Categories
мэдээ нийгэм

НҮБ-д 193 улс бүртгэлтэй ч олимпод 205 орон оролцож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй 193 улс байдаг ч Токиогийн олимпод 205 орны тамирчид оролцож байна. Учир нь 1894 онд байгуулагдаж байсан Олон Улсын Олимпийн хороо нь 1945 онд байгуулагдсан НҮБ-аас эртний холбоо бөгөөд нутаг дэвсгэрийн маргаантай болон дагавар орнууд оролцож болдог их наадам юм.

Жишээ нь энэ олимпод оролцож буй

  1. Америкийн Самоа (АНУ),
  2. Аруба (Нидерланд),
  3. Бермуда (Их Британи),
  4. Кайман арлууд (Их Британи),
  5. Тайвань (БНХАУ),
  6. Гуам (АНУ),
  7. Күүк арлууд (Шинэ Зеланд),
  8. Хонконг (БНХАУ),
  9. Пуэрто Рико (АНУ),
  10. АНУ-ын Виржин арлууд (АНУ),
  11. Британийн Виржин арлууд (Их Британи) гэсэн 10 орон нь ямар нэг улсын харьяанд буюу тухайн улсаасаа бүрэн болоод хагас хараат байдаг тусгаар муж улсууд юм.

Мөн НҮБ-д албан ёсоор бүртгэлгүй ч НҮБ-ын хараанд байдаг Израилтай хилийн маргаантай Палестин улс олимпод оролцож байна.

Допингийн хэргээс болж ОХУ-ын шигшээ баг энэ удаа олимпийн логотой далбааны дор оролцож 205 дахь орон болж байгаа бол Олимпийн дүрвэгсдийн баг нь 206 дахь далбаан дор оролцож байгаа юм.

Categories
мэдээ спорт

ОХУ-ын байт харваач Светлана Гомбоева наранд цохиулснаас тэмцээний үеэр ухаан алджээ

“Токио 2020” олимпийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж буй. Өглөө болсон байт харвааны урьдчилсан шатны тэмцээны үеэр ОХУ-ын тамирчин Светлана Гомбоева ухаан алдан унаснаар эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл гадаадын сайтуудад мэдээлэгджээ.

Энэ тухай Олимпийн медальт тамирчин Ксения Перова хэлэхдээ:

“Тэр надтай урьдчилсан шатны үр дүнгийн талаар ярилцаж байхдаа ухаан алдаж унасан. Энэ үйл явдал хэдхэн секунтын дотор л болоод өнгөрсөн. Гадаа маш халуун, асфальтан зам халж, амьсгалахад ч бэрх болоод байна. Эмч нар хэлэхдээ Светланаг наранд цохиулсан байж магадгүй гэсэн” гэв.

Ухаан алдсан гэх ОХУ-ын шигшээ багийн тамирчин Светлана Гомбоева нь тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгдэж буй.

Categories
мэдээ спорт цаг-үе

Токио-2020: 15 минутын дүрмийг хүчингүй болгоно

Олимпийн наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй. Үүний нэг нь 15 минутын дүрэм. Тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн утгатай. Гэхдээ тамирчид богинохон энэ хугацаанд дэлгүүрээс хоол ундны юмаа цуглуулах юм уу эмийн сангаас эм авахад хэцүү байгаа талаар гомдоллох болсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

“Хэрэв тухайн байрлаж буй газартаа хооллох боломжгүй бол дэлгүүр орох зэрэг зайлшгүй шаардлага гарна. Ийм тохиолдолд бид тамирчдад боломж олгох ёстой. Гэхдээ заавал 15 минутад багтаа гэж шаардахгүй. Одоо 15 минутын дүрэм байхгүй болно. Гэхдээ нэг минут ч гэсэн гадагш гарах бол үүдний жижиүүртээ нэр, өрөөний дугаараа тэмдэглүүлэх ёстой” хэмээн Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэв.
Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ.
Ковидын өвчлөлийн улмаас Япон улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токиод хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн хамгийн ахмад тамирчин 66 настай Мэри Ханна

Австралийн морьтон 66 настай Мэри Ханна Токиогийн олимпод оролцсон хамгийн ахмад тамирчин болно. Мөн тэрээр олимпийн түүхэд хоёр дахь ахмад тамирчин болж бичигдэх юм.

Өмнө 1972 онд Их Британийн морьтон Лорна Жонстон 70 насандаа олимпод оролцож байв.

