Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх нохой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 25. Адъяа гариг. Билгийн тооллын 16, тооно одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 05:20 цагт мандан 20:37 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон гэртээ орох боломжгүй болсон иргэдэд түр байрлах байр гаргаж өгч байна.

Өнгөрсөн шөнө болон өнөөдрийн орсон усархаг аадар борооны улмаас Даланзадгадын зарим айл өрхүүд усанд автаж байна. Иймд гэртээ байх боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон Политехникийн коллежийн байранд байрлуулахыг Шуурхай штабаас холбогдох хэлтэс, газрын дарга нарт чиглэл өгчээ. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа тул албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтан алба хаагчдыг автомашин техник хэрэгсэлтэйгээр дайчлаад байна. Усанд автсан айл өрх, барилга байгууламж, дэд бүтэц шугам сүлжээг гамшгаас хамгаалах ажлуудад хүч нэмэгдүүлж байгаа юм.

Уулнаас буух үерийг хорьсон хуучин далангаас үргэлжлүүлэн шинээр яаралтай далангийн ажлыг эхлүүлээд байсан. Үүний үр дүнд уулын ус аймгийн төвийн хойт талаар урсаж байгаа хэдий ч усархаг борооны улмаас төвдөө нөхцөл байдал хүнд байгааг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ спорт

Япончуудын анхны алтан медалийг алдарт жүдоч Такато хүртлээ

Японы тамирчдын анхны алдтан медаль Японы жүдо бөхийн тамирчин Такато Наохиса “Токио-2020” Олимпоос 60 кг-ийн жинд өрсөлдөж алтан медаль хүртлээ.

Японы жүдоч Такато Наохиса 60 кг-аас доош жинд финалийн шатны шалгаруулалтад Хятадын жүдоч Тайванийн тамирчин Ян Юн Вэйтэй барилдаж, ийнхүү ялалт байгууллаа.

Энэ нь Японы баг тамирчдын хувьд тус олимпоос хүртэж буй анхны алтан медаль юм. Мөнгөн медалийг Хятадын жүдоч Ян Юн Вэй, хүрэл медалийг Казахстаны жүдоч Элдос Сметов, Францын жүдоч Лука Мхейдзе нар тус тус хүртлээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Өнмөл Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагнал олгожээ

Монгол туургатны болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж БНХАУ-ын Өмнөд Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг олгожээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар шагналыг долдугаар сарын 21-нд гардуулан өгсөн байна.

Зохиолч Ч.Улаан нь 1966 онд Хөх хотод төрж, бага насаа Өмнөд Монголын зүүн хэсгийн хөдөө нутагт өнгөрөөхдөө малчин ардын амьдрал ахуй, соёлтой танилцаж, тэр нутгийн амьдрал, нутгийн монгол хүмүүсийн зан ааль, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг сайн мэддэг болжээ. Тиймээс тэрбээр өөрийн бичдэг зохиол бүтээлдээ тал нутгийн хүмүүсийн амьдрал, зан заншил, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүйн хандлагыг шинэ өнцгөөр гүн гүнзгий тусгахын зэрэгцээ байгаль экологийн байдал, хувирал өөрчлөлтийн явцыг тод томруунаар бичиж, Хятадын болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулж иржээ.

Түүний бичсэн “Эрхэмсэг тансаг он жилүүд”, “Атрын чоно”, “Гахай жил, улаан гүйлс”, “Хар зүст үнэгний жалга”, “Миний аавын эгэл боргил амьдралын зам”, “Манигар аймгийнхан”, “Алсад байгаа Амуха гол” өгүүллэг, тууж ба “Янгир”, “Цагаан мөрний хууч”, “Биларын эгшиг” зэрэг роман голлох бүтээлүүдэд энэ талаар бичсэн байдаг юм.

Ч.Улаан нь багааасаа зохиолчийн гэрт хүмүүжиж, бичиг номын дунд амьдарсан, хятадын болон гадаадын олон зохиолчдын бүтээлийг уншиж суралцсан хүн бөгөөд улмаар 20 наснаасаа уран бүтээлийн замд орж, өгүүллэг тууж, роман туурвиж иржээ. Тэрбээр 2002, 2006 онд Тал нутгийн утга зохиолын шагнал, 2009 онд ӨМӨЗО-ы “Солонго” утга зохиолын шагналыг тус тус хүртэж байсан байна.

МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг өмнө нь Өвөрмонголын нэрт зохиолч, яруу найрагч Аянга, Алтай, Р.Хадаа зэрэг монгол туургатны уран бүтээлчид хүртэж байжээ.

Categories
мэдээ спорт

Манай 3х3 сагсан бөмбөгийн баг АНУ-д хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн хоёр дахь тоглолтоо АНУ-ын шигшээ багтай хийж 21-9 харьцаагаар хожигдлоо.

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ багаас

  • Б.Солонго – 1
  • М.Цэрэнлхам – 2
  • Э.Чимэддолгор – 6 оноо тус бүр авлаа.

Шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 09:15 цагаас талбайн эзэн Японы шигшээ багтай хийнэ.

Оноо авсан байдал:


Categories
гадаад мэдээ

Си Жиньпин Төвөдөд гэнэтийн айлчлал хийлээ

Хятадын дарга Си Жиньпин энэ амралтын өдрөөр Төвөдөд айлчлал хийсэн нь олон улсын анхаарлыг шууд татав. Хятад улсаас Гималайн бүс нутаг дахь Буддын шашны уламлалт соёлд тавих хяналтаа чангатгахын зэрэгцээ тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хөгжилийг түргэсгэхээр хичээж буй. Хятадын төрийн хэвлэлийн өгсөн мэдээллээр Си дарга нийслэл Лхас хотод айлчлахдаа Дрепунгийн хийд, Бархорын гудамж, Далай лам зэрэг Түвдийн үе үеийн оюун санааны удирдагчдын өлгий Потала ордон дахь төв талбай зэргийг үзэж сонирхсон байна. Түүний айлчлалыг урьдчилан мэдэгдээгүй бөгөөд Бээжин хотноо буцсан эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.

Хятадын удирдлагууд сүүлийн жилүүдэд Төвөдийн лам нарт тавих хяналтаа нэмэгдүүлж төвөд хэлнээс илүүтэй хятад хэлний боловсролыг түгээхэд анхаарах болжээ. Мөн уг бодлогод шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийг барьж саатуулахаас гадна олон жилийн хорих ял оноож байгаа юм. Тэр дундаа Хятадын дэглэмийн эсрэг тэмцэл бөхсөн он жил буюу 1959 онд Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэгт суурьших болсон Далай ламтай холбогдсон нь тогтоогдвол хорих ялаас мултрах аргагүй аж. Учир нь Хятад улс Далай ламыг Төвөдийг Хятадаас салан тусгаарлахаар зорьж, энэхүү үзлээ нийтэд түгээдэг хэмээн буруутгадаг юм.

Ямар ч байсан Си Жиньпин Хятадын төрийн эрхийг барьж буй өнгөрсөн есөн жилийн хугацаанд Төвдөд дотоодын аялал жуулчал мэдэгдэхүйц хэмжээгээр өсч, шинэ онгоцны буудал, төмөр зам, хурдны замууд баригдсан байна.

Синьхуа агентлагийн өгсөн мэдээллээр энэ Пүрэв гаригт Төвөдөд хийсэн айлчлалынхаа үеэр Ши дарга угсаатны болон шашны асуудлыг ихэд чухалчлан үзсэн төдийгүй Төвөдийн соёлыг хадгалан өвлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Өмнөх өдөр нь тэрбээр Нинчи хотод зочилж, Брахмапутрагийн дээд гол болох Ярлунг Зангбо голын сав газарт далан барьж буй ажилтай танилцжээ. Мөн Хятадын Сычуань мужаас Төвөд хүртэлх төмөр зам барих төслийн ажилтай танилцсаны дараа өнгөрсөн сар ашиглалтад орсон Ниинчи-Лхас чиглэлийн Төвөдийн анхны цахилгаанжуулсан төмөр замаар зорчжээ.

