Categories
мэдээ спорт

АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадамд АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг өчигдөр Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ.

Энэ нь АНУ-ын багийн хувьд 2004 оноос хойших анхны ялагдал байв.

2008, 2012, 2016 оны буюу сүүлийн гурван олимп дараалан аварга болж байсан түүхтэй Америкийн баг олимпод 1936 оноос хойш 15 удаа алтан медаль хүртэж байжээ. Тус улс 1972 онд мөнгө, 1988 болон 2004 онд хүрэл медаль хүртсэн байна.

Өөрөөр хэлбэл олимпын 144 удаагийн тоглолтод Америкийн баг зургаан удаа л ялагдаж байжээ.

Энэ удаагийн олимпын наадамд Кевин Дюрант, Дэмиан Лиллард тэргүүтэй NBA-ын шилдэг тоглогчдоос бүрдсэн баг оролцож байгаа юм.

Багийн бүрэлдэхүүн:

Бам Адебайо /Майами Хит/
Девин Букер /Финикс Санс/
Кевин Дюрант /Брүүклин Нетс/
Жерами Грант /Детройт Пистонс/
Дрэймонд Грийн /Голден Стэйт Уарриорс/
Жрю Холидэй/Милуоки Бакс/
Келдон Жонсон /Сан Антонио Спөрс/
Зак Лавин /Чикаго Буллс/
Дамиан Лиллард /Портлэнд Трэйл Блэйзерс/
Жавэйл МакГи /Денвер Наггетс/
Крис Мидлтон /Милуоки Бакс/
Жейсон Татум /Бостон Селтикс нар багтжээ.

Тэд лхагва гарагт Ираны багтай тоглоно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС гаднаас эрчим хүчний хараат бус болгох төсөл учраас гацах учиргүй гэж үзэн шахаж ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаас онцолж хэлэх хууль тогтоомжоос нэрлэвэл?

-Дэлхий нийтэд болон манай улсад голомтлон тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19-/ цар тахлын аюулт, онцгой нөхцөл үе таарсан ч УИХ Үндсэн хуульд заасан ажлын 75 хоногтоо хангалттай ачаалалтай, хурдтай ажилласан гэж дүгнэж байна. Би таны асуултад нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар, хоёрдугаарт, УИХ-ын гишүүний хувиар хариулъя.

Манай Байнгын хороо бусад Байнгын хороодоос хамгийн олон буюу 23 удаа хуралдаж тулгамдаад байсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээллээ. Төр төмөр нударгаа үзүүлсэн бол бас боломж олгож дахин алдалгүй нийгэмдээ хөл нийлүүлэн, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг олгох нь зүй ёсны асуудал тул 2021 оны долдугаар сарын 2-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, коронавируст халдвар (КОВИД-19) өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 2020 оны тавдугаар сарын 13-нд ДЭМБ, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын нэгдсэн хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан “Хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19” хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан. Та бүхэн мэдэж байгаа эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, хоол хүнс жирийн иргэдийнхээс ялгаатай. Энэ ч утгаараа хэрэв хорих ангид цар тахал голомтлон гарвал асуудал маш их хүндэрнэ. Хоёрдугаарт,энэ жил бол Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авч ирсэн өвөг дээдсийн гавьяаг бид хойч үедээ таниулан авч явах үүрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хүний 709-г буюу нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамруулах тооцоо байсан бол УИХ-аас тодорхой зарчмыг баримтлан 1841 ял эдэлж байгаа хүнийг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэлээ. Энд нэг зүйлийг онцлоход, Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж, учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа асуудал юм. Хүний амь нас хохироосон, хүчингийн хэрэг үйлдсэн, эдийн засаг, албан тушаалын хэрэгт холбогдсон, урьд өмнө боломж олгож Өршөөлийн хуульд хамруулсаар байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол өршөөхгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн. Би Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан бөгөөд Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжсэн цагаас доголдолтой явж ирсэн эрх мэдэл хуваарилах зарчим, төрийг тогтвортой байдлын үндэс суурийн гажуудлыг тус нэмэлт, өөрчлөлтөөр засахыг хичээсэн. Үндсэн хуулийн энэ суурь өөрчлөлтийн нэг нь УИХ-ын хянан шалгах чиг үүргийг тодорхойлсон.

УИХ шийдвэр гаргасаар байхад Засгийн газар, бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлдэггүй байдал гарч байсан. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ.

-Та Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Тус нэмэлт өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүсээд байгаа хүндрэлийг зохицуулах өөрчлөлтүүдийг хэрхэн тусгасан бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн тулд 2020 оны тавдугаар сарын 7-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийудирдлагын тухайхуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хоёр жил, хууль шинэчлэн баталснаас хойш нэг жилийн нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргах нэн шаардлагатай байна. Энэ мэт багагүй асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшилж, сүүлдээ цуцлагдан, гацаанд орчихлоо. Юунаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил гацаанд оров. Та хэрхэн харж байна?

