Categories
мэдээ нийгэм

Хүний гавьяат эмч П.Батчулууныг Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос шагнажээ

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд болж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт шагнал гардуулсан юм.

Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа.

Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгожээ.

Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент, туршлагаасаа хуваалцаж байна. Тус хуралд манай улсын төлөөлөл болон төвийн ЭЭЭШСҮАЗА болон УНТЭ-ээс эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож буй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“GangBay” хамтлаг “Baby shark” нэртэй шинэ уран бүтээлээ гаргалаа

“Ганган цагаан”, “Могжоохон хүү”, “Мамасита” зэрэг уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон “GangBay” хамтлаг “Baby shark” нэртэй шинэ дуу гаргалаа.

Өчигдөр сонсогчдын хүртээл болсон уг дуу 24 цагийн дотор 50 мянган хүнд хүрчээ. Хамтлагийн гишүүд тарснаа зарласан нь сонсогчдынх нь сэтгэлийг гонсойлгоод байсан юм. Харин “GangBay” хамтлаг эргэн нэгдэж, ийнхүү хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авлаа.

Тэдний шинэ уран бүтээлийг хүлээсэн сонсогчид “Baby shark” дууг сэтгэл дүүрэн хүлээж авсан сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлжээ.


Categories
мэдээ нийгэм

ТОСК-тай гэрээ байгуулсан “Хангай”, “Буянт-Ухаа-2” хотхоны оршин суугчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ

ТОСК-тай гэрээ байгуулсан “Хангай”, “Буянт-Ухаа-2” хотхоны оршин суугчид иргэдэд тулгаж буй хууль бус гэрээг эсэргүүцэж, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Төв талбайд цугласан иргэд “Хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэсэн. Гэтэл дөрвөн жилийн дараа 1.850.000 төгрөгийн үнэтэй байр санал болгосон. Үүнийг төлж барах хүмүүс бараг байхгүй. Жилийн турш ТОСК асуудлыг ярьсан” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймагт “Даншиг” наадам болно

Ховд аймагт ирэх сарын 07-08-ны өдрүүдэд баруун бүсийн “Даншиг” наадам зохион байгуулагдана.


Categories
мэдээ спорт

Олимпийн серфингийн анхны аваргууд тодорлоо

Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт шинээр багтаж буй серфинг төрөлд өчигдөр /2021.07.27/ олимпийн анхны медальтнууд тодорлоо.

Эрэгтэй ангиллын алтан медалийн төлөө Бразилын Итало Фэррэйра болон Японы Каноа Игараши нар өрсөлдөж, Бразил тамирчин 15:14 оноо авснаар олимпийн серфингийн анхны аваргаар тодорч, Япон тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Харин хүрэл медалийн төлөө Австралийн Оуэн Райт болон Бразилын Габриэль Медина нар өрсөлдөж, 11:97-11:77 гэсэн харьцаатай Австрали тамирчин ялалт байгуулжээ. Тэрбээр ердөө 0.20 оноо илүү хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй ангиллын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Карисса Мур болон Өмнөд Африкийн Бианка Буитэндаг нар өрсөлдөж, 14:93-8:46 гэсэн харьцаатай Америк тамирчин илт давуу түрүүлж, олимпийн серфингийн анхны эмэгтэй аваргаар тодорлоо. Тэгвэл хүрэл медалийн Японы Амүро Цүзүки болон АНУ-ын Каролин Маркс нар өрсөлдөж, 6:80-4:26 гэсэн харьцаатай Япон тамирчин ялалт байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2478, II тунд 4742 иргэн хамрагджээ

2021.07.27-нд нийслэлийн хэмжээнд I тунд 2478, II тунд 4742, нийт 7220 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.069.730 иргэн I тунд, 975.276 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1736 жирэмсэн эх, 12-15 насны 24.843 /24.5%/, 16-17 насны 14.401 /42.5%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1243 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1243 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 511 нь Улаанбаатар хотод, орон нутагт 732 бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 160.344 боллоо.

Мөн гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 796 боллоо.

Мөн 2100 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10477 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6552

– хүндэвтэр: 2803

-хүнд: 944

– нэн хүнд: 178 хүн байна. Мөн эмнэлэгт 1748 хүүхэд, 424 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.

No description available.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дэлгэр мөрөнд сэлж байсан иргэн живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг “Дэлгэр” мөрөнд сэлж байсан иргэн живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын албанд энэ сарын 23-ны өдрийн 17:29 цагт дуудлага ирсний дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Алба хаагчид болон ар гэрийн хүмүүс “Урандөш” багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Мягмаржаргал Лорен Прайст ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглолоо.

Тоглолтын дэвжээний шүүгчээр Австрийн шүүгч ажилласан бол онооны шүүгчээр Тунис, Тайланд, Колумби, Ирланд, Аргентины шүүгчид ажилласан.

Шүүгчид

  • Нэгдүгээр үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-8, Ирланд 10-9, Аргентин10-8)
  • Хоёрдугаар үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-9, Ирланд 10-8, Аргентин 10-8)
  • Гуравдугаар үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-8, Ирланд 10-8, Аргентин 10-8) харьцаагаар Их Британийн талд шүүж ялалтыг өглөө.

Олимпын боксын төрөлд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон М.Мягмаржаргал нь 2018 оны ДАШТ-ий 9-р байр, 2021 оны Азийн аваргын хүрэл медальтай.

Categories
гадаад мэдээ

Германы химийн хүрээлэнд болсон дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алджээ

Германы Леверкузен хотын химийн хүрээлэнд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 31 хүн шархадсан байна. Мөн таван хүн сураггүй болжээ.

Currenta химийн үйлдвэрийн хүрээлэнд мягмар гарагийн өглөө 10 цагийн үед болсон дэлбэрэлтийн улмаас эхлээд нэг хүн амиа алдсан тухай оператор компаниас мэдээлж байсан бол орой нь дахин нэг хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Мөн гэмтэж бэртсэн 31 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

“Бид сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа ч тэднийг эсэн мэнд олох найдвар тасарч байна” хэмээн химийн хүрээлэнгийн тэргүүн Ларс Фридрихийн үгийг мэдээллийн агентлагууд дамжуулсан байна. Аюултай хог хаягдал боловсруулах хүрээлэнд болсон дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Дэлбэрэлтийн дараа гарсан галыг унтраахад гурван цаг зарцуулжээ.

Fires

Леверкузен хотыг хар утаа бүрхсэн байна. Утаанд хортой бодис агуулагдаж байгаа учраас оршин суугчдыг цонх хаалгаа хааж, агааржуулагчаа унтраан гадагш гарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Мэргэжилтнүүд цаг үргэлж агаар дахь хорт бодисны хэмжээг хэмжиж байгаа аж.