Categories
мэдээ нийгэм

Наадмын амралтаар замын гэрэлтүүлэг сайжруулж, кабель шугам цэгцлэхийг үүрэгдэв

Наадмын амралтын өдрүүдийг ашиглан зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шонгийн тагжуулалт хийх, кабель шугамуудыг цэгцлэх, хазайсан шонг тэгшлэх, осол аваарын улмаас унасан гэрлийн шонгуудыг нөхөн сэргээх, шинээр босгох зэрэг ажлуудыг хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын санаачилгаар “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Газ” төслийн нэгжийн хамт олон коронавирус цар тахлын тархалт нэмэгдсэн энэ цагт улаан бүсэд ажиллаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусгаарлах тасагт нэг өдрийн цалингаа хандивлалаа.

ЭХЭМҮТ-д нийслэл болон орон нутгаас хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эх, хүүхдийн тоо коронавирусийн тархалттай холбоотойгоор нэмэгджээ. Иймд Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат болон зөөврийн рентген хүрэлцээ хангамж дутагдаж байгааг тус эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа хэллээ. Уг эмнэлэгт ганцхан зөөврийн рентген байдаг бөгөөд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тооноос хамаарч, сүүлийн өдрүүдэд хүрэлцэхгүй, олон хүмүүс дундаа хэрэглэж байгааг учирлаж байв.

Эмч, сувилагч болон бусад ажилчид бүхий л нөөц боломжоо ашиглан өдөр, шөнөгүй жирэмсэн эх хүүхдийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Эмнэлгийн хамт олны зүгээс аюулт цар тахлын энэ хүндхэн цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон эх хүүхдийг эрүүл энх болоход дэмжин нэг өдрийн цалингаа хандивласан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олонд талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байна

Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Харин 9-нд төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр, нөөлөг салхины эрсдэл өндөр байна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Акума” компани яаралтай түргэн тусламжийн 62 автомашины моторын тосыг үнэгүй сольж өглөө

Улаанбаатар хотын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн нийт 62 автомашин байдаг ба энгийн үед өдөрт нийслэлийн хэмжээнд 600-700 орчим дуудлагад явдаг байна. Харин цар тахал тархсан энэ үед ачаалал нь 30 хувиар нэмэгджээ.

Дуудлага бүр нь хүний амь нас, эрүүл мэндийн үнэтэй, минут, секунд бүртэй уралдаж ажилладаг эмч, сувилагч нарын техникийн нөхцөлийг сайжруулах зорилгоор “Akuma Zone Авто Сүлжээ”-ний хамт олон эдгээр яаралтай түргэн тусламжийн нийт 62 автомашины моторын тосыг үнэгүй сольж өгчээ.
“Юу байна, юу чадна түүгээрээ хүч нэмж цар тахлын ард эрүүл энх, эсэн мэнд гарч, амар тайван амьдралдаа эргэн орохын төлөө иргэн бүр, аж ахуйн нэгж бүр хариуцлага хандлагаа сайжруулах”-ыг “Акума” компанийн хамт олон уриалж байна.

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Гаити улсын талаар яаралтай хэлэлцэнэ

Гаити улсын Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэргээс үүдэн тус улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Гаити улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар пүрэв гаригт хэлэлцэхээр төлөвлөж байна” гэсэн байна.

Эргэн сануулахад, Гаити улсын Ерөнхийлөгч Жовонель Мойз өнгөрсөн мягмар гаргийн орой гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан юм. Тус улсад одоогоор зэвсэгт хүчнийг бэлэн байдалд шилжүүлээд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

2021-2022 онд нийслэлийн хүн амын нөөцийн махыг бэлтгэх ААН-үүдийн хүсэлтийг авч эхэллээ

Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны долдугаар сарын 28-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
  2. Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах)
  3. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх)
  4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх
  5. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
  6. Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20тн доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
  7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх
  8. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх
  9. Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх)
  10. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/
  11. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх
Categories
мэдээ нийгэм

Швейцарын холбооны улсаас Монгол Улсад коронавируст халдвар (ковид-19) цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлнэ

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг олгох болж байгаатай холбогдуулан Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурриг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзав.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Swiss Air авиа компанийн Т-752-751 агаарын хөлгөөр амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт тээвэрлэн авчирч хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, халдварын тархалт тууштай буурахгүй байгаа хүнд цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болгож Швейцарийн Холбооны Улсаас нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг олгох болсонд Эрүүл мэндийн сайдын хувиар болоод хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Олимпод оролцох Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нарыг сонголоо

Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жудо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонголоо.

ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгосон байна.

Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. Жудо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх.

О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, сагсны шигшээ багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна.

Мөн олимпийн наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авна Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Талбайн усан оргилуурыг өдрийн 12:00-13:30, 16:00-18:00, орой 20:00-23:00 цагуудад ажиллуулна

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд ажиллахгүй байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн ба өдөр ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, орой 20:00-23:00 цагуудад ажиллуулах юм байна. Харин амралтын өдрүүдэд нэг долоо хоногт нь бямба гаригт, дараа нь ням гаригт гээд сөөлжиж ажиллуулах юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл” гэлээ. Мөн ус зөөж санг дүүргэдэг нь ч ташаа мэдээлэл, тэдгээр усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг бол усан оргилуурын усан хангамжийг төвийн шугамд холбож ажиллуулдаг гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Паб, баар цэнгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулжээ

Нийслэлд баар цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 7-нд баар /паб, спорт, билляард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: УБ хотын ЗАА