Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Энхбат начны ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулахаар болжээ

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулж, БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Түүнийг эхнэр нь сахиж байгаа юм. Харин удахгүй Э.Энхбат начны ээж болон хүүхүүдийг нь БНСУ руу явуулахаар болжээ.

Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начиныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон 3 хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана.
Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” гэжээ.

11 хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон "POLICE" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлахыг дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Demon Slayer” анимэйшний II улирлын шинэ трэйлер цацагджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Anime Expo”-гийн үеэр Aniplex компаниас алдарт “Demon Slayer: Kimetsu no Yaiba” цувралын II улирлын трэйлерийг цацсан байна.

Анимэйшнийг бүтээгчид энэ улиралд өрнөх шинэ даалгаврыг “Эрэгтэй, эмэгтэй хүний хүсэл тэмүүлэл болон ихэрхүү зан. Хайр болон үзэн ядалтаар эргэлдэж буй шөнийн хот” гэж тодорхойлжээ.

“Demon slayer” буюу “Чөтгөрийн ангууч” нь ийм нэртэй Японы хамгийн сайн борлуулалттай манга цувралаас сэдэвлэсэн бүтээл юм.

Танжиро Камадо хэмээх залуу хүүгийн гэр бүл чөтгөрийн дайралтад өртөн амь үрэгдэнэ. Түүний дүү Незуко чөтгөр болж хувирсан ч, нинжин сэтгэл, сэтгэл хөдлөлийнхөө зарим хэсгээ хадгалж үлдэж чадсанаар Танжиро хараалыг эмчлэх арга замыг эрэлхийлнэ. Өшөөгөө авч эдгэх аргыг хайж байхдаа Танжиро чөтгөрийн ангуучдын бүлэгт элсдэг.

Чөтгөрийн ангууч хоёрдугаар улирлын гол утга санаа тодорхой болоогүй хэдий ч “Demon Slayer the Movie: Mugen Train”-ий үйл явдлаас сэдэвлэхээр болжээ.

Сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой үйл явдлыг фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдээе. Манган дээр гардаг шиг шинэ улиралд Танжиро найзуудын хамт хотын Улаан дэнлүүний гудамж дахь чөтгөрүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мөрдөж буйгаар үйл явдал өрнөнө.

Манганы фенүүд чөтгөрийн ангуучийн трэйлер дээр Тэнгэн Үзүйг гарсанд тун сэтгэл хангалуун байгаа. Тэрээр удахгүй гарах шинэ бүлэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Мөн уг бүтээлийн эхний улирал болон киноны үргэлжлэл анимэйшнийг хийсэн “Ufotable” шинэ улиралд ч эргэн ирж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сард “SEGA” алдарт франчайзид суурилсан 3D тулаант тоглоом болох “Demon Slayer: Kimetsu no Yaiba – The Hinokami Chronicles”-ийн анхны трэйлерийг цацсан билээ.

Чөтгөрийн ангууч анимэйшний хоёрдугаар улирлын нээлтийн тов энэ оны сүүлээр тодорхой болох төлөвтэй байна.

Эх сурвалж: Yolo.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1998 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 9517 сорьцод шинжилгээ хийхэд 1998 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1139 нь Улаанбаатар хотод, орон нутагт 859 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 130452 боллоо.

30-34 насны 295 буюу халдвар авах тохиолдол хамгийн их байна.

Харин 0-4 насны 83, 5-9 насны 125, 10-14 насны 145, 15-17 насны 65 хүүхэд байгаа бол 25-29 насны 220, 35-39 насны 205, 40-44 насны 141, 50-54 насны 107, 55-59 насны 93 байна.

Мөн долоон найман иргэн нас барлаа.

Сүүлийн 24 цагт 2582 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Categories
гадаад мэдээ

Хөрс нурж, 100 гаруй хүн сураггүй болжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Японы Шизүока мужийн Атами хотноо хөрс нурж, дөрвөн хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн сураггүй болжээ. Долдугаар сар гарснаас хойш тус нутагт хэдэн хоног дараалан ширүүн бороо орсон. Үүний улмаас хөрсний нуралт үүсч, 130 орчим орон сууц нурж сүйджээ. Атами нь Токио хотоос 90 км-ийн зайд байрлах агаад аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 23 хүний амийг аварсан талаар орон нутгийн засаг захиргаанаас мэдээлэв. Цэргүүд болон онцгой байдлын ажилчид шавартай хог хаягдлыг шигших зорилгоор гар ажиллагаатай шон, механик ухагч ашиглаж буй юм. Японд долдугаар сард жилийн дунджаас илүү их хур тунадас унах төлөвтэй. Тиймээс тус улсын зарим нутагт хөрсний нуралт үүсэх эрсдэлтэйг орон нутгийн засаг захиргаанаас сэрэмжлүүлээд байна.

Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга “Аль болох олон хүнийг хурдан аврахын тулд чадах бүхнээ хийж байна” хэмээн онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Энэ жил “Жонон хонгор”-ын Л.Агваанжамбал агсны 100 жилийн ой тохиож байна

Энэ жил “Жонон хонгор”-ын Л.Агваанжамбал агсны 100 жилийн ой тохиож буй юм.

Тэрээр 1923 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Ов товын тал хэмээх газар Номт боржигон овогт Халхын их найрагч, ардын билэг зүйч, ерөөлч, магтаалч, дууч Лувсангийн ууган хүү болон мэндэлжээ.

Эцэг Лувсан нь нутаг усандаа алдартай, тал дүүрэн малтай, зэл дүүрэн унагатай нударган баян Лувсан хэмээх хүн байж. Л.Агваанжамбал 1954-1964 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж, улмаар 1990 он хүртэл Хэнтий аймгийн соёлын ордон, “Хан Хэнтий” чуулгад ажиллан уран бүтээлээ туурвиж байв.


Түүний “Жонон хонгор морь минь ээ хө

Жолоо алдам тэлгүүлнэ дээ хө

Жаахан чинийхээ аашинд нь хө

Жаргахаар би чинь тэмүүлнэ дээ хө… хэмээх дуу дөнгөж гараад л олны аманд аялагдаж, одооныхоор бол хит болж байжээ.

Мөн “Дуртмал сайхан” “Баярын магнай” “Түмний минь алдар” “Цэнгэлийн дуу” “Нутгийнхандаа өргөх дуу” зэрэг нийгэм, улс төр, иргэний сэдэвт олон арван шүлэг, дуу зохиож байсны дээр хүлэг морьдоо магтан дуулсан “Жонон хонгор” “Хилэн хар” “Номин цэнхэр” “Дүүлэн хээр”” Үйзэн зээрд” зэрэг монгол түмний танил болсон олон дууг дэлгэрүүлэн зохиож байв.

бб

Хилийн чанадад ч олон улс оронд дуулагдаж, гадаадынхан энэ дууг сурч дуулдаг байсан тухай морины хэмээн алдаршсан УГЖ Ж.Нансалмаа “Монгол тулгатны 100 дуу” нэвтрүүлэгт орохдоо дурссан байдаг. Энэ дуу ардын билэг зүйч, ерөөлч магтаалч Лувсангийн Агваанжамбал, нэрт хөгжмийн зохиолч, УГЗ Лүндэгийн Дашням хоёрын дуудах овог, дуурсах алдар нь болж ард түмний дунд ардын дуу шиг дуулагдсаар байгаа билээ. Л.Агваанжамбал “Жонон хонгор”-оос гадна өөрөө үг, аяыг нь зохиож УГЖ Д.Банзрагчийн дуулсан “Алдрайхан чи минь”, УГЖ Ц.Өлзий-Оршихийн дуулсан “Ханьдаа дуулах дуу”, УГЖ Ж.Нансалмаагийн дуулж амьдруулсан “Хилэн хар”, “Үйзэн зээрд” зэрэг олон арван дуу, ардын урлагийн наадам бүрт тэргүүн байр хүртэж байсан “Галшарын магтаал” тэргүүт магтаалууд зохиосон, Монгол Улсын анхны “Тэргүүний уран сайханч”, МЗЭ-ийн гишүүн, ардын билэг авьяастан байв.

Түүний шавь УГЖ Л.Буянхишигтын багшийнхаа 95 насны ойд нь зориулж бичсэн дурсамжийг толилуулж байна.


