Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


14.00 цагаас цахимаар болон биечлэн хуралдана.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай;

– “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа, засаг байтугай МАН тарж дахин сонгууль явуулах уу?

Хүн эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа, өнгөрсөн бямба гарагт. Дөнгөж 35-тай идэр залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгээс тусламж хүсч очиход харьяа биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлэлгүй аминд нь хүрэв. Аминд нь хүрэв гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно” гэж заачихаад иргэнээ харсаар суугаад амьдралаас буцаачихдаг эмнэлэгтэй байж болох уу.Зүй нь тэр эмнэлэг үхэл, амьдралын зааг дээр тусламж хүсээд ирсэн ямар ч иргэнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой.Гэтэл харин ч эсрэгээрээ анхан шатны тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа нас барсан залууг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь архи уугаад олон хоносон гэх мэтээр гоочилж олны эгдүүг хөдөлгөөтхөв.Талийгаач залуугийн ойрын садангууд архи уугаагүй, худлаа мэдээлэл тараалаа гэсэн гомдол, шүүмжлэлийг хэлээд эхэлчихсэн харагдсан.Ер нь архи уусан ч бай, үгүй ч бай хүн л бол хүн. Үхэл амьдралын заагт аргаа бараад хандаж ирсэн ямар ч иргэндээ үйлчлэх нь эмнэлгийн гарцаагүй хүлээх ёстой үүрэг.

Монголын нийгэм ямар ч зохион байгуулалтгүй, огт уялдаа холбоогүй, сульдаа ганхаж байгааг харууллаа, энэ кейс.Цар тахлын хууль гэж гаргаад ч нэмэр алга.Хий сандарсан улсуудын бөөгнөрөл, бужигналдаан л нүдний өмнө хөврөөд байна.У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ямар шалтгаанаар ажлаа өгснийг эргэн санацгаая. Нялх биетэй эмэгтэйг төрөх эмнэлгээс дүн өвлөөр ХӨСҮТ рүү углааштай нь авч явсан даа, өнгөрсөн өвөл. Тэр үйл явдлаас болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа бууж байв. Тухайн үед У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа өгөх болсон шалтгаанаа “Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм.Түүнээс биш айж хулчийгаагүй” гэж хэлж байсан нь цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн.Товчхондоо мань эр төрийн дарга нар, засгийн удирдлага ажлаа хийж чадахгүй бол огцордог жишгийг би тогтоож байна гэсэн утгатай үг унагачихаад суудлаа өгснийг нь монголчууд бултаараа сонссон.

Нялх биетэй эмэгтэй өвлийн хүйтнээр углааштай гарч явснаас болж МАН-ын Засгийн газрын тэргүүн суудлаа өгч байсан.Тэгвэл үүнээс ч айхавтар үйл явдал монголчуудын нүдний өмнө болоод өнгөрлөө.Эрдэнэт хүний амь нас эмнэлгийн гадаа анхан шатны тусламж авч чадаагүйгээс болж эрсэдлээ.Шалтгаан нь “Харьяалалгүй учраас” гэсэн хөндий хүйтэн тайлбар.Тэгээд ч зогссонгүй амиа алдсан залууг төр төлөөлсөн нэг түшмэл архичин учраас нас барсан гэсэн доромж үгээр үдлээ. Бүхэл бүтэн хүний амь ийм өчүүхэн шалтаг шалтгаанаар эндчихээд байхад засаг огцрох ч багадна.Энэ бол МАН-ыг тараах бодитой шалтгаан мөнөөсөө мөн.

