Categories
мэдээ нийгэм

​Б.Эрдэнэдэлгэр: Цахимаар бараа захиалсан бол бүтээгдэхүүнээ гар дээрээ авсны дараа төлбөрөө төлөхийг зөвлөе


Цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг 2015 онд 17 бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.700 гаруй бүртгэгдэж, иргэдэд нийт 4.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр “Үйлдлийн аргыг нь авч үзвэл хамгийн түгээмэл нь цахим худалдаа. Цахимаар бараа бүтээгдэхүүн захиалахад урьдчилгаа төлбөр шаардаж байгаа ч тэр нь ирдэггүй. Иймд иргэд бараа бүтээгдэхүүнээ гар дээрээ авсны дараагаар төлбөрөө бүрэн төлж байх нь зүйтэй.

Мөн хүний цахим хаягт халдаж, ойр дотны хүнээс нь мөнгө зээлэхийг хүсэх болсон тул иргэд тухайн хүнтэйгээ холбогдож, баталгаажуулж байж үйлдэл хийх хэрэгтэй байна.

Хилийн гаднаас ч цахим гэмт үйлдэл хийсээр байна. Тодруулбал, их хэмжээний мөнгийг бага хүүтэй мөнгө зээлүүлэх олон улсын байгууллага гэсэн утгатай мэдээлэл оруулдаг. Энэ дагуу иргэд холбогдоход зээлийн урьдчилгаа барьцаа хэмээн мөнгө шилжүүлэхийг шаардана. Гэвч мөнгө шилжүүлэхэд хилийн гаднах данс руу ордог тул эргүүлэн олж авах магадлал маш бага. Иймд иргэд мэдээллийг маш сайн нягталж байх шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын виз олгох журам” болон бусад холбогдох журмуудыг шинэчлэн баталлаа

Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам Гадаад харилцааны яамтай хамтран шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын төслүүдийг Засгийн газар 2021 оны долдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Уг журмын төслүүдэд визийн ангиллыг төрөлжүүлж, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх томоохон зохицуулалтуудыг тусгасан.

Тодруулбал, цахим визийн системийн хөгжүүлэлтийг хийж, www.evisa.mn сайтаар дамжуулан визийн хүсэлтийг хүлээн авах эхний хувилбарыг ажиллагаанд оруулсан. Ингэснээр гадаадын иргэн цахимаар 3 төрлийн виз (жуулчин ангиллын К-2, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд К-4, дамжин өнгөрөх гадаадын иргэнд К-6)-ийг авах боломж бүрдэнэ.

Мөн Монгол Улсын визийн ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, гадаадын иргэнд олгох визийн ангиллыг 64 болгон нэмэгдүүлж, төрөлжүүлснээр статистик тоон мэдээлэл тодорхой гарах, гадаадын иргэн Монгол Улсад ирэх зорилготойгоо нийцсэн визийн ангиллаа мэдүүлдэг болно.

Түүнчлэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлын хүрээнд хилийн боомтуудад хүний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилсан технологийг нэвтрүүлэхэд шаардагдах программ хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна. Уг ажлыг хийж гүйцэтгэснээр гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед хилийн боомтуудад биеийн давхцахгүй өгөгдлийг нь авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж эхлэх юм.

Үүний зэрэгцээ цаашид хил орчмын нутаг дэвсгэрт богино хугацааны аялал жуулчлал хийх гадаадын иргэнд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор цахимаар визийн хүсэлт авч виз олгох, хил орчмын нутаг дэвсгэрт аялах визийг тухайн боомтод олгох зэрэг зохицуулалтыг холбогдох журамд тусгалаа.