-Монголын төр засаг үеийн үед Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар анхаарч ажиллаж ирсэн. Анх УЦС барих судалгааны ажил 1968 онд хийгдэж эхэлсэн байдаг. Миний мэдэхийн 2004 оноос эхлээд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэр дэвшигчид УЦС-ыг барьж, ашиглалтад оруулна гэдэг асуудлыг ярьдаг байсан. 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулчих юмсан гэж байнга шахаж, бүхий л бололцоогоо шавхаж ажиллаж байна. 2014 онд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад шахаж байж УЦС барих төслийн нэгжийг байгуулах Засгийн газрын шийдвэр гаргуулж байсан. 1968-2014 он хүртэл үндсэндээ 40 гаруй жил яригдсан байгаа биз. 2014 онд төслийн эхлэл нь тэгж анх тавигдаж байсан түүхтэй. Төслийн нэгж байгуулагдсан ч судалгаанаас хэтрэхгүй байсныг 2017 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ховд аймагт очиж ажиллах үедээ гарцаагүй барих ёстой гэж үзэн төслийг бүрэн утгаар нь эхлүүлсэн. 2018 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ТЭЗҮ, судалгаа хийх ажлууд эхлээд, урьдчилсан зураг төсөв хийгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард анх зарлагдах байсан тендер сонгон шалгаруулалт удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүртэл ажил урагшлахгүй байгаа тул энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шан харамж хардаг хэдэн хурган дарга гацаалаа гэж та чуулганы хуралдаанд чангахан хэлж байсан. Төслийн тендер сонгон шалгаруулалт ямар учраас олон удаа хойшлогдож, цуцлагдсан юм бол?

-Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг нөхдүүд гацаасан гэж хараад байгаа. Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар саруудад хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцалсан байсан. Эх орны тусгаар тогтнолын дэнс болсон, гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажиллаж байна.

-Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?

-Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юү, хэрэггүй юү гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсгийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, 3-4 хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг кВт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь больё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс долоо дахин, ОХУ-аас авч байгаа үнээс тав дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм. Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл, баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа. Энэ бол бидний хамгийн том зорилго юм.

-Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогтноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.

-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд хийгдэх вэ?

-Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох дөрвөн жил болгохыг зорьж байгаа. Хэрэв ингээд улстөржөөд, тээг саад үүсгээд ажил гацаагаад байвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалт тэр чинээгээр хойшлоод байна аа л гэсэн үг.

-Ирэх сард ээлжит бус чуулган зарлах гэж байгаа нь үнэн үү?

-Тийм зүйл яригдаагүй.

-Хичээл сургууль эхлэх дөхөж байна. Ковидоос болж хоёр жил гэртээ суусан хүүхэд, оюутнууд энэ жил танхимаар хичээллэх боломж бүрдэх нь үү?

-Дэлхий нийтээрээ энэ аюулт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байна. Манай улсын хувьд ч иргэд, төр засаг, бүх нийтээрээ тэмцэж, хичээж байна. Бид бүхэн эрт дээр үеэс эрхэм баян бол эрүүл мэнд гэж ярьсаар ирсэн. Эрүүл мэнд бол нэгдүгээрт байх хэдий ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Цахимаар хичээл зааж байгаа ч мэдээллийн хүртээмж, хүлээн авах суваг, орчин нөхцөлөөс шалтгаалан бүрэн хамрагдаж чадахгүй, танхимаар олж авах мэдлэгийн хэмжээнд хүрэхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас ХЗБХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус тогтоолд “Цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Та бид бүгд мэдэж байгаа, цар тахлын вирус мутацид орж халдварлах чадвар нь хэд дахин нэмэгдэх боллоо гэх зэргээр олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэх боллоо. Бид халдвар хамгааллын дэглэмээ байх ёстой хэмжээнд нь сахиж халдварыг бууруулж чадвал есдүгээр сараас хичээл танхимаар эхлэх боломжтой гэж харж, бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнийг баттай хэлэх боломжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19.297 хүүхэд вакцины II тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1275, II тунд 2492, нийт 3767 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.063.762 иргэн I тунд, 964.694 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19.297 /19%/, 16-17 насны 12.809 /37.8%/ хүүхэд II тунд хамрагдлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 26, Сумъяа гариг. Билгийн тооллын 18, Чөдөр одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5:21 цагт мандан, 20:36 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Оюу толгойтой өрсөлдөх хоёр ч төсөл хэрэгжээд эхэллээ, одоо бид яах вэ?” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Нийслэлийн Ерөнхий
архитектор бөгөөд Хот
байгуулалт хөгжлийн
газрын дарга Ц.Тулга “Богдхан уулыг тойрсон
дагуул хот тосгодыг холбосон
хөгжлийн алтан тойрог байгуулна” гэснийг IV, V
нүүрээс уншаарай.