001 дугаарын үнэмлэх буюу ардын билэг зүйч Лувсангийн Агваанжамбал

Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Зараа булан гэдэг газар эгэлхэн гэр бүл Лувсангийнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь бидний бүтээл юугаар нь мэдэх авьяас билэгт ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал байсан ажгуу. Агваанжамбалын аав Лувсангийн гэр бүлд бага залуу насандаа амьдарч, цаашдын уран бүтээлийн замаа эхэлсэн хүн бол хожмын Монгол ардын уртын дууны нэрт төлөөлөгч, улсын алдарт гавьяат дуучин Сэсэржаагийн Дамчаа гуай юм. Тэрээр Лувсангийн адууг оторлон малладаг байсан бөгөөд гэрийн эзэнд ихэд үнэлэгддэг байв.

Лувсан гуай “Дамчаа хүүд хоол, унд сайн өгч байгаарай. Энэ их сайн хүү байгаа юм” гэж эхнэртээ захьдаг байсан гэдэг. Ийнхүү хүний сайн талыг олж хардаг, төрсөн тэлсэн хэнд ч гэсэн сайхан сэтгэлээр ханддаг буянтны гэр бүлд төрж өсөхдөө төлөв даруу, ухаалаг авьяастан болж төлөвшсөн Л.Агваанжамбал гуайг би 1957 оноос эхэлж зүс барааг нь харж, дуу хоолойг нь сонсч байсан хүн. 

Манайх Дархан уулын энгэр дэнж дээр гүүгээ барьж зусч, намарждаг байлаа. Айраг цагаа элбэгшиж найр үүсгэхэд Л.Агваанжамбал гуай болон Н.Гэлэгсодов, С.Шаравжамц, Онживын Шарав, Төмөрсүх гээд олон дуучин, хуурчин ах нар дуулж хуурдахыг үзэж, сонсч бас ч үгүй эгч Цогзолмаа бид хоёр “Цомбон туурайтай хүрэн”-ийг дуулдагсан.

Намайг урлагт оруулж, “хорхойтой” болгосон ачтан, анхны багш Н.Гэлэгсодов эрхлэгчтэй улаан булангийн уран сайханч байхдаа Л.Агваанжамбал гуайн зохиосон

“Гоёмсог наран цэцгүүд

Нарыг дагаад ганхдаг шиг

Хосгүй нандин хайрыг минь

Найз чи минь булаалаа”… гэсэн үгтэй, вальс хэмжээтэй хөөрхөн дууг уран сайханч хүүхэд залуус бид бүгдээрээ гадаа гэртгүй аялж, концертонд ч бас дуулцгаадаг байлаа.

Л.Агваанжамбал гуай өөрөө эвлэг сайхан дуулна. Бас аман хуурыг сайхан тоглодог байснаас гадна “Сэрэвгэр хадны зэрэглээ” гэдэг ардын дуугаар хөгжимгүй дан найрал дууг сонсголоороо хийж, уран сайханч бидэнд заагаад концертод дуулуулж байсан нь тэр үеийн сумын улаан буланд дуулсан, улсын хэмжээнд анхны дан найрал дуу ч байж мэдэх юм гэж санадаг.
Тэр дан найрал дуу миний сонирхол, ажил, амьдралын чигийг заасан бүтээл байж дээ. Үүний учир Л.Агваанжамбал гуай бол миний уран бүтээл, урлагийн анхны багш юм даа. Багш маань 1952 онд Улаанбаатар хотын VIII хорооны клубт жүжигчин, дараа нь Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумын улаан булан, клубт эрхлэгч, сүүлд 1980 оны эцсээс Хэнтий аймгийн ахмадын хорооны дэргэдэх “Эгшиглэн” хамтлагт ажилласнаар урлаг, утга зохиолд бүхий л амьдралаа зориулсан авьяастан, эгэлгүй уран бүтээлч билээ.

1960-аад оны дунд үед “Жонон хонгор” дууны шүлгийг зохиож, аймгийн соёлын ордны найрал дууны багш, намайг дууны мэргэжлийн урлагт хөтөлсөн ачтан, урлагийн гавьяат зүтгэлтэн Лүндэгийн Дашням түүнд нь аялгуу хийснийг УАДБЧ-ын дуучин гавьяат жүжигчин, морины хэмээх Ж.Нансалмаа дуулж улс орон даяар түгсэн юм. Уг дуу дэлхийн сонорт хүрч Өвөрмонголын радиогоор “Монгол ардын дуу” хэмээн зарлагдаж байсныг би сонсч л байсан. Энэ бол үнэхээр ардын дуу болж жаран, зууныг дамжин үлдэхийн дохио буй заа” хэмээжээ.