Монгол Улсын хилээр орж ирсэн гадаадын иргэнд биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны/-д суурилсан 13 орон бүхий бүртгэлийн дугаар олгох болон гадаадын иргэнийг бүртгүүлэх программ хангамжийг хөгжүүлж, улмаар энэ 06 дугаар сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь гадаадын иргэн биечлэн очиж бүртгүүлдэг байсныг хөнгөвчилж, 48 цагийн дотор гар утаснаас эсхүл цахимаар бүртгүүлдэг болгосон төдийгүй Монгол Улсад байгаа гадаадын иргэнд цахимаар бүртгэлийн дугаар олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Ийнхүү тус үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр нэг талаас гадаадын иргэнийг таних, баталгаажуулах бүртгэл, хяналтын үйл ажиллагаа сайжирч, гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээ илүү шуурхай, хялбар болж байгаа юм.

Дашрамд дурдахад гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох үйлчилгээг төрийн бүх байгууллага болон хувийн хэвшил (банк, зочид буудал, оператор компани гэх мэт)-ийнхэн ашиглах бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зам тээврийн ослоор долоон хүн бэртэж, нэг хүн амиа алджээ

Өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт тав хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Тухайлбал:

Нийслэлд

  • 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг товчооны замд мотоциклын жолооч суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч нэг сартай нярай хүүхэд гэмтсэн.

Орон нутагт

  • 06:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 2 хүн гэмтсэн.
  • 21:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж гэмтээсэн.
  • 23:00 цагийн орчим Өмнөговь аймаг Баяндалай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
  • 17:00 цагийн орчим Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
  • 16:00 цагийн орчим Хэнтий аймаг Биндэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүний амь хохирсон.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 87 зөрчил илрүүлсний нийслэлд 50, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 231 сайт тогтоогджээ


Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг сайт өнгөрсөн оны сүүлээр 18 байжээ. Харин энэ тоо өнөөдрийн байдлаар 231 болж өссөн тухай Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Одоогоор цахим покер тоглоомын 68 сайт, тэдгээрийн ард буй этгээдүүдийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөж шалгаж байгаа аж. Мөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 72 сайтын хандалтыг хязгаарлажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хуульчилсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх магистраль шугамыг шинэчилнэ

Эрчим хүчний яамны захилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус 8А магистраль нь анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров болон бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсэн. Үүний үр дүнд тус ажил долдугаар сарын 1-нээс эхэлж, трасст орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, объектыг шилжүүлэх ажлуудыг хийгээд байна.

Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд долдугаар сарын 14-нд ажлаа эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн V, VI, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг тодорхой хугацаанд хязгаарлах юм. Захиалагчийн хяналтыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, чуулганыг хаав

УИХ-ын хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр “Монгол Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа бид хуралдаж, 247 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан, чуулган яг цагтаа эхэлж, өнгөрсөн парламентын түүхэд байгаагүй үзүүлэлт байв.

Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулах боломжгүй байгаа ч цахим хуралдаанд өндөр ирцтэй оролцсон УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган боллоо” хэмээлээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, чуулганыг хаав.

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга;
  • Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид өгнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлаар Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүн, шийдвэрийн талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг тавьж талбай дээр арав дахь өдрөө суулт хийж байгаа юм. Тэд салбарын сайдтай зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдээлсэн ч Засгийн газраас 2021 оны төсөвт хоёр дахин нэмэгдүүлэх боломж байхгүйг мэдээлсэн.

Тэгвэл эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид өнөөдөр өгөх болсон талаараа мэдээллээ.

Эмч нарын төлөөлөл “Боломж нь байгаа хэр нь байшин барилгад төсөв батлаад хүний алтан амь авардаг эмч нарыг халуун наранд ингээд суулгаж байна. Төсвийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх ямар эмнэлгүүд байгаа, ямар эх үүсвэрээр олгох боломжтой гэдгийг ЭМЯ-наас 15 цагаас өмнө гаргаж өгөхийг шаардаж байна” гэлээ.

