Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14.264 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14.264 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 6384, тусгаарлан ажиглах 20 байранд 380 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3590 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 24 цэгт 39 багийн 281 эмч, ажилтан ажиллаж, 3417 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн 12-17 насныхны вакцинжуулалтыг түр хугацаагаар зогсоож байна

Эрүүл мэндийн яамнаас “Файзер Бион” Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн түр хугаацаагаар зогсоож байгааг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

12-15 насны 36314 хүүхэд вакцины I тундаа хамрагдлаа


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 4522, II тунд 2658, нийт 7180 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Энэ өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2975, 16-17 насны 797 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.045.567 иргэн I тунд, 902.405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2895 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36314 (35.8 хувь), 16-17 насны 19295 (56.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Нарантуяа: Ковидын үед эрүүл мэндийн салбарынхныг жагсаал суулт хийтэл нь сөгдүүлж, сөхрүүлж байгаа өөр улс хаана ч алга. Энэ бол үнэхээр гутамшиг

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж төв талбайд жагсаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.


Эмч ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж суулт зарласан байна. Та бүхэн үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн гэв үү?

-Бид өнгөрсөн сарын 28-ны өдөр гурван хоногийн хугацаатай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч, хариу ирүүлээгүй. Улмаар энэ сарын 2-ноос эхлэн эмч ажилчид халуун нар, хүйтэн бороонд суултаа үргэлжлүүлж байна. Ерөөс төр засгийн нүд нь боолттой, чих нь бөглөөтэй байгааг харлаа. Зөвхөн эрүүл мэндийн салбарынхныг тоохгүй байгаа бус, Монголын 3.3 сая иргэдийн эрх ашгийг үл тоомсорлож байна гэсэн үг шүү дээ. Цар тахал дэгдсэнээс хойш жил гаруй хугацаанд эмч ажилчид маань хайртай гэр бүл орхиод, өөрсдийн амь насыг умартан цурам хийлгүй галын шугамд ажиллалаа. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбарын 3000 гаруй ажилчид ковидоор өвчилсөн байна. Түрүүч нь амь насаа харамсалтайгаар алдсан талаарх мэдээлэл ч бий. Бидний мэдэж буйгаар 31 настай залуухан эмч ковидоор өвчилж, одоо ухаангүй хэвтэж байгаа. Төр засаг эрүүл мэндийн салбарынхандаа яагаад анхаарал хандуулахгүй байгаа шалтгааныг үнэндээ гайхаж байна. Ковидын шалтгаант нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, амиа алдсан иргэдийн тоо 700 руу дөхжээ. Ковидын өвчлөл зөвхөн Улаанбаатар хотод эрхчимтэй тархаж байсан бол, одоо улсын хэмжээнд тарчихлаа. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол өсөж, нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна шүү дээ. Тэгтэл эрх баригчид нь яагаад чимээгүй суугаад байна вэ. Ядахдаа эмч ажилчдынхаа өгсөн шаардлагад хариу хэлж болно шүү дээ. Сүүлдээ хариу ирэхгүй болохоор нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой биечлэн уулзах санал тавьсан ч, хариу алга. Ерөөс биднийг үл тоомсорлож байна л даа..

Голомтот бүсэд ажиллаж байгаа эмч нарт урамшуулал олгох талаар мэдээлэл бий. Энэ нь чухам юу болсон юм бэ?

