Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дулааны IV цахилгаан станцад гарсан гэмтлийг засахаар ажиллаж байна

Өнөөдөр 15:30 цагийн үед Улаанбаатар хот даяар мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг хэд хэдэн аймагт цахилгаан тасраад байна.

Цахилгаан тасарсан шалтгаан болон хэзээ хэвийн болох талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах болон Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн лавлах утаснууд хариу өгөхгүй байгаа бөгөөд цахилгаан тасарсны улмаас замын гэрлэн дохио ажиллахгүй болоод байна.

Цахилгаан тасарсан шалтгааныг Эрчим хүчний яамнаас тодруулахад “Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсан. Гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Юун түрүүнд нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, тусгаарлах байрны цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэжээ.

Цахилгаан станц дээр асуудал гараагүй. Урьдчилсан байдлаар 203, 204 дүгээр шугам дээр аваар гарсан гэж үзэж байна. Шалгалтын баг ирэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн хоногт 0-17 насны 418 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 1998-аар нэмэгдсэн.

Шинээр халдвар авсан иргэдийг насны бүлгээр нь харвал 30-34 насныхан хамгийн их өвчилжээ.
Түүнчлэн 0-17 насны 418 хүүхэд халдвар авсан байна.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд,
  • 0-4 насны 83 хүүхэд
  • 5-9 насны 125 хүүхэд
  • 10-14 насны 145 хүүхэд
  • 15-17 насны 65 хүүхэд коронавирусийн халдварт өртсөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймаг PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авна

Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жилийн улсын баяр наадмыг хойшлуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Улмаар аймгуудын наадам ч мөн хойшлохоор болсон юм.

Тэгвэл зарим аймаг наадам, ой тэмдэглэхээр баталсан төсвөө цар тахлын эсрэг зарцуулахаар болсон байна. Тордуулбал, Өмнөговь аймаг наадмын төсвөө PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахад зарцуулахаар болжээ.

Энэ тухай тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Эмч нарын тавьж байгаа шаардлагын дагуу цалинг хоёр дахин нэмэх боломжгүй” гэв

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой эсэх сэтгүүлдийн асуултад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хариулт өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэг удаагийн урамшуулал олгох асуудлыг төсвийн тодотголд тусгасан. Тодруулбал, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилтанд тус бүр 2 сая төгрөг, бусад эрүүл мэндийн ажилтнуудад тус бүр 1 сая төгрөгийн урамшуулах олгох асуудлыг УИХ-д өргөн барьсан. Чуулганаар хэлэлцэгдээд явж байгаа.
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМД-ын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цалингаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой.
Эмч нарын тавьж байгаа шаардлагын дагуу цалинг хоёр дахин нэмэх боломж 2021 оны улсын төсөвт байхгүй. Яг энэ шаардлагаар бол улсын төсөвт 1.1 их наяд төгрөг хэрэгтэй болно.
Эрүүл мэндийн сайд, бусад холбогдох байгууллагууд суулт зарлаж байгаа эмч нартай хамтран ажиллах талаар уулзсан. Эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар ажиллана. 2021 оны төсөвт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ эмнэлгүүдийн удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулаад цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд явах боломжтой гэдгээ зарласан” хэмээн хариуллаа.
Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсруулахыг Засгийн газарт даалгасан. Энэхүү хууль нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуулиуд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал бий болгож байна. Хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх, Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субъектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Хуулиудын төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. Монгол Улсын Төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Яамдаас ирүүлсэн саналыг тусгахдаа хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, тогтвортой, тасралтгүй залгамж чанартай байх зарчмыг баримталсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 52 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулиудын төслийг бэлтгэсэн байна.

Ц.Нямдорж сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг төсвийн хүрээний мэдэгдэлтэй мөн нийцүүлэх шаардлагатай талаар санал хэлсэн. Гишүүдийн тодруулсан асуултын дагуу өгсөн мэдээлэлдээ, Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд намрын чуулганаар Улсын Их Хуралд төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ хүрээнд эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан болон цахим бодлогыг хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагуудын асуудлыг тусган, шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг хариултын Ц.Нямдорж сайд өгсөн.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүний 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, П.Анужин, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Г.Ганболд, Т.Доржханд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг нар төслийг хамтран өргөн мэдүүлжээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах үүрэг бүхий “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 тоот захирамжаар байгуулж, улмаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар тогтоолыг баталсан юм.

