Categories
мэдээ спорт

ЗГ: ​Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно


“Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай” тогтоолын төслийг баталлаа.
Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн болон Шатрын их мастерын болзол хангасан тамирчид, дасгалжуулагч нарт нэг удаа нийт 104 сая төгрөг олгоно.
2013-2020 онд Олимп, паралимпын наадмаас гурван алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алт, 22 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн 58 тамирчинд 11 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал, 2015-2020 онд 4,411 тамирчин, дасгалжуулагчид долоон тэрбум гаруй төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал олгожээ. Мөн Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй 43 тамирчинд урамшуулал олгоход шаардагдах 230 орчим сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг сайд А.Ариунзаяад зөвшөөрөв. Мөнгөн шагнал, урамшуулал нь тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, спортоор хичээллэх, амжилт гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Товч мэдээ
– Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.
– Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 144 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1448, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 58 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 68, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 100, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, эрүүлжүүлэх байранд хоносон 144, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралданаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.
Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:
– Экспорт, импорт нэмэгдэнэ;
– Үйлдвэрүүд хөгжинө;
– Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;
– Шууд ажлын байр бий болно;
– Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;
– Аялал жуулчлал хөгжинө;
– Тэргүүний техник, технологи нутагшина;
– Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;
– Худалдааг хөнгөвчилнө;
– Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна.
Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах ангийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал болох Хангарди одонгоор шагналаа.

Хангарди одонг өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тус ангийн дайчин туганд зүүж өглөө.

Нийслэлийн Аврах анги анх 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулагдаж өдгөө 52 дахь жилдээ нийслэлийн иргэдийн аюулгүй тайван амьдралын баталгаа болж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Байгуулагдсанаас хойш алба хаагчид нь 115.202 хүний амь, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн маань ард иргэдээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Та бүхнээрээ бахархаж байна. Онцгой байдлын албанд өргөсөн тангарагтаа үнэнч, зориг баатарлаг Та бүхэндээ авран хамгаалах ариун буянтай үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцас

“ТОКИО-2020” олимпийн тамирчдын ёслолын спорт хувцас бэлэн болсныг Биеийн тамир, спортын улсын хорооноос цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа.

Олимпийн баг, тамирчдын хувцсыг Мишел Амазонка хариуцан үйлдвэрлэж буй юм. Биеийн тамирын хослолын:

  • Үндсэн материал– 80 хувь нелон, 20 хувь ликра
  • Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтаар 1мм цоолборуудтай.
  • Цахилгаан- 100 хувь Японы YKK үйлдвэр.
  • Лого– Резинен логоны наалтыг ОУ-н олимпын стандартын дагуу 30см2 дотор
  • Далбаа– Хатгамалтаар ОУ-н олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтааж хийсэн.
  • Өнгөний уусгалт– даавуун хэвлэлийн машинаар хийж халуун прессээр буулгасан
  • Пүүз– КВТ6215 төрлийн меш материалаар хослолын өнгөтэй ижил цагаан өнгөөр хийсэн. Nike стандартын ултай тул хөлд эвтэйхэн, маш хөнгөн
  • Оймс- 100 хувь хөвөн даавуун материалаар богино түрүүтэй нэхсэн.

ТОКИО-2020: САЛХИНЫ ХАМГААЛАЛТТАЙ ЦАМЦ

  • ҮНДСЭН МАТЕРИАЛ: Полиэстр, микрофайбер материалаар өнгө будуулж захиалгаар хийлгэсэн. Салхинаас хамгаалах зориулалттай, нимгэн материалтай.
  • ЦАХИЛГААН: 100 хувь Японы YKK үйлдвэр.
  • ЛОГО: Резинен логоны наалтыг олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-н олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • МАЛГАЙ: Үндсэн их биеийг цагаан өнгийн полиэстр материалаар, арын хэсгийг торон материалаар хийсэн. Улаан болон хөх өнгийн эмжээртэй.

ТОКИО-2020: ПОЛО БОЛОН ШОРТНЫ ХОСЛОЛ

  • ПОЛО ЦАМЦ: 91 хувь хөвөн даавуу, 9 хувь полиэстр
  • ЛОГО: Резинен логоны наалтыг олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • ДАЛБАА: Хатгамалтаар олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • ШОРТ: 80 хувь нейлон, 20 хувь ликра материалын хольцтой. Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн.

ГАР, БИЕИЙН АЛЧУУР: 140 x 70см ба 85 x 50см хэмжээтэй цагаан өнгийн, ус шингээлт сайтай, хамгамал болон эмжээртэй.

ТОКИО-2020: ӨДӨР ТУТМЫН СПОРТ ХОСЛОЛ

  • ҮНДСЭН МАТЕРИАЛ: 80 хувь нелон, 20 хувь ликра
  • Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтын 1мм цоолборуудтай.
  • ЦАХИЛГААН: 100 хувь Японы YKK үйлдвэр.

