Categories
мэдээ нийгэм спорт

МУГД Л.Ундралбатын үсний засалт олны анхаарлыг татлаа

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч “үнэ хүрэх” толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.

Тэгвэл “Токио-2020” олимпийн үеэр Ундралбатын үсний засалт олны анхаарлыг ихэд татлаа.
Наадмын гоёлоо “өмссөн” гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн оочер ер тасрах шинжгүй. Олимпийн таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана. Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Л.Сосорбарам эхний учраагаа өчих мэхээр ялав

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн барилдаан эхэллээ. Монголын бөх Л.Сосорбарам 52 кг-д таарсан эхний учраа Узбекистаны Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайхан эхэллээ. Одоо тэрбээр Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдана.

Тун удахгүй Монголын өөр нэг бөх Ё.Басхүү Беларусийн Д.Минкоутай барилдах юм.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1513 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1513 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 501 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1012 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 156.737 боллоо.

Мөн долоон иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 774 боллоо.

Мөн 2625 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10279 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6507

– хүндэвтэр: 2893

-хүнд: 909

– нэн хүнд: 201 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм спорт

3×3: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тоглолт үзэж, багаа дэмжив

“Токио 2020” Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг МУ-ын Ерөнхий сайд хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис манай Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж хамт тоглолт үзлээ.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.

Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.

Categories
мэдээ спорт

МУХБ О.Гүндэгмаа хийн гар бууны 10 метрийн дасгалд 30 дугаар байрт жагслаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо онч мэргэнээ сорьж буй. О.Гүндэгмаа энэ удаа хийн гар бууны 10 метрийн буудлагын дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд 30-ны баасан гаригт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 9035 хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 22 цэгт 33 багийн 226 эмч, ажилтан ажиллана.

Өнөөдөр нийт 9,035 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.





Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганц оноо дутлаа

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

дотор гэх мэтийн зураг байж болно

10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов.

Categories
мэдээ спорт цаг-үе

Манай 3×3 сагсан бөмбөгийн баг Японд 10:19 харьцаагаар хожигдлоо

Монголын сагсчин охид олимпийн наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ.

Азийн наадмын мөнгөн медальт хүчтэй багийн эсрэг манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10-аар дийлдэв. Манайхан багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо нэмэрлэв.

Япончууд самбараас олон авч, илүү олон довтолсон нь хожлын шалтгаан байлаа. Одоо манай охид хэдэн цаг амарч байгаад 13.00 цагаас энэ тэмцээнд нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг тоглох болно.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хасбазар: Хүний амь аварна гэдэг юугаар ч хэмжишгүй, яаж ч илэрхийлэхээ мэдэхгүй гайхалтай мэдрэмж байдаг даа

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Хасбазартай ярилцлаа.


-Онцгой байдлын байгууллагад хичнээн жил ажиллаж байна вэ. Яагаад заавал гал сөнөөгч болохоор шийдсэн юм бол?

-Онцгой байдлын байгууллагад 2011 оноос анх ажиллаж эхэлсэн. Тухайн үед би 20 настай байлаа. Залуу насныхаа аагаар олон хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг авран хамгаалдаг Онцгой байдлын алба хаагч болохыг мөрөөддөг байсан. Тухайн үед ОБЕГ-ын харьяа Аврагч тусгай анги дээр МСҮТ хичээллэдэг байсан. Тэр төвд 14 хоногийн сургалтад хамрагдаж гал сөнөөгч мэргэжил эзэмшсэн. Мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн хамт олон, бие бүрэлдэхүүндээ маш их баярлаж явдаг. Тийм ч учраас тэднийхээ итгэлийг дааж, ажлаа улам сайн хийхийг хичээдэг.

-Анхны бүхэн амаргүй байдаг шүү дээ. Анх ямар дуудлага дээр ажиллаж байсан бэ. Айх, сандрах зүйл байсан уу?

-Тийм л дээ. Сургалтын үе болоод бодит амьдрал дээр дуудлагад ажиллах нь бүх зүйлээрээ ялгаатай. Ялангуяа сэтгэл зүйн хувьд их өөр байдаг л даа. Анх гал сөнөөгч болчихоод обектын гал түймэр буюу айлын байшин шатаж байна гэх дуудлагын дагуу ажилласан. Их хэмжээний гал хараад айх, сандрах зүйл байлгүй л яахав. Түүнчлэн ажлын туршлага, техник суугаагүй байсан болохоор утаа, угааранд хахаж цацаад, нус нулимстайгаа холилдсоон. (инээв) Харин сайн хамт олон, ах нар зөвлөж, дэмжсэний хүчинд ажлын орчин нөхцөлдөө дасан зохицож, ур чадвараа улам хөгжүүлэхийг эрмэлзсээр өдий зэрэгтэй гал сөнөөгч болсон доо.