Иймд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, үүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарим өөрчлөлтийг тусгасан гэв. “Нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа тус хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар зохицуулсан байна.

“Төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулжээ.

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар төсөлд тусгасан байна.

“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн гэлээ. Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгохоор нэмж тусгасан гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болох хууль зүйн үндэслэлийг тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах бөгөөд тус Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байх. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд нь эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; үндэсний болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцэл; хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх; чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэхээр тусгасан гэв.

Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагыг өөрчлөн найруулж төсөлд тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалыг холбогдох хуулиудад тусгах, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлыг тодорхойлж, хуулийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Мөн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх жишиг туршлагыг судлах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулдаг мэргэжлийн хамт олон байх, түүнийг зайлшгүй хэрэгжүүлэх механизмийг бий болгох чиглэлд ажиллах нь чухал гэдэг байр суурийг хэлж байсан.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.

Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: 2021 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж, төрийн аудитын байгууллагын тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) цахим хуралдаан 09 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

No description available.

Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлтэйгөө үнэ тарифаа тохирсон бол хуулийн хүрээнд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа.

Мөн ажлын хэсгийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь өгч байна гэсэн нэмэлт тайлбарыг хийв.


Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулахаар тогтсон.

Тайлант хугацааны аудитын дүнд нийт 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн

Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Төрийн аудитын байгууллага 2020 оныхоо үндсэн зорилтыг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” гэж тодорхойлоод Төрийн аудитын байгууллагад 30 гаруй хуулиар аудит хийх чиг үүргийг хариуцуулсан бөгөөд хуулийн шинэчлэлийн дагуу тайлант хугацаанд 20 гаруй дүрэм журмыг шинэчлэн боловсруулж баталснаас аудитын үйл ажиллагаатай холбоотой 12 журам, зааврыг мөрдөж байгааг дурдлаа.

Төрийн аудитын байгууллага 2020 онд 4141 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ. Тайлант хугацааны аудитын дүнд нийт 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн бол түүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг шалгалтын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн тусалсан гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцолсон.


Түүнчлэн нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлэн үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өгсөн. Төрийн хяналтыг гүйцэтгэх явцад илэрсэн нийт илрүүлэлтийг бүлэглэн авч үзвэл 58.1 хувь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбогдож байгаа бол улс, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэй холбоотой зөрчил 19.2 хувь, харин дотоод хяналтын тогтолцоо сул, хяналтгүй байдалтай холбогдох 8.1 хувь, хууль тогтоомжийн хэрэгжилт илтэд хангалтгүй байгаа асуудал 9.2 хувийг тус тус эзэлж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.

Төрийн аудитын байгууллагаас хэрэгжүүлэх стратегийн зорилт, улс, нийгэмд учирсан цаг үеийн тулгамдсан нөхцөл байдал, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх аудитынхаа үр нөлөөг чухалчлан 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх” жил болгож үндсэн чиглэлээ тодорхойлсон гэж байлаа.

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хэлсэн үгэндээ, УИХ-аас “Албан хаагчдын ажлын байрны сургалт, чадавхжуулахад анхаарах талаар чиглэл өгсөн”-ийг Үндэсний аудитын газар сайн хэрэгжүүлж, төв болон орон нутагт ажиллаж байгаа бүх албан хаагчдаа цахимаар сургах системийг нэвтрүүлж, кридет олгодог болсон зэрэг төрийн чадамжийг нэмэгдүүлэх сайн жишээ тогтоож ажиллажээ гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, 2020 онд төрийн аудитын байгууллагаас 1934 төлбөрийн акт тогтоосноос биелэлт нь 85 хувьтай, 3300 албан шаардлага хүргүүлснээс биелэлт нь 75 хувьтай, 9890 зөвлөмж хүргүүлснээс хэрэгжилт нь 93 хувьтай байгааг тодотгоод Улсын Их Хурал, Авлигатай тэмцэх газар, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэсэн дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчид 2020 оны зөвлөмжийг 100 хувийн биелэлтэй хэрэгжүүлсэн гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр, төрийн аудитын байгууллагаас актын хэрэгжилтийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг дээд шатны төсвийн захирагчид хүргүүлдэг болсноор биелэлтийн үзүүлэлт жил ирэх тусам сайжирч байгааг тодотгож байлаа.

