүү тоглоомыг “Champions Island” гэж нэрлэсэн ба Google Doodle рүү зочилж хэрхэн тоглох зааврыг харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Токио 2020” олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

“Токио 2020” олимпийн их наадмын нээлт өнөөдөр болж, таван тивээс цугларсан баг тамирчдын ур чадварын өрсөлдөөн эхлэх гэж байна.

Олимпийн нээлт Улаанбаатарын цагаар 19:00 цагт болно. Баг тамирчдын ёслолын жагсаал 20:30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирэх аж. Монгол улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орно хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлэв.

Тус олимпийн наадамд спортын 10 төрөлд манай улсын 43 тамирчин ур чадвараа сорино.

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна.














Categories
мэдээ спорт цаг-үе

“Токио-2020”: Б.Урантунгалаг 362 оноотой 54 дүгээр байранд жагсч байна

“Токио-2020” олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр/2021.07.23/ 08.00 цагт эхэллээ. Өнөөдөр Монголын байт харвааны тамирчид болох Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорьж байна.

Өглөө 08.00 цагаас эхэлсэн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээнд Монголын тамирчин Б.Урантунгалаг 362 оноотой 54 дүгээр байранд жагсч байна. Тэргүүн байранд Өмнөд Солонгосын 20 настай Ан Сан 401 оноотой явж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу долдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод суурин 22 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 10305 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.





Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Мөнхзаяа: Наадмын контент гэх хий дэмий сүрийг үзүүлж дөвчигнэсэн юмыг хараад үнэхээр ичиж байна, харамсаж байна

-БАЯН АЙЛЫН ХҮҮХЭД ААВ ЭЭЖИЙНХЭЭ ХӨРӨНГӨӨР НААДАЖ ТОГЛОЖ БАЙГАА БИШДЭЭ ЯМАР. МОНГОЛД ХЕРОГИЙН БААТАРААС ӨӨР НАЙРУУЛАГЧГҮЙ ХЭРЭГ ҮҮ-


Соёл урлагийн сэтгүүлч, “Үлэмж” продакшны продюсер, Соёлын тэргүүний ажилтан Ё.Мөнхзаяатай наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн контентын талаар ярилцсанаа хүргэе.



-Өнөө жил наадам хийгээгүй ч Херо Баатарын “Би монгол хүн” контент наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн. Хувь уран бүтээлчийн бүтээл бол нэг хэрэг. Харин төр засгаас бодлогоор явуулсан наадмын контентод та сэтгэл дундуур байсан. Яагаад тэр вэ?

-Наадам гэдэг миний хувьд үзэж харах, баярлан догдлох зүйл олонтой, бага насны сэтгэлд хоногшсон сайхан дурсамж ихтэй хамгийн гоё баяр. Би хөдөөний хүүхэд. Аав минь сумын дарга, тухайн үеийнхээ намын үүрийн даргын ажлыг олон жил хийсэн хүн. Наадмаар морины комиссын машин хурдан морьдыг гараа хүртэл яг араас нь дагаж дутуу эргүүлэхгүй, гараа будлиулахгүй байхад анхаарч, аав минь машиныхаа цонхоор цагаан хоолой цухуйлгаад “Яваарай, яваарай. Явсхий явсхий…” гээд л гарааны газар хүртэл явдагсан.

Би аавынхаа машинд сууж морь бүрийг ийнхүү дагадаг байж билээ. Тийм болоод ч тэрүү наадам болохоор л аав ээжтэйгээ өнгөрүүлсэн бага насны сайхан дурсамж сэргэж, сэтгэл догдлоод нэг л сайхан байдаг юм. Сүүлд сэтгүүлч болчихоод олон ч наадмаар, мөн наадмын өмнөх бэлтгэлийн үед нэвтрүүлэг хийн Төв цэнгэлдэхэд ажилласан. Өөрийн эрхгүй л огшоод, омогшоод сайхан байдаг. Харин сүүлийн хоёр жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим наадам, наадамд зориулсан телевизийн контент хийлээ. Яг үнэндээ бол өнгөрсөн жилийн цахим наадмын нээлт ч тийм сайхан болоогүй. Гэтэл энэ жилийн контент бүр долоо дордож, олон ч хүний уур бухимдлыг төрүүлсэнд харамсаж байгаагаа нуухгүй ээ. Наадам хийнэ, хийхгүй гэсэн асуудлууд яригдаж, төсөв мөнгөний тухай олон нийтэд хүрч, хүнд хэцүү цаг үед хэрэгтэй зүйлдээ зарцуулсан нь дээр гээд ард түмэн, дийлэнх масс эсэргүүцээд байхад зөрөн барин хийсэн болохоор энэ удаагийн контентод хүмүүс их хүлээлттэй байсан байх. Тэгээд ч Ардын хувьсгалын 100 жилийн ой гэдэг утгаараа үнэхээр л хийх ёстой юм бол хийсэн шиг хийж 100 жилийн түүхийг, чухам Ардын хувьсгал гэж юу байсан юм бэ гэдгийг хүүхэд залууст товч бөгөөд тодорхой ойлгуулчих хэмжээний, хөгшид буурлуудад үүх түүхээ эргэн санах дурсамж ч юмуу, нэг тийм үр дүнтэй үлдэх юмтай, өгөөжтэй, сайхан контент хийсэн бол болох байлаа. “Би монгол хүн” гэсэн нэрэндээ тохирсон Монголоороо бахархан омогшсон, огшсон, сэтгэл сэргээсэн зүйл ховор байсан.