МАН төрийн бүх эрхийг атгаж яваа өдөр, хоног, сар, жилүүдэд бүх л салбарын байдал ундуй гундуу улам доройтсоор байгаа нь нуух аргагүй ил үнэн.Наад захын жишээ гэхэд л сая онцолсон эрүүл мэндийн салбарт түмэн асуудал бугшчихсан байна. Тахлын сураг чимээ сонсогдож, тахалтай тэмцэхэд салбараараа бэлдэж эхэлснээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Гэтэл төдийгөөс өдий хүртэл ямар ч бэлтгэл, менежмэнтгүй, уялдаа холбоогүй, ажилчид нь хүч тарамдсан, стандарт дүрэм нь хөл толгойгоо алдсан хэвээр аж төрцгөөж байна. Тоочвол энэ мэт асуудлууд бугшсан эрүүл мэндийн салбарт иргэдээ ялгаварлан гадуурхсан, PCR шинжилгээг хэтэрхий үнэтэй тогтоосон, эм, эмнэлгийн хүрэлцээ муу гэх мэт өчнөөн зовлон толгой өвтгөж байна.Сүүлдээ шинжилгээ авах гэхээр урвалж нь байхгүй, эм тариа нь хомсдолтой гэсэн мэдээлэл давтамжтай дуулдах боллоо.Өвдсөн иргэд өрхийн эмнэлэг рүүгээ утас цохиод авахгүй болохоор нь гэр гэртээ өөрөө өөрсдийгөө эмчлээд эхэлчихлээ.Эргэн тойрны таньдаг, мэддэг олон хүн түргэвчилсэн тест өгсөн болоод л гэр гэртээ биесээ эмчлээд удаж байна.Өнөөдөр гэхэд л сошиалд нэг иргэн “Манай хамаатны найман ч хүн ямар ч бүртгэлгүйгээр гэрээрээ өөрсдийгөө эмчилж байгаа шүү” гэж бичсэн харагдана лээ. Ингээд бодохоор ЭМЯ-ны өдөр бүрийн зарлаж буй халдварын тохиолдлын тоо хэд дахин ч нэмэгдэж магадгүй. Шуудхан хэлэхэд Монголын Засгийн газар иргэдээ хөсөр хаяад удаж байна, тахлын хэцүү цагаар. Үхэх нь үхээд, сэхэх нь сэхсэн энэ гунигтай дүр зураг хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Яг энэ янз маягаараа бол сүргийн дархлаа тогтсон цагт л тахлын аюул намжих байх.Вакцинжуулалтын хүрээ цараа, чанар хүртээмжээ нэмэх тал дээр ч анхаарч, шахаж шамдуулж байгаа юм алга.

Цар тахалтай тэмцэж яваа янз маяг нэг иймэрхүү өнгөтэй ундуй сундуй өрнөж буй нь хамгийн түрүүнд эдийн засгийн салбараа сөхрөөж, туйлдуулж байгаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Наад захын том жишээ гэхэд л хил дээр гацсан ачаа бараа бизнесийнхний толгойны өвчин болоод удаж байна. Цаашлуулж ухвал гадаад худалдааны ямар ч зохицуулалтгүй, худалдаа арилжааны нэгдсэн бодлого гэх юу ч үгүй аж төрж явна, улсаараа. Эрээн дээр өчнөөн бараа түгжигдчихсний цаад шалтгаан гэхэд л засгийн өөр зуураа уялдаагүй байдал.Бүр тодруулж хэлбэл эрх мэдлийн шат доошлох тусмаа өчнөөн толгойтой ажиллаж ирсэнтэй холбоотой.Ерөнхий сайд сая Замын-Үүдэд ажиллах үеэр олон толгойтой ажилладаг нь их тод харагдсан.Хилийн хяналтын таван байгууллага ямар ч уялдаагүй, дор дороо том эрх мэдэлтэй таван толгой болчихсон гэх шүүмжлэл Ерөнхий сайдыг ажиллах үеэр яригдана лээ.

Тийм л дээ. Ер нь аль ч төвшинд төрийнхөнд ажиглагддаг нийтлэг дутагдал бол энэ. Төрийн байгууллагуудын том толгойлдог хандлага, дор бүрнээ эрх мэдлээ хамгаалж чичирсэн төрх, нэгийгээ үгүйсгэж, нөгөөгөө давах гэсэн улайралд нь хувийн хэвшлийнхэн туйлддаг байдал гэм биш бүр жишиг болоод тогтчихсоныг амтай бүхэн ярьдаг.Ингэж байж төрд ажилладаг том жижиг дарга нар мөнгө хийж хөрөнгөлөг аж төрдөг гэдгийг, тэр системийг бүтээгч автор нь МАН гэдгийг, эрх баригч намын бүтээсэн энэ гажуу систем өнөөгийн МАН-ын оршин тогтнох үндэс болсон гэдгийг мөн л бултаараа мэддэг.Харамсалтай нь энэ гажиг хандлагыг эхэндээ нийгмээрээ шүүмжилдэг байсан ч сүүлдээ дөжрөх янз руугаа орчихлоо.Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж буй. Харин боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлаад зогсч байна. Салбар хариуцсан сайд нь энэ хэцүү байдлыг “Ачаа нэвтрэлт жирийн үеийнхээс гурав дахин буурсан” гэж тайлбарласан шигээ зогсоно лээ. Замын-Үүдийн ариутгалын хэсэг гэж сарампай болсон хашаархуу юм харагдсан. Тийм хэцүү эд тавьчихсан байхад ачаа бараа энэ хэрээр нэвтэрч яваа нь харин ч зол. Таван тийшээ харсан хилийн хяналтынхны уялдаагүй том толгойлдог хандлага ийм байдалд хүргэсэн нь тов тодорхой асуудал.