  • ЛОГО: Резинен логоны наалтыг олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • ДАЛБАА: Хатгамалтаар олимпийн стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
  • МАЛГАЙ: Их биеийг цагаан өнгийн хөвөн даавуун материалаар, арын хэсэг торон материалаар хийгдсэн. “Mongolia” хатгамал хөх өнгөтэй.
  • ОЙМС: 100 хувьхөвөн даавуун материалаар нэхэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийт 33 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, долоон компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болжээ

Үүнд, хоёр компанид үнэт цаасны бүртгэлд нь болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн гурван компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, хоёр компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх, гурван компанид банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор тус тус шийдвэрлэлээ. Мөн нэр бүхий гурван компанид банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгох, хаалттай өрийн бичгийг нь бүртгэхээр шийдвэрлэв.

Хуралдаанаар мөн дөрвөн хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, долоон компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, дөрвөн иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тог тасарснаас гэрлэн дохио ажиллахгүй 45 уулзварт 68 алба хаагч биет зохицуулалт хийж байна

Нийслэлийн ихэнх хэсэгт цахилгаан тасарч, авто замын гэрлэн дохионууд ажиллахгүй байгаа.

Энэ үед Тээврийн цагдаагийн албанаас ямар зохицуулалт хийж байгаа талаар “Нийслэлийн 45 уулзвар, цэгт 68 алба хаагч биет зохицуулалт хийж байна.
Замын хөдөлгөөний дүрэмд заасын дагуу баруун гар талаас ирж байгаа машинд зам тавьж өгөх үүрэгтэй. Адил замын уулзвараар хөдөлгөөнд оролцож байгаа учраас дүрэмд заасны дагуу зам тээврийн ослоос сэргийлж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүрэг 9-р хороо, Шувуун Фабрик орчмын ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх болсон талаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, НИТХ-аас баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас доор дурдсан суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгдэж байна.

Хан-Уул дүүрэг 9-р хороо, Шувуун Фабрик (Ламын энгэр) байршилд талийгаач нь байгаа иргэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье. Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (Далан давхар)-ын оршуулгын газарт байрлах нийтийн суваргад залах юм.

Холбоо барих: 72100101

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 08 цаг 44 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21-2-т “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 108 дугаар зүйлийн 108.1-т “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилуулах тухай Улсын Их Хуралд ирүүлсэн саналаа тус газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулав.

No description available.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэснийг баримтлан тус шаардлагуудыг хангаж буй Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилох саналыг танилцууллаа. Нэр дэвшигч нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2021.07.06) Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан бөгөөд энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Улсын Их Хурал 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор сонсгол хийж томилдог байхаар хуульчилсан юм. Тус газрын даргаас 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд олон нийтэд мэдээлж, холбогдох санал хүсэлтийг авчээ. “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг бол 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байх шийдвэрлэжээ. Нэр дэвшигч Гаваасүрэнгийн Азжаргал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэх талаар иргэд, олон нийтэд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүдийг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах зорилгоор 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан байна. Сонсголд Улсын Их Хурлын гишүүн А.Адьшаа, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Ц.Сандар-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар оролцжээ. Мөн “Жин И Жао” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболд, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежер Т.Амарзаяа, “Буйр нуурь” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, “МН 25 дугаар суваг” телевизийн тоймч Э.Дөлгөөн нар оролцогчоор, “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын дэд захирал Э.Мөнхжаргал ажиглагчаар оролцсон байна. Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 4 цаг 20 минутын турш шууд дамжуулж, иргэд олон нийтэд томилгооны сонсголыг хүргэсэн болохыг дурдав. Энэ удаагийн томилгооны сонсгол нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, иргэдийн дуу хоолойг хүргэх шинэ алхам болсон төдийгүй тухайн нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах, нэр дэвшигчийг санал болгож буй байгууллага нь гагцхүү хуулийн шаардлага хангасан мэдлэг, мэргэжил, ур чадвартай хүнийг нэр дэвшүүлэн, Улсын Их Хурлын болон олон нийтийн шүүлтүүрээр оруулах үүдийг нээсэн ач холбогдолтой гэж дүгнэж байгаагаа танилцууллаа.

