Categories
мэдээ улс-төр

НББХ-ны ажлын баг эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй цахимаар уулзлаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын багийн гишүүд өнөөдөр тус салбарынхантай Төрийн ордонд уулзлаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцах үүрэг бүхий ажлын багийнхан тус уулзалтыг цахимаар зохион байгуулсан юм. Тодруулбал, уулзалтад эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын төлөөлөл болох 35 хүн танхимаар, 275 хүн цахимаар оролцлоо.

Дээрх ажлын багийг Байнгын хорооны 2021 оны долоодугаар сарын 8-ны хуралдаанаар байгуулсан юм. Цахим уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ ажлын багийн зорилгыг тэмдэглэж, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрөл зэрэг өргөн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллана гэв.

Мөн УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Батлут, ажлын багийн гишүүд эрүүл мэндийн зарим байгууллагын ажилтай газар дээр нь танилцах, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооноос гадна шаардлагатай бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учир УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрт чухал нөлөөлөх саналыг ажлын багийн дүгнэлтэд оруулах талаас санал хэлэхийг оролцогчдоос хүслээ.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын ажлын талаарх товч мэдээлэл хийснээр ажлын багийн зорилго, чиглэл, сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Бейсен, Д.Өнөрболор нар эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Гишүүд хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ямар байгаа талаар болон шинэчлэлийн менежментийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд яг хэдэн төгрөгний цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал байгаа эсэхийг тодруулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариулт өглөө.

Дараа нь оролцогчид Эрүүл мэндийн яамны харъяа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллага, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэсэн дарааллаар санал хэлэхдээ салбартаа тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөн, шийдвэрлэх талаар хэлэв. Тухайлбал, төсвийн хүндрэл, гүйцэтгэлээр санхүүжиж байгаатай холбоотой тулгамдсан асуудлын талаар түлхүү санал хэлэв.

Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, М.Оюунчимэг нар цахим уулзалтын үр дүн, бусад асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Батлут УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эрүүл мэндийн салбарынхны хамтын ажиллагаа, ажлын багийн ажлын үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарт иргэдэд өгөөжтэй маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсэж буйгаа уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оллоо”, “Авто импекс”-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 418.4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 12 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Оллоо” (OLL+15.00%) болон “Авто импекс” ХК (AOI+6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” (ETR-11.95%) болон “Монгол савхи” ХК (UYN-9.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,471 ширхэг нэгж эрхийг 4.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаас 200 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.71 хувиар буурч, 32314.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,913,211,356,931.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн нас барж, есөн хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албанд сүүлийн хоёр хоногт 543 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 31, 363 зөрчил, бусад төрлийн 68, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 дуудлага бүртгэгдсэн байна. Тус хугацаанд орон нутагт нэг иргэн нас барж, есөн иргэн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний хагас жилд 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна. Тухайлбал, зөвхөн 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 4.6-6.5 магнитудын хүчтэй найман удаагийн газар хөдлөлт болжээ.

Гамшгийн статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 15 жилийн өмнө буюу 2005 онд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, таван тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирсан бол 2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар нэмэгдэж 4006 удаагийн ослоор амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсөж 248-д хүрчээ.

Харин өнгөрсөн онд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 79.3 хувь буюу 3178 нь гал түймэр, 13.6 хувь буюу 546 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 3.2 хувь буюу 127 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Манай улсад зонхилон тохиолддог ган, зуд, үер, цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хөрсний гулсалт, аянга цахилгаан зэрэг байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд нь Монгол Улсын газарзүйн байршил, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсээс улбаатай байдаг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар,

-2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх,
-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ
-Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийг зам, дэд бүтцийн салбарт бууруулах арга зам
-Гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл, ач холбогдол
-Эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагаас 07 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад хэсгээр баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар: Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ энэ амжилтаа зориулж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхийн -73 килограмм жинд хүч хүчсэн Монгол Улсын жүдоч, ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр “Энэ медалийг авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсохгүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг хүсэж байна.

Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна, олимпийн аварга болно гэсэн зорилготой ирсэн.

Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, бүгдэд нь дахин баярлалаа.

Нэрийг нь дурьдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна” хэмээсэн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Хоёр иргэн малдаа яваад сураггүй болжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн “Шанд” гэдэг газар долдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим хоёр хүн мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 18 настай эмэгтэй Н болон 11 настай эмэгтэй А нарыг эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарыг 26-ны өдрийн 01:00 цагт эхлүүлсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Шохэй Оно олимпийн хошой аварга боллоо

Риогийн олимпийн аварга Японы Шохей Оно жүдо бөхийн -73 кг жингийн финалд Гүржийн Лаша Шавдатуашвилиг ялж, олимпийн хошой аварга боллоо.

Тэрээр хагас шигшээд Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирсан Ц.Цогтбаатарыг ялсан бол шөвгийн наймд Риогийн олимпийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружовыг ялсан.
Мөн жүдо бөхийн засналдаа нийт 67 барилдаанд оролцож, 53-т нь хожил байгуулснаар 39-т нь цэвэр ялж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш манай 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 27-ны өдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10:00 цагаас эхэлнэ. UBS, SBN, VTV

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ.

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдана.

Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.

2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана. EDU, STAR, TV9

12:55. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийнэ. Хэрэв хэсгээс гарвал 19:30 цагаас хасагдах шатны тоглолт хийх юм. NTV, TV8, TM

Categories
мэдээ нийгэм

Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.