Ийм үед Ерөнхий сайд дээрх таван газрын удирдлагыг шууд халсан бол эрүүл зөв харагдах байлаа. Гэтэл харин ч бүр толгойг нь илж, алдаагаа засах сарын хугацаа өгчихсөн сууж байна. Гэхдээ халчих бодол, сэтгэл мань эрд байсан нь гарцаагүй. Гэвч намынх нь өнөөг хүртэл бариад босгочихсон тогтолцоо, системтэй харшлах гээд байсан учраас Ерөнхий сайдад тэгж дүр эсгэхээс өөр арга олдоогүй байх. Байх ч биш юм аа, Л.Оюун-Эрдэнэд тэгэхээс өөр арга байгаагүй гэдэгт эргэлзэх юм алга.Мөнгө олж, эрх мэдлээ зузаалдаг шат дамжлагуудаа хяргаад танаад эхэлбэл МАН өнөөгийнхөөрөө хүчирхэг оршиж чадахгүй болчих учраас манай Ерөнхий сайдад үүнээс өөр арга байхгүй.

Товчхондоо эрүүл мэндийн салбар нь хэр байгааг эмнэлгийн гадаа тусламж хүсч ирээд ямар ч үйлчилгээ авч чадалгүй амиа алдсан залуу гэрчлээд өгчихлөө. Эдийн засаг нь ямархуу болсныг ачаа бараа гацсан Зам-Үүдийн үнэн төрх илчилчихлээ. Энэ хоёр асуудлын тухайд хоёулаа шат шатандаа хүнд суртал, эрх мэдэлтэй оршиж мөнгө идэх гэсэн том жижиг дарга нарын хүйтэн хандлага, өнөөгийн засаг баригчдын байгуулж бүтээсэн системээс үүдэлтэй алдаа. Яг үнэндээ Замын-Үүдийн ариутгах хэсгийг барьж чадахгүйдээ, эмнэлгийн гадаа амиа алдах эрсдлийг хааж мэдэхгүйдээ ингээд байгаа юм биш л дээ.Ийм байлгах зориудын сонирхол эрх баригчдад байна.Бүр тодруулж хэлбэл МАН-ынхны чин хүсэл иргэдээ ядуу буурай байлгахад, хувийн хэвшил бизнес эрхлэгчдээ аль болох төвөг чирэгдэлтэй аж төрүүлэхэд чиглээд байна.Энгийн, хар ойлголтоор зүйрлэвэл эрх баригчид хилээр ачаа нэвтрэх хэсгийг саадгүй байлгахын төлөө ажиллахыг хүсдэггүй.Харин ч бүр хилээр ачаа бараа нэвтрэх хэсэгт ажиллах таван толгойг тус бүрд нь тэжээлгэх санаатай засагладаг гэчихэд үнэнээс зөрөхгүй. Хувийн хэвшлийнхний харц гундуу, ард түмний амьдрал дорой байвал засаглаж, дарлаж, мөлжихөд амар таатай учраас тэд ингэж авирлаад байна.

