Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: ОУХМ Э.Цэндбаатар 18:05 цагаас тоглоно

ОУХМ Э.Цэндбаатар Токиогийн рингэн дэх хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:05 цагаас Вьетнамын боксчин Нгайэн ван Донтой хийх хуваарьтай байна.

Манай улсын боксчин Э.Цэндбаатар Токиогийн олимпийн эхний учраа болох Кенийн боксчин Николас Оконгийг энэ сарын 24-нд 3:2-оор ялсан билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд 4:6 харьцаагаар ялагдлаа

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд эхний шатандаа Хятадын Ли Жиалунтай учраа таарч, 4:6 гэсэн харьцаатай ялагдлаа.

Б.Отгонболдын хувьд оноог тэнцүүлэх улмаар ялах боломж байсан ч харамсалтай нь чадсангүй. Ийнхүү тэрбээр олимпоо өндөрлүүлж байна.

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Бишиндээгийн Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27) харьцаагаар хожигдсон.


Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 109 дүгээр байн дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорилоо. Манай тамирчин 4: 6 ялагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 28-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Түй, Байдраг, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Таац Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-40 см давсан байна. Харин Орхон, Дэлгэрмөрөн, Байдраг, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоолны газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах чиглэл өгчээ

Хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Нийслэлийн захирагчийн ажлын албанд өмнө нь үүрэг болгосон.

Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-тай тээвэр логистик, зам гүүр, дэд бүтцийн салбарт хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүл, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр болон дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, БНСУ-ын ЭКСИМ банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: ХАА-н салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангаж, дараахь арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.Үүнд:

– Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах;

– Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэж, 10.0 мянган тонноос багагүй хэмжээний нөөц бүрдүүлэх;

– Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар анхаарч, халдвар тархахаас сэргийлэхэд хяналт тавьж ажиллах;
Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл хивэгний экспортыг түр хязгаарлах эсэх, хязгаарлалт тогтоосон тохиолдолд нөхцөл байдлыг харгалзан зогсоох арга хэмжээ авах;

– Их цас, хүчтэй салхи, цасан шуурга, хүйтрэлт зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, намар, өвлийн сарын болон улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцож, үр дүнд тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах ажиллах;

– Ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шалган тогтоож, завсарын ажлыг шуурхайлах, зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

– Малчин өрхийн жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гаргах, коронавируст халдварын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилсан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн ажиллах;

– Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн зохион байгуулж, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

Хур тунадас харьцангуй багатайн улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна.

2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна.

Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Энэ сарын 27-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 16, зөрчлийн шинжтэй 209, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 32, бусад 31 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн гэмтсэн бол, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Мөн хүүхэд өртөж гэмтсэн зам тээврийн осол нийслэлд дөрөв бүртгэгджээ.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар .

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газраас 20 гаруй жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох түүхэн шийдвэрийг /2021.07.28/ гаргаж баталлаа.

Мөн тус шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр ирэх сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчлэгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомт дээр үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулах юм.

Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3 ,4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцийн барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг тэр чигт нь хангах бүрэн боломжтой юм.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны зүгээс 2021 онд дээрх дэд бүтцийн станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийхээр Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд “Made in Mongolia” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гарах бүрэн боломж нээгдэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн есөн дүүрэгт хог тээврийн автомашиныг хүлээлгэн өглөө

Нийслэлийн есөн дүүрэгт өнөөдөр хог тээврийн шинэ машинуудыг хүлээлгэн өглөө.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хог тээврийн тусгай зориулалтын хүрэлцээ хангамж муу байгаа.
2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг өгснөөс хойш парк шинэчлэлт хийж чадаагүй. Парк шинэчлэл хийхгүй болохоор гэр хороолол, зуслан, орон сууцны хогийг дор бүрд нь авч чадахгүй хүндрэлүүд гарсан. Гэхдээ бид боломжоороо ажиллаж, хотын урсгал зардлын хэмнэлтээс зардал гарган хүндрэлтэй байгаа дүүргүүдэд хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж хог тээвэрлэлтийг хийсэн.
Ковидтой холбоотойгоор Улаанбаатарын иргэд зусланд гарснаар ердийн үеэс хогны хэмжээ ихэссэн. Хотын Захирагчийн ажлын албанаас 200 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг олж, зуслангийн бүсэд гурван ААН-ийн есөн машин гаргаж хогийг тээвэрлэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргаас 2020 оны төсөвт суулгасан мөнгөөр тендер зарлан хог тээврийн 28 машиныг авч, нийслэлийн есөн дүүрэгт хуваарилж өгч байна.

Шинэ машинуудын баталгаат хугацаа 5-8 жил. Өнөөдөр өгч буй машинууд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн FOTON маркийнх. Уг машинуудыг тендерт шалгарсан Бадамгуа-Орших компаниас авч байна. Foton маркийн машин нь олон улсын чанарын стандартын ангилалд багтдаг. Засварын болон сэлбэгийн төв нь Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг” гэв.