-Та урлагийн олон сод авьяастнуудын тухай хөрөг нэвтрүүлгүүд бүтээж олонд хүргэсэн уран бүтээлч. Үндсэндээ урлагийн гал тогоонд яваа хүн. Наадам болоогүй ард түмэн үзэх юмгүй энэ үед ганцхан хүнд эрхийг нь өгсөн нь хөнгөн хуумгай болоход нөлөөлөв үү. Хэд хэдэн студи продакшнд хувааж өгөөд, хариуцлагын гэрээ байгуулах санал их зөв санагдсан?

-Тийм ээ, би Монголын түүхийг, өнөөдрийн бидний энэ энх цаг, хөгжил цэцэглэлтийг өөрийн хөлс хүч, мэргэжил мэдлэг, авьяас чадвар, ухаан бодлоороо залан залуурдаж, хийж бүтээн үлдээсэн салбар салбарын олон гайхамшигтай хүмүүсийн тухай хөрөг нэвтрүүлгийг Монгол HD телевизэд байхдаа 40 гаруй дугаар хийсэн. Бие дааж продакшн болж гарснаасаа хойш ч хөрөг нэвтрүүлгээ дагнан хийсээр байгаа. Тэр эгэл энгийн бөгөөд агуу хүмүүсийн тухай нэвтрүүлгийг хийх бүртээ, тэдний тухай судлах бүртээ маш ихийг ойлгож, маш ихийг ухаардаг. Тэр хэрээр залуу хойч үеийнхэнд таниулан мэдүүлэх юмсан гэж хичээдэг. Телевизэд байхдаа 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Монгол наадмын тухай нэвтрүүлэг хийж байснаа санаж байна. Тухайн үед хүмүүс их ам сайтай хүлээн авч, тэндээс их зүйлийг мэдэж авлаа гэж байсан юм. Энэ мэтчилэн манайд хангалттай олон телевиз байна, олон студи продакшнууд байна. Тэднийг хүн хүч, техникийн боломж бололцоо, мэргэжил туршлага, ур чадварын хувьд харгалзан үзэж, маш тод томруун хариуцлагын гэрээ хийгээд ажиллуулсан бол олон төрөл жанрын, олон санаа бодол уралдсан сонирхолтой, үзүүштэй сайхан бүтээлүүд төрөх байлаа гэж бодож харамссан. Хариуцлага гэдгийг хүн бүхэнд ухамсарлуулж, тэгээд хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй бүхэнд итгэж, боломж өгвөл хийж чадахгүй зүйлгүй чадварлаг залуус их болжээ. Хэрэв наадмын контентыг ганцхан Херо гэдэг студид монопольдож өгөхгүйгээр энэ олон студи продакшнуудын хүчин чадлыг гаргаж ашигласан бол наанадаж үзэгчдэд үзэх юм ихтэй, олон төрлийн, олон янзын хийц хэлбэртэй сонирхолтой, цаанадаж түүнийг хийж байгаа олон студи продакшнууд ажил орлоготой байж тэр хэрээрээ улс орны хөгжил, эдийн засагт бага ч болов нэмэртэй баймаар санагдах юм. Эцсийн эцэст энэ чинь л улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ ажилтай орлоготой байлгах төр засгийн бодлого байлтай. Тийм ээ, миний харамсал үүн дээр л гол нь байгаа юм. Манай төр засаг, яам тамга ердөө доошоо ард түмэнтэйгээ, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа тулж, үнэн бодит дүр төрх, хийж чадах чадахгүй зүйл, юу болоод юу нь болохгүй байгааг мэдэрч ажиллахгүй юм. Дээгүүрээ том том, сайхан зүйл их ярьж, яг хөрсөн дээрээ буугаад доод шатандаа ирэхээр бөөн хээл хахууль, хүнд суртал, танил тал, өнгө мөнгө, ялгаварлан гадуурхалт. Төр засаг нь бодлогоор нэг хэсэг хүмүүсийн эрх ямба, ашиг орлогын төлөө ажиллаад байгаа ч юм шиг харамсалтай л байна даа.

-Херо гэдэг студиэс өөр газаргүй, Баатар гэдэг хүнээс өөр найруулагчгүй юм шиг монголчууд сүүлийн хоёр жил клипний цуглуулга үзлээ. Харамсалтай байна, ичмээр байна гэж хэлсэн. Энэ удаагийн контентын ичмээр болсон гол шалтгаан нь юунд байв. Урлаг судалдаг уран бүтээлчийн хувьд юу юун дээр яаж алдсаныг хэлж өгөхгүй юү?

