Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Токиог зорилоо


Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны XXXII олимпийн их наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорьж байна.
Монголын ууган олимпийн медальтанууд төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчираад байгаа билээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана. Монголын бөхчүүдээ Токиогийн дэвжээнд бахдам амжилт үзүүлэхийг хүсье.
ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)
125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)
57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)
62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)
68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)
76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОКИО-2020: Г.Алтанбагана дэлхийн хошой аваргад ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд зодоглосон Г.Алтанбагана эхний шатанд дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй барилдан нэмэлт цагт ялагдлаа.

Түүний тэмцээн ийнхүү өндөрлөж байгаа бөгөөд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд энэ өдөр Монголын эмэгтэй тамирчин зодоглохгүй.

Г.Алтанбагана нь 2021 оны Унгарын ДАШТ-ий тавдугаар байр, их дуулгын мөнгө, хүрэл медальтай.

Categories
мэдээ нийгэм

Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, зарим асуудлыг танилцуулан, НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Соёлын тухай хууль болон төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн Соёлын ордны номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдах нэг тэргүүлэх зорилт, долоон зорилт, 12 үйл ажиллагааг Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хурлаар Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлах тухай хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах газрын асуудал, зураг төслийн зардлыг шийдвэрлүүлэхээр 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд санал хүргүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсад импортын бүтээгдэхүүнийг орлох биобэлдмэл үйлдвэрлэнэ” гэв

Биобэлдмэлийн үйлдвэрийн бүтэц нь Уурагт бэлдмэлийн тасаг, вакцин, онош зүйн тасаг, чанарын хяналтын тасаг, захиргаа, санхүү аж ахуйн хэсэг, эмийн сан эрдэм шинжилгээ гэсэн бүтцийн нэгжтэйгээр ажиллаж байгаа юм.

Цаашид Монгол Улсад биобэлдмэл үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхааран ажиллана.

Үндэсний биотехнологийн үйлдвэрийг сэргээн, хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллана гэдгээ НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа танилцууллаа.

“Орчин үеийн анагаах ухааны ололт, биотехнологи, нанотехнологи, инновацад тулгуурлан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах нь Эрүүл мэндийн яамны бодлогын гол чиглэл байх болно. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр хүлээн ажиллах ёстой гэдэгт итгэж байна.

Цаашдаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг илүү эрчимжүүлнэ. Ялангуяа урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Цар тахлын ард гарах гол хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд хийх урьдчилан сэргийлэх ажил юм. Үүнд чиглэх бодлогыг Эрүүл мэндийн яам анхаарч ажиллаж байгаа цаашид ч анхаарах болно” гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Монгол Улсад орчин үеийн анагаах ухааны ололтыг ашиглан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Улсын Ариун цэвэр Бактери шинжилгээний институт (СанБакинститут) байгуулагдаж байсан нь одоогийн Биобэлдмэлийн үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Биобэлдмэлийн үйлдвэрийн түүхэн замналыг 3 үндсэн үе болгон хуваадаг.

  • Бактерит бэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1933-1960 он)
  • Шинэчилсэн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1960-1990 он)
  • Биотехнологийн үйлдвэрлэл судалгааны эхэн үе (1990 оноос хойш).
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр /2021.07.28/ ээлжит бусаар хуралдаж байна.

Засгийн газар Лхагва гариг бүрт хуралддаг билээ. Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Япон улсад айлчлал хийсэн бөгөөд Засгийн газрын хуралдаан түр завсарлаад байсан юм.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлал хийж Токиогийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас 2021 оны эхний хагас жилд чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэв.

Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг боловсруулах, Орчны аюулгүй байдлын хяналт, судалгаа хийх, Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд дээрх стандартын шаардлагуудыг хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагын гэрчилгээг тус газрын дарга хүлээн авлаа.

Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсний үр дүнд чанарын бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж, түүний талаарх нийт албан хаагчдын нэгдсэн ойлголтыг бэхжүүлсэн. Мөн байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо, дотоод дүрэм журмаа шинэчлэн сайжруулсан юм. Түүнчлэн “Тэргүүлэх аудитор”-оор ес, “Дотоод аудитор”-оор 19 албан хаагчийг сургаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд дээрх стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрхтэй боллоо гэж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү?

