Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой

“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үздэгээ илэрхийлэв.

“Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, логистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв.
“Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Бүгдийг иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн, бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна” гэв. Хүнсний тусгаар тогтнолоо хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв хорт хавдарт өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө хүнснийхээ асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав.
“Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна” гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгох хэрэгтэй гэж үздэгээ хэлэв.
Үндэсний хэлэлцүүлэг угтан зургаан бүсийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих”, “Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл”, “Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох” сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийсэн байна.
Үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгууллаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цахилгаан тасарснаас ноцтой хохирол гараагүй, зөвхөн Хөвсгөл аймагт нэг оношлуур гэмтсэн” гэв

Өчигдөр буюу долодугаар сарын 7-ны өдөр нийслэл болон зарим аймгийн цахилгаан тасарсан. Үүний шалтгаан болон ажлын хэсгийн дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас танилцуулж байна.

ЭХЯ: Өчигдөр 15:28 цагийн орчим Гурвалжингийн гүүрний ойролцоо 29-р тулгуурт барилгын тугалган цаастай 13 м урттай материал тохогдсоноор баазын хооронд богино залгаа үүссэн. Улмаар төвийн бүсийн зарим хэрэглэгчийн цахилгаан хязгаарлагдсан. Энэ нь хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж буй ААН, айл өрхтэй холбоотой асуудал үүссэн. Тэдэнд удаа дараа шаардлага хүргүүлсэн.

Өчигдөр шөнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан урьдчилсан дүгнэлтийг танилцуулж байна. Цаашид нарийн мэдээллийг гаргана. Аль байгууллагуудад ямар хэмжээний хохирол гарсныг тодорхойлно.

Цахилгаан тасарснаас ноцтой хохирол гараагүй, зөвхөн Хөвсгөл аймагт нэг оношлуур гэмтсэн мэдээлэл байна.

Диспетчерийн үндэсний төв:

Монгол Улсын эрчим хүчний салбар 2021-2022 оны өвлийн ачаалалд бэлдэж, тусгай засваруудыг хийж байна. Агаарын шугамд богино залгаа үүссэнээр чадлын дутагдалд орсон. Хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэргүй, нөөц бэлтгэл чадалгүй байдлаас энэ хүндрэл үүссэн. Цаашид бид шинэ эх үүсвэр барьж, өөрсдийн цахилгаан, дулааныг бүрэн хангахаас гадна нөөц, бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Өчигдрийн гэмтлийн улмаас хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?
-Шууд хохирол учирсан гэх мэдээлэл одоохондоо ирээгүй байна. ААН-үүд орлогоо алдсаныг нарийвчлан тодорхойлж байгаа.

-Эрчим хүч тасарсны дараах нөөцийн талаар мэдээлэл өгөөч?
-Эрчим хүчний нөөцийг бэлтгэх шаардлагатай. ДЦС-уудыг байгуулах, ашиглалтад оруулах нь чухал.

-Хүйтний улиралд ийм нөхцөл үүссэн бол яах байсан бэ?
-Өвлийн улиралд ийм асуудал гарвал байдал хүндэрнэ. Гэхдээ бид ийм асуудал гаргахгүйн тулд ажиллаж байна. Өчигдөр эмнэлгүүд нөөц эх үүсвэрээ ашиглан ажилласан. Бид зарим аймгуудтай холбогдоход ямар нэгэн ноцтой хохирол гараагүй хэмээн мэдээлсэн.

Хамгаалалтын зурвас зөрчсөнөөс, төрөл бүрийн хог хаягдлаа зүй зохисгүй хаяснаас эдгээр асуудал гарч байна.

Хамгаалалтын зурвасыг чөлөөлөх үүрэг нь аймаг, нийслэлийн засаг дарга нарт байдаг. Энэ талаар холбогдох ажлуудыг хийж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уяачид, бөхчүүд, харваачид өв соёлоо хамгаалахаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна

Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна.

Тэдний соёлын биет бус өв наадмыг ядаж ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой гэсэн шаардлага хүргүүлж байгаа гэлээ.

