Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ 0.4 хувиар өсжээ

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 79.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өсжээ.

Орон сууцны үнэ энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 3.4, Баянзүрх дүүрэгт 0.3 хувиар багассан байна.

Харин Баянгол дүүрэгт 1.1, Сүхбаатар дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт 0.9, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн, дээрх хугацаанд орон сууцны үнэ өмнөх улирлынхаас Сүхбаатар дүүрэгт 0.7, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 0.6, Хан-Уул дүүрэгт 0.3, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар өссөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүдээр өдөрт 200 гаруй автомашин нэвтэрч байна

Замын-Үүд хилийн боомтоор өнөөдрийн байдлаар өдөрт тээврийн 200 гаруй автомашин нэвтэрч байна. Үүнээс Замын-Үүд боомтоос өдөрт 110 автомашин гарч байна. 100 автомашин ачаагүй,10 автомашин нүүрс тээвэрлэн гарч байна. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах жолооч нарын судалгааг гаргажээ. Сонгон шалгаруулсан 100 жолоочийг тус бүр биеийн байдлыг хянах хуудсаар гаргаж, 7 хоногт хоёр удаа халдварын эсрэг PCR шинжилгээ авч, тусгаарлаж байна. Ачаа тээврийн автомашины бөөгнөрлийг багасгах, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.

Түүнчлэн ариутгалын төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, хил дээр ажлын 4 өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна.

Categories
мэдээ улс-төр

​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн ирэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ.

Categories
гадаад мэдээ

“Монкифокс” вирусийн улмаас Хятадад нэг хүн нас баржээ

БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс монкифокс гэх нэртэй вирусийн улмаас 53 настай нэг хүн нас барсан талаар мэдээлжээ.

Амиа алдсан мал эмнэлгийн мэс засалч өнгөрсөн гуравдугаар сард үхсэн хоёр сармагчинд задлан хийсэн байна. Харин задлан шинжилгээнээс сарын дараа дотор муухайрах, бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрч эхэлжээ. Өвчтөнөөс дөрөвдүгээр сард шинжилгээ авч, монки-б буюу монкифокс вирусээр халдварласан болохыг нь тогтоосон юм.

Монкифокс вирус анх 1932 онд илэрсэн бөгөөд түүнээс хойш 50 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас баржээ. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “Монки-б вирусийн халдварлах нь маш ховор тохиолддог ч яаралтай эмчлүүлэхгүй бол хурдан хугацаанд үхэлд хүргэх аюултай” гэсэн юм. Монкифокс вирус нь халдвартай макаку гэх сармагчинд хазуулах, маажуулах, аль эсвэл сармагчны нүд, хамар, аманд хүрэхэд халдварладаг аж.

Уг халдвараас сэргийлэхийн тулд биедээ саван, угаалгын нунтаг, иод зэргийг түрхэж, 15 минутын турш угаалга хийх. Макаку сармагчинтай харилцсан хэсэгтээ 15-20 минутын турш бүлээн ус дусааж, яаралтай тусламжид хандах ёстой гэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО 2020: Монгол Улсын тамирчин Сайед Моллай мөнгөн медаль хүртлээ

32 дахь удаагийн “Токио 2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограмм жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай барилдсан билээ.

Тэрбээр шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилтай барилдаж, цэвэр ялалт байгуулж олимпийн аваргын төлөө Японы жүдоч Таканори Нагасетай барилдан ялагдаж олимпийн мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 килограмм жингийн эхний барилдаандаа Казахстан Улсын тамирчин Хамза Дидартай таарч, цэвэр ялалт байгуулсан. Харин дараагийн барилдаандаа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүрж Улсын тамирчин Григалашвили Татог цэвэр ялаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн амын 60 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагджээ

Манай улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тоо 1,944,128 болж, хүн амын 59.8 хувьд хүрлээ.

Харин нэгдүгээр тунд улсын хэмжээнд 2,146,874 хүн хамрагдаад байна.

Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ” гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн өмнө мэдээлж байсан.

Тэрбээр “Манай улсад сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй. Дээр хэлсэнчлэн манай улсын 2.2 сая хүн дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно. Иймд 440 мянган хүн дархлаатай болох шаардлага бий.

Ингэхийн тулд, авч болох хамгийн сайн арга хэмжээ нь нэмж 500 мянган хүнд вакцин хийх, муугаар тооцоход ойролцоогоор 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно” хэмээн хэлж байв.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай аваргын төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпийн наадамд зодоглож буй Монголын жүдоч, дэлхийн аварга Сайед Моллай хагас шигшээд шалгараад байгаа билээ. ДАШТ-ий алт, мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт тэрбээр дахиад ганцхан ялбал олимпийн аваргын төлөө барилдана.

Түүний дараагийн учраа нь Австралийн бөх Шамил Борчашвили. 26 настай автри жүдоч энэ жил Тбилисийн “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Ташкентын гран пригээс хүрэл медаль хүртсэн юм. Эл барилдаанд Моллаи ялж, олимпийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын нийтийн номын сангуудын фондыг баяжуулна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.Нийслэлийн Соёл, урлагийн газар дээрх бодлогын бичиг баримтад нийт найман зорилт, 12 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 13 төрлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус газар нь Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, Хөгжлийн төв болон Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдэж эхэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барихаар болжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн шинэ барилгад зориулан 0.3 га газрын асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын нийтийн номын сангуудын фондыг баяжуулна

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын сангийн фондыг баяжуулах ажлыг жил бүр хийхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Гэвч 2021 онд фондыг баяжуулах зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.

Хурлын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Соёл, урлагийн байгууллагуудад зориулсан барилга, байгууламж барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажил хийгээгүй байна” гээд, цаашид энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хадгалалтын горим алдагдсан 2637 тун вакциныг устгажээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийгдэж буй эцсийн цэг хүртэл бүх шатанд хяналт тавьж байгаа юм.

Хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн импортолсон 5222580 хүн тун вакцинд хяналт шалгалтыг хийсэн байна.

Вакцинжуулалттай холбоотойгоор 2637 хүн тун вакцины хорогдол гарчээ. Тодруулбал, хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан, унаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа нь дууссан гэх мэтчилэн шалтгаануудтай байжээ. Чанарын шаардлага хангаагүй 939 тариурыг устгалд оруулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д оршин суугаа монгол иргэдийг вакцинжуулахад дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч байна. Тэрээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй өнөөдөр ажлын уулзалт хийв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гуравдагч хөрш” БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Талууд “КОВИД-19” цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, цар тахлыг даван туулахад чиглэсэн мэдлэг, туршлага, мэдээллээ хуваалцах тал дээр илүү нягт хамтран ажиллахаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, цар тахалтай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа тэмдэглэв. Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг вакцинжуулалтад хамруулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг хүслээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах чиглэлд БНСУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар сонирхож мэдээлэл авав. БНСУ дахь дельта вирусийн тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээний талаар мөн хөндөж асуув.

Ерөнхий сайд Ким Бү Гём Монголын ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд Монгол оронд 6 жилийн өмнө очиж тэнгэрийн од харж, байгалийн үзэсгэлэнт тал нутагтай танилцаж байсан дурсамжаасаа хуваалцсан юм. Тэрээр Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгалийг солонгос жуулчид олноороо очиж үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ким Бү Гём БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийлээд цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын дэвшүүлсэн бүс нутгийн санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талаараа мөн санал солилцов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны ерөнхийлөгч болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын корпорацуудын төлөөлөлтэй мөн уулзах юм.