Эрүүл мэндийн салбар өнөөгийн янзаараа байвал шат дамжлага бүрд нь тухалсан дарга сэтэртнүүд тус бүрдээ мөнгөтэй, хөрөнгөтэй бийлэгжүү аж төрнө гэдгийг эрх баригчид өчнөөн жилийн өмнөөс олоод харчихсан нь нууц биш. Ингэх нь өөрсдөд нь ашигтай учраас тэд эрүүл мэндийн салбарыг иргэндээ ээлтэй болгож хөгжүүлэхийг хүсдэггүй.Эмч ажилтнуудынх нь цалинг дэлхийн жишигт хүргэхээр тэмүүлдэггүй.Яг энэ өнцгөөс харахаар тэднээс эх оронч үзэл, ард түмнээ гэх сэтгэлийг нэхэж шаардаад нэмэргүй л дээ.Тэгэхээр одоо ганц л гарц байна.МАН-ын Засгийн газрыг огцруулъя, тэгээд ч зогсохгүй МАН-ыг татан буулгая.Энэ намыг татан буулгахгүй бол Монгол Улс балрах өнгөндөө орчихлоо.Шатахууны үнийн өсөлт, тахлын тархалт, инфляцийн галзуурал, эдийн засгийн уналт цаашид яахыг хэлж таахад хэцүү болчихлоо.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4561, II тунд 3845, нийт 8406 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 119 жирэмсэн эх, 12-15 насны 3206, 16-17 насны 759 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.040.683 иргэн I тунд, 899.200 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2791 (23.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 33.339 (32.9 хувь), 16-17 насны 18498 (54.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Харин өнөөдөр /2021.07.07/ Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16463 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор С.Чимидцэрэн: Нийт иргэдийн 75 хувь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа үүсэх боломжтой

АШУҮИС-ын Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, анагаах ухааны доктор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.


-Манай улсын иргэдийн 54.1 хувь буюу 1.761.298 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ. Хүн амын тал хувь нь дархлаажуулалтад хамрагдсан ч халдварын тохиолдол буурахгүй хэвээр байна. Тэгэхээр вакцинжуулалт хэдэн хувь хүрч байж сүргийн дархлаа тогтох вэ?

-Сүргийн дархлаа буюу нийтийн дархлааг, идэвхтэй дархлаажуулалтад хамрагдсан хүн амын тоогоор томьёолдог. Өөрөөр хэлбэл, халдвараар өвчилж дархлаа тогтсон хүмүүсийг оруулахгүйгээр ДЭМБ-аас тооцдог. Зарим эрдэм шинжилгээний ажилд дурдсанаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоон дээр халдвар аваад дархлаа тогтсон хүний тоог нэмж тооцоолж болно хэмээсэн байдаг. Тэгэхээр вакцины нөлөөгөөр үүссэн дархлаа тогтох явцын нь тодорхой хувийг сүргийн дархлаа буюу herd immunity гэж нэрлэдэг байх нь. Гэхдээ дархлаа тогтох үйл явц нь вакцинаар хамгаалагддаг өвчлөл болгонд харилцан адилгүй. Тодруулбал, улаан бурхан өвчний үед хүн амын 95 хувьд дархлаа тогтсоноор сүргийн дархлаа үүссэн хэмээн үзсэн байдаг. Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг дархлаа хэдэн хувьд хүрвэл сүргийн дархлаа тогтох талаарх судалгаа хийгдээгүй байна. Дэлхийн улс орон болгонд вакцинд хамрагдагсдын иргэдийн тоо харилцан адилгүй байна шүү дээ. Үүнийг тогтоохын тулд дархлаа тогтоцын шинжилгээ буюу эсрэг биетийн шинжилгээ хийдэг. Гэхдээ өвдсөний дараа дархлаа хэр тогтсон бэ гэдгийг судалсан материал хангалттай биш. Бусад улс орнуудын эх сурвалжид дурдсанаар дөнгөж арав хүрэхгүй хувьд нь дархлаа тогтсон байна гэсэн судалгаа байгаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хүн амын 80-90 хувь нь вакцинд хамрагдсан ч, дархлаа тогтоох үйл явц нь дунджаар 10 болон түүнээс доош хувьтай байна л даа.

-Хүндэтгэх шалтгаантай иргэд, жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдүүд вакцин хийлгэхгүйбайгаа. Тэгэхээр сүргийн дархлааг яаж үүсгэх вэ. Энэ янзаараа бол вакцин хийлгэсэн хүмүүс 54 хувиас дээш гарахгүйюм биш үү?

-Манай улс 18-аас дээш насны хүн амыг вакцинд бүрэн хамруулах төлөвлөгөөг баримталж байгаа.