Өнөөдрийг хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадам тасалдаж байгаагүйг хэлээд наадмыг цуцалж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаагаа хэлээд ҮАБЗ-д уг шаардлагаа хүргүүлэх болохоо уяач Б.Нямжав мэдэгдлээ.

Тиймээс нэгэнт бэлтгэлээ хангасан бөх, уяач, харваачдыг нөхцөл байдлаа харж байгаад хийх ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд наадмыг хийх ёстой гэдгийг хэлж байв. ҮАБЗ-ийн яаралтай хуралдуулж, долдугаар сарын 8-ны 15:00 цагаас өмнө тэдэнд хариу өгөх ёстой гэсэн бөгөөд хэрэв хүлээн авахгүй, татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.

Уг шаардлагыг салбар холбоод болон Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэм нэгдсэн гэдгийг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн 100.000 төгрөгийг маргааш олгоно” гэв

Маргааш буюу долдугаар сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Categories
гадаад мэдээ

Гаити улсын ерөнхийлөгчийн амийг хөнөөжээ

Дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчөөр сонгогдсон Жовенель Моизийг гэрт нь хөнөөжээ. Уг хэрэг долдугаар сарын 7-нд шилжих шөнө гарсан байна. Үл таних этгээдүүд төрийн тэргүүний өргөөнд нэвтрэн орж, хэдэнтээ гал нээжээ. Ж.Моиз газар дээрээ амиа алдсан бол гэргий нь суманд оногдсон ч амь наснаас нь холуур аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Халдлагын дараа Гаитийн ерөнхий сайд удирдлагыг гартаа авч, хэргийн эздийг тодруулж, хатуу шийтгэхээ амлав. Жовенель Моиз нь 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд 55.7 хувийн саналаар ялалт байгуулж байжээ. Тэрбээр хэд хэдэн компанийг үүсгэн байгуулагч юм. Тухайлбал, эрчим хүчний болон хөдөө аж ахуйн салбаруудад өөрийн эзэмшлийн компанитай аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1510 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 9000 сорьцод шинжилгээ хийхэд 1510 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 752 нь Улаанбаатар хотод, 758 орон нутагт тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 131962 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 93840 боллоо.

Мөн есөн иргэн нас барлаа. Нийт нас баралт 655 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт, тусламжийн мөнгө буух хуваарь

Ниймгийн зорилтот бүлэг, ард иргэдэд олгох мөнгөн тусламжийн долдугаар сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.

2021.07.20-нд

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

2021.07.21, 2021.07.28-нд

  • Ниймгийн халамжийн тэтгэвэр
  • Онцгой тохиолдлын тэтгэмж
  • Насны хишиг
  • Эхийн алдар одонгийн мөнгө
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
  • Асаргааны тэтгэмж, хөнгөлөлт
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг /2021.07.21-нд/ тус тус олгоно.

Categories
мэдээ нийгэм

УИХ: ​Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Дархан-УБ чиглэлийн шинэ замын 113 км нь бэлэн болоод байна

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай ЗТХ-ийн сайд Л.Халтар болон бусад албаныхан танилцаж байна.

Нийт 204 км замыг АХБ болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн ажил эхлээд хоёр жилийн хугацаа болж байгаа ба хэд хэдэн багц дээр 20-хон хүн ажиллаж байгаа талаар албаны хүн мэдээллээ. Өмнө нь гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын компани гэрээгээ цуцалсан нь ажлыг хойшлуулах нэг шалтгаан болсон ба шинэ гүйцэтгэгчийг шалгаруулна гэлээ.

113 км нь асфальтан хучилттай болсон ба нэг багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай байгаа, үлдсэн материалаа цар тахлын улмаас оруулж ирж чадахгүй байгаа аж.

Уг нь энэхүү зам дээр 80 км/цаг явах боломжтой ч дэргэд нь замын ажил үргэлжилж байгаа учир 50км, 30 км цагийн хурдыг зөвшөөрөх тэмдэглэгээг тавьж байна гэлээ.

Замын ажлын орчим тоос шороо ихтэй учир ойролцоо амьдарч байгаа иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа талаар гомдоллоо. Харин албаныхан өдөрт гурван удаа усалдаг ч цаашид усалгааг дахин нэмэхээр төлөвлөж байгаа гэсэн юм.