Мөн “Одоогоор 3000 эмч, мэргэжилтнүүд халдвар аваад зарим нь сэхээнд орж, амиа алдаад байна. Салбарын 30 хувь нь сөхөрч унасны дараа бид суултаа эхлүүлсэн. Халдвартай тэмцэж, тэргүүн эгнээнд ажиллах эмчгүй болоод, цусаар уйлсан ч нэгэнт оройтсон байх вий. Нөхөн олговор авсан эмч одоогоор байхгүй, үндсэн цалингийн 50 хувь буюу лист л олгож байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Токио 2020” олимпийн бамбарын буухиаг цуцалжээ

“КОВИД-19”-ийн халдварын улмаас олимпийн галт бамбарын буухиаг Токио хотын гудамжинд зохион байгуулахыг цуцалжээ. Харин Токио хотоос өмнөд зүгт байрладаг Огасавара мужид бамбарын буухиаг төлөвлөснөөр явуулна гэдгийг албан тушаалтан мэдээлсэн байна. Мөн Кёото, Хирошима хотууд нийтийн гудамжинд буухиа хийх төлөвлөгөөгөө цуцалжээ

Ирэх баасан гаригаас (2021.07.09) эхлэн буухианы оронд галт бамбар асааж онлайнаар шууд дамжуулах аж. Токиогийн 2020 оны зуны олимп энэ сарын 23-ны өдөр эхлэх товтой байгаа. Гэвч сүүлийн саруудад коронавирусийн халдвараас болж зуны олимпийг хойшлуулах, цуцлах хэрэгтэй гэж үзсэн Япончууд гудамж, талбайд жагсаал хийх болсон.

Олимпийн галт бамбарын буухиа өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн боловч олон тооны асуудалтай тулгарсан байна. Тухайлбал 53 настай эмэгтэй олимпийн бамбарыг усан буугаар унтраах гэж оролдсон аж. Интернет дээр нийтлэгдсэн бичлэг дээр тэрбээр “Олимпийн наадмыг зогсоо” хэмээн орилж байгаа нь бичигджээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрханы 12-17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг долдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ныг хүртэл хязгаарлана

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил долдугаар сарын 14-нд эхлэх талаар Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хотын Захирагчийн ажлын алба “Эрчим хүчний яамны захилгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3.3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

8А магистраль нь анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авч байсан.

Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа процесс, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил долдугаар сарын 1-нээс эхэлж, трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлэх ажлууд хийгдээд байна.

Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт 7 хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд долдугаар сарын 14-нд ажлаа эхлүүлэхтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм. Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК хийж байна” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сумо сонирхогчдын анхаарлыг Хакухо, Тэрүнофүжи нар татаж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё эхэллээ. Нагоя хотын “Долфинс” ордны дүүргэлтийг 50 хувиар тооцож, нэг өдрийн барилдаанд 3800 үзэгч оруулж байгаа аж. Сүүлийн хэдэн башёд аварга цолтон зодоглоогүй бол энэ удаагийнх ёкозүнатай гэдгээрээ онцлог. Тэр ч ёсоор сумогийн 69 дэх их аварга Хакухо үзэгч, сонирхогчид болон мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Сумогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү ояката “Хакухо башёгийн эхний хэдэн учраагаа гайгүй давбал цаашид хуучных шигээ учраа олчих байх. Түүнийг 10-аас дээш давна гэдэгт итгэлтэй байна. Барилдааны агуулгыг нь харвал тэр түрүүлэх хэмжээд барилдаж болохоор байгаа. Бэртэл гайгүй болсон харагдлаа” гэжээ.

Тэгвэл Хакухогоос гадна анхаарлын төвд байгаа нэг сумоч нь озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Бэртлийн улмаас жонидан зиндаа хүртэл уруудсан ч дахин макүүчид дэвшээд зогсохгүй хоёр башёд дараалан түрүүлж, өнөөдөр ёкозүна цолны төлөө барилдаж буй түүний талаар мэргэжилтнүүд хэлэхдээ “Эхнээсээ чанга, эрч хүчтэй байна” хэмээн онцолжээ. Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс их аварга Хакухо, озэки Тэрүнофүжи, маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй Ичиножо, Чиёошома, Тамаваши, Хоошёорюү нар тус бүр эхний хоёр өдрийн дараа нэг ч унаагүй байгаа бол Кирибаяма нэг даваатай явна.

Хакүхо М.Даваажаргал харү башёг орхилоо