Энэ нь нийт хүн амын 65 хувийг эзэлж байна. Тодруулбал, 18 хүртэлх насны 290 мянган хүүхэд байдаг гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар тэдний 100 мянга гаруй нь дархлаажуулалтад хамрагджээ. Тэгэхээр 0-11 хүртэлх насны хүүхэд үлдэж байгаа биз. Манай улсын хүн амын 30 орчим хувийг 0-11 насны хүүхдүүд эзэлдэг гэж бодохоор хүн амын 70 хувийг вакцинжуулах бүрэн боломжтой болчихож байгаа юм. Түүнчлэн иргэдийн тодорхой хувь нь архаг хууч өвчтэй, жирэмсэн, хөхүүл гэх мэт шалтгаанаар ковидын вакцинд хамрагдах боломжгүй байна л даа. Жирэмсний эрт болон хожуу үед вакцин хийж болохгүй, бусдаар бол болно. Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар жирэмсэн 3.150 орчим ээж, хөхүүл 2000 гаруй эх, 12-17 насны 112 мянган иргэд тус тус коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Тэгэхээр дархлаажуулалтын хувь бага зэрэг нэмэгдэнэ. Хөхүүл ээжүүдийн хувьд төрсний дараах эрт үе өнгөрсний дараа дархлаажуулалтад хамрагдаж болно гэж Монголын дархлаажуулалтын нийгэмлэгээс үзэж байгаа. Түүнчлэн зуны улиралд харшлыг эсрэг заалт оруулсантай холбоотой вакцинжуулалт тодорхой хэмжээнд буурчээ. Хамгийн гол нь ковидын эсрэг вакцины найрлагад орсон бүтээгдэхүүнд харшилгүй бол тариулж болно. Тэгэхээр вакцинд хамрагдах иргэдийн хувийг дээр дурдсанчлан нэмэгдүүлэх боломж бий. Ерөнхийдөө ковидын эсрэг дархлаажуулалтын хувь улс орон бүрд харилцан адилгүй байгаа. Энэ оны зургадугаар сарын 11-ний байдлаар дархлаажуулалт Хятад, Израиль, Англи, Канад, Герман, Грек улсад нэлээн өндөр хувьтай явж байна лээ. Тодруулбал, Америкт вакцинжуулалт 56 хувьтай байсан.

-Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын гурав дахь тунг тарих нь хэр оновчтой вэ, манайд ийм боломж бий юу. Турк улсад гэхэд, хоёр тун синовак тариулсан 50-иас дээш насны иргэд болон эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудад давтан тун BionTech хийж эхлэхээр болсныг саяхан тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Вакцины гурав дахь тунг хийх энэ арга хэр үр дүнтэй вэ, шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал?

-Энэ талаар ДЭМБ болон АНУ-ын хүчний хяналтын төв, бусад байгууллага албан ёсны санал зөвлөмж гаргаагүй. Вакцин үйлдвэрлэгчид тасралтгүй судалгаа хийдэг учраас гурав дахь тунг “байж болох юм” гэж үзэж байна л даа. Үүнийг чухам ямар бүлэгт хийх вэ гэдгийг зөвлөсөн байсан. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн, хавдрын өвчтэй, төрөлхийн дархлаа хомсдолын эмгэгтэй хүн амд хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, дархлаа дарангуйлагдсан бүлгийг гурав дахь вакцинд хамруулж болно гэсэн үг. Түүнчлэн хоёр тун вакцины дараа дархлаа нь гүйцэд тогтоогүй байх магадлалтай 65-аас дээш насны, архаг хууч өвтэй иргэд гурав дахь тунд хамрагдаж болох юм билээ. Үүнээс гадна хамгийн эхэнд эрүүл мэндийн салбарын ажилчдыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, тэд халдварт өртөх өндөр эрсдэлтэй шүү дээ Эдгээр бүлэг хүмүүс хамгийн багадаа зургаан сар эсвэл жилийн дараа гурав дахь вакцин тариулж болох юм билээ. Жишээлбэл, АНУ-д бүрэн дархлаажсан иргэд нэг жилийн дараа бүтэн тунгаар вакцинжуулах тухай асуудлыг судалж байгаа. Хятадын синофарм компаниас вакцины бүрэн тундаа хамрагдсан 50-иас дээш насны иргэдэд зургаан сарын дараа гурав дахь пфайзер хийх шийдвэрийг гаргасан байна лээ. Гэхдээ дээрх асуудлыг ярьж байгаа болохоос биш, ДЭМБ-аас албан ёсоор зөвлөмж гаргаагүй.

-Коронавирусийн халдвар авсан бага насны хүүхдүүд болон залуучуудад шинж тэмдэг харьцангуй бага илэрч хөнгөн тусаж байна. Энэ нь эргээд дархлаа сайтай нэг хэсэг нь дархлаа муутай бүлэгтээ халдвар дамжуулах эрсдэлийг бий болгоод байгаа болов уу. Тэгэхээр Монгол Улсын хүн амын 30 хувийг эзэлж байгаа 12-оос доош насныхан сүргийн дархлаанд саад учруулах магадлалтай хэмээн үзэж болох уу?