-Улаан, ногоон бүсээр нь ангилж салбарынхныг ялгаварлан гадуурхах маягаар 1-2 сая төгрөгийн урамшуулал олгох тухай ярьсан. Гал унтраах байдлаар хандсан энэ хандлагыг манайхан хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь ийм хүнд хэцүү нөхцөлд заавал шахуулж, шаардуулах шаардлагагүй шүү дээ. Ерөөс тансаглалд гар таталгүй мөнгө зарцуулах дуртай мөртлөө, эрүүл мэндийн салбарыг орхигдуулдаг жишиг байна. Тэр Баяр наадамд 10 тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл байсан. Наадмыг цуцалсны дараа уяачдын морь болгонд таван сая төгрөг өгнө гэсэн мэдээлэл ч гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбарынхныг малаас дор тавьж болохгүй биз дээ. Дэлхийн түвшинд үнэлэгдэх мэргэжлийг эзэмшсэн, тэр хэмжээнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндийн манаанд зогсож байгаа хүмүүс шүү дээ. Бид дэлхийн хэмжээний цалин хөлс хүсээгүй. Эрүүл мэндийн салбарынхан сард 630 мянган төгрөгөөр цалинждаг. Манай улсын дундаж цалин 1.390.000 төгрөг байгаа, тэр түвшинд л хүргэх санал тавьсан. Улсын төсөвт танаж, хэмнэж, тэвчиж болох зардлууд байгаа. Ялангуяа, барилга байгууламжийн ажлыг тэвчиж болно шүү дээ.

Бусад улс орон цар тахлын үед эмч ажилчдыг хэрхэн дэмжиж байна вэ. Энэ талаарх мэдээлэл танд бий юу?

-Ер нь манайхаас бусад улс орнуудад эрүүл мэндийн салбарынхандаа анхаарч байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүх эмнэлэгт ор дэлгэсэн учраас улаан бүсэд ажиллах хүн хүч дутагдаж байна. Тэгтэл төр засгаас дорвитой шийдвэр гаргаад арга хэмжээ авч чадахгүй хэвээр. Уг нь эрүүл мэндийн салбарт төсвийн тодотголоор 700 тэрбум төгрөг тавьсан гээд байгаа. Түүний 45 тэрбумийг нь тоног төхөөрөмж болон бусад зардлуудад хэрэглэнэ гэсэн яриа бий. Тэгэхээр дээрх мөнгийг хэмнэж цалингийн сан руугаа оруулах боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Одоогийн байдлаар яамнаас тооцооллынхоо мэдээллийг өгөхгүй л байна. Үнэхээр эрүүл мэндийн салбарынхныг харж үзье, хайртай дуртай гэж байгаа бол яагаад хэрэггүй зардлыг тэвчиж болохгүй гэж. Их эмч нар хэчнээн жил суралцаж нарийн мэргэшил олж авахад зарцуулав, яг түүнд нь таарсан цалин олгож байна уу гэвэл, үгүй. Эмч нар нь 630 мянган төгрөгийн цалинтай гэхээр түүнээс доош, асрагчид 400 мянган төгрөгийг сард хоёр хувааж авч байна.

Суултаа хэдий хүртэл үргэлжлүүлэх вэ?

-Өнөөдөр жижүүрээсээ буугаад гэртээ очиж амрах ёстой байсан ч төр засгаасаа гуйгаад суух хэмжээнд хүргэж байна. Эрүүл мэндийн салбарынхныг жагсаал суулт хийтэл нь сөгдүүлж, сөхрүүлж байгаа нь үнэхээр гутамшиг. Манайхан үндсэн цалинг хоёр дахин нэмэхээс нааш тэмцэл хөдөлгөөнийг дуусгахгүй, тууштай явна. Өнөөдрөөс эхлээд /өчигдөр/ талбай дээр хононо. Хэрэв асуудал маргааш шийдэгдэхгүй бол ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Одоогийн байдлаар 20 мянга гаруй эмч ажилчид гарын үсгээ зурсан байна. Хүнээ боддог бусад улс эмч ажилчдыгаа жагсаал цуглаандаа тултал, цөхөртөл нь явуулаагүй байна л даа. Тэгтэл манайд эсрэгээр гуйлгуулж, тэмцүүлээд байна гэдэг чинь асуудалтайг илтгэнэ. Одоо эмнэлгийн ажилчид маань цөхөрчихжээ. Бараг эхнээсээ Солонгос гарч ажиллавал л амьдралаа дээшлүүлэх юм байна гэж ярьж байна. Хил гааль нээгдээгүй болохоор яалт ч үгүй цалингаа нэмүүлэхийн төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэхийг хичээж байна.

