Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

Японд Улсад ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн Олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.

-Цар тахлын энэ хүнд үед хүн төрөлхтний олимпийн их наадмыг Япон Улс зохион байгуулж байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон. 57 жилийн дараа Токиод хотод дахин олимп болж байна. Цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлэх болон түүхэн талаасаа хүндэтгэл үзүүлэх нь чухал байсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцжээ. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, мөн Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

-Олимпын наадамд оролцсон баг тамирчдаа дэмжиж уулзсан. Тамирчид маань олимпын гурван медаль аваад байгаад их баяртай байна. Эзэн хаантай уулзах үеэр болон олимпын нээлтийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнтэй уулзаж дипломат харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарсан. Энэчлэн олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо гэж Ерөнхий сайд дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх, эдийн засгийн төслүүдийн талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, “10 аймгийн төвийн дулааны станц барих” зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Маргааш манай таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 30-нд манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага эхэлнэ. Тус төрөлд нийт 44 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр Ц.Анударь 287 оноогоор 29, О.Гүндэгмаа 283 оноогоор 38 дугаар байрт жагсаж буй. (UBS, SBN, VTV)

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жингийн эхний шатанд Ө.Дүүрэнбаяр зодоглоно. Тэрээр дэвжээний зургаа дахь барилдааныг 2018 оны ДАШТ-ий тавдугаар байрны шагналт Узбекистаны Бекмурод Олтибоевтой хийнэ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2008, 2012 оны олимпын хошой хүрэл медальт, 2009, 2010, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерландын Хенк Грол хүлээж байна.

Ө.Дүүрэнбаяр нь 2018 оны дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальтай. (EDU, STAR, TV9)

18:10. Усан спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд М.Дэлгэрхүү өрсөлдөнө. Тэрээр Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни ба Херцеговин, Армени болон Олимпын багийн тамирчидтай уралдана. (C1, ETV, TV5)

18:32. Усан спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд Б.Энххүслэн өрсөлдөнө. Тэрээр Гана, Антигуа ба Барбуда, Камерун, Сент Льюс, Замби, Фижи, Пакистан улсын тамирчидтай уралдана. (C1, ETV, TV5)

Categories
амьдралын-өнгө мэдээ

Толбо нуурын эргээс 20 орчим тонн хог хаягдлыг ачиж зайлуулжээ

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 40 орчим километр зайд орших Толбо нуур нь тус аймгийн иргэд болон дотоодын аялагчид олноор ирж амардаг гол газруудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд нуурын эрэгт очиж амардаг хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр эзэнгүй хог хаягдал тулгамдсан асуудлын нэг болж байгааг Толбо сумын Засаг даргын орлогч Т.Досымбек хэлэв.

“Сумын ЗДТГ-аас холбогдох санхүүжилтийг гаргаж 6 удаа ЗИЛ-130 машинаар, 1 удаа чиргүүлтэй КАМАЗ машинаар амралтын газрууд болон хогийн цэгүүдэд байгаа 20 орчим тонн хогийг ачиж зайлуулсан. Гэхдээ хүн хүч, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа асуудал байна. Тухайн газарт сард дунджаар 3-4 мянга орчим хүн ирж амардаг гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн 3 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг. Цаашид амралтын газруудтай гэрээ байгуулж ойр орчмын хогийг цэвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн хогийн цэгүүдийг нэмж байгуулах, амрагчдаас тодорхой хэмжээний хураамж авч, тэр мөнгөөр цэвэрлэгээний асуудлыг шийдэхээр хууль, эрх зүйн үндэслэлийг нь судалж байна. Уг асуудлыг өнөө маргаашдаа хэлэлцэж шийднэ. Хог хаягдлыг цэвэрлэх нь дан ганц сумын захиргааны асуудал биш. Ард иргэд ч ухамсартай байж, байгаль орчноо хайрлан хамгаалах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг тэрээр онцлов.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Унгарын дэмжлэгтэйгээр Бат, Атилла хаадын тухай кино бүтээж буйд баяртай байна

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.29) бараалхлаа.

Хоёр улсын парламент дахь парламентын бүлгийн дарга нар өнгөрсөн зургадугаар сард цахим уулзалт хийсэн бол өнөөдөр биечлэн танилцах боломж гарч буйг УИХ-ын дарга онцлон дурдав.

Үргэлжлүүлэн тэрбээр “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Дэлхийн даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгохын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү сорилтыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье” гэлээ.