Цар тахлын нөхцөл байдлаас болж наадам хойшлогдсон. Зуу зуун хүний амиар зуун жилийн ойгоо тэмдэглэнэ гэдэг үнэндээ харгис шийдвэр байв. Наадаж цэнгэхэд зориулсан мөнгөөр амьсгалын аппарат авч,өвчин тахалд нэрвэгдсэн ард иргэдээ аваръя хэмээн жагссан залуусын тэмцэл зөв байсан.Эрх баригч намын нөхөд Ардын хувьсгалын ойг Ардын намын 100 жилийн ойтойгоо хамаатуулж, үндсэндээ намынхаа ойг наадамд нааж өгснөөрөө эцэст нь Монгол Улс наадмаа хийж чадалгүй өнжихөд хүрсэн. Манжийн дарлал мөлжлөгт байхад ч тасраагүй монгол наадам Ардын намын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн үед хэрхэн тасрах болсныг бид өмнө нь бичсэн.

Тэгвэл ард түмнээ бус Ардын намаа бодон улайрч зүтгэцгээсэн нөхдийн балгаас гадна монгол наадмын чимэг бөхчүүдийн өөрсдийнх нь буруу байсныг бодох хэрэгтэй. Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд бөхчүүдийн нэр хүнд айхавтар өсч, түүний хэрээр ахуй амьдрал нь ч дээшилж, сүүлдээ толгой дээр гарлаа гэдэг шиг ихэнх нь аймаг, сумдын дарга нар нь бөхчүүд болцгоосон. Улсын маань нийслэл хотыг ч өнөөдөр нэг бөх удирдаж байна. Хаана эрх мэдэл, албан тушаал, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал сөхөгдөнө, түүний цаана алдар цолтой бөхчүүдийн нэр ус холбогддог нь жам. Ингэж ир бяр, булчин шөрмөс, бөх тэхийг тэргүүндээ залснаараа монголчууд олон зүйлийг алдсан. Соёл боловсрол, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, хөгжил дэвшлээс ухарсан. Бөхчүүдийн ихэрхэл ноёрхол, бардам дээрэнгүй байдал ард олныг байтугай төрт ёсоо юман чинээ боддоггүйг нь зөвхөн допингоор жишээлж харъя л даа.

Сүүлийн хоёр жилийн наадам үнэндээ юу боллоо.Монгол бөхийн аварга хэмээх дээд цолонд хүрсэн, тэрхүү нэр хүнд өв уламжлал, соёл түүхийг дархлан хамгаалж явах учиртай нөхөд нь допинг хэрэглэж төрт ёсны наадмаа гутаан доромжлохыг бид үзлээ.Хэнтийн Оюунболд гэж залууг түрүүлэхэд Монголын ард түмэн хэрхэн яаж баярлаж байлаа. Шинэ аварга төрлөө гээд хөл хөөр болж, аварга цолны үнэмлэх, медалийг нь төрийн гурван өндөрлөг гурвуулаа зэрэгцэн босч зогсоод ээлжлэн гардуулж байсан. Энэ бол Оюунболд гэж Хүрэлсүхийн нутгийн полдгор залууд өөрт нь биш, харин монгол бөхийн аварга цолонд, монгол бөх хэмээх олон зууны түүхтэй өв соёлынхоо дархлаанд хүндэтгэл үзүүлж буй төрийн их хүндэтгэл байсан.

Гэвч энэхүү хүндэтгэлийг наадмаас ердөө хэдхэн хоногийн дараа допингоор хариулсан. Шинэ аварга, түрүү бөхөөс допинг илэрлээ гээд улс даяараа шуугьсан. Өнөө ард түмний баяр бахдал, хайр хүндэтгэл, төрт ёс маань юу болох уу. Өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, сүүлийн гурван жил улсын наадмын түрүү үзүүрт шалгарч байгаа хэмээн ард түмний шагшаад буй Батсуурь гэдэг нөхөр бас яав. “Би допинг хэрэглэчихсээн” гэж улайх ч үгүй мэдэгдэж, ард түмнээсээ уучлал гуйсан дүр үзүүлж, би шийтгүүлэхэд бэлэн байна гэдгээ дахин дахин хэлсэн. Батсуурийн намайг шийтгээд өг хэмээн дахин дахин хэлээд байсан нь сайндаа ч биш Оюунболдыг надтай адил шийтгээч ээ, аварга цолыг нь хураагаач ээ гэсэн сануулга байсан юм. Оюунболдын аварга цол хураагдчихвал Батсуурь хууль дүрмээрээ даян аварга болох байв. Идэр залуу аваргууд ийн монгол төрийн наадам, бөхийн ариун дэвжээ, гал голомт, төрт ёсоо гутаан доромжилж, ёс зүйгүй авирлаж аашилж байна.