-Би урлаг судлаач хүн биш л дээ. Гэхдээ соёл урлагийн чиглэлээр мэргэшиж, олон жил соёл урлагийнхныхаа тогоон дотор чанагдаж, тэднийхээ баярлах гуних бүхнийг нь хуваалцан явдаг сэтгүүлч хүнийхээ хувьд наадам хийнэ, хийхгүй гэж талцаж байх үеэс л дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэн, цар тахлын энэ аюултай үед соёл урлагийнхнаа, цаашлаад тэдний гэр бүл, үр хүүхдийн амь нас эрүүл мэндийг золиослон ийм зүйл хийхийг эсэргүүцэж байсан. Соёл урлагийнхныг хаа явсан газраа нохойд барьдаг мод шиг байлгаж, урлагийг улстөржүүлж болохгүй санагддаг. Гэтэл сая юу болов? Мэргэжлийн урлагийн байгууллагынхан яах ч аргагүй ажлаа хийж байгаа төрийн байгууллагын албан хаагчид болохоор Хүй долоон худагт халуунд нь халж, хүйтэн бороонд хөрч бүхэл бүтэн 10 хоног тэнд тарчилсан. Тарчилсан гэж хатуу хэллээ. Хэлэхээс ч арга алга. Тэнд байгаа хэд хэдэн хүнтэй би тухайн үед утсаар ярьж холбогдсон. Бичсэн ч бичлэггүй, хийсэн ч юмгүй, цэргийн хуаран шиг юманд л байж байна. Яг таг бүрэн дүүрэн төлөвлөгөө зохиол юу ч байхгүй, Баатар найруулагч тухайн үеийнхээ эмоцоор л тэгвэл гоё юм байна, ингэвэл зүгээр юм байна гээд л хольж солиод, хонь хурга нийлсэн юм шиг л болж байна гэж ярьж байсан. Арай ч дээ, төр засгаас бодлогоор явуулж байгаа наадмын контент гэж байдаг, тэгээд бас заавал хийнэ гэж үхэн хатан зөрж байж ийм юм хийж, ингэж хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тэр олон хүний эрүүл мэндээр тоглож байдаг гэж бодохоор гомдмоор ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг. Эцсийн эцэст татвар төлөгч нарын мөнгөөр ингэж тоглож болохгүй л дээ. Ямар баян айлын эрх хүүхэд ээж аавынхаа хөрөнгөөр наадаж байгаа биш дээ. Сошиал орчин дахь хүмүүсийн хандалтыг хүн бүхэн л харж, уншиж байгаа байх. Зууны бараг 98 хувь нь дургүйцсэн, ойлгоогүй, таалагдаагүй, муу байсан хэмээн сэтгэгдлээ бичсэн байсан. Аргагүй шүү дээ. Өвчин зовлонтой, үхэл хагацалтай ийм цаг үед Ардын хувьсгалын 100 жилээ ч тэмдэглэж чадахгүйд хүрч, амьд эрүүл саруул л байвал бусад нь болно оо гэж ард түмэн хүлээн зөвшөөрч байхад, зөрж дайран тэр олон хүнийг дайчлан эрсдэл рүү авч оччихоод юу хийх нь энэ вэ? Үнэхээр ичиж байна, харамсаж байна. Хүн зоныхоо сэтгэл санааг сэргээсэн, урам зориг, итгэл найдвар хайрласан сайхан бүтээл хийгээд наадмын өдрүүдэд ард түмэндээ хүргэсэн бол жинхэнэ Ардын нам, ардын засаг төрийн хэрэг гарах байлаа. Тэр олон сайхан уран бүтээлчдийг тэгж олон хоногоор хорьж тушчихаад, утга учиргүй овооролдон шамбааралдуулж, хий дэмий сүрийг үзүүлэн дөвчигнөсөн нэгэн хэв маягийн ийм дэмий зүйл хийх хэрэг байсан ч юм уу.Одоо тэгээд тэр эрх мэдэлтнүүд нь ард түмний энэ дургуйцэл, уур бухимдлыг олж хараад хариуцлага энэ тэр тооцдог ч юм уу, үгүй ч юм уу.Уг нь би улс төр энэ тэр рүү хуруу байтугай хошуу ч дүрж үзээгүй соёл урлагийн сэтгүүлч хүн. Гэтэл сүүлийн үед төр засгийн ийм увайгүй, улайм цайм дээрэм тонуул шиг үйлдлүүдийг хараад төрийн хэрэг тэр дээгүүрээ л болдог юм байгаа биз гээд дуугүй сууж чадахгүй л болчихоод байна даа.

-Таны бодлоор ямар ямар уран бүтээлчдийг оролцуулж, хэрхэн найруулгатай, монгол хүний зүрхийг огшоосон, ирээдүй хойч үеэрээ бахархуулсан даац далайцтай концтентыг хийж болох байсан тухай саналаа хэлнэ үү?

-Манайд үүх түүхээ мэддэг үгээ хэлж зааж зөвлөөд өгөх эрдэмтэн мэргэд, түүх судлаач нар нь байна. Тэр бүхнийг тод томруун амилуулаад өгөх гайхалтай мундаг жүжигчид дуучид, хөгжимчид, бүжигчид нь байна. 100 жилийн түүхэнд бүтээгдсэн суут агуу бүтээлүүд нь байна. Гагцхүү тэр бүхнийг зөв удирдан чиглүүлэх удирдагч, зөв өнцгөөс зөв найруулан тавих зангарагтай найруулагчаа л олж тавьж чадсангүй. Бидэнд омогших түүх бий. 100 жилийн түүхэнд бүтээсэн зүйлтэй, түүнээ магтан мөнхөлсөн бүтээл арвинтай ард түмэн. Түүнийг сэтгэл зүрхэнд хүртэл харуулах байсан юм. Тусгаар тогтнолоо ингэж л олсон юм шүү дээ, түүнийг хайрлан хамгаалж яваарай гээд ой тойнд нь ортол хэлээд ухааруулаад өгөх цаг үе нь энэ 100 жилийн ой байсан юм шүү дээ. Соёл урлагаар хүнийг соён гэгээрүүлдэг гэдэг дээ. Гэтэл соён гэгээрүүлэх нь байтугай л юм боллоо доо… Нэг л хүнд эрхийг нь өгөөд байхаар ингээд нэгэн хэвийн, хуулбарласан шинэ соргог биш зүйлүүд гарч байгаа юм. Олон хүнийг олон студи продакшн хамруулсан бол бүгд өөр өөр, шинэ соргог санаа шийдлүүд гарах байсан биз ээ.

-Ер нь аливаа юм танил тал, ах дүү, хамаасан садан гээд эрх ашгийн зөрчилтэй бол асуудал үүсдэг. Ноёны бөх давдаг шиг Монголд бүхий л юм ийм нэг үхээнц байдалтай болсон. Чаддаг хүнд нь эрхийг нь өгөөд дараа нь хариуцлагыг нь үүрүүлдэг баймаар санагдах юм?