Эдийн засагч, шинжлэх
ухааны доктор Л.Оюун “Зээлээ урьдчилж
төлөх гэдэг нь санхүүгийн
боловсролгүй хүний ойлголт” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойтой өрсөлдөх хоёр ч төсөл
хэрэгжээд эхэллээ, одоо бид яах вэ?” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-раа “Барс” худалдааны төвийн гадна талбайд ногоо зардаг худалдаачдыг зорилоо. Тэд “Цагдаад хөөгдөхгүй, тайван суугаад монгол
ногоогоо зарчих ажлын байр л хэрэгтэй байна” хэмээн ярьцгааж байлаа.

“Амралтын өдрүүдээр Туул голд амрах иргэдийн
хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэж байна” гэснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Автомашин засварын газруудыг бүртгэлжүүлж хяналттай болгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар төрийн байгууллагуудтай хамтран гаалиар орж ирж буй тээврийн хэрэгслийн түүхийг шалгах боломжийг бий болгосон.

Иргэд ибаримт аппликэйшн ашиглан орж ирсэн машины арлын дугаарыг оруулан шалгаж авч байхыг холбогдох газрууд анхааруулж байна.
Автомашин дээр гомдол ирсний дагуу хохирлыг барагдуулах ба цаашид Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдаа хийвэл өндөр торгууль ногдуулах талаар ШӨХТГ-аас мэдээллээ.
Цаашдаа автомашин засварын газруудыг бүртгэлжүүлж хяналттай болгох хэрэгтэйг онцлов..
Categories
гадаад мэдээ

“Токио-2020”: Коронавирусийн шинжилгээний 0.02 хувь нь эерэг гарчээ

Токиогийн олимпийн наадамд долдугаар сарын 1-нээс 23-ны хооронд хийсэн коронавирусийн бүх сорилын дөнгөж 0,02 хувь нь эерэг гарсан байна. Ийм статистик мэдээллийг Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ны хэвлэлийн албаны дарга Марк Адамс мэдээллээ.

“Шинжилгээний хариу эерэг гарсан түвшин үнэхээр бага байна. Энэ бол арга хэмжээ авч чадаж байгаагийн илрэл. Долдугаар сарын 1-нээс 23-ныг хүртэл 170 мянган шинжилгээ хийхэд үүнээс ердөө 37 эерэг тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь 0,02 хувийг эзэлж байгаа. Олимпийн Хорооны зүгээс халдварын тархалтын эсрэг бүхий л арга хэмжээ авч байгаа юм” хэмээн Адамс мэдэгдлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас ч түүний энэхүү мэдэгдлийг улам баталгаажуулж, Олимпийн Хорооноос хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

“Амны хаалт зүүх дэглэм огтхон ч сулраагүй. Таны хэн байхаас үл хамааран амны хаалтаа зүүхийг бидний зүгээс байнга сануулж байгаа юм. Энэ нь манай япон нөхдийн хувьд их чухал зүйл. Бид удирдамж зааврыг чанд сахиж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөх ёстой. Зохион байгуулах хорооныхон бүгд 100 хувь вакцинжуулалтад хамрагдсан” хэмээн Адамс дүгнэв.

Өмнө нь буюу өчигдөр долдугаар сарын 24-ний өдөр олимпт оролцох тамирчид зохион байгуулагчдын зүгээс шаардсан газруудад амны хаалтаа зүүхийг анхааруулсан. Хэрэв зүүгээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авна хэмээн мэдээлж байсан.

Долдугаар сарын 1-нээс хойш олимпын наадамд оролцсон гадаадын болон японы тамирчид, ажилтнууд, төлөөлөгчид гээд хүмүүсээс коронавирусийн нийт 127 халдвар илрээд байгаа юм.

Categories
мэдээ спорт

Маргааш манай зургаан тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

09:40. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн тав дахь тоглолтоо Румын улсын шигшээ багтай хийнэ. Олимпод анх удаа орж буй манай багийн хувьд эхний дөрвөн тоглолтдоо хожигдоод байгаа юм. (NTV, TV8, TM)

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэвжээний 9 дэх барилдаанд Д.Сумъяа зодоглоно. Тэрээр эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдана. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиен хүлээж байна. (EDU, STAR, TV9)

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр Гвинейн Мамаду Самба Бахтай барилдах бөгөөд ялсан нь шөвгийн 16-д Куба болон Молдавын бөхчүүдийн нэгэнтэй таарна. (EDU, STAR, TV9)

16:30. 3х3 сагсан бөмбөгийн баг өдрийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг Францын шигшээ багтай хийнэ. (NTV, TV8, TM)

Categories
мэдээ нийгэм

Ковид тусаад, эдгэрсний дараа анхаарах зүйлс

Ковид-19″ халдвараар өвдөөд, эдгэрсний дараа дараах зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.
  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
  • Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
  • Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
  • Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.
  • Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй.
  • Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.