Наадмын түрүү аваргууд нь допинг хэрэглэн бөхийн дэвжээгээ бузарлахаас гадна Архангайн Пүрэвдагва зэрэг түрүүлэх хэмжээний арслангууд нь бас допингтой болохоор наадамчид хэнийгээ харж баясах хэрэг вэ. Бөхчүүдийн ёс зүйгүй, бүхнийг хуурч мэхлэх гэсэн адгийн арчаагүй, өөдгүй зан нь олон түмний дургүйцлийг төрүүлж, бүр сүүлдээ наадам тасрахад нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Учир нь наадмыг эсэргүүцсэн залуусын дунд “Ер нь наадмын хэрэг байна уу, бөхчүүд нэртэй бүдүүлэг, соёлгүй, танхай балмад юмнууд байдаг. Тэд чинь дандаа авлигачид, бас допингчид, барилдаан гэж зүгээр л жүжиг. Тэдний жүжиглэхийг үзмээргүй байна” гэх хандлага давамгайлж байсан. Нийгэмд ийм хандлага бий болоход олон зүйл нөлөөлсөн. Олимпийн аваргын найз бөхийгөө зодсон дуулиан шуугиан ч нөлөөлсөн.

Өнөөдөр Санжаадамба аваргын дэмжигчид багагүй олон байдаг. Тэгтэл сүүлийн хоёр жилийн наадамд Санжаа аварга үзэгч олны урмыг хугалсан. Наадамчин олны хүссэн барилдааныг гаргаагүй. Хоёр жилийн өмнөх наадамд Гончигдамбыг амлаад унасан нь маапаантай болсон бол түрүү жил бүр тавын даваанд өөрийн дэвжээ буюу “Ажнай” корпорацийн Одбаярт элэг бүсээ тайлсан нь арай дэндсэн. Аварга, арслангууд нэг хэсэг нь допингоор хуурч мэхлээд, нэг хэсэг нь дор даваанд худлаа үнэн нь мэдэгдэхгүй унаад байхаар хэн энэ наадам, бөхийг чинь үзэх юм бэ. Тэр жил том Сүхбат гарьдтай “Өдрийн сонин”-д ярилцлага хийхэд “Батзориг, Одгэрэл, Мягмарсүрэн та хэд одоо барилдаач ээ. Тавын даваанд битгий бууж өгөөд байгаач. Ид барилдах ёстой залуу заанууд ингээд начин төрүүлээд, худлаа унаж өгөөд байхаар монгол төрийн наадам юу болох юм бэ. Амин хувиа биш, ард түмнээ бодооч” гэж ил цагаан шууд хэлж билээ. Түүн шиг залуу аварга, арслангуудыг хараад юу дутлаа гэж таван халтар цаасанд бууж өгч нэр сүрээ бардаг юм бэ дэ гэх харамсал төрдөг.

Бөхийн өргөөг булааж авах гэсэн бөхчүүдийн сувдаг шунахай тэмцлийн дараа Бөхийн өргөөнд бөх үздэг хүнгүй болчихсон байсан. Р.Нямдорж, Д.Данзан нарын физик математикийн шинжлэх ухааны докторууд бөхийн холбоог удирдаж байхад бөхийн нэр хүнд айхавтар өссөнийг хэн хүнгүй хэлдэг. Ямар ч барилдаанд бөхийн өргөө дүүртэл цугладаг байлаа. Дараа нь А.Сүхбат нарын бөхийн тэмцлийн үед юу болсныг бид мэднэ. Ингэж бөхчүүд өөрсдийнхөө нэр сүрийг шавар шавхайтай хутгасан. Улаантан цагаантан гэгчээр “Түр эвлэрэх гэрээ” хүртэл байгуулж мөн их тэнэглэцгээсэн. “Бөхчүүд түр эвлэрэх гэрээ байгууллаа, ямар Сирийн дайн уу” гэж манай сонин бичиж байсан. Эцэстээ энэ бүхний чинь гор гарч наадмын бөхийг залуу хойч үе хамгийн хэрэггүй зүйл, энүүгээр ер нь яах юм, юунд хэрэгтэй юм гэж ойлгоход хүрч байна. Монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол бөхийг энэ цаг үеийн бөх тэх нөхдүүд нь ийнхүү өөрсдийн мэдэлгүйгээр мөхөөж байна. Тиймээс миний бие “Наадмын түрүү аваргууд ард түмнээ допингоор хуурдгийнх нь гор наадам тасрахад хүргэв үү” гэж асуугаад байгаа юм. Цаашид бүгд дор бүрнээ хариуцлагатай байж бөхийн дэвжээгээ допинггүй, цэвэр шударга өрсөлдөөний талбар болгохгүй бол энэ байдлаараа бөхчүүд та нөхдийг тоож үзэх хүнгүй болох нь ээ?!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр /2021.07.28/ Улаанбаатар хотод суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лакшми: Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлсний төлөөсийг иргэд дунд, урт хугацаандаа өндөр өртгөөр төлнө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Төсвийн алдагдлыг нөхөх, зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор төв банкнаас мөнгө их хэмжээгээр хэвлэж, эдийн засагт нийлүүлэх гэж байна гэх мэдээлэл явах болсон. Хэрэв уг асуудал биеллээ олбол өнөөгийн цаг үед хэр зөв алхам болох вэ?

-Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нь нэмэгдсэн улс орнууд мөнгө хэвлэсэн. Энэ нь богино хугацааны хүндрэлийг даван туулах зорилготой. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед халамж, тэтгэмж, дэмжлэгүүд өссөн. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор төсвийн алдагдал нэмэгдсэн. Энэ тохиолдолд арга буюу мөнгө хэвлэж, эдийн засагтаа нийлүүлэх алхмыг зарим улс орон сонгож байна. Харин манай улсын хувьд байдал өөр юм. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байж, супер циклийн үе ирчихсэн байна. Супер циклийн үе маш богино буюу нэг жил, сайндаа л хоёр жил үргэлжилдэг. Энэ цаг үед зөв менежмэнт хийж, өсөлтийг боломж болгож ашиглаж чадсан бол өнөөдөр заавал мөнгө хэвлээд суух шаардлагагүй. Ерөөсөө л уул уурхайн чиглэлийн компаниудаа аль болох дэмжих, элдэв саад тотгор, хүнд суртлаа арилгах, экспортыг дэмжих, тээвэрлэлтийг түргэн шуурхай болгох тухай л асуудал юм. Харамсалтай нь бид өөр өөрсдийгөө л хааж боогоод сууж байна. Эцэст нь эдийн засгаа тэтгэхийн тулд уршиг ихтэй хамгийн муу хувилбартай нүүр тулж байна.

-Орлого тасалдсан үед дотоодын эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг “цаас” хэвлэх байдлаар хийвэл богино хугацаанд үр ашигтай боловч дунд, урт хугацаанд ямар хор уршигтай вэ?

-Мэдээж мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэхэд богино хугацаанд сөрөг нөлөө нь гардаггүй.

Дунд, урт хугацаанд томоохон хүндрэлүүд үүснэ. Ялангуяа, инфляцид томоохон нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө гэх зэргээр бидний өдөр тутмын амьдрал болон дунд, урт хугацаанд ашиглах бүхий л зүйлийн үнэ өсөх хор уршигтай. Үүний нэг томоохон илрэл бол өнгөрсөн тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өслөө. Дараагийн өсөлт наймдугаар сард явагдахаар харагдаж байна. Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлж байгаа нь богино хугацаанд хүндрэлийг даван туулах арга хэрэгсэл мэт боловч дунд, урт хугацаандаа үүний төлөөсийг бид өндөр өртгөөр төлнө.

-Саяхан Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хагас жилийн дүнгээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, тэр дундаа импортын бараа таваарын үнийн өсөлтөөс болж инфляци огцом нэмэгдсэн байсан. Нөгөө талд өрхийн орлого 7-8 хувиар буурлаа. Энэ байдал өрх гэрт том хүндрэл авчирч байна. Үнийн өсөлтийн уг нөлөөллийг хэрхэн хязгаарлах боломжтой вэ?

-Аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдаж, үйл ажиллагаа нь доголдож, зарим нь хаалгаа барих болсон. Үүнээс үүдэлтэйгээр өрхийн орлого буурч байна. Манай улсын эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байна. Үүнд валют хэрэгтэй. Ханшийн хэлбэлзэл импортын барааны үнэтэй шууд уялдаатай байж, улмаар өрхийн төсөв дээр том ачаа болж буудаг. Хоёрдугаарт, энэ жилийн хувьд тээврийн зардлын өсөлт томоохон нөлөө үзүүллээ. Хил гаалийн хүндрэлээс үүдэж сүүлийн бараг хоёр сарын турш бараа бүтээгдэхүүнийг хилээр чөлөөтэй нэвтрүүлсэнгүй.