-Тэгнэ. Тийм учраас л халдвараас сэргийлэх арга хэмжээ авч, танхимын хичээлийг зогсоогоод байгаа шүү дээ. Хөл хорионы гол зорилго нь хүн хоорондын хавьтлыг тодорхой хугацаанд хязгаарлах арга юм. Манай улсын 12-оос дээш насны иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдчихвал нийт хүн амын 75 хувь нь бүрэн дархлаатай болж, сүргийн дархлаа үүсэх боломжтой. Тэгэхээр 12-оос дээш насны иргэдийн 70 хувь нь дархлаажуулалтадаа бүрэн хамрагдсаны дараа нөгөө 30 хувийн эрсдэл маань буурна гэсэн үг.

-Япон улс руу илгээсэн шинжилгээгээр Монголд коронавирусийн альфа, дельта хувилбар бүртгэгдсэн. Тодруулбал, манай улсад тархсан халдварын 80-95 хувь нь альфа хувилбар гэсэн үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл байна?

-Зарим лабораторит шинжилгээ хийгээд хариу гаргаад байгаа ч, эцсийн нэгдсэн тоог хэн ч баталгаатай гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн амын халдварын дор хаяж 50-аас дээш хувийн сорьцод мутацийн шинжилгээ хийсэн үү гэвэл, түүн шиг худал зүйл байхгүй. Ийм боломж ч байхгүй. Харин түүвэр байдлаар шинжилгээ хийж үзэхэд манай улсад мутаци орж ирсэн гэдгийг ХӨСҮТ-ийнхэн ч хэлсэн. Хоёрдугаарт, манай улсад альфа, дельта болон бусад мутаци орж ирэх үү, үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Ерөөс хаана хүн амын дунд халдварын тархалт өндөр байна, тэр газар мутаци үүсэх эрсдэл давхар өсдөг. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд Sars-cov вирусийн 20 мянга гаруй мутацийг эрдэмтэд тогтоочихсон. Мутацийн гол хор уршиг нь халдварын тархах хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, өвчний хүндрэл нэмэгддэг. Түүнчлэн хамгийн аюултай хоруу чанар нь вакцинаас зайлсхийх чадвар нь нэмэгдчихдэг. Тиймээс гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй мутацийн тухай ярихаас илүү халдварын тархалт өндөр байна гэдэг нь шинэ мутациуд үүсэх эрсдэлийг бий болгож байна. Гагцхүү судалгаа, тоо баримт, дүн шинжилгээг үндэслэж үүнийг хэлэх ёстой. Харамсалтай нь энэ талаар мэдээлэл надад байхгүй байна. Уг нь мутаци хувилбарыг манай ХӨСҮТ хийх бүрэн боломжтой шүү дээ. Мэдээж түүвэр байдлаар сорьцод шинжилгээ хийх ёстой. Энэ судалгааг хийгээд, өөрсдийн датад цугларсан мэдээллийг яагаад өгөхгүй байна вэ гэдэг нь сонирхолтой санагдаад байна л даа. Зөвхөн Япон руу түүврээр цөөхөн сорьц л явуулна шүү дээ. Тэгтэл Япон руу явуулахгүйгээр эндээ хийх боломж байгаа юу гэвэл, байгаа. Чухам яагаад судалгаа хийхгүй байгааг албаныхнаас асуусан нь зүйтэй болов уу

-Сүргийн дархлаа гэдэг нь хувь хүн хоёр тунгаа аваад 14 хоносны дараа дархлаа тогтоно гэсэн үг биш юм байна. Энэ бол нийтээр нь авч үзэж, дархлаажуулалтад хамрагдах боломжгүй хүн амыг бодолцож нарийн тооцох шаардлага ойлголт гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүргийн дархлаа гэдэг бол хэн нэгэн хүний тухай бус, нийтийн хүрээнд авч үзэх ойлголт юм. Нэмж хэлэхэд, манайд хэрэглэж байгаа бүх вакцин маш сайн туршигдсан, үр дүн сайтай учраас эргэлзэлгүй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр сүргийн дархлаа үүснэ.