Боловсон хүчний бодлого манай улсад дутагдаж байгаа нь анзаарагддаг?

-Тийм ээ. Ямар сайндаа манай нэг эмч “Үнэхээр цалин хүрэлцэхгүй болохоор нь ажлаасаа гараад бизнес хийгээд явж байна” гээд ярих жишээтэй. Тэгж хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж байгаа юм. Боловсон хүчний бодлого бүр алдагдсан. Хүний нөөцийн хомстолд орж байна. Тэгэхээр бид зөвхөн өөрсдийн төлөө бус ирээдүй хойчийнхоо төлөө энэ тэмцлийг хийж байгаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Pfizer вакцины дөрөв дэх ээлжийн 30.420 тун вакцин Монгол Улсад буулаа

Pfizer – Comirnaty вакцины дөрөв дэх ээлжийн 30.420 тун вакцин МИАТ-ын нислэгээр өчигдөр Монгол Улсад буулаа.

85.410 тун вакциныг 6-р сарын 30-нд

85.410 тун вакциныг 6 сарын 23-нд

84.240 тун вакциныг 6-р сарын 16-нд тус бүр хүлээн авсан
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер – Comirnaty вакцины 285.300 тунг ийнхүү хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Цар тахал бүх л салбарт дарамт үзүүлж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт илүү нөлөөлж, ачааллаа дийлэхээ байлаа. Энэ салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, төв талбайд суулт хийгээд хэд хонолоо. Гэтэл эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх бус нэг удаа урамшуулал өгнө гэж байгаа нь аргацаасан шийдвэр үү. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Эмч нарын цалин хангамжийн асуудал дээр би байр сууриа анхнаас нь маш тодорхой илэрхийлж ирсэн. Энх цагийн дайны үед өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулаад, тэргүүн фронтод маш хүнд нөхцөлд ажиллаж, ачааны хүндийг үүрч байгаа энэ хүмүүст ядаж илүү цагийн нэмэгдлийг нь цаг тухайд нь бүрэн гүйцэд олгоод явсан бол байдал иймдээ тулахгүй л байсан байх. Өнгөрсөн хугацаад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна төрийн алба хаагчид 21 аймаг, 330 суманд Онцгой комиссын шийдвэрээр дайчлагдан ажилласан. Тэдний зарим нь өнөөдрийг хүртэл урамшууллаа аваагүй, Засаг дарга нар нь өрөнд орчихсон байдалтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1-т “нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалингийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж заачихсан. Харин 53.1-т илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгоно” гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд бүр тодорхой заасан байна. Тус хуулийн 30.1-т “Олон улсын хөл хорио, өвчний голомтод ажилласан бол мөн дайчилгаагаар ажиллавал цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Төр хуулиа мөрдөж, эдгээр хуулийн заалтыг хэрэгжүүлэх л ёстой.

Нөгөөтэйгүүр, хэн ч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушгийг илүүд үзнэ шүү дээ. Та бидний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийг маш багаар үнэлдэг нь үнэн, одоо дорвитойхон нэмэх цаг болсон гэдэгтэй санал нийлж байгаа. Яг ийм цар тахлын үед иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүлээн авах эмнэлгүүд нь хүрэлцээ муутай, хүн хүч ч дутмаг байгааг бид харлаа. Тэгэхээр цаашид эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ковидын хуулийг сунгасан. Энэ хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ. Хуулийн ач холбогдол нь яг юу юм бэ?