Зургаа дахь олимпдоо (1996, 2000, 2004, 2012, 2016) орох Мэри Ханна Австралийн хамгийн ахмад олимпийн тамирчин бөгөөд түүнээс өмнө 62 настай Жеймс Күинн энэ амжилтыг эзэмшиж байжээ.

Aussie Equestrian Legend and Grandmother of Four- Mary Hanna Enters Her  Sixth Olympics - EssentiallySports

Австрали улс энэ удаагийн олимпод 472 тамирчинтай ирсэн бөгөөд бүх төрлийн спортод оролцож байна. Мөн нийт тамирчдын 254 нь буюу 53.8 хувь нь эмэгтэй байгаа нь олимпод орж бусад улсыг эмэгтэйчүүдийнхээ хувиар тэргүүлэх үзүүлэлт юм.

Categories
мэдээ спорт

3×3: Манай багийн давуу тал бол хувилбартай тоглолт бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах нь хамгийн чухал

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Дэлхийн шилдэг долоон багийн эсрэг хийх тоглолтын талаар товчхон мэдээлэл, таамаг хүргэе.

Монголын шигшээ баг түүхэнд анхных гэж тэмдэглэгдэх тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн шигшээ багийн эсрэг хийх юм.
Италийн багт дэлхийн аваргын “Үнэ цэнэтэй тоглогч” Раелин Ди Али болон Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли гэсэн дөрвөн тоглогч багтжээ.
Дэлхийн аварга болсон бүрэлдэхүүний гурван тоглогч дээр 5х5 шигшээ багийн тоглогч Чиара Сонсолини нэмэгдсэн юм.
Хоёр баг өмнө нь 2019 онд Турины эмэгтэйчүүдийн мэргэжлийн гранпри тэмцээнд учраа тааран тоглоход 13:12 харьцаатай эцсийн мөчид Италийн баг хожиж байсан.
Нурууны өндрийн харьцуулалт дээр манай баг бага зэрэг намхан бөгөөд Италийн багийн Раелин Ди Алигаас бусад гурван тоглогч 182 см-с дээш өндөртэй бол манай багийн хамгийн өндөр тоглогч Б.Солонго 182 см өндөртэй.
Италийн багийн Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли нар манай багийн эсрэг нурууны давуу талаа ашиглан будагтай талбайд илүү тоглолт үзүүлэх боломжтойгоос гадна бүгд шидэлт сайн гүйцэтгэдэг, хурдны хувьд ч муугүй тоглогчид.
Харин Раелин Ди Али бол ямар ч тоглогчийг эсрэг хөнгөхөн тоглочих авьяастай нэгэн. Түүний довтолгоог зогсооно гэдэг маш хэцүү даалгавар. Хурдтай, бөмбөг эзэмшилт, шидэлт сайтайгаас гадна том тулаанд гангарч чаддаг сэтгэл зүй өндөртэй тоглогч.
Монголын багийн хувьд удаан хугацааны турш бэлтгэлээ системтэйгээр маш сайн хангасан. Манай дөрвөн тоглогч довтолгоо боломжийн, хамгаалалтад жигдхэн тоглоно. Манай багийн давуу тал бол хувилбартай тоглолт бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах нь хамгийн чухал.
Бас нэг давуу тал бол эсрэг багийн өндөр тоглогчдыг зайнд гаргаад Раелин Ди Али дээр (163 өндөртэй) өндөр намын зөрүү үүсгэж, будагтай талбайд өндөрүүдийнх нь эсрэг хурдаар илүүрхэн хөл дээр нь ажиллан тоглох боломж бий.
Мэдээж хожих боломжийн хувьд дэлхийн аварга Италийн шигшээ багийн магадлал өндөр. Гэхдээ дасгалжуулагчийн тактик, ур ухаан, тоглогчийн талбайд гаргах шийдвэр, тоглолт ямар байхаас бүх зүйл хамаарна.
3х3 сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Алтангэрэл
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус гурван чиглэлд түр зогсож, 20 чиглэлийн маршрутыг өөрчилнө

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Баруун дөрвөн замын уулзварын авто замын хучилтын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэл түр зогсож, 20 чиглэлд маршрутын өөрчлөлт орох талаар мэдээлсэн юм. Тиймээс өөрчлөлт орж буй чиглэлүүдийн эргэлтийн урт сунгагдаж байгаа тул зорчигчдыг цагаа төлөвлөж үйлчлүүлэхийг санууллаа.