-Яг энэ л хамгийн их дутагдаад байгаа зүйл дээ. Сандал суудлын төлөө үхэн хатан тэмцдэг, танил тал ах дүү хамаатан саднаа харж үздэг, өнгө мөнгөөр эрх мэдэл авдаг энэ бузар муухай тогтолцоог халахгүйгээр ер нь хол явахгүй дээ. Мөнгөтэй хүн биш, чаддаг хүнд нь эрхийг нь өгөөд хариуцлага гээчийг маш хатуу тооцдог байж гэмээнэ улсын хөгжил ярихгүй бол энэ мэтээр бол хөгжил яриад ч нэмэргүй санагдаж, урам хугарч байна. Адгийн наад зах нь хичнээн жил хүсэн хүлээсэн Соёлын яамтай боллоо гээд л соёл урлагийнхан баярлаж байсан цаг саяхан. Гэтэл энэ ичмээр контентын төлөө соёл урлагийнхнаа золиослоод, таг дуугүй тэр мөнгө угаах ажилдаа түлхээд л орхисон. Эцэст нь ард түмэн мэддэгээрээ, таньдагаараа урлагийнханд бурууг өгч, дуулсан дуу, гаргасан үйлдэлд нь буруушаан шүүмжилсэн. Ард түмний ч буруу биш. Тэд энэ бүхнийг зөвхөн найруулагч удирдан зохион байгуулдаг гэдгийг мэдэхгүй учраас тэр. Урлагийнхан найруулагчийн төлөвлөгөөний дагуу л хий гэснийг хийж, дуул гэснийг дуулж гүйцэтгэж байгаа. Тэнд бужигнаан дунд хий гэснийг нь хийж бичүүлээд байсан, юу болох нь ч бүү мэд. Яг контент гээд телевизээр гарахад үнэхээр ичлээ гэсэн хүмүүс ч байсан. Үнэндээ бол урлагийнхан дуугүй л байгаа болохоос ингэж бодож байгаа нь дийлэнх байх шүү. Гэхдээ урлагийнхан маань одоо бүгдийг дуугүй гүйцэтгэдэг биш, болох болохгүйг хэлчихдэг, дургүй зүйлээсээ татгалзчихдаг зангарагтай л байх хэрэгтэй байна.

-Одоо тэгээд бид чинь наадмаараа ч үзэх юмгүй болж, их урлаг маань сүүлдээ мэргэжлийн бус хүмүүсийн зугаа төдий зүгээр нэг савсганасан, дөвчигнөсэн наадаан цэнгээн болж дуусах нь шив дээ. Үүнд таны бодол…?

-Ер нь сүүлийн үед соёл урлаг гэдгийг шоу цэнгээнтэй андуурдаг хүмүүс их болсон. Шинэ засгийн газры сайд нарын тангараг өргөх ёслол дээр Их хурлын дарга “Манай соёлын сайд бол гаднын олон шоуг телевизэд тавьсан хүн дээ” гэж хурлынхаа индэр, суудал дээрээсээ ичихгүй, улайхгүй хэлж дулдуйдаж байсан. Ингээд л төр засаг нь соёл урлагийг шоу цэнгээн гэж хараад ойлгоод, тийм хүнээр сайд тавиад байхаар Монголын төрт ёсны наадамдаа зориулсан контент нь ийм холион бантан байхаас ч аргагүй л болж байна. Бүх зүйл хоёр талтай, хийж байгаа хүн заавал шүүмжлүүлдэг л дээ. Контент хийе гэсэн санаа нь сайхан ч тэр их нөөц бололцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг дэмий үрж муу зүйл хийсэнд, хоёр жил дараалан нэгэн хэвийн хэлбэр хийцтэй зүйлийг нэг л хүнээр хийлгэсэнд л ард түмэн бухимдаж байна. Шүүмжийг хүлээн авч, засаж залруулж байж хөгждөг. Шүүмжгүйгээр ямар ч зүйл хөгжихгүй. Ер нь бол зөв залаад хөгжүүлээд дэмжээд явбал Монголын соёл урлаг шиг арвин баялаг, Монголын урлагийнхан шиг авьяас чадалтай, ундарга сайтай улс цөөн байх шүү. Уучлаарай, улстөржиж байна гэж бүү бодоорой. Үнэхээр улс үндэстнийг соёл урлагаар соёлжуулан гэгээрүүлдэг. Гэтэл улс төр нь соёл урлагийг боомилоод, булшлаад байхаар дуугүй суугаад байж чадахгүй нь ээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпийн нээлт өнөөдөр 19:00 цагт эхэлнэ

Токиогийн олимпийн нээлт өнөөдөр буюу баасан гаригийн 19:00 цагаас эхлэх бөгөөд VIP эрхтэй 950 үзэгч оролцоно. Олимпийн нээлтэд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арлын орныг зорьсон.

Тэрээр өчигдөр Японы Ерөнхий сайд Ё.Сугатай албаны уулзалт хийсэн юм. Харин Японы өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ нээлтийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Олимпийн нээлтийн тоглолтыг удирдаж байсан найруулагч Кентаро Кобаяашиг 20 жилийн өмнө хэлсэн үгнийхээ төлөө өчигдөр ажлаасаа халагдсан. Түүний өмнө нээлтийн тоглолтын хөгжмийн найруулагч Кейго Ояамадаг ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан хэмээн ярилцлага өгснийх нь төлөө ажлаас нь халсан юм.

Ийнхүү нээлт эхлэхээс ердөө нэг өдрийн өмнө найруулагчаа халсан нь үзэгч сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Нээлтийн үйл ажиллагаанд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монгол Улсын төрийн далбааг мандуулан оролцох юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна

-ДАРАНГУЙЛАЛ ГЭХ ЮМ УУ, ДАВАМГАЙЛАЛ ГЭХ ЮМ УУ ЭНЭ ҮЗЭГДЭЛ МОНГОЛД ХЭСЭГТЭЭ ҮРГЭЛЖЛЭХ БАЙХ-

Хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа та гурав АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс АН-ын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ ажил одоо ямар шатандаа явж байна?