Си даргын айлчлал “17 цэгийн гэрээ”-г байгуулсны 70 жилийн ойтой давхцаж байгаа нь цагаа олсон айлчлал боллоо гэж олон улс дүгнэж байна. Далай ламын гарын үсэг зурсан уг гэрээгээр Хятад улс Төвөдөд хяналтаа бүрэн тогтоосон гэж үздэг ч төвөдүүдэд өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Далай ламын хувьд гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан хэмээн мэдэгддэг байна. Айлчлалыг зохион байгуулж буй арга хэлбэр болон Хятадын төрийн хэвлэл мэдээллээр айлчлалыг шууд дамжуулахгүй байгаа зэргээс харахад Хятадад Төвөдийн асуудал өнөөдөр ч хурцадмал хэвээр байгаа төдийгүй энэ бүс нутагт тогтоосон хяналтандаа Бээжингийн эрх баригчид итгэлгүй байгаагийн илрэл юм гэж Вашингтонд төвтэй Төвөдийн олон улсын аянаас мэдэгджээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Уранцэцэг олимпийн медалиа гардаж авлаа

Өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, олимп, ДАШТ-ий таван медалийн эзэн боллоо.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч тэрбээр “Олимпийн медальтан болсондоо маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон маань маш их тусласан. Би олимпод гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа авлаа.

Аав, ээждээ, хамаатан садан, найз нөхөд, “Хүч” спорт хороо, туслаж дэмждэг бүх хүнд баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Авсандаа маш их баяртай байна. Баярлалаа” гэсэн юм. М.Уранцэцэг Токиогийн олимпын хүрэл медалиа зүүлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнуудын шагналыг гардуулсан эрхмүүдийн дунд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од байлаа.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна

Зуны дэлгэр цаг ирж иргэд гол, нуурын эргээр амарч зугаалах нь нэмэгдсэн. Гэвч иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гол, нуурын усанд живж амиа алдах осол их гарч байна. Тухайлбал, Наадмын өдрүүдийг тохиолдуулан бүх нийтийн амралтын хоногийг сунгаснаар 21 хүн гол, усны ослоор амиа алдсан билээ.

Онцгой байдлын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Дэлгэр мөрөн, Хэрлэн голд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зургаан хүн Хэрлэн голын эрэгт амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт ОБЕГ хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Аврагчид өчигдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас “Мухарын амны-Адаг”, “Буурлын булан” гэдэг газар хүртэл 49 км-т завиар мөн 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Аврах, эрэн хайх ажиллагаа өнөөдөр өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дэлгэр мөрний эрэг дээр дөрвөн хүн зугаалж байснаас нэг хүн нь сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 18:00 цагаас эхлэн нэг км-т завиар гурван удаа, 1-2.5 метрийн гүнд есөн удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт зогсоосон. Аврах, эрэн хайх ажиллагаа өнөөдөр өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улс, АНУ-тай соёлын өвийг хамгаалахад хамтарч ажиллана

Монгол Улсад айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Чойжин ламын сүм музейд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улс дэлхийд хосгүй өөрийн гэсэн өв соёлтой бөгөөд Соёлын яамыг бие даан байгуулсан нь монголчууд соёл, уламжлалаа хэрхэн хүндэтгэж, чухалчилдаг болохын илрэл, соёл бол манай улсын тусгаар тогтнолын томоохон хэсэг хэмээн тодотгов. Монгол Улсын өв соёлыг хүндэтгэн хоёр улсын соёлын асуудлаар тухайлан ярилцахаар ирсэнд талархал илэрхийллээ.

Мөн Соёлын яам байгуулагдсанаар Монгол Улс соёлын асуудлаар улс орнуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болж, Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хуулийг баталсан зэргээр орчин цагийн соёлын харилцааг зохицуулах томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ий тодорхой хувийг бүрдүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа Кино үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-ын уран бүтээлчид Монгол Улсад ирэх бол хөнгөвчилсөн виз мэдүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг бодит дэмжлэг бий болсон зэрэг боломжийг дурдаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцлаа.

Хоёр улсын хамтарсан кино уран бүтээл хийснээр монгол уран бүтээлчдийг холливүүдтэй туршлага солилцоход дэмжлэг болохоос гадна кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, үндэсний кино урлагийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болох юм.

Түүнчлэн талууд соёлын өвийг хамгаалах, хадгалах чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, соёлын өвийг хамгаалах, музейн үзүүлэг дэглэлтэд хамтран ажиллах, хууль бусаар хил давсан олдворуудыг Монголын музейн сан хөмрөгт шилжүүлэх зэрэг ажлууд хурдацтай урагшилж, ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, уулзалт болсон Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад АНУ-ын талаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ганцхан эдийн засгийн хувьд бус соёлын өвийн сэргээн засварын чиглэлд мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах асуудлаар хамтран ажиллахад түлхүү анхаарах болсон юм.

Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманд хандан хоёр орны соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон явдалд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.