Үнийн өсөлтөөс шууд хамгаалах механизм гэж байхгүй. Зах зээлийн эдийн засагтай учир эрэлт, нийлүүлэлтээр л энэ бүхэн зохицуулагдаж явна. Гол нь бараа бүтээгдэхүүнийг аль болох саад бэрхшээлгүй оруулах, хүнд сурталгүй ажиллах, компаниудаа дэмжих шаардлагатай. Ингэж байж үнийн огцом өсөлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой. Тээврийн өндөр зардлыг эргээд эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч төлнө шүү дээ. Үүний эсрэг арга хэмжээ гэвэл компаниудад тодорхой хэмжээгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх арга хөшүүргүүд хийх зам бий. Мэдээж урт хугацаанд бид дотоодын үйлдвэрлэгч, үйлдвэрлэлээ дэмжиж байж үнийн өндөр хэлбэлзлийг тогтворжуулж чадна.

-Зургадугаар сард гэхэд л нүүрсний экспорт өмнөх сараасаа 38 сая ам.доллараар унажээ. Уул уурхайн өсөлтийн циклийг бид хэрхэн ашиглах шаардлагатай байна вэ?

-Бид нэг талаас байгалийн асар их баялагтай. Нөгөө талаас цар тахлын энэ хүнд үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх супер циклийн үе таарч байна. Энэ нь хүнд хэцүү цаг үе тохиосон ч давж гарах боломжийг супер цикл бидэнд олгож байгаа юм. Харамсалтай нь бид өөр өөрсдөдөө саад бэрхшээл, тушаа болж, өөрсдийгөө чөдөрлөсөн нөхцөл байдалтай байна. Ийм байдлаас болж өсөлтийн циклийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь хилийн боомт дээр үүссэн асуудал, экспортын бууралтаас тод харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар, энэ чиглэлийн компаниудаа ад үзэж ирлээ. Одоо бидний гол аврагч уул уурхай болчихоод байна.

Супер циклийг ашиглахын тулд нэгдүгээрт, экспортыг түргэн шуурхай болгох шаардлагатай. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүхий л талаар дэмжиж, аливаа саад тотгорыг арилгах хэрэгтэй байна. Ерөөсөө л хурдтай ажилласнаар өсөлтийг ашиглаж чадна. Бид өмнө нь тохиосон өсөлтийн мөчлөгүүдийг амжилттай ашиглаж чадаагүй. Энэ нөхцөл байдал дахин давтагдаж байна.

-Коронавирусийн халдвар хэзээ дарагдах нь тодорхойгүй болчихлоо. Мутацид орсон хувилбарууд илэрч, халдварын эрсдэл дахин үргэлжлээд байвал хил гаалийн саатал эдийн засагт урт хугацаанд хүндрэл үүсгэх эрсдэлтэй юү?

-Тийм ээ. Үүссэн нөхцөл байдал нь төр засгийн байгууллагууд хамтарч ажиллаж чаддаггүйг харуулж байна. Хоёрдугаарт, нэгдсэн бодлогоор зангидаж явахгүй байна. Хил гаалийн асуудлыг маш өндөр түвшинд ярилцах, ойлголцох, зохион байгуулах ёстой. Бид хамтарч ажиллаж байж л аливаа асуудлыг шийдэх бололцоотой. Ялангуяа, цар тахлын үед нягт холбоотой ажиллах нь тун чухал. Уг нь зөв голдирлоор явж ирсэн бол цар тахал тохиосон ч бид бэлтгэлтэй байж, Засгийн газрыг оролцуулах хэмжээнд асуудлыг томруулахгүй байх байсан. Олон жил хамтарч ажиллаагүй, дур дураараа явсны хор уршиг ингэж илэрч байна.