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа нь бүх талын хамтын ажиллагааны тогтвортой суурь болдгийг дурдав. Талуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Унгар Улсын зүгээс онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлээд Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн талаар онцоллоо. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм.

Г.Занданшатар: Унгарын дэмжлэгтэйгээр Бат, Атилла хаадын тухай кино бүтээж буйд баяртай байна

Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээрх дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг ноён Петер Сияяарто хэлж байв.

Цар тахлын нөхцөл байдал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог бүрэн шалгаж байгаа тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзэж, Унгар Улс амьсгалын аппаратыг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Түүнчлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаар амны хаалт үйлдвэрлэж, агаарын тээврийн салбараа бэхжүүлэхэд анхаарсан бол ирэх жилээс вакцин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн холбогдох судалгаа хийж, бэлтгэл ханган ажиллаж байгааг талаар мэдээлэл өгсөн.

skip-share

Цар тахлыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье

Ийнхүү тодорхой төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээрээ тусламж хэрэгтэй бусад улс оронд туслалцаа үзүүлэх боломжтой болж, Монгол Улсаас ирсэн хүсэлтийн дагуу эдгээр амьсгалын аппаратуудыг өгч байгаа юм. Монгол Улсад вакцинжуулалт өндөр хувьтай байгаа, тиймээс цар тахлын халдвараас хамгаалах сэргийлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхдээ таатай байна гээд эдгээр тоног төхөөрөмж нь олон монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаална гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх нь цар тахлын эрсдэлээс сэргийлэх гол хүчин зүйлүүдийн нэг гэдэгтэй санал нэг байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд Унгар Улсад оршин суугаа манай иргэд вакцинд хамрагдах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй харилцаа нь хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс чухалчлан анхаарч, бүх талаар дэмжин ажиллах болно гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл юм. Монголын олон зуун залуус Унгар Улсад суралцан мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааны гүүр болж байна. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэй гэдэгтэй Та санал нэг байгаа байх. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн найдаж байна” гэлээ.

Мөн хоёр улсын улс төрийн харилцаа бэхжиж, соёл, боловсролын чиглэлээрх хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг Г.Занданшатар дарга дурдлаа. Хоёр орны соёл болон кино урлагийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг онцлоод “Энэ чиглэлээр дэлхийд өөрийн гэсэн орон зайг бий болгосон Унгарын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна. Унгарын талын дэмжлэгтэйгээр Бат болон Атилла хаадын тухай кино бүтээж буйд баяртай байна” гээд хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Япон Улсын буцалтгүй тусламжаар 132.210 тун “файзер” вакцин хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улс 132.210 тун “файзер” /БиоНТех BNT162 вакциныг долдугаар сарын 28-ны өдөр хүлээн авчээ.

Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан. Вакцинд хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулахаас гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулах юм.

“КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Эрхүү, Буриадыг холбосон төмөр замын хоёр дахь туннелийг нээв

ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Байгал нурууг дамнан Оросын Эрхүү муж болон Буриад улсыг холбосон хоёр дахь туннелиэр дамжин өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд цахимаар оролцов. Уг нүхэн гарц байгуулах ажлыг Байгал-Амур, Сибирийг дамнасан төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх төслийн хүрээнд 2014 онд эхлүүлсэн юм. Тодруулбал, ажилчид геологийн хүнд хэцүү сорилтыг туулж, сар бүр 300 метрийг барьсаар нийт 6.682 метрийн урттай, 300 метрийн өндөртэй шинэ туннелийг барьжээ.

Оросын төмөр замын гүйцэтгэх захирал Олег Белозеров “Бүх систем бэлэн. Таны зөвшөөрлийг хүлээж байна” гэхэд Путин зөвшөөрөл өгснөөр галт тэрэг хөдөлсөн юм. Галт тэрэг туннелийн баруун захаас орж, 10 минут орчмын дараа зүүн гарцаар гарч ирэхэд ёслолд оролцогчид алга ташин баяр хүргэсэн байна.