Ийнхүү Л.Агваанжамбалын “Гал шарын магтаал”-ыг хүргэж байна.


Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай

Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай
Элбэг Хээрийн гайхам хурдыг дуурайсан
Идэр Хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан сольбуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага гал шард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг гал шард л байдаг юм
Зээ Гал Шарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Хулан тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг
Зээ Гал Шарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хууль бүрэн эхээрээ

УИХ-аас баталсан Өршөөлийн хуулийг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулж байна. Энэ удаагийн Өршөөлийн хууль нь долоо дахь удаагийнх бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Өршөөл үзүүлэх хууль тогтоомж
2.1.Өршөөл үзүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:
3.1.1. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;3.1.2. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
3.1.3. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.
3.2.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ
4 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх
4.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
5 дугаар зүйл.Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох
5.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.
5.2.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.5.3.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.
6 дугаар зүйл.Ялаас өршөөн хасах
6.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.6.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/, Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах /Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/, Хууль бусаар үр хөндөх /Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эд хөрөнгө устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах /Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах /Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах /Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/, Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах /Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.6.3.Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
6.4.Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.
6.5.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.
7 дугаар зүйл.Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих
7.1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.
7.3.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хоёр жилийг хасаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.
8 дугаар зүйл.Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох
8.1.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө.
8.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.
8.3.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ӨРШӨӨЛД ХАМААРУУЛАХГҮЙ НӨХЦӨЛ
9 дүгээр зүйл.Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл
9.1. 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Дархлалын олдмол хомсдолын өвчин халдаах /Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2, 114.3 дахь хэсэг/, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах /Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэг/, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх /Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл/, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйл/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 дэх хэсэг/, Банкны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл/, Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1561 дүгээр зүйл/, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 1562 дугаар зүйл/, Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох /Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйл/, Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл/, Аудитын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйл/, Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах /Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйл/, Татвар төлөхөөс зайлсхийх /Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйл/, Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох /Эрүүгийн хуулийн 1662 дугаар зүйл/, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 1663 дугаар зүйл/, Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл/, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3 дахь хэсэг/, Албан тушаалын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг/, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.9.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн барьцаалах /Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/, Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл/, Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл/, Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах /Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэг/, Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйл/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэг/, Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх /Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйл/, Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах /Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйл/, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших /Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл/, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах /Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших /Эрүүгийн хуулийн 20.9 дүгээр зүйл/, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах /Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл/, Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях /Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/, Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах /Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйл/, Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг/, Мөрийтэй тоглоом зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах /Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл /, Худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/, Худал орчуулах, хэлмэрчлэх /Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйл/, Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах /Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл/, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйл/, Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх /Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйл/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх /Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх /Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйл/, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах /Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл/, Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйл/, Оргон зайлах /Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйл/, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих /Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйл/, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах /Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйл/, Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/, Байгаль орчныг бохирдуулах /Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйл/, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох /Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл/, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл/, Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйл/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/, Байгалийн тэнцэл алдагдуулах /Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйл/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах /Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл/, Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх /Эрүүгийн хуулийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг/, Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах /Эрүүгийн хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Агаарын хөлгийг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 27.8 дугаар зүйл/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших /Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйл/, Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэг/ үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.9.3.Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
10 дугаар зүйл.Өршөөлд хамааруулахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээ
10.1.Зөрчлийн тухай хуульд заасан Хууль бусаар зэвсэг эзэмших /Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл/, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйл/, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйл/, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл/, Хог хаягдлын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл/, Тамхины хяналтын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйл/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйл/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйл/, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл/, Хүүхдийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл/, Бэлгийн дарамт учруулах /Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйл/, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Долдугаар бүлэг/, Газрын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл/, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл/, Патентийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл/, Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл/, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйл/, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 9.8 дугаар зүйл/, Зар сурталчилгааны тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл/, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл/, Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах /Зөрчлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйл/, Өрсөлдөөний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл/, Компанийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйл/, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 7 дахь хэсэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 10.23 дугаар зүйл/, Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах /Зөрчлийн тухай хуулийн 10.28 дугаар зүйл/, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил /Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг/, Цөмийн энергийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйл/, Авто замын тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйл/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйл/, Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйл/, Сонгуулийн хуулийг зөрчих /Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл/ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.
10.2.Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХОХИРОЛ, ХОР УРШГИЙГ БАРАГДУУЛАХ, НӨХӨН ТӨЛӨХ, ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ
11 дүгээр зүйл.Хохирол барагдуулах, нөхөн төлөх
11.1.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
11.2.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
11.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу зөрчлийн шийтгэлээс өршөөн чөлөөлсөн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, зөрчлийн үр дагаврыг арилгах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хүн, хуулийн этгээд холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ, ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
12 дугаар зүйл.Хууль хэрэглэх журам
12.1.Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.
12.2.Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, энэ хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байна.
12.3.Энэ хуулийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоосон байна.
12.4.Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.
12.5.Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана.
12.6.Энэ хуулийн 4.2, 6.5-д заасны дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.
12.7.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.
12.8.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.
12.9.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд прокурор, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
12.10.Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.
12.11.Хүн, хуулийн этгээд зөрчлийн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан бол зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.
12.12.Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.
12.13.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хасахад түүний энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг баримталж, энэ хуулийн 7.3-т заасны дагуу эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход энэ хуулийн 12.12-т заасан өршөөлд хамааруулах зохицуулалт хамаарахгүй.
12.14.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.
12.15.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий албан тушаалтан гаргана.
12.16.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаргана.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
13.1.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн хуулийн онцлох заалтууд

Хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хүн бүрд хамаатай, хөдөлмөрийн харилцааны үед эрх ашгаа хамгаалахын тулд заавал судлах учиртай Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталлаа.

Өмнөх Парламентын үед буюу 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсад 1930-аас 1999 оныг хүртэл тухайн цаг үе, нийгэм, эдийн засгийн байдалд уялдуулан Хөдөлмөрийн тухай хуульд долоон удаа өөрчлөлт оруулж иржээ. Одоо хэрэгжиж буй 1999 оны Хөдөлмөрийн хууль эрх зүйн чадамжаа алдаагүй ч хөдөлмөрийн харилцаатай холбоотой хуулиараа шийдэгдэх боломжгүй олон хэрэг маргаан шүүхэд шилжиж байгаа нь хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсны гэрч юм.

Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 1.2 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах уг хуулийг баталжээ. Төслийг хэлэлцэх үед ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагуудтай зөвшилцөл, өргөн хэмжээний хэлэлцүүлгүүд өрнүүлж, тэднээс гаргасан саналуудын төсөлд тусгажээ. Ингэснээр хуульд хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, гэрийн үйлчлэгч, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх нийгэм, эдийн засгийн шаардлагаар гарч ирсэн шинэ харилцаануудыг хуульчилсан байна. Ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаа дахь эрх, үүргийг тэнцвэржүүлэх нь уг хуулийн бас нэг чухал үзэл санаа болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон билээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Үндсэн хуулиар олгосон ажил хөдөлмөр эрхлэх язгуур эрхээ хангуулах Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон болон зарим онцлог заалтуудаас хүргэж байна.

АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮН БОЛОН АЖИЛТНААС МӨНГӨ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛ АВАХЫГ ХОРИГЛОНО

  • Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох

Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд /ажилд зуучлагч/ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно.

  • Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно.
  • Ажил олгогч нь ажлын байранд дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ.
  • Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
  • Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно.
  • Ажилтны болон хувь хүний нууцыг задруулахгүй байх;
  • Зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх;

Шинэ заалтууд:

  • Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.
  • Гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй.
  • Ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол ажилтан энэ тухай ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй.
  • Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх бол түүнд олгох цалин хөлсийг ажилтантай урьдчилан тохиролцоно.
  • Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.

УУЛ УУРХАЙД АЖИЛЛАГСАД 14 ХОНОГ АЖИЛЛАЖ, 14 ХОНОГ АМАРНА

1999 оны одоо хэрэгжиж буй хуульд уртын ээлж буй ялангуяа уул уурхайн салбарт ажиллах хугацаа 21 хоногоос илүүгүй, амрах хоног 10-аас доошгүй байна гэж зохицуулж байсан бол Шинэ хуульд ажиллах, амрах хугацааг тус бүр 14 хоног болгон заасан. Гэхдээ орон нутгийн жижиг уурхайн онцлогоос хамаарч 7 хоног ажиллавал 7, 10 хоног ажиллавал 10 хоног амраана гэсэн зохицуулалт оруулж ирсэн хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодотгов.

  • Жасаа эхлэх болон дуусахад ажил олгогч дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцно. Энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.