-Анх 2011 оноос онцгой байдлын байгууллагад ажилласан гэхээр 10 жил энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон байна шүү дээ. Энэ хугацаанд гаргасан амжилт юу байв?

-Би 2015,2017 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шилдэг гал сөнөөгч болж байсан бол өнгөрсөн жил НОБЕГ-ын шилдэг гал сөнөөгчөөр шалгарч 16 сая төгрөгөөр шалнуулсандаа маш их баяртай байгаа. Сүүлийн жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг аварч, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.


-Жилийн хугацаанд 245 хүний амь насыг авран хамгаалсан гэхээр 10 жилийн хугацаанд олон мянган хүний алтан амийг авран хамгаалсан байх. Анх ямар хүний амийг аварч байснаа ер нь санадаг уу?

-Анх 10 настай хүүгийн амийг аварч байсан. Ахуйн хүрээний гал түймрийн улмаас хүү угаартсан, ухаан алдсан байдалтай байсан.

Галаас гаргаж, хиймэл амьсгал хийснээр тухайн хүүхэд ухаан орж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгснөө ерөөсөө мартдаггүй юм. Хүний амь насыг авран хамгаална гэдэг бол юугаар ч хэмжишгүй, яаж ч илэрхийлэхээ мэдэхгүй гайхалтай мэдрэмж байдаг л даа. Нэг ч гэсэн айл өрхийг элэг бүтэн үлдээж, нэг ч гэсэн хүнд алтан нар харах хувь заяаг бэлэглэхээс илүү сайхан зүйл гал сөнөөгчийн хувьд байдаггүй. Галын аюул гэдэг бол минут секундээр хэмжигддэг.Тиймээс бидэнд алдаа гаргах эрх байдаггүй. Нэг минут, хэдхэн секундын өмнө амжиж ирсэн учраас анхны тусламж үзүүлж, иргэдийн амь насыг аварч, эд хөрөнгө, эрүүл мэндэд учрах эрсдэлийг байгаа хэмжээнд хумих нь гал сөнөөгчдийн гол зорилго байдаг даа.

-Заримдаа хичнээн хичээгээд ч иргэдийн амь насыг аврах боломжгүй тохиолдол гарна биз дээ?

-Тийм үе бишгүй л тохиолдоно доо. Галын нөхцөл байдлаас ихээхэн зүйл шалтгаалдаг. Учир нь гэртээ унтаж байх үедээ угаартаж галд өртөх, мөн гал их хэмжээнд тархсан үед онцгой байдлын байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлсэн үед аврагчид очоод ч оройтчихсон байх тохиолдол гардаг.

-Танд ажлаа хийж явахад хамгийн жаргалтай болоод хамгийн хэцүү санагдаж байсан үе хэдийд байсан бол?

-Сандарсан, балмагдсан тэр олон хүний уйлаан орилоон дундаас хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг авран хамгаалж үүргээ амжилттай биелүүлсний дараа урт амьсгаа аваад суух л хамгийн жаргалтай байдаг даа. Халуун нурам, дүрэлзсэн улаан галыг унтраан, аюул ослоос бусдыг авран хамгаалаад буцах зам хамгийн сайхан. Ганцхан хүний амь нас аврах л хамгийн чухал зүйл биш л дээ. Цагаа олж унтраасан галаас аврагдаж байгаа юм бүхэн үнэ цэнэтэй. Цагаа тулахаар хүнд хэрэггүй зүйл байдаггүй шүү дээ. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн хэдий ч иргэдээс чин сэтгэлийн урмын үг “баярлалаа” гэхийг сонсоход энэ хорвоогийн хамгийн супер баатар, аврагч болчихсон юм шиг санагддаг.

