Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд өнөөдөр Монгол Улсад айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхэ манай улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хөтөлбөрөөс дурдвал түүнийг УИХ-ын Г.Занданшатар хүлээн авч уулзана.

Тэрбээр Батлан хамгаалах яаманд ажиллаж, уулзалт хийх юм байна.

Categories
мэдээ спорт

Наоми Осака шөвгийн 16-д шалгарлаа

Олимпийн бамбарыг асаасан Японы талбайн теннисний залуу од Наоми Осака хоёрдугаар шатанд Швейцарын Викториа Голубичийг ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Эхний шатанд Хятадын Сайсай Женийг хоёр сетэд 6:1, 6:4 харьцаагаар хожсон тэрээр энэ удаад мөн хоёр сетэд 6-3, 6-2 харьцаагаар хожлоо.

Тэрээр шөвгийн 16-д Чехийн Маркета Вондрусова, Румыны Михаэла Бузарнеску нарын ялсантай тоглоно.

Осакагийн гол өрсөлдөгч дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгддэг Австралийн Эшли Барти өчигдөр эхний шатанд Испанийн теннисчинд ялагдсан.

Гэхдээ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Анастасиа Павлюченко, Чехийн Барбора Кречикова, Каролина Плишкова зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11106 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 339 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11106 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4865, тусгаарлан ажиглах 17 байранд 634 иргэн, орон нутагт 270 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5605 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 948 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Риогийн олимпод XIII байр эзэлсэн триатлончин Токиогийн олимпод түрүүллээ

Триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гараа өнөөдөр 05:30 цагт эхэлж 27 настай Норвегийн тамирчин Кристиан Бламменфелт түрүүллээ.

2016 оны Риогийн олимпод XIII байр эзэлж байсан тэрээр таван жилийн дараа ийнхүү амжилтаа ахиулж 1 цаг 45 минут 04 секундэд барианд орлоо.

Харин мөнгөн медалийг Их Британийн тамирчин Алекс Еи 11 секундийн ард, хүрэл медалийг хүртсэн Шинэ Зеландын тамирчин Хейден Вайлд 20 секундийн ард барианд оржээ.

Кристиан Бламменфелт эхний 2.4 км-ын усан сэлэлтэд 27-д жагсаж байсан ч бага багаар урагшилсаар дугуйн уралдааны 105 дахь км-т нэгдүгээр байр руу орсон. Гэвч гүйлтийн үеэр байраа алдаж 6-р байр руу ухарсан ч гүйлтийн сүүлийн 15 дахь км дээр нэгдүгээр байранд шалгарсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Угтаалцайдам суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүллээ


Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн хүрээнд Угтаалцайдам суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа оролцлоо. Барилгын ажлыг “Тэнгэрийн долоон од” ХХК барьж байгуулах бөгөөд ирэх 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Гүйцэтгэгч компаний зүгээс барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээ шав тавих ёслолын үеэр мэдэгдлээ.
Угтаалцайдам сумын цэцэрлэг нь 29 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сумын хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 235 хүүхдийн 185 хүүхэд нь тэнхмийн сургалтад хамрагддаг байна. Хуучин цэцэрлэгийн барилга нь 1962 онд 50 хүүхдийн багтаамжтай баригдсан бөгөөд тус шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хамран сургалт 100%-д хүрэх боломжтой болох юм.

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Модны хоёроос уруудах авто замыг энэ сарын 29-нийг хүртэл хааж, засвар хийнэ

Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг долдугаар сарын 26-ны 23:00 цагаас долдугаар сарын 29-ний 06:00 хооронд хийнэ.

“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу хийж буй энэ ажлын хүрээнд автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах тул жолоочдыг өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Сумъяа эхний шатандаа Словенийн бөхөд ялагдлаа

“Токио 2020” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.

Тэмцээний “D” хэсэгт орсон МУГТ Д.Сумъяа хэсгийн эхний барилдаанаа хийж, Словенийн тамирчин Каяа Кайзерт вазари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн ДАШТ болон Азийн аварга Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүлж, үзэгчдийн суудалд шилжлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Барс” худалдааны төвийн гадна талбайд ногоо зардаг худалдаачид: Цагдаад хөөгдөхгүй, тайван суугаад монгол ногоогоо зарчих ажлын байр л хэрэгтэй байна

-ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ҮНЭ ӨМНӨ ЖИЛИЙНХЭЭС 300-500 ТӨГРӨГӨӨР ӨССӨН-

Хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаар “Барс” худалдааны төвийн гадна талбайд хүнсний ногооны худалдаа эрхэлдэг худалдаачдыг цагдаа нар хөөж, торгож байгаа асуудал яригдаж байсан юм. Тэгвэл тухайн газарт нөхцөл байдал ямар байгаа талаар болон захуудын хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн талаар сурвалжлахаар “Барс” худалдааны төвийг зорьлоо. “Барс” захын бөөний худалдааны хэсэг рүү ороход тийм ч их хүн байсангүй, урьдынхаасаа сэлүүхэн байлаа. Төмс хүнсний ногооны худалдаачин Ц.Ганцэцэг “Өмнө жилүүдийг бодоход энэ жил өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Манайх хүнсний бүтээгдэхүүн зардаг учраас харьцангуй борлуулалт сайн байна.