-Гишүүд идэвхтэй, сайн зурж байна аа. Намын гишүүдээр гарын үсэг зуруулах болсон шалтгаан, зорилго үндсэн гурван зүйлд чиглэж байгаа. Нэгдүгээрт, АНхоёр газар хуралдаад, хоёр шийдвэр гаргаад, дээд шүүх рүү хоёр тусдаа бичиг өгөөд байхаар дээд шүүх алийг нь ч бүртгэж авахгүй, манай намын дүрэм, даргын асуудал цэгцэрч дуусахгүй байна.Дотроо учраа олохгүй бол хууль зүйн хувьд ямар ч бүртгэл хийхгүй гэх ганц үгээр буцаачихаад байгаа. Хоёр газар хуралдахаа больж, нэг хурал хий гэдэг бол гарын үсгийн эхний зорилго. Нам гэдэг үзэл санаан дээрээ нэгдсэн хүмүүсийн хамтын удирдлагын байгууллага болохоос хэн нэгний хувьчлаад авчихсан аж ахуйн нэгж биш л дээ. Тийм учраас хий талцаж, тамганы хоёр булан тэврээд суулгүйгээр, нэгдэж нийлж хуралдаад, асуудлаа шийдэж, нэг тодорхой дүрмээр намаа цэгцэлж авах нь зөв л дөө. Би сая хий талцал гэлээ. Намын удирдлагын түвшинд үүссэн ангал бол зохиомол. Зохимол ангалын хоёр талд зогсоод байгаа хүмүүсийн нэгдэж нийлэх гүүрийг намын жирийн гишүүдийн гарын үсгээр бий болгох зорилготой санаачилга, товчхондоо. Хоёрдугаарт, энэ олон мянган гишүүдийн гарын үсэг шүүхэд Ардчилсан нам хуваагдаагүй гэдгийн гэрч, хурлаа нэг хийх болсныг нотлох баримт болно. Гуравдугаарт, энэ намыг байгуулсан хүмүүсийн хоорондын хувийн өширхөл, хонзогнол бүтээсэн ардчиллаа нураачихгүйн тулд зогсох ёстой л гэсэн уриалгыг жирийн гишүүд гарын үсгээрээ илэрхийлж байгаа хэлбэр.

АН-ын нэрээр Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хоорондын үл ойлголцол, жөтөөрхөл нь энэ намыг бусдын идэш болоод МАН-ын оролцоотой тамга тэмдэгний хэрүүл болчихсон нь үнэн. Тэд хэрүүлээ намаас хол хийвэл АН илүү хүчтэй бөгөөд цул явах боломж байна. АН нам шиг нам байвал улс оронд улс төрийн тэнцвэр, хяналт үүсч, ардчиллын жаахан ч гэсэн үнэр энэ нэг намын хэт хүч түрсэн цаг хугацаанд байх юм даа.

-АН сэргэх болов уу?

-Учраа олох байх гэсэн горьдлого байна. АН чинээндээ тултал уначихлаа. Доошоо нүх ухаж үсрэх гээгүй л юм бол одоо болно ш дээ.

-АН-ын гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадаж байна уу?

-Сөрөг хүчний дуу хоолой гэж бараг байхгүйтэй адил байна. Өнгөрсөн хоёр жил МАН ковидоор далимдуулж ямар их мөнгө, их эрх мэдлийг төвлөрүүлж, хяналтгүйгээр яаж үрэн таран хийж дуусгав. Улс орны нөхцөл байдлыг харахаар дүр зураг нь ичиж үхэм байгаа биз дээ. Эрсдэлийг сэрэмжлүүлж, бурууг нь хоосон шүүмжлэлгүй хатуухан хариуцлага нэхээд, зөвд нь дэм өгөөд явсан бол эрх баригчдыг байх ёстой байр, ажиллах ёстой хүрээнд нь авчрах боломж байж л байгаа. Энэ ажлаа АН уул нь хийж чадна ш дээ. Бид сөрөг хүчнийхээ ажлыг хийх биш, өөрсдөө дотроо сөргөлдсөн хүчин болж хувирчихаад, хэтэрхий сул дорой байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН дахиад нэг боломжоо алдчихлаа даа?

-Ойлгомжтой ш дээ. Намаа хагалж хуваагаад, талцуулж байгаа хүн өөрөө том сонгуульд нэр дэвшчихээр дор хаяж намынх нь тал нь тэр хүний эсрэг ажиллаж эхэлнэ биз дээ. Унах нь тодорхой сонгууль. АН өөрчлөгдөж болох маш олон боломжийг нэг уутанд хийгээд өөрсөдтэйгөө цуг хогийн сав руу шидчихсэн. Намаа эмхлэх, олон нийтийн итгэлийг буцааж авах, сонгуулийн үеэр эрх мэдлийн хэт түрэлттэй байгаа улс төрийн намын эсрэг сөрөг хүчнийхээ хувьд дэмжигч, иргэдтэйгээ хамтран бэхжин зогсох боломжийг алдлаа. Намын нийт гишүүдийн 60, 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, оролцлоо ч өөр сонголт хийнэ гэдэг шийдэлтэйгээр сонгууль руу орсон.

-МАН төрийг барьж чадаж байна уу. Төрийн гурван эрх барих байгууллагад нэг нам суучихлаа. Тэнцвэртэй улс төр байж чадахгүйд хүрчихсэн биз дээ?