Хэдэн өдөр, хэдэн сар ажлаа улам их эрч хүч дүүрэн хийдэг дээ. Хамгийн хэцүү, сэтгэл эмзэглүүлмээр, нүд халтирмаар зүйл бол тусламж үзүүлэхэд нэгэнт оройтчихсон байх үе л байдаг даа. Гал түймрийн дуудлагаар биднийг очиход нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Галын дуудлагаар цаг, минуттай уралдсаар очиход уур бухимдалтай хүмүүс, өнчрөл хагацал, гэр нь үнс нурам болсон, нэг гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан гээд л олон хүнд нөхцөл байдалтай нүүр тулдаг. Мөн аливаа аюул ослоос өөрийгөө аврах чадваргүй бяцхан хүүхдүүд амь насаа алдсан байхад хамгийн их харамсаж, элэг эмтэрдэг. Ийм харамсалтай зүйлс олон тохиолддог. Иргэд галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл хомс, эсвэл хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж бага насны хүүхдүүдийг аюултай байдалд оруулдаг. Ялангуяа гэр хороололд амьдардаг айлууд хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явчихдгаас галын аюулд олон ч хүүхдийн амь нас эрсэдсэн гашуун түүх бидэнд байна шүү дээ. Заримдаа хэрвээ тэднийг цоожтой хаалганы цаана үлдээгээгүй байсан бол гэж сэтгэл эмзэглээд унтаж чадахгүй үе ч тохиолдож л байсан. Би өөрөө гурван хүүхдийн аав болохоор миний үр хүүхдээс ялгаа юу байхав гэж бодохоор өр эмтрээд байдаг юм.

-Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэсээр байтал энэ төрлийн дуудлага мэдээллийн тоо төдийлөн буурахгүй байна. Иргэд ихэвчлэн юун дээр алдаад байна вэ?

– Хүн, ам хэт их нягтаршихын хэрээр гал түймрийн дуудлага, байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн галд тэсвэргүй, шатамхай материалаар барилга, байгууламж болон амины орон сууц барих, үнс нурмаа ил задгай хаях, цахилгааны аюулгүй байдлаа хангахгүй байгаа зэргээс шалтгаалсан гал түймрийн дуудлагын тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Иргэд жаахан хариуцлагатай байгаад Онцгой байдлын байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өөрийн амьдралд тусгаж аваад хэрэгжүүлчихвэл болохгүй зүйл байхгүй шүү дээ. Гэтэл үнс нурмаа ил битгий хаяарай, цахилгааныхаа утсыг шалгаарай, бага насны хүүхдээсээ шүдэнз хол байлгаарай гэж хэлсээр байтал хайнга, хэнэггүй зан гаргасаар эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна. Мөн сүүлийн жилүүдэд төслийн зуухны буруу ашиглалт, галлагаатай холбоотой осол, их гарч байна. Ялангуяа угаартаж амиа алдах эрсдэл их байна шүү дээ.

-Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрсдөө бэртэж гэмтэх тохиолдол гарч байсан уу?

– Бид байнгын бэлтгэлтэй байдаг болохоор учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах арга техникт суралцсан байдаг. Бид өөрсдөө хүнд тусламж үзүүлэх гэж байж өөрсдөө бэртэж, гэмтэж болохгүй шүү дээ. Жирийн хүмүүстэй харьцуулахад бид сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, тухайн үеийн туршлагатай ахмад ажилчид, багш нарынхаа зааж сургасныг цаг үргэлж санаж явдаг. Ер нь гал түймрийн нөхцөл байдал дээр үргэлж нэгийгээ хамгаалах тактиктай ажилладаг болохоор гал сөнөөгчдийн амь нэг байдаг гэж хэлж болно. Хүний амь насыг аврахад ч бас ганцаараа гэсэн ойлголт байхгүй. Үргэлж баг хамт олноороо маш шуурхай нөхцөл байдалд ажиллаж хүний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалахыг эрмэлздэг. Зарим тохиолдолд хэдийгээр хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн өмссөн ч их хэмжээний гал руу ороход хайрагдах, өндрөөс унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол ч бий.

-Онцгой байдлын алба хаагчдын ар гэр байна гэдэг амаргүй байх л даа. Ар гэрийнхэн нь таныг хэр дэмждэг вэ?