Гэхдээ өмнө жилийг бодвол энэ жил худалдан авалт муудсан. Коронавирус гарсантай холбогдуулаад хил дээр зарим бүтээгдэхүүнүүд маань гацчихсан, ирээгүй л байна. Хятадаас орж ирдэг амтлагч, цуу гэх мэт бараанууд бол ховор байгаа шүү дээ, дээрээс нь үнэ нь ч нэмэгдсэн байна лээ. Жишээлбэл, гүнжидийн тосыг урьд нь 60 мянган төгрөгөөр авдаг байсан чинь одоо 85 мянган төгрөгөөр ирж байгаа.

25 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн хуучиллаа. Цаашлаад талх нарийн боовны хэсгээр явлаа. Худалдагчид “Үнийн хувьд янз бүр л байна, гэхдээ талх нарийн боовны үнэ айхавтар өсөөгүй хэвийн байна” хэмээв. Ингээд “Барс” худалдааны төвөөс цаашлаад бидний сайн мэддэгээр Нарны гүүрний доохно талд төмс хүнсний ногоо зардаг хэсэг рүү явлаа. “Монгол ногоо бөөний үнээр” гэсэн хаягтай дунд зэргийн хэмжээтэй хоёр байшинг худалдаачид түрээсэлдэг байна. Гэтэл өдөр бүр хөдөө орон нутгаас шинэ ургацын ногоо ирдэг учир жижигхэн байшинд багтахгүй, зарим худалдаачид нь гадаа суудаг байна. Зарим нь асар барьчихсан, зарим нь талбайд машинаа оруулж ирээд ногоогоо худалдаалж харагдсан юм.

Тэд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шинэхэн хүнсний ногоог хямд үнээр зарахыг эрмэлздэг. Гэтэл цагдаа нар хүрч ирээд зөвшөөрөлгүй газар ногоо зарлаа хэмээн 20 мянган төгрөгөөр торгодог тухайгаа ярьж байсан юм.

Гадаа талбайд ногоо зардаг худалдагч А.Цэнд: Зориулалтын худалдааны төвд Монгол ногоогоо чөлөөтэй зармаар байна

-Та энэ талбайд хэдэн жил сууж байгаа вэ?

-Эгч нь энд арав гаруй жил сууж байна.

-Энэ жил нарийн ногооны үнэ ямар байна?

-Шинэ ургацын байцаа 1500, төмс 1000, монгол сонгино 2200, ногоон сонгино нэг багц нь 1000, шанцай кг нь 3500 төгрөг гэж байна.

-Худалдан авалт ямар байна вэ?

-Хүмүүсийн худалдан авалт урьд жилүүдийнхийг бодоход тааруухан байна.

-Энд суугаад ногоогоо зарахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Бид хэд ажлын байртай болоод тэндээ монгол ногоогоо цагдаа нарт хөөгдөж туугдахгүй чөлөөтэй зармаар байна. Цэвэр орчинд хүмүүст үйлчилмээр байна. Харахад л энэ их хэцүү харагдаж байгаа биз дээ. Машин орох ч газар байхгүй, цагдаа нар ирж дарамтална. Бид чинь дөрөвдүгээр сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл суудаг. Коронавирус гарсан гээд бүр ч их хөөж байна, корона гараагүй байхад ч ийм л янзтай байсан. Энэ хэдэн машиныг торгоно, бидний ногоо цагааг хураана. Нөгөөтэйгүүр өдөр болгон хөдөөнөөс шинэ ургацын ногоо ирж байна. Гүйлгээтэй өдрөө зараад болох л юм, гүйлгээгүй бол муудаад л хаядаг шүү дээ.