-Цар тахлын тархалт эрчимжиж, хоногт нас барж буй хүний тоо ч 10-аас буухгүй болсон тул хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжсэн. Иргэд ойр ойрхон хөл хорионд орж, ажил орлого нь тасалдсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч хязгаарлагдаж байгаа энэ цаг үед зээл болон түүний хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулж, тог, дулааны үнийг тэглэж, хөнгөлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь Засгийн газар цар тахалтай тэмцэх арга барилаа илүү оновчтой тодорхойлж, зөв зохион байгуулж, зарцуулж буй хөрөнгөө үр ашигтай хуваарилах шаардлагатай байна. Засгийн газар ковидын эсрэг бэлтгэл ажилд эхлээд 5.1 их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдсэн. Үүний зарцуулалт, үр дүнг тайлагнаагүй байж, 10 их наядын хөтөлбөрийг зарласан. Үнэн хэрэгтээ 800 тэрбум төгрөг л хангалттай байсан. Жишээлбэл, 21 аймагт 300 ортой эмнэлэг, Улаанбаатарт 10 эмнэлэг барихад нийт 500 гаруй тэрбум төгрөг болно. 200 орчим тэрбум төгрөгөөр хамгийн үнэтэй pfizer вакцин худалдан авах боломж байсан. 100 амьсгалын аппарат худалдаж авахад 37 тэрбум төгрөг шаардлагатай. Эдгээр бэлтгэл ажлыг хангаагүйгээс нөхцөл байдал улам хүндэрч байгааг би өмнө нь ч хэлж, шаардаж байсан. Хамгийн түрүүнд түргэвчилсэн болон PCR оношлогоог төр урьдын адил үнэ төлбөргүй хийх шаардлагатай байна. Хэдий шинж тэмдэг илэрсэн ч 30-100 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэх боломжгүй иргэд өчнөөн бий. Тэд шинжилгээгээ өгөхгүй явсаар хүндрүүлж байна. Нөгөө талаар өөрсдөө сайн дураар хувийн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсвэл эмийн сангаас нэг удаагийн оношлуур авч шинжилсэн иргэдийг гэртээ өөрсдийгөө эмчил гээд зөнд нь хаяж байна. Энэ бүхэнд Засгийн газар шуурхай маневрлаж, арга хэмжээ аваад явах хэрэгтэй.

-УИХ-аар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байх үед та автомашины торгуулиа төлөөд, бусдыг мөн төлөхийг уриалж байсан. Тэгэхээр та Өршөөлийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байсан гэж ойлгогдож байна…

-Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөлд авто машины торгуулийг нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан, ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд өөрийн болон гэр бүлийн хүний эзэмшдэг авто машины торгуулийг төлж барагдуулсан. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн тухайн хэлэлцэж байгаа асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй бол чуулганд оролцохгүй байх үүрэгтэй. Тиймээс би ашиг сонирхлын зөрчилгүй болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн алба хаагчдыг ч бас торгуулиа төлөхийг уриалсан. Хоёрдугаарт, энэ заалтын үзэл санааг дэмжээгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах дүрмээ мөрдсөн хүмүүсээ урамшуулахын оронд эсрэгээр нь дүрэм зөрчсөн хүмүүсийг торгуулиас чөлөөлж байгаа нь маш буруу жишиг л дээ. Тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмыг зөрчсөн хүмүүсийн торгуулийг тэглэхийн оронд тэр мөнгийг иргэддээ үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд мөн өмнө хэлсэнчлэн шинжилгээний зардалд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн зарим этгээдийн ялыг өөрчлөх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. “Ковид-19” вирус нь хорих анги, цагаачдыг саатуулах төв, сэтгэцийн эмнэлэг, асрамжийн газарт тархаж эхэлсэн бөгөөд эмзэг бүлгийн болон эрх нь хязгаарлагдсан иргэдийн дунд хурдацтай тархаж, улмаар нийт тархалтын явцыг хурдасгах өндөр эрсдэлтэй байгааг НҮБ-аас анхааруулсан. Манай улсын ихэнх шорон ачаалал хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг тул хорих ял эдэлж байгаа ахмад настан, эмэгтэй, нялх хүүхэдтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ялтнуудын ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөх замаар хорих ангиудын ачааллыг бууруулж, нягтралыг багасган, эрсдэлт бүлгийн ялтнуудын эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан. УИХ-аар хэлэлцэн баталсан Өршөөлийн тухай хуульд бидний санаачилсан энэ хуулийн үзэл санаа тодорхой хэмжээгээр тусгалаа олсонд баяртай байгаа.