Цаашид цар тахлын нөхцөл байдал намжихгүй, шинэ мутаци хувилбарууд гарч ирсээр байвал хил гаалийн асуудлыг хэрхэх вэ гэсэн асуулт байна. Зөв зохион байгуулалт хийж байж л даван туулах боломжтой. Жил хагасын өмнө анх цар тахлын асуудал босч, хил гааль дээр хүндрэл үүссэн. Тухайн үед гэнэтийн нөхцөл байдал гээд хорио цээр, саатлыг ойлгож болно. Гэтэл өнөөдөр жил хагас болчихоод байхад зөв зохион байгуулалт хийж чадаагүй сууж байна. Төлөөсийг нь ард иргэд өндөр өртгөөр төлөөд эхэлсэн. Энэ бол төр засаг арчаагүй, зохион байгуулж, нягт хамтран ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Экспорт, импортоо автомашинаар хийх бололцоогүй болбол дараагийн зохион байгуулалтад шилжих Б хувилбар боловсруулсан байх хэрэгтэй. Төмөр замын тээвэрлэлт рүү шилжүүлэх боломжуудыг судалж, бэлтгэл хангасан, яриа хэлцэл өрнүүлсэн, ойлголцсон байх учиртай. Мөн хил гаалийн нэвтрэх цэгүүд дээр автомашиныг ариутгах, жолоочийг бүхээгнээс буулгахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулах халдваргүйжүүлэлтийн техникийн цэгийг барьсан байх шаардлагатай байсан. Гэтэл жил хагас болоход бариагүй сууж байгаа юм. Зөвхөн Монгол Улс ийм нөхцөл байдалтай тулгарсан юм биш. Дэлхийн бүхий л улс орон ийм хүндрэлтэй нүүр тулаад, асуудлаа шийдвэрлээд, хил гаалиар бараа бүтээгдэхүүний урсгал чөлөөтэй нэвтэрч болоод байна. Манайх гэхээр яагаад болдоггүй юм бэ.

-Хил гаалийн асуудлаас үүдэлтэйгээр уул уурхайн салбараас орж ирэх орлого, боломжууд буурсан. Компаниуд хүндэрснээр ажилгүйдэл нэмэгдэж, орлого тасалдаж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлага байна. Харамсалтай нь бид өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтыг чухалчилж үзэхгүй хэвээр байна. Аливаа нэг асуудал болохгүй байна гэхээр бид ихэнхдээ эхлээд хуулиараа оролдоод эхэлдэг. Гэтэл эргээд харахад гайгүй хуулиуд байна. Харамсалтай нь хэрэгжүүлэлт байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих гэлтгүй бүхий л хуулийн хэрэгжүүлэлт доголдож байна. Дээрээс нь хуулиа хэрэгжүүлэхдээ нэгдсэн ойлголт байдаггүй нь хамгийн том асуудал болдог. Энэ бүхнийг эхэлж цэгцлэх ёстой. Мөн хөрөнгө оруулалтыг зөвхөн нэг агентлаг хариуцахгүй. Олон байгууллагын нягт хамтын ажиллагаа байж сая үр дүн харагдана. Харамсалтай нь бид үүнийг зөв зохион байгуулалтад оруулж, менежмэнт хийж чадахгүй байсаар томоохон хөрөнгө оруулагчдаа алдаад дууслаа. Хөрөнгө оруулалтыг дэмжих эрхзүйн орчин бүрдэж, Оюу толгойн гэрээ зурагдсаны дараа дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголд салбараа нээсэн. Тухайлбал, Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцыг барина, сэргээгдэх эрчим хүчний дуусашгүй нөөцтэй хэмээн олон төсөл хөтөлбөрүүд ярьж эхлэх үед энэ чиглэлийн олон компани орж ирсэн. Тавдугаар цахилгаан станцыг барихад Монгол, Япон, Франц, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум шалгарч байлаа. Харамсалтай нь нөгөө том төслүүд нь 10 гаруй жил болоход бахь байдгаараа л байна. Ихэнх хөрөнгө оруулагч бидэнд итгэхээ болиод орхин гарсан. Одоо хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдлээ, манайд ирээч гэж хэлсэн ч итгэж орж ирэх хөрөнгө оруулагч тун ховор болов уу. Урт хугацаанд ажиллаж, зөв голдиролд оруулж байж хөрөнгө оруулагчийг татах нөхцөл байдал үүссэн.

Монголд эрчим хүчний бүхий л нөөц хангалттай байна. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүн амын тал нь төвлөрсөн Улаанбаатарт хоёр ч удаа цахилгааны тасалдал үүслээ. XXI зуунд амьдарч байж, эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй атал ийм байдалд байгаа нь үнэхээр ичмээр хэрэг.

Г.БАТ

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр манай таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.