Гадаа талбайд машинтай ирж ногоо зардаг худалдаачин Б: Монгол ногоочидоо дэмжих хэрэгтэй байна

“Барс” худалдааны төвийн урд талбайд машиндаа ногоо зардаг худалдагч “Б”-гээс хэдэн төгрөгөөр торгуулдаг талаар тодруулахад “Бид хэд ногооны төвийн байшин руугаа ногоогоо оруулах гээд машинаа талбай дээр оруулж ирэхээр л цагдаа нар зөвшөөрөлгүй газар машин тавилаа гэж машины зургийг дараад 150 мянган төгрөгийн торгууль төл гэж хэлээд явдаг. Гэхдээ сүүлд 20 мянган төгрөгөөр торгодог болсон. Энд байгаа машинтай хүмүүс бүгд торгуулж байна шүү дээ. Харин сүүлийн долоо хоног овоо гайгүй болчихлоо. Тэгээд л цагийн аясаар бүдүүн ногоо гарна. Наймаачид бид ногоогоо хураая гэхээр тавих газар байхгүй. Хил гаалиар ногоо орж ирэхэд хүндрэлтэй байгаа юм бол монгол ногоо зарж байгаа бид нарт ногоогоо тайван суугаад зарах газар өгчихөж болохгүй юм уу. Вокзалын баруун талд очиж асар бариад суу гэсэн, тэгэхээр нь гэрээ байгуулчихсан байгаа. Хурдан тийшээгээ явъя л гэж бодож байна. Энд зөвхөн монгол ногоочид л байгаа шүү дээ. Бид нарт ажлын байр гаргаад өгчихөж болохгүй гэж үү. Хэрэв ажлын байртай болчихвол бид жилийн дөрвөн улирал алгасахгүй сууна. Монгол ногоочдоо дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм.

Жилийн жилд л зөвшөөрөлгүй газар ногоо зарсан хэмээн цагдаа нарт хөөгдөж, торгууль төлдөг энэ асуудлыг шийдэхийн тулд тэднийг Вокзалын баруун талд байрлах газар руу шилжүүлэхээр болсон байна. Худалдаачдын ярьж байгаагаар уг нь долдугаар сарын нэгэн гэхэд зөвшөөрөлтэй газраа очсон байх ёстой гэсэн боловч одоогоор тухайн газрын зөвшөөрөл олгогдоогүй, хэзээ очихыг нь худалдаачдад мэдэгдээгүй байна.

Худалдагч А.Сарантуяа “Олон жил монгол ногоогоо зарж байна, үүгээрээ л хоолоо олж идэж байна шүү дээ. Манайхан хятад ногоогоо болиод монгол ногоогоо дэмжих хэрэгтэй байна. Коронавирус гарснаас шалтгаалаад ногоо тээвэрлэх тал дээр асуудал гарсан. Хөл хорио тогтоосноос болж ногоо тээвэрлэлтийн хугацаа алдсан. Тогтсон цагтаа ирж чадахгүй байгаа учраас ногооны үнэ өссөн байна. Нөгөөтэйгүүр замаасаа шалтгаалж байна. Зам сайхан бол тээвэр хийхэд амар шүү дээ. Шинэ ургацын ногооны үнэ өмнө жилийнхээс 300-500 төгрөгөөр өссөн. Нарийн ногоо 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь бид аль болох хамгийн хямдаар зарахыг эрмэлздэг. Энэ жил төмсөө тарьж чадаагүй хүмүүс ч байна. Тавдугаар сард тарьдаг, гэтэл яг тэр үед хорио тавиад зам хаачихсан байсан, гэх мэтчилэн асуудлууд байна. Ногооны үнэ нэмэгдчихсэн болохоор ч тэр үү хүмүүсийн худалдан авалт энэ жил тааруу л байна. Бид жилийн жилд энэ хоёр байшинг түрээсэлдэг. Энэ жижигхэн байшинд ногоо нь багтахгүй учраас гадаа машин дотроо суугаад зарж байна. Түүнээс биш бид хууль дүрмээ зөрчье гэж зөрчөөд байгаа юм биш шүү дээ. Хэрэв ажлын байртай бол ингээд суух шаардлага ч алга. Монголчууд бүх төрлийн ногоог тарьж чадаж байна. Үүнийг нь дэмжээд монгол ногоо зарж байгаа худалдаачдаа ажлын байраар нь дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар эхний барилдаандаа ялж, шөвгийн 16-д шалгарлаа

“Токио 2020” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.

Тэмцээний “B” хэсэгт орсон ОУХМ Ц.Цогтбаатар хэсгийн хоёрдугаар тойрогт эхний барилдаанаа хийж, Гвинейн тамирчин Самба Мамадоуг иппон үнэлгээгээр яллаа. Ингэснээр тэрээр шөвгийн 16-д шалгарч байна.

Ц.Цогтбаатарын хувьд 2021 онд Олон улсын жүдо бөхийн холбооны Ташкент болон Тиблисийн гранфри тэмцээнүүдэд дараалан түрүүлж, маш сайн формтой Токиогийн олимпод хүрэлцэн ирсэн. Тэрээр 73 кг-ийн жингийн дэлхийн чансаанд 6-д эрэмбэлэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1249 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1249 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 504 нь Улаанбаатар хотод, орон нутагт 745 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 157.974 боллоо.

Мөн хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 782 боллоо.

Мөн 2014 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10657 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6702

– хүндэвтэр: 2842

-хүнд: 947

– нэн хүнд: 166 хүн байна