-Улс төрийн тэнцвэр алдагдаж,нэг талд хэт их эрх мэдэл төвлөрөөд ирэхээр асуудлыг бодитойгоор харах, ухаалгаар зүй зохицлыг нь олох, нийгмийн бусад бүлэгтэй ярилцах, хамтрах чадвар багасаад бэлэн байгаа хүч, нөлөөгөө юун түрүүнд барьж авч ашиглах гээд байдаг. Зүй тогтол юм даа. Ямар ч хүний гарт томоохон муна бариулчихвал мунатай нөхөр чинь хүмүүстэй ам хэлээрээ учраа олохоос илүүтэй мунаараа л асуудлыг шийдэх гэж оролдож эхэлнэ. Хүн нь сайн муу, аль нам байгаагаас үл шалтгаалаад тэнцвэргүй улс төр хүчирхийлэл, харалган байдлыг илүү өөгшүүлдэг нь үнэн. Эрх мэдэл овоороход овоолгон доороос эрүүл ухаан цухуйж гарах хэцүү л дээ. Эрх мэдлийнхээ цонхоор асуудлыг харж, тойрон эргэлдэж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойгоор нийгмийг дүгнээд эхлэхээр л бусдыг дарлаж эхэлнэ шүү дээ. Дарангуйлал гэх юм уу, давамгайлал гэх юм уу энэ үзэгдэл Монголд хэсэгтээ үргэлжлэх байх аа. Ийм үзэгдлийг зогсоох гэж хүн төрөлхтний олсон арга бол улс төрийн тэнцвэр. Ялгаатай үзэл бодолтой хүмүүс харилцан ойролцоо хүч чадалтай байж тэр хүч чадлынх нь тэнцвэр дээр эрүүл оюун ухаан, хууль ёс, иргэний эрх чөлөө оршин тогтнодог гэдгийг ойлгочихсон. Энэ ойлгоцоороо арай ухаалаг, эрсдэлгүй сонгуулийн тогтолцоо хүртэл бодож олоод байдаг. Манайх яг эсрэгээрээ л яваа. МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна. Харин төрд бол хөл толгой алга.

-С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаачихлаа. Шүүхээс хэрэг буцаадаг жишиг гэж ямар юм байна аа?

-Дэлхийд шүүхээс хэрэг буцаадаг жишиг бараг байхгүй. Ганцхан тохиолдолд хэрэг дахин хянан шалгах үйл ажиллагааг эхлүүлж болдог. Тэр нь шинэ нотлох баримт гарч ирсэн, шинээр нөхцөл байдал үүссэн үед. Хэрэг буцаах биш, шүүхийн процессыг дахин эхлүүлэх гэж хэлдэг. Манайх шиг дуртай үедээ мөрдөн байцаалт руу анхан шатны шүүх рүү хэргийг шиддэг, шүүх маргаан эцэслэхээс тойрч бултдаг улс байхгүй дээ. Завьчлах гэж улс төр, хуулийн ойлголт байна. Асуудлыг эцэслэн шийдэхээс илүүтэй нааш цааш нь шидсээр байгаад цаг хугацаа, зардал мөнгө, хүний тэвчээр, хувийн амьдралыг завьчилж дуусгадаг. Энэ чинь эрх мэдэлтнүүдийн хэн нэгний амьдралаар тоглодог арга. Ийм байдлыг хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг улс орнууд хорьдог. Шүүхээс хэрэг буцаахгүй. Прокурор, мөрдөх алба зэрэг процессыг хийх үүрэг бүхий байгууллагууд тодорхой хугацаанд төрд байгаа бүх хүч нөөц, техник, арга хэрэгслээр хэргийг шалгаад шүүхэд өгөхөд шүүх тэрийг шийдэх үүрэгтэй. Нотлогдохгүй, хууль хэрэглэхэд эргэлзээ байгаа бол шүүгдэгчид ашигтайгаар буюу энэ хүнтэй холбоотой гэмт хэргийг нотолж чадахгүй байгаа учраас энэ хүн гэмт хэрэгтэн биш гээд сулладаг жишигтэй. Энэ зарчим, энэ жишгийг олохын тулд хүн төрөлхтөн хэдэн мянган жил туулсан. Сүүлийн 500 жилийн тэмцлийн ололт. Гэтэл үүнийг манайх нулимаад суугаад байна. Шүүгч нь прокурор мөрдөгчийн ажлыг өмнөөс нь хийгээд байх юм. Орчин үеийн Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд байж болдоггүй зүйл. Дээд шүүх үнэхээр үндэслэлгүй ялласан байна гэж үзэж байгаа бол алхаа цохиод суллаад явуулах ёстой. Хариуцлага хэн дээр байх ёстой гэхээр хугацаа байсан уу байсан, татвар төлөгчид хангалттай мөнгө өгсөн үү өгсөн, техник хэрэгсэл, хүний нөөц хангалттай байгаа юу байгаа, тэр боломжиндоо хэргийг нотолж чадахгүй байгаа бол та нар муу ажиллалаа, эсвэл энэ хүн хэрэг хийгээгүй гэдэг хоёр дүгнэлт рүү очих ёстой болохоос дахиад мөрдөөд, алдаагаа засаад, яг шийтгэхээр болгоод аваад ир, би яллаад өгье гэдэггүй. Шүүхээс хэрэг буцаадаг тогтолцоог халах ёстой.