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүү минь дөрөвдүгээр анги, дараагийнх нь нэгдүгээр анги, хамгийн бага маань хоёр настай. Миний хань үргэлж намайг дэмжиж, найдвартай ар тал минь байдаг. “Ажилдаа явлаа” гээд эхнэр хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь ирэхгүй үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажил, албыг Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид гүйцэтгэдэг. Тийм учраас албандаа явах бүртээ эхнэр, хүүхдээ үнсээд “Хайртай шүү” гэж хэлдэг. Эхнэр хүүхдүүд, аав, ээж минь ажлаа болгоомжтой хийхийг үргэлж сануулдаг. Би ч бас намайг гээд хүлээж байгаа эхнэр хүүхэд минь гэж бодоод үргэлж бэлтгэл сургуулилтаа сайн хийж, улам хичээж ажилладаг. Миний хүү үргэлж гал сөнөөгч болно, хүнд тусалж, гоё хувцас өмсөнө гэж ярьдаг. Тийм болохоор хүүгийнхээ бахархалт аав байж, мөрөөдлийг нь биелүүлж, гараас нь хөтлөөд Онцгой байдлын байгууллагадаа оруулна гэж боддог. Хүн мөрөөдлийнхөө ажлыг хийх юм бол ямар ч хүнд бэрхийг даваад л гардаг.

-Та МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хулгана жилийн алдартан”-ы нэг буюу “Цагийн хүрдийн баатар”-аар шалгарсан шүү дээ. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

-Тухайн үед МҮОНТ-ээс над руу холбогдоод “Манайх жил бүр “Цагийн хүрд”-ийн баатар шалгаруулдаг юм аа. Таны нэрийг дэвшүүлж, шалгарсан байна. Баяр хүргэе. Манай байгууллага дээр ирж шагналаа аваарай” гэж хэлсэн. Намайг жилийн дотор 250 гаруй иргэний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэж “Цагийн хүрд”-ийн баатраар шалгаруулсан юм билээ.Тухайн үед маш их баярласан. Хамт олноороо, өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Энэ шагналыг Онцгой байдлын байгууллагад 10 жил хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж олгосон болов уу гэж боддог. Энэ шагналаасаа асар их эрч хүч, урам зориг авсан. Шагнал гэдэг бол хариуцлага гэсэн үг. Ийм нэр хүндтэй шагнал авсан болохоор улам их хичээж, ажиллах ёстой гэдгийг минь ойлгуулсан. Олон мянган хүнээс урмын үг сонссон доо. Ер нь хүн гавьяа шагнал авахын тулд биш, албандаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан ажиллаж байхад аяндаа бүх зүйл болно. Хүртэх ёстой зүйлээ цаг нь ирэхээр хүртдэг болохоор юунд ч яарах хэрэггүй гэдгийг шинэ залуу үеийнхэндээ хэлдэг.Эцэст нь ур чадвар, ухаан мэдлэг, тэсвэр тэвчээрийг зааж өгсөн ахмад үеийнхэндээ, намайг үргэлж хурцалж байдаг мөр зэрэгцэн ажиллаж байгаа найз нөхдөдөө, Онцгой байдлын албанд иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар зүтгэж байгаа шинэ залуу үеийнхэндээ талархсан сэтгэлээ уламжилж байна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулсан ч Монголд эдийн засгаа өсгөх таатай нөхцөл хэвээр байна

-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН 8.1 ХУВИЙН ӨНДӨР ӨСӨЛТИЙГ ШИНГЭЭХИЙН ТУЛД ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ-

Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинд нөхцөл байдал харилцан адилгүй өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас цар тахлын дахин дэгдэлт нь бүс нутгийн зарим орны эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байгааг харгалзан Ази тивийн энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.2 хувь болгож бууруулжээ. “Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг коронавирусийн тахлаас эргэн сэргэж байгаа ч, цар тахлын дахин дэгдэлт газар авч, вирусийн шинэ хувилбарууд үүсч, вакцинжуулалт харилцан адилгүй үр дүнтэй буюу жигд бус байгаагаас шалтгаалж тодорхойгүй байдалтай нүүр тулсан хэвээр байна” хэмээн Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлсэн байна.

Манай улсын хувьд энэ онд эдийн засаг алгуур сэргэж, 4.8 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөөлж байсан. Ингэхдээ хилийн боомт дээр үүсээд байгаа хүндрэлийг түр хугацааны асуудал болов уу хэмээн үзэж байгаагаа тус банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд хэлсэн. Тэгвэл хагас жилийн статистик дүн мэдээгээр зургадугаар сараас нүүрсний экспорт эрс буурсан(1.4 саяас 723 мянган тонн болж буурав), үүнийг дагаад экспортын орлого тус сардаа 38 сая ам.доллараар багассан дүнтэй байгаа аж. Мөн вакцинжуулалтыг амжилттай хийж байгаа ч халдварын тархалт төсөөлөхөд төвөгтэй нөхцөл байдлаар өрнөж байна. Эдгээр нь манай улс энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвөө хэвээр хадгалж үлдэхэд томоохон сорилт болох бололтой. Ясуюки Савада “Вакцинжуулалт болон халдварыг зогсооход чиглэсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттай нээж, тодорхой стартегийг баримтлан идэвхжүүлж байж эдийн засгийн сэргэлтийг илүү ногоон, хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай болгоно” хэмээн онцолжээ.

Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт чухал үүрэгтэй, манай улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх БНХАУ-ын тухайд энэ онд 8.1 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн таамаглалтай. Тэгвэл уг төсөөллийг өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр хувьтай хэвээр байх нь ээ. Тус улсын эдийн засаг нэг хувиар өсөхөд Монголын эдийн засагт 0.83 хувийн өсөлт үзүүлдэг. Энэ нь бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувь аж. Хятадын эдийн засаг нэг хувиар өсөхөд тус улстай хил залгаа, эдийн засгийн өндөр харилцаатай орнуудын эдийн засагт 0.20 орчим хувийн өсөлт үзүүлж байгаа юм. Мэдээж манай улс 8.1 хувь хэмээх өндөр өсөлтийн өгөөжийг өөртөө шингээхийн тулд хил боомтын харилцаа саадгүй байх нь хамгийн чухал. Харамсалтай нь энэ асуудал дээр бэлтгэл бүрэн хангагдаагүй нь экспортын орлогыг бууруулж, эдийн засгаа өндөр өсөлт рүү чирэх боломжийг хязгаарлаж байна.

Хятадын хувьд өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөөгүй ч бусад орны нөхцөл байдал нийлбэр дүнгээр Азийн хөгжлийн банкнаас төсөөллөө эргэн харахад нөлөөлжээ. Тодруулбал, БНХАУ-ын Хонконг болон Тайвань, Солонгос, Сингапур зэрэг шинээр аж үйлдвэржсэн орнуудыг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2021 онд өмнөх 7.7 хувиас буурч 7.5 болсон байна. Цар тахлын дэгдэлтийг зогсоох, халдварын шинэ голомтыг хумих хамгааллын болон хөл хорионы арга хэмжээний улмаас эдийн засгийн үйл ажиллагаанд саад тотгор учирч байгаатай холбоотойгоор Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн дэд бүсийн 2021 оны өсөлтийн төсөөллийг бууруулжээ. Өмнөд Азийн эдийн засаг энэ оны санхүүгийн жилд 9.5 хувиар өсөх төсөөлөлтэй байсныг 8.9 хувь болгож бууруулсан. Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв 1.0 нэгж хувиар буурч 10.0 хувь байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн 2021 оны төлөв 4.4 хувиас 4 хувь, Номхон далайн орнуудынх 1.4 хувиас 0.3 хувь болж тус тус буураад байна.

Харин өсөлтийн төсөөлөл нь нэмэгдсэн орнуудын тухайд Хонконг, Тайвань, БНСУ зэрэг аж үйлдвэржсэн эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж байгаагийн нөлөөгөөр Зүүн Азийн бүс нутгийн энэ оны өсөлтийн төлвийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7.4 хувиас 7.5 хувь болгож нэмэгдүүлжээ. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.4 хувь байна хэмээн дөрөвдүгээр сард төсөөлж байсныг 3.6 хувь болгон нэмэгдүүллээ. Үүнд тус дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Армен, Гүрж болон Казахстан Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн. Төв Азийн эдийн засгийн өсөлтийн 2022 оны төсөөлөл 4.0 хувьд хэвээр байна.Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд энэ оны инфляцийн төсөөлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 2.3 хувь байсан бол газрын тос, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2.4 хувь болж нэмэгдлээ. Харин 2022 онд инфляцийн төсөөлөл өмнөх 2.7 хувиас өөрчлөгдөөгүй хэвээр байна. Эцэст нь нийт дүнгээр Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7.2 хувь болж бууруулсан ч ирэх оны өсөлтийн төсөөллийг 5.3 хувиас 5.4 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд Энэтхэг зэрэг цар тахлын улмаас томоохон хохирол амссан улс орнуудын эдийн засаг буурах хандлагатай байгаа ч яг манай улстай өргөн харилцаатай, тэр дундаа манай улсын эдийн засагт онцгойлон үүрэг гүйцэтгэдэг БНХАУ-ын эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байна. Уг өсөлтийг эдийн засагтаа шингээж чадах эсэх нь экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомт тойрсон хүндрэлийг шийдвэрлэхээс шууд хамаарч байна.

Г.БАТ