Түр зогсох гурван чиглэлд “5 шар – Ботаник”, “Ботаник – Вокзал”, “3. 4 хороолол – Офицеруудын ордон” чиглэлүүд байгаа юм.

Өөрчлөлт орж буй 20 чиглэл:

  • Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” /цахилгаан/
  • Ч:2 “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”
  • Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”
  • Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кинотеатр – Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:17А “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам” /их тойрог/
  • Ч:17Б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/
  • Ч:21А “Булгын 19-р гудамж – Вокзал – 3,4 хороолол”
  • Ч:21Б “Булгын 19-р гудамж – 3.4 хороолол – Вокзал”
  • Ч:22 “Шадивлан -Бөмбөгөр – Чингис Соосэ ДС-Далангийн зам”
  • Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”
  • Ч:37 “Улаанхуаран – 4 хороолол”
  • Ч:40 “Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран”
  • Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:47 “Орбит – Ардкинотеатр”
  • Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:57 “Улаанчулуут -Их наран – МУИС”
  • Ч:58 “3.4 хороолол – Мишээл экспо”
  • Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
  • Ч:70 ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
  • Ч:74 “Цагаан даваа – Гандан – Вокзал зэрэг байна.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: 28 байршилд 195 мянган цэцэг тариад байна

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тариад байна.

Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа юм.







Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Урантунгалаг чансаа тогтоох тэмцээнд 58 дугаар байрт жагслаа

“Токио-2020” олимпийн наадмын байт харвааны эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Урантунгалагийн хувьд 614 оноотой 58-р байранд жагслаа. Тэрбээр энэ сарын 27-нд хасагдах шатны тэмцээнээ эхлүүлнэ.

Өнөөдрийн эмэгтэйчүүдийн чансаа тогтоох тэмцээнд Өмнөд Солонгосын гурван тамирчин болох Ан Сан, Жан Мин Хи, Кан Ча Ён нар тэргүүллээ.

12.00 цагаас Монголын эрэгтэй харваач Б.Отгонболд болон Монголын байт харвааны холимог баг өрсөлдөнө.

“Токио-2020” олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд Монголын байт харвааны тамирчид болох Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорьж байна.

Ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээнд Монголын тамирчин Б.Урантунгалаг 362 оноотой 54 дүгээр байранд жагсч байна. Тэргүүн байранд Өмнөд Солонгосын 20 настай Ан Сан 401 оноотой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад “дельта” вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байна

Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн “дельта” вирусийн халдвар авчээ.

Хэрэв нийт хүн амын дунл дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

“Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.

Categories
гадаад мэдээ

Гвиней улс олимпийг өнжих шийдвэрээ цуцлав

Нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней улс олимпийг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдлээ. Тус улс өмнө нь коронавирусийн цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байв. “Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид зуны XXXII олимпийн наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ.

Олимпийг өнжих эхний шийдвэр нь санхүүгийн асуудалтай холбоотой байсан бөгөөд тус улсын Засгийн газарт ойр эх сурвалж “Сангийн яам мөнгө гаргах боломжгүй гэсэн” хэмээн ярьсан байна. Гэхдээ Гвинейн Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нассоко Associated Press-т өгсөн ярилцлагадаа Токио руу аялах зардлын мөнгө бэлэн болсон хэмээжээ. Ингэснээр чөлөөт бөхийн Я.Камара, жүдоч М.Бах, усанд сэлэгч Ф.Туре, М.Бах, спринтер А.Конте нар эх орноо төлөөлөн олимпод оролцохоор болов. Гэхдээ эргэж буцсан энэхүү шийдвэр тамирчдыг багагүй бухимдуулжээ. Энэ талаар Я.Камара “Энэ олон тамирчныг нэг дор хүлээн авч буй Япон улс олимпийн наадмыг цуцлаагүй байхад Гвиней улс яагаад коронавирусийн шалтгаанаар олимпод оролцохгүй гэж шийдсэн юм бэ гэдэгт маш их гайхаж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бухимдлаа илэрхийлсэн байна.
Гвиней улс “Мехико-1968”-аас эхлэн 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй. Тэд 2016 оны Риогийн олимпод мөн таван тамирчинтай оролцож байв. Гвиней шийдвэрээ өөрчилснөөр коронавирусийн улмаас олимпод оролцохоос татгалзсан ганц улс нь БНАСАУ хэвээр үлдэв.

‎8 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон ‎"‎GUINE EQUATORIAL ح‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болно