2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бичихдээ шүүхээс хэрэг буцаадаг заалтыг хасаж байсан юм. 2016 онд Дорлигжав буцаагаад оруулаад ирэхэд нь УИХ дээр хасаад баталж байсан. Тэр хуулийг эцсийн найруулга сонсоод ёсчлох байсныг МАН 65 суудалтай болоод зүгээр л буцаачихсан. 2017 онд энэ зарчим хуульчлагдахад 2019 онд нь сиймхий гаргаад Нямдоржтонгууд шүүхээс хэрэг буцаадаг болгочихсон. Шүүхээс хэрэг буцдаг процесс дотор иргэд л хохирдог. Харин хуулийнхан илүү хождог. Завьчилж шиднэ гэдэг чинь хүнийг хуулийн байгууллагатай тодорхойгүй хугацаагаар уяж, амьдралынх нь шим шүүсийг сорж, мөлжих л арга. Уул нь завьчилж, завшуулалгүй иргэн өөрийгөө шүүхэд нэн дариу сонсгох, хэрэг маргаанаа шударгаар шийдүүлэх гэдэг чинь Үндсэн хуульд байгаа шударга шүүхээр шүүлгэх гэдэг иргэний үндсэн эрхийн гол хоёр агуулга юм ш дээ. Шүүхээс хэрэг буцаана гэдэг энэ хоёр зарчим, агуулгыг шууд үгүй хийж байгаа явдал.

-Хуулийн салбарын шинэчлэлүүдийг та яаж харж байна. Дорвитой шинэчлэлт хийгдэж байх юм уу?

-Эргэж буцсан, дахин сэргээх гэж оролдсон, нэгдсэн төлөвлөгөөгүй л зүйл харагдаж байна. Хийсэн ажлуудыг буцааж нураагаад буцааж өрж босгох нь нэг ажлыг хоёр хийхтэй л адил л даа. 2012-2016 он хүртэл хийгдсэн шинэтгэлийн үйл явц, цөөнгүй судлаачдын судалгааны үр дүнгээр үүссэн олон шийдэл, санаа байсан. 8,9 жилийн дараа дахиад тэр шийдлүүдийг арай өөр хэлбэрээр дахин амилуулах гээд оролдож байна. Аливаа дэвшилтэт өөрчлөлт, шийдэл тэр цаг үедээ шүүмж, эсэргүйцэлтэй тулж, заримдаа бүтэлгүйтдэг ч цаг хугацааны шалгуураар буцаад бэхжиж, үнэ цэнэтэй болж, урагшилж байдаг.Хугацаа алдаж байгаа, гэхдээ нийгмийн оюун санаанд илүү бат бөх суух боломжтой болж байгаа. Одоо хийх гэж байгаа хүмүүс нь тэр үеийн зовлонг шинээр мэдэрч эхэлж байгаа байх аа.

Яагаад хуулийн салбарын шинэчлэл таагүй, эсвэл сөрөг байдаг вэ гэхээр яг энэ хуулийн гажуудлыг ашиглаж амьдардаг хуулийнхан,тэдэнд улс төрийн өмгөөлөл үзүүлж, шүхэрлэдэг эрх мэдэлтнүүд энэ өөрчлөлтийг хүсдэггүйтэй холбоотой. Тэр хүмүүс өөрийн дадсан амьдрах арга, олдог олзноосоо салах дургүй.Тэр олз, хуулийн эрх мэдэлд нь наалдаж, өөрийгөө улс төрд удаан амьд явж чадаж байгаа хүн ч Монголд байна ш дээ. Ц.Нямдоржоос эхлээд. Хэзээ ч хуулийн салбарт томоохон өөрчлөлт хийх гэж оролддоггүй. Байгааг нь л додомдож, нөлөөтэй хэдэд нь сайн хүн болж үлдэх гэж оролддог. Тэрний гайгаар Монголын хуулийн салбар 20 жил гацлаа. Урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхаж байдаг гаслант хувь заяатай боллоо. 2008 оны долдугаар сарын 1-ний явдлын сургамжийн дараа хуулийн салбарт маш олон шинэчлэл хийхгүй бол явахгүй нь гэдэг ойлгомжтой болсон. Гэтэл харамсалтай нь 13 жилийн дараа буцаад 2008 оны долдугаар сарын 1-нийхээ байдлаасаа ч дор нөхцөл рүү ухарчихсан. Тухайн үед хохирсон иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй л байсан. Яагаад гэхээр Хууль зүйн яам, тэр дундаа Хууль зүйн сайдын лицензээр үйл ажиллагаа явуулдаг учраас өмгөөлөгчид Засгийн газартай, тэр дундаа хуулийн салбарын маргаанд орохгүй байсан. Тиймээс Хууль зүйн яамнаас энэ лицензийг салгаад Хуульчдын холбоо байгуулаад Хуульчдын холбоо өөрсдөө шийддэг болж хувирсан. Гэтэл Ц.Нямдоржийн үед Өмгөөллийн холбоо байгуулаад Хуульчдын холбоог задалж эрх мэдлийг нь буцаагаад хуваачихсан. Цагдааг буцаагаад генералаар удирдуулаад цэрэгжсэн тушаалын хүүхэлдэй болгочихсон. Шүүхийг тахар биш буцаад цагдаа хамгаалдаг нэртэй, гэрч хохирогч нь хамгаалалтгүй, сонгуулийн луйвар, худалдан авалт ил цагаан гээд бүх юм бахь байдгаараа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Авлигыг бууруулж чадах болов уу?