1985 онд баригдсан хуучин нүхэн гарц нь Байгал-Амурын төмөр замын гол дамжин өнгөрөх гарцуудын нэг байв. Шинэ туннель нь хуучнаасаа 35 метрийн зайд байрлах бөгөөд ийнхүү төмөр замын хөдөлгөөн хоёр зам дээр төвлөрөхөөр болжээ. Шинэ гарц нээгдсэнээр жилд 13.2-32.4 сая тонн ачааг нэвтрүүлэх хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлнэ хэмээн тооцож байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах түр журам батлагджээ. Энэ дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, жолооч нарыг Цогтцэций суманд тусгаарласны дараа татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх зөрчил гарч байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Жолооч нарыг татан авахаас гадна хулгайн нүүрсний тээврийн жолооч нар суурьшлын бүсэд нэвтрэх зөрчил гарч байна. Иймд түр журмын дагуу жолооч нарыг түр хугацаанд татна. Энэ хугацаанд өндөр үнэ хэлж, нааш тээвэр хийхгүй байхыг анхаараарай. Зорчсон тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн бүртгэлтэй, 14 хоног тусгаарлалтад орсон жолооч нар ачилт болон экспортод гарах учир хулгайн замаар өндөр зардлаар ирж эрсдэл үүрэхгүй байхыг онцгой анхааруулъя” гэж санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос цахим уулзалт хийв

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хоригложээ. Энэ шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ асуудлаараа Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийхдээ Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах асуудлыг Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж “Мидлинг” буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр аж ахуйн нэгж үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй. Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг судалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг “Мидлинг” баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас саналаа хэлэв. Уг түлшний талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Түмэнбаяр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг “Мидлинг” буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түлж буй “Мидлинг” түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө.

Холбогдох талуудын дээрх мэдээллүүдтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулт, саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Уур үйлдвэрлэгчдийн холбооноос тавьсан хүсэлттэй холбогдуулж бүх талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах талаар байр сууриа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас шатахуун импортолсон ч үнийн зөрүү гарахгүй

Энэ сарын эхээр шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн цаашид дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа талаар шатахуун импортлогч ААН-үүд мэдэгдээд байгаа. Учир нь шатахуун импортлогч ААН-үүд нэг сарын хугацаанд 30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа юм. Иймд АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ,

“ Манай улс 07, 08 дугаар сард ОХУ-аас АИ 95 автобиензин авч, нөөц бүрдүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс бид нөөц бүрдүүлэхээр БНХАУ-ын Чайна Ойл компанитай хэлэлцээр хийж, хамтарч ажиллахаар болж байна. Улсын хэмжээнд АИ 95, АИ92, АИ98, дизель түлшний 30-аад хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд нөөц байгаа учраас шатахууны тасалдал үүсэхгүй. Үүсэж болзошгүй хомсдлыг БНХАУ-аас татан нөхөхөөр хэлэлцэж байгаа.

Манай улсын хувьд жилд 60 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн БНХАУ-аас авдаг. БНХАУ-аас авах газрын тос ОХУ-аас авах газрын тосны үнээс зөрүү бараг байхгүй. Хамгийн гол нь бид нөөцийг тасалдуулахгүй байхыг зорьж ажиллаж байна.

Мөн сүүлд орж ирсэн газрын тос 733 ам.доллар болж өссөн. Энэ нь өмнөх авснаасаа 38 ам.доллараар өссөн үнэ юм. Шатахуун импортлогч аж ахуйн нэгж, холбоодоос ажил хаях, цуглаан хийх талаар мэдэгдэл ирүүлээгүй ” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ирэх сард их хэмжээний бороо орж, сарын сүүлээр зарим нутагт цочир хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэлээс ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.

Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур их орж, голууд үерлэлээ. Ирэх сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?

-Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадасны хувьд дээрх дурдсан бүс нутгаар бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр хур тунадас ахиу байхаар төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Тэгвэл хур тунадас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч мэдээг боловсруулдаг вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30–70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.

Энэ сард хур тунадас нэлээдгүй орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэж иргэд олноор амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдсэн. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний бороо орох магадлалтай юу?

-Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/секунд хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид иргэдэд юуг анхааруулах вэ?

-Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас их орохоор төлөв ажиглагдсан. Мөн гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байгаа.

Тиймээс монгол орны гол мөрний усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их байх ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч голын ай саваар зорчих болон байрлах айлууд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй.

ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 20-120 СМ НЭМЭГДЭНЭ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн мэргэжилтэн инженер О.Бямбагэрэл:

Долдугаар сарын 26-27-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангайн нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдсэн. Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улс, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байгаа юм. Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймд дээрх дурдсан голуудын ай сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуй нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.