-Ядуурлын түвшин, эдийн засгийн уналтын талаар аль ч намын гишүүд ярихаа байжээ. Эрх баригч нам өөрсдөдөө шүүмжлэлтэй хандахгүй юм аа гэхэд үүнд танай нам яагаад дуугарахгүй байна вэ?

-Бид тодорхой асуудлуудаар цаг тухайд нь дуугарч, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, Сүхбаатар

аймгийн Бичигтийн боомтоор газрын тос экспортолдог “Петрочайна Дачин тамсаг” компани өдөрт 450.0 сая төгрөг, “Цайрт минераль” ХХК өдөрт 170.0 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлдэг. Хөл хорионы улмаас эдгээр ААН-ээс орж ирэх татварын орлого тодорхой хэмжээгээр тасалдсан. Хоёр хоногт л 150 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний орлогыг ганцхан боомтоос алдаж байлаа. Тиймээс томоохон боомтуудад ажиллаж байгаа төрийн алба хаагчид, тээвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон нутгийн иргэдийг нэн тэргүүнд дархлаажуулж, ногоон бүс болгох хэрэгтэй гэж би Засгийн газарт удаа дараалан сануулсан. Энэ мэтчилэн шуурхай маневрлаж, эдийн засгаа унагаахгүй байх тал дээр Засгийн газарт хангалтгүй ажилласан. Сүүлийн хоёр Засгийн газар бол урьд өмнө байгаагүй маш их эрх мэдэлтэй, бас олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж авч, их хэмжээний мөнгө захиран зарцуулж байгаа шүү дээ. Ядуурлын түвшинг бууруулах хамгийн зөв арга зам нь халамж биш тогтвортой ажлын байр. Засгийн газар 10 их наядаас 3 их наядыг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл болгож өгнө гэсэн ч энэ асуудал эхний хэдэн компанид зээл олгоод зогсонги байдалд орчихоод байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө зээл авсан компаниудын зээлийн хүүг багасгах асуудлыг орхигдуулсан. Тэд нь дараагийн зээлд хамрагдаж чадна гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр нэгэнт бий болгосон ажлын байруудыг хамгаалах тал дээр дутмаг болчихож байгаа юм. Үр дүнд нь ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдэж байна.

-Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр зохин байгуулах шийдвэр гаргасан ч наймхан хоногийн дараа шийдвэрээсээ буцлаа. Үүнээс гадна зарим иргэд цахим наадамд үргүй төсөв зарж байхын оронд аж ахуй нэгж байгууллагаа дэмжих, эмч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Таны хувьд наадмыг зохион байгуулахыг дэмжиж, тэр дундаа “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг”-ийг байгуулах санал хүртэл гаргаад байсан. Наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийн үр дагаврыг та юу гэж дүгнэж байна?

-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өөрөө аймаг, сумдын наадмыг хийхгүй, улсын баяр наадмыг цахимаар хийнэ гэж албан ёсоор зарласан. Түүнээс ч өмнө ковидгүй зуныг үзэхийн төлөө бүх нийтээрээ вакцинд хамрагдахыг уриалсан. Ард иргэд тавьсан бүхий л үүрэг даалгаврыг нь биелүүлсэн. Хөл хорионд орсон, вакцинаа хийлгэсэн.

Малчид, уяачид Ардын хувьсгалын 100 жилийн түүхт, тэгш ойдоо бүтэн жил бэлдэж, хурдан хүлгүүдээ сойсон. Ховдын баруун хязгаараас, Дорнодын Халх голоос уяачид ирчихсэн, Хүй долоон худагт байрласан. Бөхчүүд, харваачид ч ялгаагүй, хэдийнээ бэлтгэлдээ гарчихсан байсан. Гэтэл нэг л өдөр засгийн газар наадам хийхээ болилоо гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр үндэсний баярын гол амин сүнс болсон бөхчүүд, харваачид, уяачдын хөдөлмөр талаар болчихож байгаа юм. Цар тахлын үед хэрхэн зохион байгуулахаа тодорхой болголгүйгээр наадам хийнэ гэж яагаад зарласан юм бэ. Ер нь сүүлийн хоёр жилд манай газар эргэн буцсан, эсрэг тэсрэг шийдвэрүүд гаргаад байгаа. Энэ нь иргэдэд, ялангуяа бизнес эрхлэгчдэд маш тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж, ажил хэргээ төлөвлөж явуулахад нь хүндрэл үүсгээд байна.