Харин Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, хуулийн байгууллагад шилжүүлсэн асуудалд нийтдээ 560 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан гэдгийг тодотгоод аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад онцгойлон анхааран ажиллаж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай;
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Аймгууд цаашид дур мэдэн хөл хорио тогтоохгүй

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Аймгууд дур мэдэн хилээ хааж шийдвэр гаргахгүй. Цаашид ЗГ УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ.13 аймгийн 101 сумын хязгаарлалтын дэглэм дуусч байгаа, хязгаарлалтыг дахин сунгахгүй. Хязгаарлалттай аймгууд хугацаа нь дуустал дэглэмээ сахина.

Мөн экспортын боомтууд дээр одоо мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтоох аж.

Өчигдрийн байдлаар нийт 20 аймагт халдварын 30299 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор 18 аймгийн 196 сум, 6 тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэмтэй байгаа ба 13 аймгийн 101 суманд тогтоосон дэглэмийн хугацаа долдугаар сарын 09-нд дуусна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

З.Боргилмаа: Сэтгүүлчдийн биед халдсан асуудалд цагдаагийн байгууллага буруугаа хүлээхгүй байна

Өнгөрсөн тавдугаар сард Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах үед үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид цагдаагийн хөлд үрэгдэн газар унасан тохиолдол гарсан. Энэ явдлын дараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хууль зүй дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт гомдол, шаардлага хүргүүлжээ.

Энэ шаардлагын хариуд цагдаагийн байгууллагаас сэтгүүлч өөрөө унаад, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн, цагдаагийн байгууллага сэтгүүлчдийн ажилд саад хийгээгүй, эсрэгээрээ сэтгүүлчид цагдаагийнхны ажилд саад болсон гэх хариу явуулсан байна. Энэ маргааны явцын талаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа:“Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон түүнээс хоёр хоногийн өмнө болон дараа нь болсон үйл явдлуудын талаар бид шаардлага гаргаж ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга зэрэг хууль хүчний байгууллагын удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн.

Тэр шаардлага нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд цагдаа хүчний байгууллагын алба хаагчид саад учруулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болсон. Нөгөө талаас сэтгүүлчдийн биед, эрүүл мэндэд халдсан үйл явдал боллоо. Үүнд холбогдох буруутай хүмүүсийг олж тогтоох, буруу зөвийг ялгах, энэ үйлдэлдээ цагдаагийн удирдлагууд хариулт өгөхийг шаардсан утгатай албан шаардлагуудыг бид гаргаж нийгэмд мэдээлсэн.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө улс төр халсан хүнд нөхцөл байлаа. Парламентын сөрөг хүчин талбайд өлсгөлөн зарлаж байсан. Нөгөө талаар хөл хорионы нөхцөл байсан учраас иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал, иргэд мэдээллийн сувгаар мэдээлэл авч байсан. Өлсгөлөн зарлаж байсан үйл явдлыг сурвалжлахаар талбай руу нэвтрэх гэсэн сэтгүүлчдэд цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад улмаар хүч хэрэглэж түлхэж унагаасан. Энэ үйл явдлын хохирогч болсон сэтгүүлч нь NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр. Д.Уламбаярыг түлхүүлж унаснаас хэд хоногийн дараа талбай дээрх үйл явдлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд хүч хэрэглэж, Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нар мөн унасан.

Нэгдүгээрт, ямар үйл явдлыг сурвалжлах, сурвалжлахгүйг шийдсэн цензур тавьсан үйл явдал. Үүнийг хүчний байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, ямар шаардлага тавьсан бай сэтгүүлчийн биед халдах, түлхэгдэх, цохигдох, унах зүй бус үйлдэл байж болохгүй. Энэ асуудалд буруутай хүмүүст нь хариуцлага тооцож өгнө үү гэсэн шаардлага хүргэсэн.