-Авлига бол албан бус, гэхдээ өөртөө маш их мөнгө, ухаан зардаг тогтолцоо. Бас төлбөрийг нь төлчихвөл хамгийн хурдан хөдөлдөг хөшүүрэг. Гэхдээ төлбөр төлж чадах хүнд л ашгаа өгдөг, бусдаас нь бүгдийг хулгайлдаг тийм л тогтолцоо. Тогтолцоотой тогтолцоогоор л тэмцэнэ. Хоосон уриагаар явахгүй. Авлигын нөгөө талд албан ёсны хуулийн тогтолцоо амь тэмцэн зогсож байгаа. Тэр амь тэмцэн зогсож байгаа тогтолцоог зарж иддэг нөхдүүдийг л авлигач гэдэг биз дээ. Тэр тогтолцоог иргэд зарж идэж чадахгүй, харин байгаагаа барж, хахуульдаж тэр байх ёстой тогтолцоог авлигачдаас худалдаж авах гэж оролдоцгоож байна. Татвараа төлнө, дээр нь авлига өгч, авах ёстой үйлчилгээгээ авна гэдэг бол боолчлол л доо. Авлига өгөөд ч авч чадахгүй зүйл их. Авлига гэх мөнгөний уралдаан зарим хүнд авах ёсгүйг нь өгч, авах ёстой нь хохироод үлдэх явдал байнга гарна. Энэ нь дэндүү олон хохирогчтой. Авлигыг хэр хязгаарлаж барьж чадна, төдий чинээ олон хүмүүсийн итгэл, бүтээлч байдал нэмэгдэнэ. Авлигыг хэдий чинээ бага байлгана, төрийн үйлчилгээ хүн бүрд хүртээмжтэй, хууль иргэн бүрд алагчлалгүй болж эхэлнэ. Тиймээс Авлигатай тэмцэх үйл явц бол соёлт хүн төрөлхтний заавал хийх ёстой ажил. Монгол Улс авлигатай тэмцэх Засгийн газрын чиг үүрэг, эрх мэдлийг байхгүй болгоод удаж байгаа. Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилсан, тусгаар улс болгон Засгийн газар нь өөрөө эрх мэдлээ авч авлигын эсрэг ажилладаг. Миний бодлоор Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэл бодитойгоор гурван чиглэлд өөрийнхөө эрх мэдлийг авч хэрэгжүүлж эхлэх ёстой. Энэ нь авлига, хүний эрх, шударга ёсны асуудал. Манайх хүний эрх, шударга ёс, авлигын асуудлаа Засгийн газраасаа гаргаад тавиад туучихсан. Дэлхийн улс орнууд Засгийн газар дээр түшиглэсэн авлигатай тэмцэх бодлогын хувилбарыг нийтлэгээр явуулж байхад манайх эсрэгээр нь яваад олон жил болж байгаа.

Ядаж энэ бодлогын ялгаагаа харж байвал сайн л байна. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол судалгаа сайтай, алсын хараатай, цогц бодлого л хэрэгтэй дээ. Зарим асуудал дээр Үндсэн хуулийн түвшинд өөрчлөлт хийх шаардлага ч гарах байх.

Хууль зүйн яам, дотоод хэргийн яамаа салгах, прокурорын тогтолцоогоо өөрчлөх, төвлөрсөн эрх мэдлүүдийг задлах, төрд шаардлагагүй чиг үүргийг шилжүүлэх, үр дагаварт нь сүржигнэдэг бус процесст нь зөвлөдөг мэргэжлийн хяналт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх, ойлгомжгүй, ухаалаг бус дүрэм журмуудыг халах, шаардлагагүй шат дамжлагуудыг алга болгож, үр ашиггүй төрийн зохион байгуулалтыг өөрчлөх гэх мэт АТГ-ын хийдэггүй зөндөө л ажил байна. АТГ гэснээс гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг чинь Засгийн газрын үндсэн ажил ш дээ. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн хийх ажил огт биш. Ер нь ямар ч үед Ерөнхий сайд зоригтой урагшаа алхахад салбарын сайдууд нь дагаад урагшаа зоригтой алхдаг л юм. Ерөнхий сайд нь дүлгэнээд байвал бусад нь ч хойшоо ухарч, дов довныхоо ард л нуугдана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоригтой манлайлал гаргаж байгаа бол сайн. Харин шоу хийх гэж байгаа бол нөгөө шударга ёс гэдэг шиг нь авлига гэсэн гарчигтай шоу төдий л юм болно. Одоо Монголд шинэ сэдэвтэй социалист уралдаан хэрэггүй л дээ.

-Ковидын нөхцөл байдал манайд хүнд байна. Коронавирусийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна вэ?

-Засгийн газар ковидын үед ард иргэдээ хамгийн их алдагдалтайгаар давуулж байгаа. Ашгаа бол дарга нар нь хийчихсэн байх. Ямар ч байсан тэд эдийн засгаа хумьчихсан. Ажлын байруудыг өм цөм байхгүй болгочихсон. Бизнес хийх битгий хэл зээл, түрээс хоёроо яах уу гээд зарим иргэд орон байраа алдахдаа хүрсэн. Санхүү мөнгөний хувьд хүмүүсийн боломж нийтлэгээр багасчихсан, дундаж анги нь байсан цөөхөн хадгаламжаа идээд дуусгачихсан. Дээр нь бүх юмны үнэ өсчихсөн. Ядаж байхад зөв менежмэнт хийгээгүйгээсээ болоод эрүүл мэндийн салбарынхны хамаг хүчийг тарамдаад залхаачихсан. Хүнд хэцүү нөхцөл тулаад ирэхэд улс орны хэмжээнд ямар ч бэлтгэлгүй, мөнгөгүй, хамаг нөөцөө наана нь тоглоод устгачихлаа. Нөгөө талд төсөв нь ковидод зориулагдсан уу гэвэл үгүй. Харин иргэнээ хорьсон энэ хугацаанд сонгууль дамжсан авлига л гаарлаа. Хүн бүр нэг ийм дүгнэлт хийж байгаа биз дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бич өдөр

Аргын тооллын долдугаар сарын 23. Сугар гариг. Билгийн тооллын 14, хар бич өдөр. Өдрийн наран 05:18 цагт мандан 20:40 цагт жаргана. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.