Ажлын хэсгийн тухайд, аймаг сумдын наадмыг цуцалсантай холбоотойгоор Улсын наадамд хурдан морьдоо уралдуулахаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирэх уяачид өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон байсан. Үүнтэй холбогдуулан монгол адууг эрлийз адуунаас тусад нь уралдуулах шаардлага улам хүчтэй тавигдсан. иймд миний бие УиХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах санал гаргасан. Хэрэв наадам хийсэн бол энэ зайлшгүй хийх ёстой ажлын нэг байсан. Хурдан морины уралдаан дээр жилийн жил гардаг зөрчил маргааныг бид ямар нэг байдлаар шийдвэрлэх ёстой. Үндэсний баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл шүү дээ.

-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Таны хувьд энэ чуулганаар ямар хуулийн төсөл санаачилж, Ажлын хэсэгт хэрхэн ажиллав?

-Өмнө хэлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн зарим этгээдийн ялыг өөрчлөх тухай хуулийн төслийг санал авахаар газарт хүргүүлсэн. Мөн “Монгол Улсын их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УиХ-ын тогтоолын төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хамт санаачлан боловсруулж, УиХ-д өргөн барьсан. Харамсалтай нь, УиХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ тогтоолын төслийг хэлэлцэхгүй байна. Тогтоолын төсөлд УиХ-ын гишүүний ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэхиийг тодорхойлж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан. Мөн УиХ-ын гишүүн төрийн зардлаар гадаад оронд зорчихдоо мөрийтэй тоглоомын газарт очихыг хориглоно гэдэг заалт оруулсныг АН-ын бүлэг дэмжсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй.

Мөн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үйлдвэрлэл, технологийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, засгийн газраас өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай, жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найуулгын төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт ажиллалаа. Эдгээрээс Хоршооны тухай хууль батлагдсан, бусад хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж буй.

-Та Ерөнхий сайдад Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьж байсан, ямар хариу өгөв?

-Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. жишээлбэл, швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ бий. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байгаа. иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бол хүрээлэн буй орчны аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндийг хамгаалахад маш хэрэгтэй.

Энэ асуудлыг олон жил ярьж, эрхзүйн орчныг нь сайжруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь анзаарагддаг. Тиймээс Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хариу нь энэ сарын эхээр ирсэн ч нэгдсэн чуулганаар оруулж амжсангүй. Ирэх намар чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх байх.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 8. Бархасвадь гариг. Билгийн тооллын29, улаагчин могой өдөр. Өдрийн наран 05: 02 цагт мандан 20:52 цагт жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй зүйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх бую узасуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 31-33 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “XIV ДАЛАЙ ЛАМ: Түвдийн багшаас төрөлхтний багш руу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч, доктор Д.Амгалан “Засгийн газарт одоо ч
эдийн засгийг хэрхэн хүндрэлээс
гаргах бодлого, хөтөлбөр алга” хэмээснийг IV нүүрээс уншаарай.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ “Тусгаарлалтад байсан бөхчүүд хоёр
өдөр барилдахад хүмүүст халдвар
тараачихгүй байх” гэснийг “Дэвжээ” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “XIV ДАЛАЙ ЛАМ: Түвдийн багшаас төрөлхтний багш руу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж,
холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

“Баримт, үйл явдал” VII нүүрт ОБЕГ “Үер усны аюулаас
сэрэмжлэхийг онцгойлон
анхааруулж байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