Бид эхний шаардлагаа ЦЕГ-ын дарга Ж.Болдод тавдугаар сарын 6-ны өдөр хаяглаж хүргүүлэхэд тавдугаар сарын 8-ны өдөр буцаж бичгээр хариу ирж “Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй, бид цагдаагийн албаны тухайн хуульд /олон зүйл заалт дурдан/ зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Харин цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан” гэсэн үнэлгээ дүгнэлт, байр суурь бүхий бичиг ирсэн.

Цагдаагийн албаны хуульд хэрэг зөрчил тарьсан үймээн самуун дэгдээсэн, зорчих хөдөлгөөн хязгаарласан, согтуу байсан, эрэн сурвалжлагдсан гэх мэт үйлдлүүдэд цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах ёстой гэсэн заалтууд байна. Сэтгүүлчид ямар нэгэн хэрэг зөрчил хийгээгүй, үймээн самуун үүсгээгүй, согтуурч мансуураагүй, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй, мэргэжлийн ажлаа хийгээд, иргэдэд мэдээлэл хүргэх гээд явж байсан.

Гэтэл яагаад гэмт хэрэгтэн шиг харьцаж, сэтгүүлчдийн биед халдаж байгаа вэ гэдэг үндэслэлээр бид дахиад хариу албан бичгээ явуулсан. Хариуд нь цагдаагийн албаны тухай хуулийн олон зүйл заалтыг хасаад 23 дугаар зүйлийг хэрэгжүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Мөн сэтгүүлчдийг алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зөрчих, биелүүлэхээс зайлсхийх, халдвар хамгааллын журам зөрчин, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан, цагдаагийн алба хаагчийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн заавал орно хэмээн дайрч цагдаагийн алба хаагчийн ажилд саад учруулсан гэж буцаагаад биднийг буруутгасан.

NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр унасан асуудлаараа иргэний хувиар гомдол гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн дотоод хяналт шалгалтын байгууллага ажиллаж, шалгалт хийж байна гэж Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хаягласан албан бичигтээ дурдсан байсан.

Мөн энэ ажлын хариуг сэтгүүлч Д.Уламбаярт өөрт нь хаягласан албан бичигтээ бичсэн байсан. Энэ албан бичигт цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүсэж, түлхэлцэх үед таны газарт унасан нь иргэдэд сэтгүүлчийн биед халдсан гэх ойлголтыг төрүүлжээ гэсэн. Үүнээс сэтгүүлч өөрөө унасан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн гэсэн дүгнэлтийг цагдаа хийсэн байна.

Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа, Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нарын биед хөхрөлт, зулгаралт зэрэг зөндөө сорви биед нь үүссэн байсан. Энэ хоёр сэтгүүлчийн биед халдсан асуудлыг шалгахад шаардлагатай байгаа сэтгүүлчдийн унах үеийн дүрс бичлэг хийсэн телевиз сайтуудын бичлэгийн хуулбарыг ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн. Нотлох баримтаа өөрсдөө цуглуулахгүй, ажлаа амарчилж биднээр нотлох баримтаа бүрдүүлэхийг хүссэн. Үүнд бид хариу өгөөгүй. Шалгалт явуулж байгаа цагдаа, хуулийн байгууллагын ур чадварын асуудал. Ингээд энэ асуудлыг шалгах явцдаа ямар дүрс бичлэг үзсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан эвлүүлэг байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед олон сайт телевиз шууд дамжуулалт хийж байсан учраас эвлүүлэг хийх боломжгүй.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг гайхаж байна. Илэрхий цагдаагийнхны хөлд үрэгдээд унасан байхад өөрсдөө унасан гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Буруугаа хүлээхгүй байна. Хүчний байгууллагын үйлчлэл байхгүйгээр өөрөө унасан гэсэн дүгнэлт гаргаж байна. Мөн шууд дамжуулалтыг эвлүүлэг гэж байгааг ойлгохгүй байна.” гэлээ.