ЭЭЛЖИЙН ҮНДСЭН АМРАЛТЫН ХУГАЦАА АЖЛЫН 15 ӨДӨР БАЙНА

  • Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандагдорж, Д.Сарангэрэл нар ээлжийн амралтын хугацааг хатуу тогтоож, ажлын 20 хоног болгох санал гаргасныг төсөлд тусгаад байв. Нэгдсэн чуулганы хуралдааны үеэр энэ заалтыг унагааж, “Ээлжийн үндсэн амралтын хугацааг ажлын 15 өдөр болгон, ажилласан жилээр нь нэмэгдэл амралтын өдрийг тооцдог” хуулийн хуучин зохицуулалтыг хэвээр үлдээв.

  • Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна.

Шинэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэний /ХБИ/ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд дорвитой өөрчлөлт оржээ. Тухайлбал, “Одоогийн хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нийт ажилчдын 4 хувьтай тэнцэх тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээдэг боловч хэрэгжилт хангалтгүй байв. Тиймээс 2022 оноос хэрэгжих шинэ хуульд хэрэв хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй ажил олгогч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх болно. Дэд санд төвлөрсөн хөрөнгийг ХБИ-ийг ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тодотгон тайлбарлав.

  • ХБИ-ийг асардаг хүнийг гэрээсээ буюу зайнаас ажиллах боломжоор хангана.

ҮНДСЭН ЦАЛИНГ 3 САР ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР 20 ХУВИАР БУУРУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙГ ХАСАВ

Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээг зөрчсөн ажилтанд доор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг 3 үе шаттайгаар ногдуулна.

Одоогийн хуульд:

1-рт, сануулах
2-рт, Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
3-рт, ажлаас чөлөөлөх заалт бий.

Шинэ хуульд:

1-рт, хаалттай сануулах
2-рт, нээлттэй сануулах
3-рт, Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэл Та ажил хийж эхэлсэн мөчөөс хэрэгжиж зохицуулаллтай. Ажил олгогч ажилтан хоёр аль болох зөвшилцөж Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба гэрээг энэ хуульд зааснаас дордуулахгүй. Харин үүнийг илүү сайжруулсан нэмэлт зохицуулалтыг оруулж болох юм байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д 28 хүнтэй сураггүй алга болсон нисэх онгоцны хэсэг олджээ

Өчигдөр өглөө эрт ОХУ-ын Камчаткын хязгаарт 28 хүн тээвэрлэж явсан АН-26 нисэх онгоц сураггүй алга болсон юм.

Уг онгоцны сэг хүрэх ёстой газраасаа 5 км зайд Агнуурын тэнгисийн эргээс олдсон тухай орон нутгийн аврах алба мэдээлжээ. Онгоцонд 22 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн явсан юм. Тэднээс ганц ч хүн амьд үлдээгүй байна.
АН-26 онгоц Камчаткын хязгаарын төв Петропавловск-Камчатский хотоос Палана тосгоны чиглэлд хөөрөөд холбоо тасарсан юм.
Сүйрсэн онгоц нь “Камчатское Авиапредприятие” компанийн өмч бөгөөд 1982 оноос хойш агаарын тээвэрт ашиглагдаж байгаа ажээ. Хуучирсан хэдий ч онгоцны техникийн нөхцөл байдал сайн байсныг тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Храбров мэдээлсэн байна.
Амиа алдсан зорчигчдын ихэнх нь 3,000 орчим хүн амьдардаг Палана тосгоны оршин суугчид байжээ. Тэдний дотор орон нутгийн захиргааны дөрвөн албан хаагч байсан гэнэ.
2012 онд “Камчатское Авиапредприятие” компанийн АН-28 онгоц мөн Петропавловск Камчатский хотоос Палана тосгоны чиглэлд нисэж яваад уул мөргөж осолдсон юм.
Тухайн үед онгоцонд зорчиж явсан 14 хүний 10 нь амиа алдаж байжээ. Сүүлд хийсэн шинжилгээгээр уг онгоцны амиа алдсан хоёр нисгэгчийн цуснаас спирт илэрч байв.

Plane with 28 on board crashes into the sea off Russia after disappearing  from the radar | My Blog

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаанаар улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 36 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Замын-Үүдийн дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилт/
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Тамирчид, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна танилцуулах дөрвөн асуудал байна. Үүнд,
Улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өнөөгийн өрийн талаар,
Засгийн газрын өнөөгийн өрийн байдлын талаар,
Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах аж.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК,” Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулах юм байна.