Харин өвдөж сүргийн дархлаатай болно гэсэн ойлголт байдаггүй. Үүнийг ДЭМБ-аас ч хүлээн зөвшөөрдөггүй. Вакцины дараах дархлаа, өвдсөний дараах дархлаа хэр удаан биднийг хамгаалах вэ гэдэг асуултад өнөөдөр хэн ч бодитой тоо хэлж чадахгүй хэвээр байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч нарын төлөөлөл болон Эрүүл мэндийн сайд хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Эмч нарын төлөөлөл Монголын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагссан юм.

Өчигдөр тэдний төлөөлөлтэй УИХ-ын зарим гишүүн, салбарын сайд С.Энхболд уулзаж шаардлагыг нь сонссон.

Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөлөл болон Эрүүл мэндийн сайд нарын зөвшилцөл үр дүнд хүрч өчигдөр нэмэлт хэлэлцээрт хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Эмч нарын төлөөлөл, Эрүүл мэндийн сайд нар хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан луу өдөр

Аргын тооллын долдугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5:01 цагт мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага халуун буух улирал (5:30 цаг)-т эхэлнэ. Усны хор буух 7 хоног эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 28-30 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Шударга ёсны төлөөх алалдаан” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Ганибал “Засгийн газар хуулиа
мөрдөж ажиллах ёстой” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг II, VI нүүрээс уншаарай.

Дэд хурандаа Д.Базардарь “1976-1990 он
хүртэл Монголын цагдаагийн нүүр толь болсон
02 шуурхай жижүүрийн албанд ажиллаж байлаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр бол сонгуулийн санал
авах зорилгоор зарцуулагдсан гэдгийг баталгаатай хэлье” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Шударга ёсны төлөөх алалдаан” хэмээн өгүүллээ.

Дотоодын визээр Баян-Өлгий,
Говь-Алтай, Орхон, Дундговь гэсэн
аймгуудаар аялаж болно.

“Баримт, үйл явдал” нүүрт “Энэрэл” эмнэлгийн гадаа амиа алдсан
талийгаачийн ах Д.Ганжууржав “Манай
гэр бүлд Монголын эрүүл мэндийн
байгууллага, Засгийн газар үзүүлж
болох бүх доромжлолыг үзүүллээ” гэв.

Монгол Улсын эрүүл мэндийн
ажилтны үйлдвэрчний
эвлэлийн холбооны дэд
даргаЧ.Нарантуяа “Ковидын үед эрүүл
мэндийн салбарынхныг жагсаал
суулт хийтэл нь сөгдүүлж,
сөхрүүлж байгаа өөр улс хаана ч
алга. Энэ бол үнэхээр гутамшиг” хэмээснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны зургадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2021 оны зургадугаар сард 112.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 167,924.18 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Categories
гадаад мэдээ

Сингапур хөл хорио тогтоохгүй гэж үзжээ

Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад коронавирусийн дельта хувилбар ихээр тархаж, хумихын тулд хөл хорио, хязгаарлалтаа чангатгаад байна.

Харин Сингапур улс ямар ч хөл хорио хязгаарлалт ахиж хийхгүй, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, олон хүн цуглахыг хориглохгүй, коронавирусийн тохиолдлоо тоолохгүй гэж мэдэгдлээ. Харин үүнээс өмнө буюу 8-р сарын 9 гэхэд хүн амаа вакцинжуулж дуусгаад коронавирус халдвартай зэрэгцэн амьдрах аж.

Сингапурын худалдааны сайд Ган Ким Ён хэлэхдээ, “Муу мэдээ гэвэл Ковид-19 хэзээ ч алга болохгүй, сайн мэдээ бол түүнтэй бид хамт хэвийн амьдрах боломжтой, бид цар тахлыг томуу, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэт аюул багатай болгон хувиргаж, амьдралаа үргэлжлүүлж чадна” гэв. Сингапурын энэхүү шийдвэр нь бусад улс орнуудад загвар болж, иргэдэд ч таалагдаж буй зоригтой төлөвлөгөө юм хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Харин иргэд хувийн сахилга баттай байж, халдварын эсрэг хамгаалалтаа сайн хийх л үлдлээ гэж Сингапурын удирдлагууд хэллээ.

1. Вакцинжуулалт сайн хийх

2. Шинжилгээний явцаа хурдлуулах

3. Эмчилгээгээ сайн хийх, иргэд гэртээ өөрсдийгөө эмчлэх боломжийг бий болгох гэсэн аргуудыг сайн хийж хэрэгжүүлнэ.