Байнгын хорооны даргын болон Тэргүүн комиссарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар албан тушаалд нэр дэвшигчдийн талаарх томилгооны сонсголыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж, энэ төрлийн үйл ажиллагааг тогтмолжуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч авлигатай тэмцэх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бөгөөд энэ нь Улсын Их Хурлын энэ чиглэлийн бодлоготой нийцэж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэж байлаа. Анх удаа Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор, Улсын Их Хурлаас зохион байгуулсан анхны томилгооны сонсголоор зургаан жилийн хугацаатай томилогдох дэд даргыг хэлэлцсэн. Улс төрийн ямар нэг албан тушаалтны оролцоогүй, мэргэжлийн удирдлагын томилгоо болж буйгаараа нэн онцлогтой гэдгийг онцолж байлаа. Байнгын хорооны гишүүд газрын наймаа, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэх, байгалийн баялаг дагасан асар их хөрөнгө, мөнгийг төсвөөс гадуур зарцуулдаг, энэ нь Улсын Их Хурал, Засгийн газрын хяналтад ордоггүй төрийн өмчит компаниудыг шалгах, Монгол Улсаас эх үүсвэртэй оффшор бүс дэх хөрөнгийн асуудлыг шалгах, шийдвэрлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлд онцгой санаачилгатай ажиллахыг сануулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү Авлигатай тэмцэх газрын даргаас тус газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцээд, эл саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн тул “Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг С.Бямбацогт дарга танилцуулсан юм. Энэхүү тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахаар шийдвэрлэв.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. Монгол Улсад ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, төрийн институтийн хяналт-тэнцлийг хангах, эрх мэдэл хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж, харилцан тэнцвэрт байдлыг хадгалахад шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг чухалчлан баталгаажуулсан гэдгийг дурдав. Улсын Дээд шүүхийг шүүх засаглалын дээд байгууллага хэмээн Үндсэн хуульд заасан байдгийг мөн тэмдэглэлээ. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолд хууль тогтоох, гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаал “ТӨ 4” дүгээр зэрэг зиндаанд хамаарч, харин шүүхийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаал нэг шат доогуур “ТӨ 5” зэрэг зиндаанд хамаарч байгаа гэв. “ТӨ 5” хэмээх энэхүү зэрэг зиндаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн ажлын алба болох Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаал хамаарахаас гадна адилтгах бусад буюу аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дэд дарга зэрэг албан тушаал хамаарч байх бөгөөд Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй албан тушаалуудтай нэг зэрэг зиндаанд хамааруулсан байгааг хэллээ. Иймд төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах үүднээс Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг “ТӨ 4” зэрэг зиндаанд хамааруулах, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг “ТӨ 5” зэрэг зиндаанд хамааруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын захиргааны албан тушаалын ангилалд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг нэмж тусгах саналыг танилцуулав.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга болон Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалын зэрэг зиндааны талаарх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 76.5 хувь нь, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг холбогдох тогтоолд нэмүүлэх талаарх Үндсэн хуулийн цэцийн саналыг тусгасан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 82.4 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулсан. Төрийн албаны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарна хэмээн заасан. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” цалин хөлс нь бүрдэхээр заасан байдаг байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Өмнө нь гурван удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоож байсан гэлээ. Танилцуулж буй тогтоолын төслийг баталснаар 2021 оны төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг дурдсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахаар боллоо.

Дараа нь “Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат танилцуулав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын байгууллагад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор эл чиг үүргийг хэрэгжүүлж буй прокуроруудын ажлын ачаалал нэмэгдсэн талаарх тоон мэдээллийг танилцуулж байлаа. Ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тогтоолгохоор шаардлагатай гэв. Улсын Их Хурлын 1996 оны 58 дугаар тогтоолоор прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох шийдвэрийг гаргаж байсан бөгөөд 25 жилийн турш энэ шийдвэрт өөрчлөлт оруулаагүй гэдгийг танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийн талаарх саналын талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлүүлэхээр шийдвэрлүүлэхээр танилцууллаа. Улсын Их Хурлын тогтоолын энэхүү төсөл батлагдсанаар төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг мөн дурсан.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 70.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж олгов

Нийслэлийн ИТХ дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнөөдөр дүүргүүдийн зарим эрүүл мэндийн байгууллагад хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат, цэр соруулах аппарат зэрэг нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг НИТХ дахь найман эмэгтэй төлөөлөгч хувийн зүгээс олгосон байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж олгох үеэрээ тус зөвлөлийн дарга Б.Мягмар “Коронавируст цар тахал ахмад настан, өрх толгойлсон иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд гэх мэт нас харгалзахгүй хүндээр тусаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилчид маань мөн адил асар их ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Мөн тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс Нийслэлийн ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчид бид дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллага, Засаг дарга нартай зөвшилцөөд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон цэр соруулах аппаратыг хувиасаа зардал гарган олгож байгаа юм” гэлээ.

Өнөөдөр олгосон энэхүү тоног төхөөрөмж болох амьсгалын аппарат нь хоёр хүнд зэрэг залган амьсгал дэмжих зориулалттай. Харин цэр соруулах аппаратын хувьд амьсгалын дутмагшилд орсон хүмүүсийн амьсгалын замыг богино хугацаанд чөлөөлөх амин чухал тоног төхөөрөмж юм. Энэ үеэр эмэгтэй төлөөлөгчид аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг эрүүл мэндийн байгууллагаа дэмжин ажиллаж, цар тахлыг хамтын хүчээр даван туулахыг уриалсан юм.